Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 143/ШШ2021/00255

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ******* шүүгч Л.Угтахбаяр даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ц.*******

Хариуцагч: ЕБС

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 8.010.192 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, хариуцагчийн төлөөлөгч Ж.*******, хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.******* миний бие 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ******* аймгийн ******* сумын ******* боловсролын ******* сургуулийн захирал Ж.*******ын 6/19 дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан. Би уг тушаалыг эс зөвшөөрч ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр урьд ажиллаж байсан. ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын ******* сургуулийн нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж намайг урьд ажиллаж байсан ажилд минь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Миний нэг сарын үндсэн цалин 524 696 төгрөг байсан болно. Миний бие 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс ажлаас халагдсан. Ажлаас халагдсан өдрөөс миний ээлжийн амралтын мөнгийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажлын 15 хоногоор тооцож олгосон. Ажиллаж байсан бол би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа орж, тус сард ажлын 6 хоног ажиллах байсан. Ингээд 08 дугаар сард авах ёстой байсан цалин 149 913 төгрөг. 09, 10 дугаар сарын цалин тус бүр 524 696 төгрөг, нийт 1 199 305 төгрөгийг ******* аймгийн ******* сумын ******* боловсролын ******* сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Ц.******* миний бие ******* аймгийн ******* сумын ерөнхий боловсролын ******* сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 1 199 305 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан билээ. Уг нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гаргасан бөгөөд намайг ажилд эгүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн шийдвэр гарсаар байтал намайг урьд эрхэлж байсан ажилд ажиллуулаагүй өнөөдрийг хүрч байна.

Иймд өмнө нэхэмжилсэн цалин дээр нэмж 2021 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны цалин 6 810 887 төгрөгийг нэмж нэхэмжилж байна.

Мөн ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б19 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 8 010 192 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцуулж гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж авах хүсэлтэй байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуулийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б19 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ тушаалыг үндэслэлгүй гарсан тушаал гэж шүүхэд холбогдох нэхэмжлэлийг гаргаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн байдаг. Улсын Дээд шүүхийн тогтоолоор Ц.*******г ажилд нь эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Үндсэндээ шүүхээс үндэслэлгүй халагдсан байна гэж үзсэн байгаа. Энэ шүүхийн тогтоол гарснаар Ц.******* нь ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан юм. Нийт 8.010.192 төгрөгийг үнийн дүнгээр ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилж байгаа. Нэгэнт Улсын Дээд шүүхээр Ц.*******г ажлаас үндэслэлгүй халагдсан гэж тогтоогоод байхад хариуцагч нь энэ шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэн эс биелүүлж, түүнийг ажилд эгүүлэн авахгүй байгаа нь Ц.*******г тухайн үед алдаа зөрчил гаргасан байсан юм гэдэг үндэслэлтэй холбоотой. Гэтэл анх энэ хүн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас халагдахад ажлыг нь хүлээлцэж, тоолж шалгаж авах ёстой байсан. Одоо үхэхдээ үхэр буугаа тавина гэгчээр өнөөдөр нэхэмжлэгчийг ажилдаа эгүүлэн тогтоогдоод хүрээд ирэхэд ийм зөрчил гаргасан, энэ зөрчил нь тэгэхэд илэрсэн гэж байгаа нь үндэслэлгүй юм. ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ж.******* нь тайлбар гаргахдаа цалин хөлсийг нь олгохдоо нэмэгдэл, урамшууллыг нь олгохгүй, зөвхөн үндсэн цалинг нь олгоно гэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар үндсэн цалин хөлс нь нэмэгдэл, урамшуулал, нэмэгдэл хөлснөөс бүрдэхээр заасан байдаг. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасан байдаг. Энэ хууль журмын хаагуур нь өнгөрч энэ цалин хөлсийг олгохгүй гээд байна вэ? ойлгохгүй байна. Мөн тайлбартаа Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шийдүүлнэ гэсэн байсан. Одоогийн байдлаар бол нэхэмжлэгчийг Цагдаагийн байгууллагаас дуудсан, хэрэгт холбогдсон зүйл байхгүй байдаг. Эд хөрөнгө дутаасан үнэлгээг 10 сая төгрөг гэсэн байсан. Хэрвээ үнэхээр нэхэмжлэгч эд хөрөнгө дутаасан байвал Цагдаагийн байгууллага шалгагдах асуудал. Энэ Ц.******* бол өнөөдөр 8 010 192 төгрөгийг хөдөлмөрлөснийхөө хөлсөнд авах гэж байгаа мөнгөө нэхэмжилж байна. Энэ хүнийг буруу халаагүй, өнөөдөр ажил хөдөлмөрөө эрхэлж байсан бол ийм хэмжээний цалин авах байжээ. Хуулийн байгууллагын эцсийн шийдвэр гарсан байхад хувийн үзэл бодлоо давамгайлж тайлбар гаргаж байгаа нь харамсалтай байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.*******гийн 2020 оны 10 дугаар сарын 29-нд гаргасан ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт /Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсныг төрийн албаны төв байгууллага, эсхүл шүүх тогтоосон бол төрд учруулсан хохирлыг уг шийдвэрийг гаргасан буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлнэ/ гэж заасан байдаг. Ц.*******гийн ажлаас чөлөөлсөн шийдвэр нь хууль бус эсэх нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдоогүй байгаа бөгөөд ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тухайн хэрэг хянагдаж байгаа болно. Иймд Ц.*******гийн нэхэмжилж буй ажилгүй байсан хугацааны 1 199 305 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.******* нь ******* сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн аж ахуй хариуцсан няраваар ажиллаж байсан бөгөөд ажлын хариуцлага алдан албан үүргээсээ чөлөөлөгдсөн боловч ажлаас чөлөөлсөн шалтгаан нь үндэслэлгүй гэсэн дүгнэлтээр Монгол Улсын Дээд шүүхээс урьд эрхэлж байсан ажилд нь эргүүлэн томилох тухай шийдвэр гарсан. Хэдийгээр сургуулийн захирал миний бие нярав Ц.*******д хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулсан болон ажлаас чөлөөлсөн тушаал зэрэгтээ алдаа гаргаж, тухайн хүний гаргасан хөдөлмөрийн сахилгын зөрчлүүдийг баримтжуулж аваагүйгээс мөн ээлжийн амралттай байх хугацаандаа ажил үүргээс нь чөлөөлөх тушаал гаргасан зэрэг алдааг шалтаг шалтгаан болгож өөртөө ашигтай байдлаар ашиглаж урьд эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргүүлэн тогтоолгуулсан боловч Ц.******* нь огт хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж байгаагүй ажилтан биш бөгөөд удаа дараа сахилгын зөрчил гаргаж байсан. Гэвч ажил олгогч миний зүгээс нотолж чадаагүй гэдэг үндэслэлээр ажилтны талд шийдвэр гарсан. Хэдийгээр ажилтан хүний эрх ашгийг хамгаалах нь чухал ч энэ мэт увайгүй хүний үйлдлийг зөвтгөх нь ажил олгогч байгууллагад ямар их хор хохирол учруулж болохыг бодолцон үзэхийг та бүхнээс хүсье. Нярав Ц.*******г 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлсний дараа сургуулийн эд хөрөнгө, аж ахуй хариуцсан няраваар Б.*******ыг ажилд томилон эд хөрөнгийг хүлээлгэн өгөхөд багш нарын ээлжийн амралттай хугацаа таарсан тул сургуулийн эд хөрөнгийг бүрэн гүйцэд тоолж хүлээн авах боломжгүй болсон. Эд хөрөнгийг бүрэн тоолж хүлээлгэн өгөх зорилгоор сургуулийн захирлын 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн А/28 тоот тушаалаар тооллогын комисс томилон сургуулийн эд хөрөнгийг хууль, дүрэм журмын дагуу бүрэн тоолж няраваар томилогдсон Б.*******д хүлээлгэн өгсөн. Ажлын хэсгийн тооллогын явцад эд хөрөнгийг бүртгэлийн дугаар зөрсөн, эд хөрөнгийн үнэ зарсан, хариуцсан эзэн нь тодорхойгүй, эд хөрөнгө хариуцсан эсэхээ мэдээгүй, эд хөрөнгө дутагдсан, бүртгэлд бүртгээгүй алга болсон зэрэг олон зөрчил гарч байсан бөгөөд эд хөрөнгө бүрийг баталгаажуулж дугаарлан тоолж баримтжуулахад сургуулийн эд хөрөнгөөс эргэлтийн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөөс 1 100 000 төгрөгийн эд хөрөнгө, үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөөс 10 623 832 төгрөгийн эд хөрөнгө дутсан зөрчил илэрсэн.

Тооллогын комиссын тайлангаас сургуулийн няраваар ажиллаж байсан Ц.******* нь сургуулийн эд хөрөнгөөс эдгээр эд хөрөнгөнүүдийг албан тушаалаа урвуулан ашиглаж тооллогын комиссыг хууран мэхэлж нягтлан бодогч Х.*******тэй үгсэн хуйвалдан жил бүрийн санхүүгийн тайланд буруу мэдээлэл оруулан бүртгэдэг зөрчил гаргаж байсан нь баримтаар нотлогдсон. Мөн албан тушаалаа урвуулан ашиглаж хариуцсан эд хөрөнгө болох сургуулийн цахилгаан моторыг алт угааж хувьдаа ашиг олох зорилгоор авч явж эвдэн зөрчил гаргасан. Түүнчлэн өөр бусад эд хөрөнгийг амин хувьдаа ашигласан байсан нь илэрхий болсон. Байгууллагын эд хөрөнгө хариуцсан ажилтан нь ажлын хариуцлага алдан албан тушаалаа урвуулан ашиглаж, зөрчил дутагдал гарган байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан тул байгууллагад учруулсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад гомдол гаргасан мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж эхэлсэн байгаа.Тиймээс байгууллагынхаа эрх ашгийн төлөө Ц.*******г дээрх асуудал шийдэгдэх хүртэл урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эргүүлэн авах боломжгүй. Мөн Ц.*******гийн ажлаас үндэслэлгүй халагдсан хугацааны цалин болох 6 540 140 төгрөгийг нөхөн төлөх эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна. Ц.*******г ажлаас 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр халсан, байгууллагын эд хөрөнгийн тооллогын тайлан 2021 оны 01 дүгээр сард гарч, байгууллагын эд хөрөнгө хариуцсан нярав Ц.*******гийн буруутай үйлдлийн улмаас байгууллагад их хэмжээний буюу 10 гаруй сая төгрөгийг хохирол учирсан байна. Энэ хохирол төлбөрөө ч барагдуулж авч чадах үгүй нь тодорхойгүй байхад ажил олгогчийн зүгээс хариуцсан албан үүргээ биелүүлээгүй, зөрчил дутагдал удаа дараа гаргасан зөвхөн амин хувийн эрх ашгийнхаа төлөө байгууллагын эд хөрөнгөнөөс ашиглан шамшигдуулж байсан ажилтанд цалин хөлс олгож, албан үүрэгт нь дахин томилон байгууллагад хохирол учруулах үйлдэл хийх нь шударга бус гэж үзэж байна.Тиймээс Ц.*******г ажлаас чөлөөлсөн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тооллогын комиссын шийдвэр гарах хугацааны буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт ажлын 90 хоногийн нэг өдрийн 29 525 төгрөг нийт 2 657 268 төгрөгийн цалин хөлсийг олгох саналтай байна. Энэхүү олгох цалин хөлсийг Ц.*******гийн сарын үндсэн цалингаас бодож тооцсон болно.

Мөн Ц.******* нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргаж байгууллагад их хэмжээний хохирол учруулсан тул тус албан тушаалтанд төсвийн шууд захирагчийн албан тушаалын эрхийн хүрээнд ур чадвар, үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох үндэслэлгүйгээр гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуулийн захирал Ж.******* миний бие нярав Ц.*******г ажлаас чөлөөлсөн. Надад ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн нэхэмжлэл ирсэн. Нярав Ц.*******г чөлөөлснөөс хойш хугацаанд түүнийг хариуцсан эд хөрөнгөдөө хайхрамжгүй хандаж хувьдаа хэрэглэсэн, эвдэж гэмтээсэн зөрчлүүд илэрсэн байдаг. Иймээс захирал Ж.******* миний бие түүний 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгохыг зөвшөөрч, зөрчил илэрсэн хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сараас хойших цалин хөлсийг нөхөн олгох хүсэлгүй байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн байгууллага жилдээ 2 удаа тайлан мэдээ гаргаж, төрийн санд тайлагнадаг. Энэ хүн мэддэг. Тухайн үед энэ хүн худал үнэн тайлан гаргасан байдаг. Шинээр орсон нярав нь тооллогоо хийхэд эдгээр алдаа зөрчил нь ирсэн. Байгууллагын өмч хөрөнгө хариуцсан хүн нь байгууллагадаа 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон байдаг. Энэ нь 2021 оны 01 дүгээр сард эцэслэн тогтоогдсон. Ингээд сургуулийн зүгээс хохирол төлбөрөө барагдуулах талаар дотооддоо хуралдаж гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргасан байдаг. Тэгээд гомдол нь эдийн засгийн ахлах мөрдөгч Билгүүнд хуваарилагдаж очсон байдаг. Билгүүний хувьд уулзахад ээлжийн амралтаа авах дөхсөн байсан тул амарч орж ирээд өөрөө гардаж нарийн шалгаж тогтооно гэсэн. Учир нь өөр хүнд хуваарилагдвал нарийн шалгаж тогтоож чадахгүй гэдэг. 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хариуцсан мөрдөгч нь ажилдаа орж ирээд мөрдөх ажиллагаа явагдана. Ц.*******гийн гаргасан үйлдэл бол ажил олгогчийн итгэлийг алдаж их хэмжээний хохирол учруулсан үйлдэл юм. Энэ бол хөдөлмөрийн сахилгын зөрчил биш тул хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэрэглэгдэхгүй. Иймээс түүний 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны нийт 90 хоногийн ажилласан хөлсийг 524 696 төгрөгийн үндсэн цалин хөлснөөс бодож олгоно. Ур чадварын нэмэгдэл, урамшууллыг байгууллагын захирал өөрийн эрх хэмжээний хүрээнд олгохгүй гэж байгаа. Ингээд нийт 90 хоногийн цалин нь 2 110 945 төгрөг байгаа бөгөөд энэ нь албан татвар, шимтгэлүүдийг хасаж, говийн дэмжлэгийг нэмсэн дүн. Ц.*******гийн зүгээс 8 010 192 төгрөгийг нэхэмжилсэн ч энэ нь ур чадвар, урамшууллаа нэмж тооцсон. Тэгсэн атлаа яагаад хуулийн дагуу суутгах шимтгэл, татварыг хасаж тооцохгүй байна вэ? Тэгээд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэсэн атлаа хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ суутгаж нэхэмжлэхгүй байна вэ? энэ байдлыг харгалзан үзнэ үү. Энэ хүн байгууллагадаа ажиллаж байхдаа ямар хандлага гаргаж байсныг мөн харгалзаж үзнэ үү гэсэн саналыг гаргаж байна. Шударга бусаар өр төлбөрийг байгууллагадаа учруулчихаад цалин хөлсөө нэхээд сууж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тиймээс 2 110 945 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэнэ үү гэж хүсэж байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Ц.*******гийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, 1366085 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ц.*******гийн Цалингийн картын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дугаартай ******* аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дугаартай ******* аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбар, 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 75 дугаартай Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч И.Оюунгэрэлийн давж заалдах гомдол, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаартай ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 39 дугаартай хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагаа, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00597 дугаартай тогтоолын хуулбар, 2021 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хариуцагчийн төлөөлөгчийн хариу тайлбар, Ц.*******гийн 2020 оны 08-р сараас 2020 оны 12-р сар дуусталх цалингийн тооцоолол, 2021 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 1366085 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.******* нь ******* аймгийн ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуульд холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 1.199.305 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэн 6.010.887 төгрөг гаргуулахаар шаардсан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Ц.******* болон түүний өмгөөлөгч нар нь 8.010.887 төгрөг гаргуулахаар шаардаж тайлбар гаргасан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагын үнэ 8.010.887 төгрөг гэж тодорхойлов.

