Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2022/02619

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 19 өдөр                Дугаар 102/ШШ2022/02619                                 Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: У.Г

 

Хариуцагч: С.С

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

ТОДОРХОЙЛОХ нь:

         

  Нэхэмжлэгч У.Г, хариуцагч С.С холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна. Үүнд:

 

      1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

       Иргэн У.Г, С.С 2019 онд анх танилцсан байдаг.

       Түүнээс хойш хоёр удаагийн шилжүүлгээр 4.500.000 төгрөг, 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн.

       4.500.000 төгрөгийг нэхэмжлэгч өөр хүнээс авч, С.С дамжуулж шилжүүлээд энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдэж дууссан.

        Өнөөдрийн нэхэмжилж байгаа 2.000.000 төгрөг бол У.Г өөрийн мөнгөө эхнэрийнхээ дансаар, өөрийн нэрээ бичээд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр С.С данс руу хийснээс хойш удаа дараа мөнгөө авах талаар хандсан боловч ямар нэгэн шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэл өгөөгүй.

          Энэ  нь хариуцагчийн хэлээд байгаа бөө мөргөлийн зан үйл хийхэд ямар ч хамааралгүй. Уг зан үйлийг хийхэд 180.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул 2.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Мөн зан үйл хийсэн мөнгийг хэзээ ч дансаар хийдэггүй.  Талуудын амаар тохиролцсоны дагуу зээлийн харилцаа үүссэн.

Харин 2.000.000 төгрөг нэхэмжлэгчийн өөрийнхөн мөнгийг өгсөн учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжинэ гэжээ.

 

           2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй харилцан тохирч 2.000.000 төгрөгийг зээлж аваагүй тухайн үед “Зээлийн гэрээ” байгуулж бусдаас мөнгө зээлэх хүсэл зориг хэрэгцээ шаардлага байгаагүй.

           Нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4.500.000 төгрөг зээлсэн гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай Шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн ... дугаартай Магадлалаар талуудын хооронд зээлийн  гэрээний харилцаа үүсээгүй харин “Худалдах худалдан авах гэрээ”-ний харилцаа Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан үүссэн гэж дүгнэсэн байдаг.

           “Худалдах худалдан авах гэрээ”-ний дагуу авсан эд хөрөнгийг буцаан өгөх боломжгүй болсон тул төлбөр мөнгө шаардах эрхтэй харин зээлийн гэрээний дагуу мөнгө зээлээгүй байна” гэсэн Магадлал гарсан.

            Нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4.500.000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2.000.000 төгрөгт “Зээлийн гэрээ” байгуулж зээлийн харилцаа үүссэн гэж байгаа бол энэ 4.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах үед хамтад нь шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан.

            У.Г удаа дараа 2.000.000 төгрөгийг авна гэж шаардаж байсан нь үндэслэлгүй. 2.000.000 төгрөгийн талаар огт дурдаж байгаагүй.

           Мөн талууд 2019 оны 07 дугаар сарын дундуур “Тэрэлж”-д байдаг амралтанд анх танилцсан. Хариуцагч засал ном хийдэг үзмэрч хүн.

              Нэхэмжлэгч таньдаг хүнээрээ дамжуулан засал ном хийлгэхээ хэлж түүний хөлс 2.000.000 төгрөг болно гэж хэлсэн.

            Тэгээд нэхэмжлэгчид зан үйл хийж өгсний төлбөрт 2.000.000 төгрөгийг авсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд нэг ч удаа “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүсээгүй.

            Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүсээгүй мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

           Зан үйлийн төлбөрийг бэлнээр аваагүй бөгөөд шилжүүлж авсан.

            Өмнө нь 4.500.000 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа 2.000.000 төгрөгийн талаар огт дурдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, гэжээ.

 

      3.Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд:

      

      Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн Б.О ХБ дансны хуулга, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр В.О олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... дугаартай Шийдвэр, 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ... дугаартай Магадлал

 

      Хариуцагчаас иргэний үнэмлэхний хуулбар, 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Ц.Б олгосон “Итгэмжлэл”-ийг өгчээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

      1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

      2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О шаардах эрхийн үндэслэлээ “2.000.000 төгрөгийг хариуцагчид зээлсэн. Зан үйл хийлгэсний төлбөрт 180.000 төгрөгийг бэлнээр өгсөн тул хамааралгүй” гэж тодорхойлов.

 

      3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа “ Нэхэмжлэгч зан үйл хийлгэхээр тохиролцоод хөлс нь 2.000.000 төгрөг болсныг шилжүүлж авсан. Зээлж авсан мөнгө биш. “Зээлийн гэрээ” хийгээгүй ” гэж мэтгэлцэж байна.

 

    4.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

 

         5.Нэхэмжлэгч У.Г 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр гэр бүлийн гишүүн болох эхнэр Б.О эзэмшлийн ХБ ... дугаартай данснаас гүйлгээний утга дээр “ganbold” гэж бичиж, .... дугаартай данс руу 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримт ХБ депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.

 

         6.Дээрх шилжүүлсэн мөнгийг хариуцагч хүлээн авснаа зөвшөөрч маргаагүй ба Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” заасны дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

        7.Мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасанчлан хэлцлийг талууд хэлэлцэн тохиролцож амаар болон бичгээр хийж болно гэсэн шаардлагын хангажээ.

 

        8.Иймээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт “зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар нэхэмжлэгч, хариуцагчид 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн нь бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.

 

       9.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б зээлсэн мөнгө биш, зан үйл хийлгэхээр тохиролцсон мөнгө гэж маргаж байгаа хэдий ч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасанчлан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзах, үгүйсгэх үндэслэлээ хариуцагч баримтаар нотлох үүрэгтэй буюу шүүх энэ эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгоход хэрэгжүүлээгүй, нотлох баримтаар няцааж, нотолж чадаагүй болно.

 

      10.Улмаар нэхэмжлэгч, эхнэр болох Б.О данснаас хариуцагчид 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн талаар талуудын хэн аль нь маргахгүй байна.

 

      11.Иймээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасан журмын дагуу хариуцагч шүүхэд ирж хариу тайлбараа гаргаж өгөөгүй мөн зан үйл хийлгэхээр тохиролцоод хөлсөнд 2.000.000 төгрөгийг авсан болон уг мөнгийг зээлж аваагүй гэдгээ бичгийн баримтаар нотлож чадахгүй байх тул төлөх үүрэгтэй гэж үзээд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэлээ.

 

         12.Тэрээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б “4.500.000 төгрөгийг нэхэмжилсэн нэхэмжлэлтэй уг нэхэмжлэлийг хамтатган шийдвэрлүүлэх боломжтой байсан ба энэ талаар нэхэмжлэгч огт дурдаагүй” гэж маргаж байгаа боловч шүүхэд нэхэмжлэл гаргах эсэхийг шаардлага гаргах эрх бүхий этгээд өөрөө шийдвэрлэдэг тул дээрх тайлбар үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар тухайн хоёр иргэний хэрэг хоорондоо нэхэмжлэлийн шаардлагын хувьд өөр өөр агуулгатай харилцан хамааралгүй гэж шүүх дүгнэлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950  төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

 

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн     

      115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

      1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2.000.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Г олгосугай. 

 

         2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46.950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

         3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.АРИУНАА