Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 001/ХТ2022/00398

 

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2020/00224 дүгээр шийдвэр,

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00026 дугаар магадлалтай,

“Х Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Б.А, Х.Онарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 91,223,260.96 төгрөгийг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнхийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч Б.А, Х.О, хариуцагч нарын өмгөөлөгч Н.Нармандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “Х Б” ХХК нь Б.А, Х.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91,223,260.96 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2020/00224 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.А, Х.Онараас 91 223 260.96 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х Б ХХК-д олгож, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.А, Х.Онар нь 91 223 260.96 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хариуцагч Б.Аийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.............дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг Хан-Уул 3-10 а, 3-10-2 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 169 м.кв талбайтай, 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга; улсын бүртгэлийн Г-............. дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг Хан-Уул 3-10-2 тоотод байршилтай, 401.5 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар; улсын бүртгэлийн Г-............. дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг Хан-Уул 3-10 а тоотод байршилтай, 727 м.кв гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэрэг барьцааны зүйлийн үнээс хангуулахаар тогтоож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х Б ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 754 466.30 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төсвийн орлогоос нэхэмжлэгчийн илүү төлсөн 70 200 төгрөгийг, хариуцагч Б.А, Х.Онараас улсын тэмдэгтийн хураамж 684 266 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х Б ХХК-д тус тус олгож шийдвэрлэжээ.

3. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00026 дугаар магадлалаар Өмнөговь аймаг дахь сум иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2020/00224 дүгээр шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.Оийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94270 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнхийн хяналтын гомдолдоо: ...Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байх тул дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна. Гомдлын агуулга: Магадлалын хянавал хэсэгт “...Хэрэгт авагдаж, нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014.05.12-ны өдрийн ЗГ/1575 дугаартай зээлийн гэрээний үг, үсэг уншигдах боломжгүй хуулбарлагдсан байх тул шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломгүй байна” дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан зээлийн гэрээний тухайд үг, үсэг уншигдах бүрэн боломжтой гэрээ болно. Мөн магадлалын хянавал хэсэгт “...Шүүхэд нотлох баримтыг эхээр, эхээр нь өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг шүүхэд гаргах үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгчээс “Х Б” гэсэн тэмдэг дарагдсан “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга” гэх нотлох баримтад тавигдах хуулийн шаардлага хангаагүй баримтыг ирүүлсэн байхад шүүх түүнийг шийдвэрийн үндэслэл болгосон нь хуульд нийцээгүй байна” гэж дүгнэсэн. Гэвч нэхэмжлэгч Х Бны зүгээс шүүхэд гаргаж өгсөн Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга гэх баримтандаа банкны Хуулбар үнэн гэсэн тамга тэмдэг дарж өгөөгүй буюу эх хувиар нь Х Б гэсэн тамгаа дарж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлагыг хангаж баримтыг шүүхэд гаргаж өгсөн байхад давж заалдах шатны шүүхээс Х Б гэсэн тамга тэмдэг нь эх хувь биш нэхэмжлэгч шүүхэд эх хувь баримт гаргаж өгөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2020.05.06-ны өдрийн 10 цагт эхэлсэн, мөн өдөрт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнхөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан баримтууд хэрэг байна. Нэг өдөр хийгдсэн дээрх ажиллагаануудаар Р.Идэрмөнхөд ИХШХШ тухай хуулийн 25.1.1, 25.1.2, 38 дугаар зүйлд заасан хэрэгт ач холбогдох бүхий нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх, эсвэл шүүхээр бүрдүүлүүлэхээр хүсэлт гаргах зэрэг эрхээ хэрэгжүүлж мэтгэлцэх боломжийг шүүхээс бодитой, үр дүнтэй олгосон гэж үзэхэд учир дутагдалтай тул шүүхийг оролцогчдод нотлох баримт цуглуулах, шүүхэд мэтгэлцэх боломжийг олгоогүй нь мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3,6.4, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзлээ” гэж дүгнэсэн нь мөн адил үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь анхан шатны шүүх хурал 2020.05.06-ны өдрийн 10 цагт болсон ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх миний хувьд тус өдрийн өглөө 8.30 минутанд шүүх дээр очиж 1 цаг гаруй хэргийн материалтай бүрэн дүүрэн танилцсан. Мөн уг хэргийн материалуудын хариу тайлбараас бусад бүхий л материалыг нэхэмжлэгч банкны зүгээс өөрсдөө гаргаж өгсөн материал учраас шүүх хуралд оролцохоос өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх надад байсан буюу миний бие мэддэг, бүрэн уншиж танилцсан баримтууд тул шүүхээс заавал надад хэргийн материалтай танилцах урт хугацаа олгох шаардлагагүйгээс гадна нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Идэрмөнх миний зүгээс нотлох баримт цуглуулах, мэтгэлцэх зарчмаар шүүхээс хангаагүй гэж огт гомдол, санал гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх миний өмнөөс надад мэтгэлцэх боломж олгоогүй, нотлох баримт цуглуулах эрхээр хангаагүй нь хууль зөрчсөн байна гэж үзсэн нь ойлгомжгүй буюу үндэслэлгүй дүгнэлт болсон байна гэж үзэж байна. Магадлалын хянавал хэсэгт “...Шүүх үүргийн зөрчил эхэлсэн гэх хугацааг хэзээнээс эхэлж тоолж байгааг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн байх тул шүүхийг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодруулаагүй хэргийг шийдвэрлэсэн гэж үзнэ...” гэж дүгнэжээ. Гэтэл уг хэргийн материалд авагдсан “Зээлийн бүртгэлийн карт”-д үүргийн зөрчил хэзээ эхэлсэн хугацаа, мөнгөн дүн гэх мэт мэдээлэл тодорхой харагдахаас гадна анхан шатны шүүх хуралд дээр шүүгчийн зүгээс хангалттай байдлаар үүргийн зөрчил хэзээ эхэлсэн, мөнгөн дүнг хэрхэн тооцсон талаар нэхэмжлэгчээс тодруулж асууж, шүүх хурал дээр тооцооллыг тооны машинаар хүртэл хамт бодолцож тулгаж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийг тооцооллыг хэрхэн гаргасанг тодруулаагүй, үүргийн зөрчил хэзээ эсэн нь тодорхой бус гэж үзэж шийдвэрлэсэн нь тус тус үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн хариуцагч нар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд илтэд дутуу буюу 94270 төгрөг тушаасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагчийн давах гомдол гаргахдаа тушаасан улсын тэмдэгтийн хураамжийн мөнгөн дүнд ач холбогдол өгөлгүйгээр гомдлыг хүлээн авч шийдвэрлэсэн нь мөн адил үндэслэлгүй болно. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч “Х Б” ХХК, хариуцагч Б.А, Х.Онарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 91, 223,260  төгрөгийг гаргуулах, барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаажээ.

7. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо “нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014.05.12-ны өдрийн ЗГ/1575 дугаартай зээлийн гэрээний үг, үсэг уншигдах боломжгүй хуулбарлагдсан байх тул шүүхээс хэргийн нөхцөл байдлыг тогтоох боломжгүй, нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасныг зөрчсөн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Идэрмөнхөд шүүх хуралдаан болох өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд эдлэх эрх, үүргийг тайлбарлаж, хэргийн материалтай танилцуулсан нь мэтгэлцэх боломжийг үр дүнтэй олгосон гэж үзэхэд учир дутагдалтай, үүргийн зөрчлийг хэзээнээс эхэлсэн болохыг тодруулаагүйгээс нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхой бус, хариуцагч нарын төлбөрийн тооцоолол тодорхойгүй” гэсэн зөрчлийг заажээ.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т нийцээгүй тул хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв. Нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд гаргаж өгсөн, нотариатаар батлуулсан зээлийн гэрээний хуулбарын зарим хэсэг бүдэг боловч унших боломжтой болохоос гадна ийнхүү бүдэг байсны улмаас ач холбогдол бүхий байдал орхигдсон, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх байдал тогтоогдоогүй тул зөрчил гэж үзэх боломжгүй, энэ талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл муутай байна. Мөн зээлийн тооцоолол, гүйлгээний баримтан дээр банк тэмдэгээ дарж уг баримт эх хувь нь байхад баримтыг нотариатаар батлуулаагүй, хуулбар гэж тэмдэгээ дарсан гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан журмыг баримтлаагүйгээс гадна нэхэмжлэгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг хуралдаан болох өдөр тайлбарласан, мөн өдрөө хэргийн материал танилцуулсан нь хэргийн шийдэлд нөлөөлөөгүй, нэхэмжлэгч өөрөө эрх зөрчигдсөн гэж үзээгүй, хариуцагчийн зүгээс тайлбар гаргаснаас өөр баримтгүй тул мэтгэлцэх боломжийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Иймд магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй байна

9. Талууд 2014.05.12-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, “Х Б” ХХК 50,000,000  төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаагаар зээлэх, зээлдэгч нар нь гэрээнд заасан хуваарийн дагуу зээлийг буцаан төлөх үүргийг хүлээсэн, үүргийн гүйцэтгэлд Б.Аийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-.............дугаарт бүртгэлтэй Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 2-р баг Хан-Уул 3-10 а, 3-10-2 тоотод байршилтай, хувийн сууцны зориулалттай, 169 м.кв талбайтай, 75 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Б.Аийн өмчлөлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 2 газрыг барьцаалжээ.

10. Анхан шатны шүүх зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд зээл олгосон гэж үзсэн нь Иргэний хуулийн 451, 452 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

Зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээний үүргийг талуудын хэн аль биелүүлэх, үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй юм. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.

11. Шүүх зээлийн гэрээний үүрэгт нийт 91,223,260 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулахаар заахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу явуулж, Иргэний хуулийн 451, 156, 157,174,175 дугаар зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 203/2020МА/00026 дугаар магадлалыг хүчингүй болгож, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 143/ШШ2020/00224 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.08.05-ны өдөр төлсөн 614,070 төгрөг, 70,200 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                                               П.ЗОЛЗАЯА

                                                                                                      Б.МӨНХТУЯА

                                                                                                      Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД