Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 949

 

Б.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00977 дугаар шийдвэртэй, Б.А-ын нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр “ХХБ” ХХК- оролцсон,

хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар “Зохигч талуудын эвлэрлийг батлах тухай” захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6666 дугаар “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” захирамжийн дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаартай гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19 457 502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болох, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосныг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхтуяа, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Лхагвасүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 онд гуурсан хоолойн багтраа өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан, ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй, байнга эм тариа хэрэглэдэг, хүндэрсэн үедээ эмнэлэгт хүргэгдэж, эмнэлгийн тусламж авдаг, 2 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй.

Иргэн П.Энхтуяагийн хүсэлтээр 2005 оны 2 дугаар сарын 07-ны өдөр “ХХБ” ХХК--тай 364 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 15 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй зээлж түүнд өгсөн. П.Энхтуяа уг зээлээ төлж байх явцад банк зээлийн барьцаа хуурамч болохыг тогтоож, 2007 онд Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан, “ХХБ” ХХК- болон миний бие эвлэрлийн гэрээ байгуулж, уг эвлэрлийн гэрээг тус шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаартай “Зохигч талуудын эвлэрэл батлуулах тухай” захирамжаар баталсан. Шүүгчийн захирамжид “барьцааны зүйл нь хуурамч болох нь тогтоогдсон тул” гэж тусгаж улмаар Б.А- надаас 19 457 502 төгрөг гаргуулахаар шийдвэрлэгдсэн.

Гэтэл банк 2008 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1982 тоот “Хэрэг шалгуулах тухай” яг дээрх гэрээтэй холбоотой асуудлаар Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсч, Б.А-ын нэрээр 15 000 000 төгрөг, Ц.Цэндсүрэнгийн нэрээр 15 000 000 төгрөг, П.Энхбаярын нэрээр 25 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөгийн хохирол “ХХБ” ХХК--д учруулсан боловч мөрдөн байцаалтын явцад үндсэн зээлд 55 000 000 төгрөг, хүүд 4 979 175 төгрөг, нийт 59 979 175 төгрөг болгон буцаан төлсөн нь баримтаар нотлогдсон гэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх дүгнэж, шүүгдэгч П.Энхтуяа, П.Энхбаяр нар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд заасан.

Уг тогтоолд залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй гэж тодорхой заасан.

Шүүхээс эцсийн байдлаар П.Энхтуяад Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дах хэсэгт зааснаар 3,8 жил, П.Энхбаярт 3,6 жилийн хорих ял оногдуулснаар ялыг эдэлсэн. Улсын Дээд шүүх хэргийг хянасан бөгөөд 2011 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 376 дугаар тогтоолоор П.Энхтуяа, П.Энхбаяр нар нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш иргэний хэргийн шийдвэрийн дагуу хохирлоо төлж барагдуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон, бусдад төлөх ямар нэг төлбөргүй талаар тодорхой тусгасан.

Банкны дээрх үйлдлүүд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэснийг зөрчсөн үйлдэл болсон.

Өөрөөр хэлбэл, иргэн Б.А-тай холбоотой зээлийн гэрээний асуудлыг иргэний журмаар шийдвэрлүүлж эвлэрсэн талаар шүүгчийн захирамж гаргасан атлаа дахин уг гэрээтэй холбоотой төлбөрийг дурдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Уг ажиллагаагаар Б.А-ын авсан гэх зээлийн төлбөрийг П.Энхтуяад хамааруулж  төлүүлсэн.

Түүнчлэн, 2012 оны 5 сард талуудын хооронд үүссэн зээлийн асуудал дээрх байдлаар шийдвэрлэгдсэн байхад 2014 оны 1 дүгээр сар хүртэл нэг ч удаа банк Б.А- намайг дуудаж, 19 000 000 төгрөг төлөх тухай шаардлага гаргаагүй. П.Энхтуяа 2013 оны 11 дүгээр сард хорих ял эдэлж суллагдсан. Иймд уг зээлтэй холбоотой асуудал шийдэгдээд дууссан гэж үзэж байсан.

Гэтэл эрүүгийн хэргийн явцад 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн 70 дугаартай эвлэрлийн гэрээг баталсан захирамжийг албадан гүйцэтгүүлэх тухай 6666 дугаар захирамж гаргуулж, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаар гүйцэтгэх хуудас бичүүлсэн байсан. Энэ талаар бидэнд мэдэгдээгүй, П.Энхтуяаг суллагдсаны дараа 2014 оны 1 сард нь НШШГГ дуудсанаар бид мэдсэн.

 Эрүүгийн нийт 7 удаагийн шүүх хуралдаан болж тухай бүрт банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцож байсан бөгөөд гүйцэтгэх хуудасны тухай нэг ч ярьж байгаагүй, нуусан нь банк өөрөө шүүхийг залилан мэхэлсэн явдал юм. Банк энэ талаар мэдэгдэж, асуудлыг нэг мөр шийдвэрлүүлэх үүрэгтэй байсан, өөрөөр хэлбэл иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар шийдвэр гаргуулсан атлаа эрүүгийн хэрэг болгож өөрчлөөд шийдвэрлүүлэх банкны хүсэлтийг бүх шатны шүүх шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийтгэх тогтоол биелэгдээд дууссан. Энэ талаар 2015 онд шүүхэд гомдол гаргасан боловч хүлээн авахаас татгалзсан. Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамжийг сүүлд мэдсэн болохоор шинээр илэрсэн нөхцөл байдал гээд хандсан ч хүлээн авахаас татгалздаг.

НШШГГ 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.3-т зааснаар төлбөрөө бүрэн төлсөн, мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.9-д заасан боломжгүй болсон нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох талаарх хүсэлтийг удаа дараа гаргасан ч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариу ирүүлсэн.

Олон жилийн хугацаанд энэ хэрэг үргэлжилж миний болон П.Энхтуяагийн амьдралд хүндээр тусч сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын хохирол ихээр амсаж байна. Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар шүүгчийн захирамж, шийдвэрийг албадан гүйцэтгэх 2010 оны 6666 дугаар захирамжид заасан Б.А-аас гаргуулах 19 457 502 төгрөгийн төлбөрийг 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 86 дугаар шийтгэх тогтоолоор П.Энхтуяа төлж барагдуулсан болох нь тогтоогдсон байхад 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шийдвэр гүйцэтгэх байгууллагад дээрх захирамжийг биелүүлэхийг даалгасан нь Б.А-аар дахин төлбөр гаргуулах гэж байна.

Нэгэнт Б.А-, П.Энхтуяа нартай холбоотой асуудал эрүүгийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэж дууссан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгах шаардлагатай. Иймд НШШГГ шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, 2007 оны 70 дугаар, 2010 оны 6666 дугаар шүүгчийн захирамжийн дагуу 2011 оны 821 дугаар гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19 457 502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг болон улмаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар захирамжаар Б.А-аас 19 457 502 төгрөгийг гаргуулж “ХХБ” ХХК--д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчөөс төлбөр төлөгдөөгүй, шүүхийн гүйцэтгэх хуудас, захирамж хүчингүй болоогүй байна. Дээрх шүүгчийн захирамжид 2010 онд 821 дугаар “шүүхийн гүйцэтгэх хуудас”, 6666 дугаар “шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийн хамт “ХХБ” ХХК-, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан.

Уг ажиллагаагаар төлбөр төлөгч Б.А-ын эзэмшил, өмчлөлийн хөрөнгүүдийг холбогдох эрх бүхий байгууллагаас тодруулахад эд хөрөнгө тогтоогдоогүй. Б.А- тогтоосон хугацаанд төлбөрөө төлөөгүй учир төлбөр төлөх мэдэгдэл хүргүүлж, улмаар  “Төрийн банк” ХХК дахь харилцах дансыг нь хаасан. Гэтэл уг данс нь түүний халамжийн тэтгэмж авдаг данс байсан учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т заасныг үндэслэн тухайн дансыг сэргээсэн.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад П.Энхтуяа, Б.А- нараас энэ хэрэг эцэслэн шийдвэрлэгдэж, эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед гэм хорын хохирлыг нөхөн төлсөн тухай өргөдөл, гомдол удаа дараа гаргасан.

Хүсэлтүүдийг хүлээн авч тухай бүрт нь “Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу явагдаж байна, танаас ирүүлж байгаа баримтуудыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан эрх зүйн зохицуулалтаар ажиллагааг хаах үндэслэл болохгүй байна, мөн уг баримтуудтай холбогдуулж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хуулийн зохицуулалт байхгүй, дуусгавар болгох боломжгүй, гомдлоо шүүхэд хандаж шийдвэрлүүл” гэсэн хариу өгч байсан. Иймд хууль зөрчсөн ажиллагаа хийгээгүй тул нэхэмжлэл хангагдах үндэслэлгүй гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “ХХБ” ХХК- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн шүүхэд Б.А-д холбогдуулан 19 457 502 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг тэрээр  хүлээн зөвшөөрч тус шүүх талуудын эвлэрлийг баталсан 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаар Шүүгчийн захирамж гаргасан. Б.А- захирамж гарснаас хойш зээлийн 453072555 тоот дансанд 2007 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс 2007 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 498 000 төгрөг төлсөн нь “зээлийн дансны хуулга”, “орлогын ордер” гэх баримтуудаар тогтоогдоно. Б.А- хуурч, мэхлэх замаар хуурамч нотлох баримтаар зээл авсныг мэдсэн даруйдаа Улсын мөрдөн байцаах газарт гомдол гаргаснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан ч прокурор хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-т заасны дагуу хэрэгсэхгүй болгосон.

Мөн Б.А-тай холбоотой “ХХБ” ХХК--ийн төлөөлөгч Ц.Ганбаярын өгсөн мэдүүлэгт “...Б.А-ын авсан зээлээс 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрөөс 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл үндсэн зээлээс 256 000 төгрөг, хүү 4 007 925 төгрөг, нийт 4 062 925 төгрөг төлөгдсөн, зээлийн үлдэгдэл 19 061 145 төгрөг...” гэсэн байдаг. 2008 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн “ХХБ” ХХК--ийн гаргасан тооцоололд Б.А-ын төлөөгүй үүргийн гүйцэтгэл харагдана. 2002 оны Эрүүгийн хуулиар тухайн зээлтэй холбоотой гэмт хэрэг үйлдсэн П.Энхтуяа, П.Энхбаяр нарыг эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн Улсын Дээд шүүхийн тогтоолд бусдад төлөх өр төлбөргүй гэж зааснаар Б.А- зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

“ХХБ” ХХК--ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн гаргасан дансны хуулгад 2008 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр зээлдэгч Ц.Цэндсүрэн, П.Энхбаяр нарын төлбөр гэсэн утгаар 20 000 000 төгрөг хийгдсэн. Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Энхтуяа нь “...бид нарын зүгээс “ХХБ” ХХК--д 20 000 000 төгрөг өгсөн, үүгээр Б.А-ын зээл хаагдсан...” гэж хэлдэг боловч уг 20 000 000 төгрөг нь н.Энхбаяр, н.Цэндсүрэн нарын төлөх ёстой зээлийн төлбөрт төлөгдсөн юм.

Б.А-д холбогдох Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 70 дугаартай зохигчдын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5 дах хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 70 тоот, 2010 оны 6666 тоот захирамжийн дагуу 2010 оны 821 тоот гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19 457 502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг болон иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай Б.А-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч тал давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхэд “ХХБ” ХХК--тай эвлэрлийн гэрээ байгуулсан 19 457 502 төгрөгийн асуудал эрүүгийн хэргийн хамт 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн тул уг эвлэрлийг баталсан Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 70 дугаар, 2010 оны 6666 дугаартай шүүгчийн захирамжийн дагуу 2010 оны 821 дугаартай Шүүхийн гүйцэтгэх хуудсаар явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль бус болохыг, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсныг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх, зөвхөн нэг талын эрх ашгийг хангах үүднээс бүх нотлох баримт бичгийн цаг хугацаа, үг үсгийг хооронд нь уялдуулан хэргийг бүхэлд нь авч үзээгүйд, анхан шатны шүүхийн шүүгч нар давж заалдах болон хяналтын шатны шүүхийн шийдвэрүүдийг үл тоож, тэдгээрт дүгнэлт гаргах, иргэний болон эрүүгийн хуулийн зүйл заалтуудыг зөрчин дордуулсан байдлаар хэрэглэж шийдвэр гаргаж байгаад, банкны хүсэлтийн дагуу нэг хэрэг дээр иргэний хэрэг үүсгээд дараа нь эрүүгийн хэрэг болгон шийдвэрлээд дуусангуут буцаагаад иргэний хэрэг болгох замаар асуудалд үнэн зөв, шударга хандахгүй хуулийг ноцтой зөрчиж байгаад гомдолтой байна.

Миний бие “ХХБ” ХХК--тай 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 364 дугаартай зээлийн гэрээ байгуулж 15 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй,  зээлж П.Энхтуяад өгсөн, тэрээр зээлийн төлбөрийг төлж байх явцад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болох барьцааны зүйл хуурамч болох нь тогтоогдсон. Тухайн үед бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нь 2007 онд  шүүхэд дээрх зээлийн гэрээтэй холбогдуулан нэхэмжлэл гаргаснаар эвлэрч шүүгчийн захирамж гарсан. Уг захирамжид хуурамч болох нь тогтоогдсон тул гэж тусгаж улмаар Б.А- надаас 19 457 502 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн.

Гэвч банк эвлэрсэн захирамж гаргуулсан атлаа 2008 онд П.Энхтуяатай намайг бүлэглэж, залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж дахин тухайн зээлийн гэрээтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан. Уг хэрэг эрүүгийн журмаар 2 жил шалгагдсаны эцэст 2010 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 120 дугаар тогтоолоор Б.А- надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, харин П.Энхтуяаг залилан мэхэлсэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж ял шийтгэсэн.

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт заасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэснийг зөрчсөн үйлдэл болсон.

“ХХБ” ХХК--ийн гомдлын дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулснаар нийт 3 хүний нэрээр буюу Б.А-ын нэрээр 15 000 000 төгрөг, Ц.Цэндсүрэнгийн нэрээр 15 000 000 төгрөг, П.Энхбаярын нэрээр 25 000 000 төгрөг, нийт 55 000 000 төгрөгийг банкнаас зээлсэн ба үндсэн зээлд 55 000 000 төгрөг, хүү 4 979 175 төгрөг, нийт 59 979 175 төгрөг болгож эгүүлэн төлсөн нь мөрдөн байцаалтын явцад баримтаар нотлогдсоныг шүүх дүгнээд уг хэргийг П.Энхбаярын хамт үйлдсэн гэж үзэж шүүгдэгч П.Энхтуяа П.Энхбаяр нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан тухай 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд заасан, уг тогтоолд залилан мэхлэх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдад учруулсан шууд хохирлоор тодорхойлох бөгөөд шууд бус хохирлыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээнд оруулан тооцохгүй гэж тодорхой заасан байдаг.

П.Энхтуяа, П.Энхбаяр нар нь эрүүгийн хэрэг үүсгэснээс хойш иргэний хэргийн шийдвэрийн дагуу хохирлоо төлж барагдуулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон гэж дүгнэсэн бүх шатны шүүхийн шийдвэрт ямар нэг төлбөргүй болохыг тодорхой тусгасан. П.Энхтуяа нь хорих ялаа эдэлж 2012 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн шийдвэрээр бусдад төлөх өр төлбөргүй гэж хугацаанаас өмнө суллагдсан тул нэхэмжлэгч болон банкны хооронд үүссэн зээлийн гэрээтэй холбоотой маргаан нэг мөр шийдвэрлэгдсэн гэж үзсэн.

Гэтэл банк шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар дээрх 70 дугаар захирамжийг үндэслэн шийдвэр гүйцэтгэх газарт хандсан талаар би 2014 оны 01 дүгээр сард хариуцагч байгууллага дуудсанаар мэдсэн.

Банк нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 115 дугаар зүйлийн 115.3 дах хэсэгт заасан эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэснийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дах хэсэгт зааснаар эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хянан хэлэлцэхгүй гэсэн заалтуудыг зөрчсөн.

Банк, шүүхийн бүх шатанд оролцож байсан ба төлөөлөгч нь Б.А-д холбоотой асуудлыг П.Энхтуяад хамааруулж, түүнээс төлбөрийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүх хуралдаан бүрт гаргасан нь шүүхийн шийтгэх тогтоолд тусгагдсан, шүүх энэ хүсэлтийнх нь дагуу шийдвэрээ гаргасан.

“ХХБ” ХХК- гурван шатны шүүхийн шийдвэрт тухайн үед нь ямар нэг гомдол гаргаж байгаагүй. Энэ асуудал 2008 оны 8 дугаар сараас эхлэн 11 жил үргэлжилж байгаа нь миний болон П.Энхтуяагийн амьдралд хүндээр тусч, сэтгэл санаа, эрүүл мэнд, эд материалын хохирол ихээр амсаж байна.

Төлбөр төлөгдсөн болох нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн  2011 оны 86 дугаар шийтгэх тогтоол, 2011 оны Нийслэлийн шүүхийн 352 дугаар магадлал, 2011 оны 376 дугаар УДШ-ийн тогтоолуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, 2010 оны 6666 дугаар шүүгчийн захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаар гүйцэтгэх хуудсаар явуулж буй иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч Б.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг таслан зогсоож, Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамж, 2010 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 6666 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай” шүүгчийн захирамжийн дагуу 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 821 дугаар Шүүхийн гүйцэтгэх хуудсаар явуулж буй 19 457 502 төгрөгийн төлбөр бүрэн төлөгдсөн болохыг, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болгосныг тус тус тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч тал хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, төлбөр авагч “ХХБ” ХХК- бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцохдоо хариуцагчийн тайлбарыг дэмжсэн байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ 2010 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Баянгол дүүргийн шүүхийн гүйцэтгэх хуудсын дагуу явуулж байгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үндэслэл болсон тус шүүхийн 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 70 дугаартай “Зохигчдын эвлэрлийг батлах тухай” шүүгчийн захирамжид дурдсан 19 457 502 төгрөгийн төлбөр нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар шийтгэх тогтоолд тусгагдсан П.Энхтуяагийн төлсөн 59 979 175 төгрөгийн үнийн дүнд багтаж төлөгдсөн тул уг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч НШШГГ- нь дээрх 2007 оны 70 дугаартай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа, тухайн төлбөрийг нэхэмжлэгч Б.А- бүрэн төлөөгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хууль зүйн үндэслэлгүй гэж тайлбарлаж, гуравдагч этгээд буюу төлбөр авагч “ХХБ” ХХК- нэхэмжлэгч Б.А- нь дээрх захирамжийн дагуу нийт 498 000 төгрөг төлсөн. Нэхэмжлэгчийн дурдаж буй эрүүгийн хэргийн 2011 оны 86 дугаартай шийтгэх тогтоолд П.Энхтуяа, П.Энхбаяр нар бусдад төлөх өр төлбөргүй гэснээр  Б.А-ыг дээрх зээлийн төлбөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж тайлбарлан талууд харилцан маргаж байна.

 

Хэргийн баримтаас үзвэл, нэхэмжлэгч Б.А-ын “ХХБ” ХХК--иас зээлсэн зээлийн төлбөрийг шийдвэрлэсэн дээрх захирамж хүчин төгөлдөр байгаа боловч тухайн зээлийн гэрээний дагуу төлөх төлбөр бүрэн төлөгдсөн талаар нэхэмжлэгч тал тайлбарлаж, хариуцагч үүнийг бүрэн үгүйсгэхгүй байгаа, төлбөр авагч тал холбогдох зээлийн тооцоог хийсэн талаар нотлох баримтгүй байгаа тохиолдолд маргааны үйл баримтыг шүүх тогтоогдсон гэж үзэх нь учир дутагдалтай.

 

Талуудын хооронд үүссэн маргааны зүйл болох 2005 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн зээл болон барьцааны гэрээнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 86 дугаар Шийтгэх тогтоолд ...”ХХБ” ХХК--иас П.Энхбаяр, Б.А-, Ц.Цэндсүрэн нар зээл авч байгаа мэтээр төөрөлдүүлэн хуурч мэхлэх аргаар 55 000 000 төгрөгийн хохирол учруулсан, эрүүгийн хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч П.Энхтуяа, П.Энхбаяр нар нь хохирогчид 59 979 175 төгрөг төлсөн. Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан” гэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн байна. /хх16-28/

 

Гэтэл анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлоогүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйн улмаас хэргийн үйл баримт бүрэн бодитой, эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн төлөх төлбөр нь залилан мэхлэх аргаар хуурамч баримт бүрдүүлж тус банкнаас нэхэмжлэгч Б.А- нарын нэрээр зээл авсан П.Энхтуяагийн үйлдсэн эрүүгийн гэмт хэргийг хянан шийдвэрлэх явцад түүний төлсөн 59 979 175 төгрөгт хамаарах эсэхийг зайлшгүй тодруулах шаардлагатай байжээ.

 

Дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбартаа “... хэрэгт авагдсан эрүүгийн хэргийн шийтгэх тогтоол, магадлал зэргийг уншиж танилцахад П.Энхтуяа нь Б.А-ын нэрийн өмнөөс зээл авч, банкинд хохирол учруулсан гэсэн. 2007 онд иргэний журмаар эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүгчийн захирамжаар батлуулсан, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр шийтгэх тогтоол гарсан, банкинд учруулсан хохирлыг иргэний журмаар шийдвэрлээд, хохирлыг барагдуулсан байхад гуравдагч этгээд дахин эвлэрлийн захирамжид гүйцэтгэх хуудас бичүүлж манай байгууллагад өгсөн. Нэгэнт шийдвэрлэгдээд хүмүүс нь ялаа эдэлсэн байгаа хэрэгт манай тал ажиллагаа явуулах шаардлага байхгүй байсан. Гуравдагч этгээд энэ хэргийг иргэний журмаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрвөл хэргийн материалыг хаах боломжтой...” гэжээ. /хх70-н ар талд/

 

Үүнээс үзвэл шийдвэр гүйцэтгэх байгууллага нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гуравдагч этгээд болох төлбөр авагчийн хүсэлтээр дуусгавар болгох боломжтой гэх агуулгыг дээрх тайлбартаа тусгасан байна. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг шууд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай, төлбөр авагч байгууллагын Б.А- нарын авсан зээлийн тооцоололд дүгнэлт хийх шаардлагатай, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүйг дээр дурдсан болно.

  

Давж заалдах шатны шүүхээс уг ажиллагааг нөхөн гүйцэтгэх, хэрэгт авагдсан баримтын хүрээнд талуудын хоорондын маргааны үйл баримт, хууль хэрэглээний талаар эрх зүйн дүгнэлт хийж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр шийдвэрийг өөрчлөх эсхүл хэвээр үлдээх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 102/ШШ2019/00977 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.А- давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

         ШҮҮГЧИД                                  А.ОТГОНЦЭЦЭГ

 

Т.ТУЯА