Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 143/ШШ2021/00179

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонсүрэн даргалж, шүүгч Р.Уранчимэг, Л.Угтахбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Л.Х

Хариуцагч: ӨГЗДТГ 

Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, иргэдийн төлөөлөгч Ц.Солонго, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны Б/22 дугаар тушаалаар ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд миний бие уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр намайг урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 946 725 төгрөг ******* сумын Засаг даргын тамгын газрын даргаас гаргуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн б/04 дүгээр тушаалаар миний бие урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан болно.

******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас надад 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цаг хугацаанд нь бичилт хийгээгүйн улмаас /ажлаас халагдах үедээ би жирэмсэн байсан/ жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй хохирсон. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч дахин нийгмийн даатгалын байгууллагад хандахаар нэхэмжлэлээ татан авч байсан. Нэгэнт жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгогдох хугацаанд аваагүй, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байх тул нөхөн олгох боломжгүй гэсэн хариуг нийгмийн даатгалын байгууллагаас өгсөн тул тус шүүхэд хандаж байна.

Иймд ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны 10 сарын 18-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдөх үедээ нэхэмжлэгч жирэмсэн байсан ба ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс Л.Хумбагыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн.

Ингэж шийдвэрлэхдээ Л.*******д 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулж олгосон байдаг. Хариуцагч нь уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Л.Хумбагыг ажилд нь буцаан авч тушаал гаргасан. ******* аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газар Л.Хумбагыг ажилд нь буцаан авахдаа 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалинг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн ба бусад хугацааны цалин хөлсийг нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй гэсэн үндэслэлээр олгоогүй. Үүний улмаас Л.******* нь 2020 оны 03 дугаар сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байдаг. Ингээд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж 3 778 977 төгрөг нэхэмжилснээс 3 000 000 төгрөгт нь эвлэрсэн байдаг. Тухайн үед Л.******* уг хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байхдаа жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг байгууллагаасаа гаргуулахаар нэхэмжилж байгаад зохих байгууллагаар нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлээ татан авсан.

Гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас Л.Хумбагын нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалин хөлсний бичилт хийгдээгүй гэсэн үндэслэлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан. Л.******* нь анх 2019 онд ажлаас чөлөөлөгдөхдөө жирэмсэн байсан нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсуудаар нотлогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчид олгохоор заасан. Мөн хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагчид олгохоор зохицуулсан байдаг. Л.Хумбагын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд ажил олгогчийн буруутай үйлдлээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нэхэмжлэгч авч чадахгүй хохироход хүрээд байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Л.******* нь нийгмийн даатгалын байгууллагад жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар бичиг баримтаа бүрдүүлэн өгөхөд хүлээж авах нь бүү хэл бүртгэж ч аваагүй байдаг. Учир нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хугацаандаа л тэтгэмжээ авах эрхтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн байна гэдэг. Хүндэтгэн үзэх шалтгаанд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нөхцөлийг тооцдоггүй юм билээ. Үүнд байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлийг оруулж тооцдог юм билээ.

Иймд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж хандсан. Л.Хумбагын нэхэмжлэлтэй жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 324 204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдэж өгнө үү.

Л.Хумбагын нийгмийн даатгалын дэвтэрт зохигчдын эвлэрлийг баталсан захирамж гарснаас хойш нөхөн бичилт хийгдсэн. Өмнө нь бичилт хийгдээгүй хоосон яваад байсан нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримт дахь Л.Хумбагын нийгмийн даатгалын дэврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогддог юм. Дараа нь дахин тухайн үедээ бичилт хийгээгүй байж байгаад бичигдсэнийх нь дараа дахин баталгаажуулж гаргаж өгсөн байгаа. Энэ нь цэвэр ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон тул ажил олгогч учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.

