Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2021/00028

 

*******гийн нэхэмжлэлтэй,******* аймгийн

Даланзадгад сумын Ерөнхий боловсролын*******

сургуульд хариуцагдах иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143/ШШ2021/00255 дугаар шийдвэртэй,

*******гийн нэхэмжлэлтэй,

Өмнөговь аймгийн******* сумын Ерөнхий боловсролын******* сургуульд хариуцагдах,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 8 010 192 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах, нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал*******ын 6/19 дүгээр тушаалаар ажлаасаа халагдсан. Би уг тушаалыг эс зөвшөөрч******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр урьд ажиллаж байсан******* аймгийн******* сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн нярвын ажилдаа эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн аваад 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж намайг урьд ажиллаж байсан ажилд минь эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн. Иймд миний бие ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байна. Миний нэг сарын үндсэн цалин 524 696 төгрөг байсан.

Миний бие ажлаас халагдсан 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс хойш миний ээлжийн амралтын мөнгийг 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл ажлын 15 хоногоор тооцож олгосон. Ажиллаж байсан бол би 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдөр ажилдаа орж, тус сард ажлын 6 хоног ажиллах байсан. Ингээд 08 дугаар сард авах ёстой байсан цалин 149 913 төгрөг. 09, 10 дугаар сарын цалин тус бүр 524 696 төгрөг, нийт 1 199 305 төгрөгийг******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулиас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ******* миний бие 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр******* аймгийн******* сумын ерөнхий боловсролын Гуравдугаар сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин 1 199 305 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Намайг ажилд эгүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн шийдвэр гарсаар байтал намайг урьд эрхэлж байсан ажилд ажиллуулаагүй өнөөдрийг хүрч байна.

Иймд өмнө нэхэмжилсэн цалин дээр нэмж 2021 оны 07 дугаар сарыг дуусталх хугацааны цалин 6 810 887 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Мөн ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгал төлөгдөөгүй бөгөөд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын******* сургуулийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б19 дугаар тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул 8 010 192 төгрөгийг ажилгүй байсан хугацааны цалин хөлсөнд тооцуулж гаргуулахаар нэхэмжлэл гаргасанЭнэ ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Нармандах шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* нь******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын******* сургуулийн захирлын 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Б19 дугаар тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ тушаалыг үндэслэлгүй гарсан тушаал гэж шүүхэд холбогдох нэхэмжлэлийг гаргаад 3 шатны шүүхээр шийдвэрлүүлсэн. Улсын Дээд шүүхийн тогтоолоор *******г ажилд нь эргүүлэн тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Энэ шүүхийн тогтоол гарснаар ******* нь 8 010 192 төгрөгийг үнийн дүнгээр ажилгүй байсан хугацааны цалин нэхэмжилж, мөн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргасан.

Даланзадгад сумын Ерөнхий боловсролын******* сургуулийн захирал******* нь тайлбар гаргахдаа цалин хөлсийг нь олгохдоо нэмэгдэл, урамшууллыг нь олгохгүй, зөвхөн үндсэн цалинг нь олгоно гэсэн байсан. Хөдөлмөрийн тухай хуулиар үндсэн цалин хөлс нь нэмэгдэл, урамшуулал, нэмэгдэл хөлснөөс бүрдэхээр заасан байдаг. Мөн Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайдын тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журамд заасан байдаг гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч******* шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нярав *******г ажлаас чөлөөлсөнөөс хойш хугацаанд түүний хариуцсан эд хөрөнгөндөө хайхрамжгүй хандаж хувьдаа хэрэглэсэн, эвдэж гэмтээсэн зөрчлүүд илэрсэн. Иймээс 2020 оны 8 дугаар сараас 2020 оны 12 дугаар сарыг хүртэлх хугацааны цалин хөлсийг олгохыг зөвшөөрч, үлдэх хугацааны цалин хөлсийг олгох хүсэлгүй байна.

Сургуулийн эд хөрөнгөөс эргэлтийн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөөс 1 100 000 төгрөгийн эд хөрөнгө, үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгөөс 10 623 832 төгрөгийн эд хөрөнгө дутсан зөрчил илэрсэн.

...Амин хувийн эрх ашгийнхаа төлөө байгууллагын эд хөрөнгөнөөс ашиглан шамшигдуулж байсан ажилтанд цалин хөлс олгож, албан үүрэгт нь дахин томилон байгууллагад хохирол учруулах үйлдэл хийх нь шударга бус гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Тухайн үед нэхэмжлэгч худал үнэн тайлан гаргасан байдаг. Шинээр орсон нярав нь тооллогоо хийхэд эдгээр алдаа зөрчил нь илэрсэн. Байгууллагын өмч хөрөнгө хариуцсан хүн нь байгууллагадаа 10 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан нь байгууллагын дотоод хяналтаар тогтоогдсон. Энэ нь 2021 оны 01 дүгээр сард эцэслэн тогтоогдсон. Ингээд сургуулийн зүгээс хохирол төлбөрөө барагдуулах талаар дотооддоо хуралдаж гомдлоо Цагдаагийн байгууллагад гаргасан.