Хариуцагчийн төлөөлөгч Ж.******* нь ... Нярав Ц.*******г чөлөөлснөөс хойш хугацаанд түүнийг хариуцсан эд хөрөнгөдөө хайхрамжгүй хандаж хувьдаа хэрэглэсэн, эвдэж гэмтээсэн зөрчлүүд илэрсэн байдаг. Иймээс захирал Ж.******* миний бие түүний 2020 оны 08 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгохыг зөвшөөрч, зөрчил илэрсэн хугацаа буюу 2021 оны 01 дүгээр сараас хойших цалин хөлсийг нөхөн олгох хүсэлгүй байна ..., мөн ...Ц.*******г ажлаас чөлөөлсөн 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс байгууллагад эд хөрөнгийн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тооллогын комиссын шийдвэр гарах хугацааны буюу 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт ажлын 90 хоногийн нэг өдрийн 29 525 төгрөг нийт 2 657 268 төгрөгийн цалин хөлсийг олгох саналтай байна. Энэхүү олгох цалин хөлсийг Ц.*******гийн сарын үндсэн цалингаас бодож тооцсон... гэсэн тайлбарыг гаргаж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч маргаж байна.

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Ц.*******г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ... ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно зааснаар нэхэмжлэгч нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 7 дахь хэсгийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ... ажилтанд ажлаас халагдсаны ... холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тооцно гэж заажээ.

Нэхэмжлэгч Ц.*******гийн 1366085 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэнээр 2020 оны 05 дугаар сард 524.696 төгрөг, 06 дугаар сард 760.809 төгрөг, 07 дугаар сард 993.747 төгрөг нийт 2.279.252 төгрөг :3 сар 759.950 /нэг сарын дундаж цалин хөлс/ байна. Нэхэмжлэгчийн ажилгүй байсан ажлын 245 хоног /2020 оны 08 дугаар сараас 2021 оны 07 дугаар сар/ байна. Үүнээс нэг өдрийн дундаж цалин 759.950 : 21.5 хоног = 35. 337 төгрөг * 245 хоног = 8.657.565 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй, 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 8.657.565 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохдоо нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хасч тооцох, мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* аймгийн ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуульд даалгах нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Б/41 дугаартай ******* аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаартай ******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулбар, Ц.*******гийн 2020 оны 08-р сараас 2020 оны 12-р сар дуусталх цалингийн тооцоолол зэрэг нь хуульд заасан бичмэл нотлох баримтын шаардлагыг хангаагүй тул нотлох баримтаар үнэлээгүй,1366085 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Ц.*******гийн Цалингийн картын хуулбар, 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Б/14 дугаартай ******* аймгийн Засаг даргын захирамжийн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00597 дугаартай тогтоолын хуулбар, 1366085 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг нь хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангасан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Нэхэмжлэгч Ц.******* нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ******* аймгийн ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөх олговорт 8.657.565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д олгосугай.

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.*******гийн болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* аймгийн ******* боловсролын 3 дугаар сургуульд даалгасугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ц.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* аймгийн ******* сумын ******* боловсролын 3 дугаар сургуулиас улсын тэмдэгтийн хураамжид 153.471 төгрөгийг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.УГТАХБАЯР