Нэгэнт л ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоогоод өгсөн байхад шүүхийн шийдвэрт тусгагдаагүй гэсэн үндэслэлээр бусад хугацааны цалинг олгоогүй, нөхөн бичилт хийгээгүйгээр Л.Хумбагыг хохироож байна. Миний зүгээс 2020 оны ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн гэж буруу мэдүүлсэн байна. Энэ шийдвэр хэрэгт авагдаагүй ч гэсэн хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн тайлбараа гаргаж, маргаагүй болно. Нэхэмжлэлээ татан авсны дараа эмнэлгийн хуудсаа авч нийгмийн даатгалын байгууллагад дахин хандах гэсэн боловч эмнэлгийн хуудсыг дахин бичиж олгоогүй юм билээ. Гол нь 12 сараас доошгүй хугацаанд ажилласан гэдэг нь тасалдаж, 6 сарын шимтгэлийг тасралтгүй төлсөн гэх хугацаа нь алдагдаад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Хумбагын нэхэмжлэлтэй жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Оюунтунгалаг миний бие тус нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас гарган даатгуулагчид олгохоор тодорхой хуульчилсан байх бөгөөд ажил олгогч болох ******* сумын ЗДТГ нь энэхүү тэтгэмжийг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Хумбагын шүүхэд гаргасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 324 204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дахь зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага олгохоор хуульчилсан байгаа тул ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааг зааж, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө гээд 1 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор материалаа нийгмийн даатгалын байгууллагад өгөхөөр, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох асуудлыг 21 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Л.Хумбагын зүгээс эмнэлгийн хуудас авснаас хойш нийгмийн даатгалын байгууллагад үнэхээр хандсан юм уу, нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлээд ямар хариу өгсөн юм бэ, эсвэл өөрөө хугацаа хэтрүүлээд хандаагүй юм уу, үүнтэй холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй байгаа учраас энэ нь зөвхөн ажил олгогчийн буруугаас болж энэхүү тэтгэмж олгогдоогүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас үүнийг зохих байгууллагаар шийдвэрлүүлье гээд нэхэмжлэлийн шаардлагаа татаж авдаг. Үүнтэй холбогдуулан материалаа өгсөн бол нийгмийн даатгалын байгууллага хэрхэн хүлээж авсан юм бэ, өгөөгүй бол яагаад хүлээн авахаас татгалзсан талаар баримтуудыг нийгмийн даатгалын байгууллага болон нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байгаа учраас уг тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч тал үнэхээр нийгмийн даатгалын байгууллагаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа нь ажил олгогчтой холбоотой, ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон гэдгийг нотолсон баримтыг өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх байсан. Бүрдүүлж өгөөгүй байгаа.

Нийгмийн даатгалын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбаруудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн байдаг. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах байх. Үүн дээр 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс төлсөн байгаа нь харагддаг. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буй Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсэн нь няцаагдаж байна гэж харж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Үнэхээр ажил олгогчийн буруутай үйлдэл байна уу гэдгийг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд тогтоох зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр нэхэмжлэгч талаас ажил олгогчийн буруутай үйлдэл байгаа гэж тайлбарлаж байгаа ч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас даатгуулагчийн өөрийнх нь буруутай үйлдэл байсан гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхээс нэхэмжлэлээ татаж авсны дараа нийгмийн даатгалын байгууллагад материалаа дутуу өгсөн болохоор нийгмийн даатгалын сангаас энэ тэтгэмж олгоогүй гэж харж байна. Хуульд ямар бичиг баримт бүрдүүлж өгөхийг тодорхой заасан байдаг. Энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэлтэй хамааралтай гэж үзэх боломжгүй юм. Мөн энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг бол даатгуулагчийн өөрийн үйлдлээс хамаарахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдлыг ойлгодог. Хэрэв үнэхээр нийгмийн даатгалын байгууллага хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг өөрөөр тайлбарладаг бол үүнтэй холбогдуулан нотлох баримтыг мөн гаргаж өгөх шаардлагатай байсан. Тухайлах баримтуудыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар, үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 324 204 төгрөгийг ажил олгогчийн буруутай үйлдлээс болоод авч чадаагүй гэдгийг нотолсон баримт хэргийн хүрээнд авагдаагүй. Хариуцагч байгууллагаас холбогдох баримт бичгүүдийг тухайн үед нь өгч байсныг хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудас болон жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгосон хуудсуудаар тогтоогдож байна. Ажил олгогчийн зүгээс холбогдох баримт бичгүүдийг тухайн үед нь өгч байхад нь яагаад энэ хугацаандаа нийгмийн даатгалын байгууллагад аваачиж өгөөгүй юм бэ, нийгмийн даатгалын байцаагч авахгүй гэсэн үндэслэл нь юу юм бэ гэсэн талаар баримт бичгийг төрийн байгууллага гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл баримтуудаа гаргаж өгөөгүй байгаа нь зөвхөн ажил олгогчийн буруутгах үндэслэл биш юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Иргэдийн төлөөлөгч Ц.Солонго дүгнэлтдээ: Нийгмийн даатгалын шимтгэл тасарсан тохиолдолд нийгмийн даатгалын сангаас нөхөн олголт хийдэггүй тул тухайн байгууллага юм уу, эсвэл нийгмийн даатгалын байцаагч нь тасралтгүй төлөх бичилтийг дутуу хийснээс болж энэ маргаан үүссэн юм уу гэж үзэж байна. 6 сар түүнээс дээш ажилласан байсан тохиолдолд тэтгэмж олгогддог учир тасалдсан байна гэдэг бол нийгмийн даатгалын байцаагч юм уу, тухайн байгууллага хариуцлагагүй хандсанаас болж нэхэмжлэгч хохирч байна гэж дүгнэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх Л.Хумбагыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн гэж үзэж, нягтлан бодогчийн үүрэгт ажилд эгүүлэн тогтоосны дагуу түүнийг ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б/04 дугаартай тушаал гарган ажилд нь авчээ.

Шүүхээс мөн Л.Хумбагын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговорт 3 000 000 төгрөгийг ******* сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацааны цалин олговрыг олгохгүй, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хугацаанд нь төлөөгүйн улмаас буюу ажил олгогчийн буруугаас авч чадаагүй хохирол гэх жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 324 204 төгрөг гаргуулахаар шаардсан.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг нь нэхэмжлэгч Л.*******д жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн боловч уг тэтгэмжийг нийгмийн даатгалын сангаас Нийгмийн даатгалын байгууллага олгодог тул ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй, мөн уг байгууллагад хандаж шийдвэрлүүлсэн эсэх нь тодорхойгүй гэж нэхэмжлэлийг татгалздаг.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 21 дугаар зүйлийн 1.9 дэх хэсэгт тэтгэмж гэж ...жирэмслэх, амаржих, ...тохиолдолд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас нэг удаа олгох мөнгөн хөрөнгө гэж заасан.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 191 дүгээр зүйлийн 1.-т Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан ба түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан жирэмсэн болон амаржсаны эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул тэрээр уг тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.1.2 дахь хэсэгт Ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч нь ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй гэжээ.

Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгох бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан ажилгүй байсан бүх хугацаа гэдэгт өмнөх шүүхийн шийдвэрээр цалинг олгохоор тасалбар болгосон хугацаа /2019 оны 11 дүгээр сарын 15/-наас хойш ажил олгогч уг шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд авах хүртэл хугацаа хамаарна.

Гэвч ажил олгогч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь ажилтан Л.Хумбагыг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаас хууль бусаар чөлөөлсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон, улмаар 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажилд буцаан томилсон тушаал гаргасан атлаа түүнд ажилгүй байсан бүх хугацааны /2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл/ цалин олговрыг олгоогүйгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн цаг хугацаанд нь төлөөгүй зэрэг ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас цалин хөлснийхөө хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас авах жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадаагүй нь тогтоогдож байх бөгөөд энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэлтэй холбоотой байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2.-т Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заажээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 192 дугаар зүйлийн 1.-т Энэ хуулийн 191 дүгээр зүйлд заасан тэтгэмж авах эрх үүссэн эхэд тэтгэмжийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 12 сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас 100 хувиар тооцож 4 сарын хугацаанд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно гэжээ.

Нэхэмжлэгч Л.******* нь 2019 онд сарын 834 311 төгрөгийн үндсэн цалинтай ажилладаг байсан болох нь ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Ө.*******ийн гаргасан тодорхойлолтоор нотлогдож байх тул сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг 834 311 төгрөгөөс тооцож олгох нь зүйтэй гэж үзэв.

Нэг сарын дундаж цалин 834 311 буюу /834 311*21.2/ нэг өдрийн 39 354 төгрөг,

Жирэмсний тэтгэмж: 2020.03.26-2020.05.24-ны өдрийг дуустал ажлын 34 хоног буюу /39 354*34/ 1 338 036 төгрөг,

Амаржсаны тэтгэмж: 2020.05.25-2020.07.23-ний өдрийг дуустал ажлын 44 хоног буюу /39 354*44/ 1 731 576 төгрөг, нийт жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 069 612 төгрөг.

Иймд хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 069 612 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, үлдсэн 254 592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Уг шаардлага нь тэтгэмжийн мөнгө-ийг гаргуулах гэж тодорхойлогдсон боловч агуулга нь тэтгэмжээ авч чадаагүйн улмаас учирсан гэм хор гэж үзэхээр байна.

Учир нь, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газар нь Л.Хумбагыг ажлаас хууль бусаар чөлөөлж, улмаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон боловч түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тухайн цаг хугацаанд олгоогүйгээс хуульд заасан /жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд, үүнээс сүүлийн 6 сард нь уг шимтгэлийг тасралтгүй төлсөн даатгуулагч эх/ жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхийг алдагдуулж, гэм хор учруулсан байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэдийн төлөөлөгчийн ...тухайн байгууллага хариуцлагагүй хандсанаас болж нэхэмжлэгч хохирч байна гэсэн дүгнэлт нь Нийгмийн даатгалын тухай хууль болон холбогдох бусад хуультай нийцэж байх тул үндэслэл бүхий байна гэж үзэн шийдвэрийг гаргахдаа харгалзан үзсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн  497.1, 498 дугаар зүйлийн 498.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 069 612 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254 592 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 138 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Л.*******д буцаан олгож, хариуцагч ******* аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 64 063 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ             Б.ОТГОНСҮРЭН

      ШҮҮГЧ            Р.УРАНЧИМЭГ

                             Л.УГТАХБАЯР