Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01576

 

 

 

 

 

2022 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/01576

 

У.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/02619 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч У.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч С.С-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Анх хариуцагчтай 2019 онд танилцаж, үүнээс хойш хоёр удаагийн шилжүүлгээр 4,500,000 төгрөг, 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн. С.С-д 4,500,000 төгрөгийг өөр хүнээс авч, дамжуулж шилжүүлсэн. Энэ асуудал шүүхээр шийдвэрлэгдэж дууссан. Харин 2,000,000 төгрөгийг би өөрийн эхнэр Б.О-ийн хаан банкны дансаар, гүйлгээний утга дээр өөрийн нэрээ бичээд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр С.Солонгын данс руу хийсэн. Үүнээс хойш хариуцагчаас удаа дараа мөнгөө авах талаар хандсан боловч ямар нэгэн шалтгаан тоочиж өнөөдрийг хүртэл өгөөгүй. Энэ мөнгө нь хариуцагчийн хэлээд байгаа бөө мөргөлийн зан үйл хийхэд ямар ч хамааралгүй. Уг зан үйлийг хийхэд 180,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Талуудын амаар тохиролцсоны дагуу зээлийн харилцаа үүссэн тул 2,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй харилцан тохирч 2,000,000 төгрөгийг зээлж аваагүй тухайн үед Зээлийн гэрээ байгуулж бусдаас мөнгө зээлэх хүсэл зориг хэрэгцээ шаардлага байгаагүй. Нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөг зээлсэн гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01163 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00969 дугаартай магадлалаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй харин Худалдах худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн байдаг. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 2,000,000 төгрөгт Зээлийн гэрээ байгуулж зээлийн харилцаа үүссэн гэж байгаа бол энэ 4,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргах үед хамтад нь шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. У.Г- удаа дараа 2,000,000 төгрөгийг шаардаж байсан нь үндэслэлгүй. Талууд анх 2019 оны 07 дугаар сарын дундуур Тэрэлж-д байдаг амралтанд танилцсан. Хариуцагч засал ном хийдэг үзмэрч хүн. Нэхэмжлэгч таньдаг хүнээрээ дамжуулан засал ном хийлгэхээ хэлж, зан үйл хийж өгсний төлбөрт 2,000,000 төгрөгийг авсан. Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд Зээлийн гэрээ-ний харилцаа үүсээгүй. Мөн Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.9 дэх хэсэгт зааснаар гэрээ байгуулах хүсэл зориг байгаагүй тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зан үйлийн төлбөрийг бэлнээр аваагүй бөгөөд шилжүүлж авсан. Өмнө нь 4,500,000 төгрөгийн нэхэмжлэл гаргахдаа 2,000,000 төгрөгийн талаар огт дурдаж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.С-оос зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч У.Г-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчээс 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 4,500,000 төгрөг зээлсэн гэж Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж тус шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01163 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00969 дугаартай магадлалаар талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй харин Худалдах худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн болно. Нэхэмжлэгч нь уг хэрэгтэй хамтатган 2,000,000 төгрөгийг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан. Үүгээр бидний хооронд 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 2,000,000 төгрөгийн зээлийн харилцаа үүсээгүй болохыг нотолж байна. Миний бие засал, зан үйлийг хийдэг бөгөөд нэхэмжлэгч нь засал хийлгэхээр хүсэлт гаргаж, хөлс 2,000,000 төгрөг төлөхөөр болсон. Иймд талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1.   Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

2. Нэхэмжлэгч У.Г- нь зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.С- нь эс зөвшөөрч маргажээ.

3. Нэхэмжлэгч У.Г- нь 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Ганболд гэсэн гүйлгээний утгатай 2,000,000 төгрөгийг хариуцагч С.С-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй болно. /хх5/

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Учир нь нэхэмжлэгч У.Г- нь хариуцагч С.С-д тодорхой хүсэл зоригийн үндсэн дээр 2,000,000 төгрөгийг буцаан авах нөхцөлтэй шилжүүлсэн гэх тайлбарыг хариуцагч үгүйсгэж, нэхэмжлэгчид зан үйл хийж, хөлсөнд 2,000,000 төгрөг авсан гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

3.б. Нэхэмжлэгч У.Г- 2,000,000 төгрөгийг хариуцагч С.С-д шилжүүлсэн тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд зээлийн гэрээг байгуулсанд тооцох хуулийн зохицуулалттай тул нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг шаардах эрхтэй.

4. Хариуцагч давж заалдах гомдолдоо Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01163 дугаартай шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 00969 дугаартай магадлалаар талуудын хооронд Худалдах худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж дүгнэсэн. Уг хэрэгтэй хамтатган 2,000,000 төгрөгийг шийдвэрлүүлэх бүрэн боломжтой байсан гэжээ. Хоорондоо хамааралгүй нэхэмжлэлийн шаардлагыг хэзээ, хэрхэн шаардах нь нэхэмжлэгчийн субьектив эрх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 102/ШШ2022/02619 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

С.ЭНХБАЯР