Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 203/МА2021/00024

 

Л.Хумбагын нэхэмжлэлтэй Өмнөговь

аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газарт

холбогдох иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2021/00179 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Хумбагын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдох, Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалагийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч Л.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.******* нь Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны Б/22 дугаар тушаалаар Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн бөгөөд миний бие уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд нэхэмжлэл гаргасан. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 56 дугаар шийдвэрээр намайг урьд ажиллаж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж, 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацааны цалин 1 946 725 төгрөг******* сумын Засаг даргын тамгын газрын даргаас гаргуулан нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 6/04 дүгээр тушаалаар миний бие урьд эрхэлж байсан ажилдаа томилогдсон бөгөөд 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан болно.

Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газраас надад 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг олгохгүй, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт цаг хугацаанд нь бичилт хийгээгүйн улмаас /ажлаас халагдах үедээ би жирэмсэн байсан/ жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй хохирсон. Энэ талаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч дахин нийгмийн даатгалын байгууллагад хандахаар нэхэмжлэлээ татан авч байсан. Нэгэнт жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг олгогдох хугацаанд аваагүй, ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болсон байх тул нөхөн олгох боломжгүй гэсэн хариуг нийгмийн даатгалын байгууллагаас өгсөн тул тус шүүхэд хандаж байна.

Иймд Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулж иргэн намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* нь Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газарт нягтлан бодогчоор ажиллаж байгаад 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ажлаасаа чөлөөлөгдөх үедээ нэхэмжлэгч жирэмсэн байсан ба ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргахад шүүхээс Л.Хумбагыг ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэсэн.

Ингэж шийдвэрлэхдээ Л.*******д 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалинг гаргуулж олгосон байдаг. Хариуцагч нь уг шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Л.Хумбагыг ажилд нь буцаан авч тушаал гаргасан. Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газар Л.Хумбагыг ажилд нь буцаан авахдаа 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалинг олгож нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэсэн ба бусад хугацааны цалин хөлсийг нь шүүхийн шийдвэрт тусгагдаагүй гэсэн үндэслэлээр олгоогүй.

Үүний улмаас Л.******* нь 2020 оны 03 дугаар сард шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн байдаг. Ингээд шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэн хэлэлцэж 3 778 977 төгрөг нэхэмжилснээс 3 000 000 төгрөгт нь эвлэрсэн байдаг. Тухайн үед Л.******* уг хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байхдаа жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг байгууллагаасаа гаргуулахаар нэхэмжилж байгаад зохих байгууллагаар нь шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзээд нэхэмжлэлээ татан авсан.

Гэтэл нийгмийн даатгалын байгууллагаас Л.Хумбагын нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалин хөлсний бичилт хийгдээгүй гэсэн үндэслэлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан. Л.******* нь анх 2019 онд ажлаас чөлөөлөгдөхдөө жирэмсэн байсан нь хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудсуудаар нотлогдож байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг даатгуулагчид олгохоор заасан. Мөн хуулийн 191 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тэтгэмжийн даатгалын шимтгэлийг жирэмсний чөлөө авахаас өмнө 12 сараас доошгүй хугацаанд төлсөн даатгуулагчид олгохоор зохицуулсан байдаг. Л.Хумбагын 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 5 сарын хугацаанд ажил олгогчийн буруутай үйлдлээс нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй тул жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нэхэмжлэгч авч чадахгүй хохироход хүрээд байна.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэж заасан. Л.******* нь нийгмийн даатгалын байгууллагад жирэмсний болон амаржсаны тэтгэмж авахаар бичиг баримтаа бүрдүүлэн өгөхөд хүлээж авах нь бүү хэл бүртгэж ч аваагүй байдаг. Учир нь жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах хугацаандаа л тэтгэмжээ авах эрхтэй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хугацаа хэтрүүлсэн байна гэдэг. Хүндэтгэн үзэх шалтгаанд ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй нөхцөлийг тооцдоггүй юм билээ. Үүнд байгалийн гамшиг давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал болон бусад хүчин зүйлийг оруулж тооцдог юм билээ.

Иймд анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргаж хандсан. Л.Хумбагын нэхэмжлэлтэй жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 324 204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдэж өгнө үү. Л.Хумбагын нийгмийн даатгалын дэвтэрт зохигчдын эвлэрлийг баталсан захирамж гарснаас хойш нөхөн бичилт хийгдсэн. Өмнө нь бичилт хийгдээгүй хоосон яваад байсан нь нэхэмжлэлд хавсаргаж өгсөн баримт дахь Л.Хумбагын нийгмийн даатгалын дэврийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогддог юм. Дараа нь дахин тухайн үедээ бичилт хийгээгүй байж байгаад бичигдсэнийх нь дараа дахин баталгаажуулж гаргаж өгсөн байгаа. Энэ нь цэвэр ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон тул ажил олгогч учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй гэж үзэж байна.

Нэгэнт л ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болохыг шүүхийн шийдвэрээр тогтоогоод өгсөн байхад шүүхийн шийдвэрт тусгагдаагүй гэсэн үндэслэлээр бусад хугацааны цалинг олгоогүй, нөхөн бичилт хийгээгүйгээр Л.Хумбагыг хохироож байна. Миний зүгээс 2020 оны ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн болохыг тогтоосон шүүхийн шийдвэрийг шүүхэд гаргаж өгсөн гэж буруу мэдүүлсэн байна. Энэ шийдвэр хэрэгт авагдаагүй ч гэсэн хариуцагч талаас хүлээн зөвшөөрсөн тайлбараа гаргаж, маргаагүй болно. Нэхэмжлэлээ татан авсны дараа эмнэлгийн хуудсаа авч нийгмийн даатгалын байгууллагад дахин хандах гэсэн боловч эмнэлгийн хуудсыг дахин бичиж олгоогүй юм билээ. Гол нь 12 сараас доошгүй хугацаанд ажилласан гэдэг нь тасалдаж, 6 сарын шимтгэлийг тасралтгүй төлсөн гэх хугацаа нь алдагдаад байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Л.Хумбагын нэхэмжлэлтэй жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэрэгт хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа Б.Оюунтунгалаг миний бие тус нэхэмжлэлтэй танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын тэтгэмжийн сангаас гарган даатгуулагчид олгохоор тодорхой хуульчилсан байх бөгөөд ажил олгогч болох******* сумын ЗДТГ нь энэхүү тэтгэмжийг хариуцах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Оюунтунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Л.Хумбагын шүүхэд гаргасан жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 324 204 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 26 дахь зүйлийн 26.6 дахь хэсэгт зааснаар жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалын байгууллага олгохоор хуульчилсан байгаа тул ажил олгогчийн зүгээс олгох боломжгүй гэж үзэж байна. Мөн хуулийн 24 дүгээр зүйлд тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох өргөдөл гаргах, шийдвэрлэх хугацааг зааж, 24 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт тэтгэмж авах өргөдөл, хуульд заасан холбогдох баримт бичгийг дор дурдсан хугацаанд бүрдүүлж нийгмийн даатгалын байгууллагад өгнө гээд 1 дэх хэсэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах даатгуулагч эмнэлгийн хуудас авснаас хойш 4 долоо хоногийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол 6 сарын дотор материалаа нийгмийн даатгалын байгууллагад өгөхөөр, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгох асуудлыг 21 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж тус тус заасан. Л.Хумбагын зүгээс эмнэлгийн хуудас авснаас хойш нийгмийн даатгалын байгууллагад үнэхээр хандсан юм уу, нийгмийн даатгалын байгууллага шийдвэрлээд ямар хариу өгсөн юм бэ, эсвэл өөрөө хугацаа хэтрүүлээд хандаагүй юм уу, үүнтэй холбоотой ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгөөгүй байгаа учраас энэ нь зөвхөн ажил олгогчийн буруугаас болж энэхүү тэтгэмж олгогдоогүй гэдэг нь тогтоогдохгүй байна.

Өмнөх шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас үүнийг шийдвэрлүүлье гээд нэхэмжлэлийн шаардлагаа татаж авдаг. материалаа өгсөн бол нийгмийн даатгалын байгууллага хэрхэн өгөөгүй бол яагаад хүлээн авахаас татгалзсан талаар баримтуудыг нийгмийн даатгалын байгууллага болон нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй байгаа учраас уг тэтгэмжийг ажил олгогчоос гаргуулах боломжгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан. Нэхэмжлэгч тал үнэхээр нийгмийн даатгалын байгууллагаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохгүй байгаа нь ажил олгогчтой холбоотой, ажил олгогчийн буруутай үйлдлээс болсон гэдгийг нотолсон баримтыг өөрөө цуглуулж бүрдүүлж өгөх байсан. Бүрдүүлж өгөөгүй байгаа.

Нийгмийн даатгалын тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбаруудыг нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн байдаг. Нотлох баримт шинжлэн судлахад тодорхой харагдах байх. Үүн дээр 2019 оны 01 дүгээр сараас 2021 оны 04 дүгээр сарыг хүртэл нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчийн зүгээс төлсөн байгаа нь харагддаг. Нэхэмжлэгч талын тайлбарлаж буй Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсэн нь няцаагдаж байна гэж харж байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Үнэхээр ажил олгогчийн буруутай үйлдэл байна уу гэдгийг нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхэд тогтоох зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр нэхэмжлэгч талаас ажил олгогчийн буруутай үйлдэл байгаа гэж тайлбарлаж байгаа ч үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй байна. Нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараас даатгуулагчийн өөрийнх нь буруутай үйлдэл байсан гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь шүүхээс нэхэмжлэлээ татаж авсны дараа нийгмийн даатгалын байгууллагад материалаа дутуу өгсөн болохоор нийгмийн даатгалын сангаас энэ тэтгэмж олгоогүй гэж харж байна. Хуульд ямар бичиг баримт бүрдүүлж өгөхийг тодорхой заасан байдаг. Энэ нь ажил олгогчийн буруутай үйлдэлтэй хамааралтай гэж үзэх боломжгүй юм. Мөн энэ нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй гэж нэхэмжлэгч талаас тайлбарлаж байна. Хүндэтгэн үзэх шалтгаантай гэдэг бол даатгуулагчийн өөрийн үйлдлээс хамаарахгүй нөхцөл байдал үүссэн тохиолдлыг ойлгодог. Хэрэв үнэхээр нийгмийн даатгалын байгууллага хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг өөрөөр тайлбарладаг бол үүнтэй холбогдуулан нотлох баримтыг мөн гаргаж өгөх шаардлагатай байсан. Тухайлах баримтуудыг гаргаж өгөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага, түүний тайлбар, үндэслэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 324 204 төгрөгийг ажил олгогчийн буруутай үйлдлээс болоод авч чадаагүй гэдгийг нотолсон баримт хэргийн хүрээнд авагдаагүй. Хариуцагч байгууллагаас холбогдох баримт бичгүүдийг тухайн үед нь өгч байсныг хавтаст хэргийн 5, 6 дугаар хуудас болон жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгосон хуудсуудаар тогтоогдож байна. Ажил олгогчийн зүгээс холбогдох баримт бичгүүдийг тухайн үед нь өгч байхад нь яагаад энэ хугацаандаа нийгмийн даатгалын байгууллагад аваачиж өгөөгүй юм бэ, нийгмийн даатгалын байцаагч авахгүй гэсэн үндэслэл нь юу юм бэ гэсэн талаар баримт бичгийг төрийн байгууллага гаргаж өгөх үүрэгтэй. Гэтэл баримтуудаа гаргаж өгөөгүй байгаа нь зөвхөн ажил олгогчийн буруутгах үндэслэл биш юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэжээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Иргэний хуулийн 497 дүгээр зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газраас жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 3 069 612 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 254 592 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 138 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Л.*******д буцаан олгож, хариуцагч Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газраас улсын тэмдэгтийн хураамж 64 063 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлого оруулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунтунгалаг давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, 3.069.612 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана гэж заасан хуулийн шаардлагад үл нийцэж байна.

Гэтэл шүүх энэ бүхнийг анхаарч үзэлгүй үнэхээр ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болоод тэтгэмжээ авч чадаагүй юу эсхүл нэхэмжлэгч жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах материалаа хэнэггүй, хайхрамжгүй үйлдлээсээ болж нийгмийн даатгалын байгууллагад өгөлгүй тэтгэмжээ авч чадаагүй юу гэдэгт нотлох баримтын хэмжээнд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн учир дутагдалтай байна.

Иймд Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2021/00179 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газарт холбогдуулан жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3,324,204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, нийгмийн даатгалын дэвтэрт цаг хугацаанд нь бичилт хийгээгүйгээс ажлаас халагдах үедээ жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг авч чадаагүй гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайбарлажээ. /хэргийн 01 дүгээр хуудас/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд 2020 оны 56 дугаартай шүүхийн шийдвэрээр эгүүлэн тогтоосон, уг шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй, харин уг шийдвэрт ажилгүй байсан хугацааны цалинг 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаагаар тооцож олгосон тул 2020 оны 3 дугаар сард шүүхийн шийдвэр биелэгдээгүйгээс үүсэх үр дагаврыг шийдвэрлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлдээ 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 10 хүртэлх буюу шүүхийн шийдвэр гарах хугацааны болон уг шийдвэр гарсан өдрөөс ажилд эгүүлэн тогтоосон 2020 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан хугацааны цалинг шаардсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ажилгүй байсан хугацааны цалингийн хэмжээн дээр эвлэрэн хэлэлцсэн, харин жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг байгууллагаасаа буюу ажил олгогчоос гаргуулах нэхэмжлэлээ зохих байгууллагаар нь шийдвэрлүүлэхээр нэхэмжлэлээ татан авсан боловч нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хүртэл цалин хөлс бичигдээгүй гэсэн үндэслэлээр тэтгэмж олгохоос татгалзсан,... гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ. /хэргийн 54 дүгээр хуудас/

Хариуцагч тал нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргасан байна.

Шүүх Л.******* ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан ба түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тэрээр уг тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй, ...... гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэсэгчлэн хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг нийгмийн даатгалын байгууллагад тэтгэмжээ авахаар хандахад хүлээж аваагүй гэдэг боловч хуулийн хугацаанд материалаа бүрдүүлэн өгсөн эсэх, ямар үндэслэлээр хэн гэдэг байцаагч материалыг нь хүлээн авахаас татгалзсан, нэхэмжлэлээ татан авсны дараа хаана хандаж асуудлаа шийдвэрлүүлсэн талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй гэсэн үндэслэлээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Маргааны зүйл нь нэхэмжлэгч Нийгмийн даатгалын хуульд заасан олгогдвол зохих жирэмсний болон амаржсаны тэтгэмжээ авч чадахгүй болсонд нь нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй ажил олгогчийн буруутай ажиллагаа шалтгаалсан эсэх тухайд байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэргийн нөхцөл байдлыг нотлох баримтад үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 5/04 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5, 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 143/ШШ2020/00056 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Л.Хумбагыг мөн өдрөөс эхэлж Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Соёлын төв, тусгай зориулалтын сангууд хариуцсан нягтлан бодогчоор томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэжээ. /Хэргийн 07 дугаар хуудас/

Иймд Л.Хумбагыг ажилд эгүүлэн тогтоосон 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гарсан хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг ажил олгогч 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр биелүүлсэн гэж үзэхээр байна.

Шүүх Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 2-т заасан ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө гэсэн заалтыг үндэслэл болгохдоо ажил олгогчийн буруутай үйлдэл гэдгийг ажилд буцаан томилсон тушаал гаргасан атлаа ... ажилгүй байсан бүх хугацааны /2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл/ цалин олговрыг олгоогүйгээс нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн цаг хугацаанд нь төлөөгүй зэрэг ажил олгогчийн буруутай үйл ажиллагаа тогтоогдож байна, нэхэмжлэгч нь ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас цалин хөлснийхөө хэмжээгээр нийгмийн даатгалын сангаас...тэтгэмжээ авч чадаагүй гэж дүгнэхдээ хуулийн ямар зүйл заалтад хамаарах, ямар нотлох баримтаар хэрхэн тогтоогдож байгааг заагаагүй байна.

Ажил олгогч нь нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээ, хугацаагаар тооцож, мөн хуулийн 16 дугаар зүйлд заасан журмын дагуу нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлэх үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлээгүй, эсхүл зөрчиж явуулсан ажиллагаа нь ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэж үзэх үндэслэл бий болно. Энэ талаар шүүхээс дүгнэлт хийгээгүй байна.

Нөгөө талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ажил олгогчийн буруутай үйлдлийг нийгмийн даатгалын дэвтэрт цалин хөлсний талаар бичилт хийгээгүй, ... нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй гэсэн хоёр үндэслэлээр мэтгэлцсэн байна.

Хэрвээ нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийгээгүй гэж ажил олгогчийг буруутгах тохиолдолд ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргээ ажил олгогч биелүүлж Нийгмийн даатгалын тухай хуульд заасан журмын дагуу холбогдох санд шилжүүлсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүргээ биелүүлэх гэх хуулийн зохицуулалт үйлчилнэ.

Л.******* нь 2019 оны 01 дүгээр сараас 2020 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь түүний нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Төрийн мэдээллийн сангаас гаргасан нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна. /хэргийн 34, 35 дугаар хуудас/

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 5-д хууль бусаар ажлаас халагдсан хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцохоор, Нийгмийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт даатгуулагчийн өргөдөл, хуульд заасан бусад баримт бичгийг үндэслэн даатгуулагчид тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох тухай шийдвэрийг нийгмийн даатгалын байгууллага гаргахаар заажээ. Нийгмийн даатгалын байгууллагаас Л.*******т жирэмсэний болон амаржсаны тэтгэмж олгох боломжгүй талаар гаргасан шийдвэр хэрэгт авагдаагүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Нармандах нь ...нийгмийн даатгалын байгууллагаас Л.Хумбагын нийгмийн даатгалын дэвтэрт 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цалин хөлсний бичилт хийгдээгүй гэсэн үндэслэлээр жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгохоос татгалзсан... гэж анхан шатны шүүх хуралдаанд тайлбарласан байх боловч энэ тухайгаа нотлоогүй.

Түүнчлэн маргааны хувьд нийгмийн даатгалын сангаас жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх хэзээ үүссэн нь тогтоогдсон байх нь даатгуулагчид учирсан хохирол-ыг тогтооход ач холбогдолтой. Л.******* нь ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан гэж нэхэмжлэлдээ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарласан, шүүх Л.******* ажлаас халагдах үедээ жирэмсэн байсан ба түүнд жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрх үүссэн болох нь хэрэгт авагдсан жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас, нийгмийн даатгалын дэвтэр зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр тогтоогдож байх тул тэрээр уг тэтгэмжийн мөнгөн хөрөнгийг шаардах эрхтэй.. гэж дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй боловч хэрэгт Л.Хумбагыг ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр авагдаагүй. Харин Л.Хумбагын ажлаас хууль бусаар халагдсан гэх өдрийг нэхэмжлэгч, түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ... тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн гэж тодорхойлсон бол анхан шатны шүүх 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ажлаас хууль бусаар чөлөөлсөн нь ... нотлогдсон гэж дүгнэжээ. /хэргийн 01, 54, 61 дүгээр хуудас/

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ үйл баримтыг анхан шатны шүүхийн шийдвэр, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, жирэмсэний болон амаржсаны эмнэлгийн хуудсаар нотлогдоно гэж нотлох баримтаа заасан нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. /Хэргийн 54 дүгээр хуудас/

Гэтэл Л.Хумбагыг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүүхэд төрүүлсэн тухай 034/000301 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийг ажилд эгүүлэн тогтоосон дээрх тушаал гарсаны маргааш буюу 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлж жирэмсэний чөлөөг олгохоор 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр бичигдсэн 0611505 дугаартай, амаржсаны чөлөөг 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс эхэлж олгохоор 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр бичигдсэн 0622316 дугаартай жирэмсэний болон амаржсаны эмнэлгийн хуудас хэрэгт авагдсан байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шүүхийн эрхэм зорилго мөн боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь хэзээ, хэний, ямар үйлдэл, эс үйлдэхүйгээс зөрчигдсөн гэж сэргээлгэхээ өөрөө шийдвэрлэж нэхэмжлэл гаргах эрхтэй.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны диспозитив зарчим, болон нэхэмжлэгчийн тайлбар бодит үнэнд нийцсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах, шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх үүрэгтэй тул нэхэмжлэгч талын ажлаас халагдсан үед жирэмсэн байсан гэсэн өөрийнх нь гаргасан тайлбарын хүрээнд маргааныг шийдвэрлэх нь талуудын зарчимд нийцнэ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь энэ хугацаа, үйл баримтыг анхан шатын шүүхэд нотлоогүй байна. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь жирэмсэний болон амаржсаны чөлөө олгосон эмнэлгийн хуудсыг дахин шинжлэн судлуулж мэтгэлцсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар ...ажилгүй байсан бүх хугацаа... гэдгийг ажилтныг ажлаас чөлөөлснөөс хойш урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох хүртэл хугацааг ойлгохоор ойлгомжтой зохицуулжээ. Гэтэл шүүх энэ хугацааг ...өмнөх шүүхийн шийдвэрээр цалинг олгохоор тасалбар болгосон хугацаа /2019 оны 11 дүгээр сарын 15/ -наас хойш ажил олгогч уг шийдвэрийг биелүүлж, ажилтныг ажилд авах хүртэл хугацаа хамаарна гэж хуулийг буруу тайлбарласан.

Ажлаас буруу халагдсаныг тогтоосон өмнөх шийдвэрээр тогтоогдсон дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр жирэмсний болон амаржсаны тэтгэмжийн хэмжээг тооцох нь шийдвэр хууль ёсны байх зарчмын агуулгад нийцнэ.

Гэтэл нэхэмжлэгч энэ талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байхад шүүх нягтлан бодогч Ө.Сувданшүр гэх хүний гаргасан Л.Хумбагын хэзээ, хаана, ямар албан тушаалд ажиллаж байсан нь тодорхойгүй бичмэл нотлох баримтыг үндэслэн Л.Хумбагын сарын дундаж хөдөлмөрийн хөлсийг тооцож олгох нь зүйтэй гэсэн дүгнэлт хийж нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна. /хэргийн 61 дүгээр хуудас/ Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын хэрэгсэхгүй болгосон хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

Шүүх нэхэмжлэгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг тайлбарлаж, иргэний хэрэг үүсгэснээс хойш 54 хоногийн дараа шүүх хуралдаанаар хэлэлцсэн, хэргийн материалыг танилцуулсан зэрэг нь шүүхээс үйлдсэн баримтуудаар, шүүх хуралдаанд талуудыг оролцуулан мэтгэлцүүлж, улмаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн талаар шүүгч тодруулах асуулт тавьж шүүх хуралдааныг явуулсан нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй гэж үзнэ.

Дээр дурдсанаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг талуудын хоорондын маргаанд ач холбогдолтой, эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6.2 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдоогүй үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68140 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын орлогод үлдээх болохыг магадлалд зааж, давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн тул давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг шүүгчийн захирамжаар буцаан олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 143/ШШ2021/00179 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Хумбагын Өмнөговь аймгийн******* сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан гаргасан Жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 324 204 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68 140 /жаран найман мянга нэг зуун дөч/ төгрөгийг Голомт банк дахь 1165117377 тоот дансаас шүүгчийн захирамжаар гаргаж, буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД          Х.ГЭРЭЛМАА

                                          Ц.ОТГОНЦЭЦЭГ