Нийт 90 хоногийн цалин нь 2 110 945 төгрөг байгаа бөгөөд энэ нь албан татвар, шимтгэлүүдийг хасаж, говийн дэмжлэгийг нэмсэн дүн.

*******гийн зүгээс 8 010 192 төгрөгийг нэхэмжилсэн ч энэ нь ур чадвар, урамшууллаа нэмж тооцсон. Тэгсэн атлаа яагаад хуулийн дагуу суутгах шимтгэл, татварыг хасаж тооцохгүй байна вэ? Тэгээд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлнэ гэсэн атлаа хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлээ суутгаж нэхэмжлэхгүй байна вэ? энэ байдлыг харгалзан үзнэ үү. Энэ хүн байгууллагадаа ажиллаж байхдаа ямар хандлага гаргаж байсныг мөн харгалзаж үзнэ үү гэсэн саналыг гаргаж байна. Шударга бусаар өр төлбөрийг байгууллагадаа учруулчихаад цалин хөлсөө нэхээд сууж байгаа нь шударга ёсонд нийцэхгүй байна. Тиймээс 2 110 945 төгрөгийг олгуулахаар шийдвэрлэнэ үү гэж хүсэж байна гэв.

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар******* аймгийн******* сумын Ерөнхий боловсролын******* сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 8.657.565 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дүгээр зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******гийн болон ажил олгогчийн төлбөл зохих нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг******* аймгийн Ерөнхий боловсролын******* сургуульд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч******* давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 8 657 565 төгрөгийг гаргуулан олгуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь: Нэхэмжлэгчийг ажилд нь эргүүлэн тогтоосон Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00597 дугаартай тогтоол нь агуулгын хувьд хоёрдмол утга санаатай тул хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажилд эргүүлэн орох асуудлыг эцэслэн тогтоосон гэж үзэхгүй байна. Мөн энэ тогтоол гарах үед хэлэлцэгдээгүй хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой нотлох баримт, мэдээлэл, шинэ нөхцөл байдал тогтоогдлоо. Үүнийг Цагдаагийн байгууллага хянан шалгаж байгаа тул иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж өгөөч. Шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хариуцагч******* би шүүх хуралдаан дээр болон шүүх хуралдаан эхлэхээс өмнө амаар гаргасан боловч шүүх уг хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй. Бие даасан хүсэлт гэж ойлгоогүй. Шүүхийн шийдвэртээ ч тусгаагүйд гомдолтой байна.

Шинэ нөхцөл байдал тухайн нөхцөл байдлаас шалтгаалж хэзээ ч илэрч болох бөгөөд уг нөхцөл байдлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандах, хууль хяналтын байгууллага хүлээн авч шийдвэрлэх эрх зүйн зохицуулалттайг шүүх анхаарч үзээгүйд харамсаж байна.

Энэ нь Давж заалдах шатны шүүхээс залруулж болшгүй алдаа байх тул энэ хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч ******* нь******* аймгийн******* сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуульд холбогдуулан 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилгүй байсан хугацааны цалин 1199305 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үнийн дүнгээ 8 дугаар сарын цалин 149913 төгрөг, 9 ба 10 сарын цалин тус бүр 524696 төгрөг гэж, нэхэмжлэлийн үндэслэлээ Сургуулийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн б/19 дүгээр тушаалаар ажлаас хууль бусаар халагдсан гэж үзэн өмнө эрхэлж байсан ажилдаа эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийг 8 дугаар сарын 13-ны өдөр шүүхэд гаргасныг шүүх 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шийдвэр гаргаж намайг урьд эрхэлж ажилд эгүүлэн тогтоосон тул ажилгүй байсан хугацаанд авах байсан цалингаа авна гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүнг 6810887 төгрөгөөр нэмэгдүүлж, ажлаас үндэслэлгүй халагдсанаас хойш нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай гэж нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэсэн байна. /хэргийн 39, 42 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага, үндэслэлээ Улсын Дээд шүүхийн шийдвэр гарсаар байтал урьд эрхлэж байсан ажилд ажиллуулаагүй тул өмнө нэхэмжилж байсан цалин дээрээ 2021 оны 7 дугаар сарыг дуустал хугацааны цалинд 6810887 төгрөгийг нэмж нэхэмжилж байна гэж тодорхойлж нийт 8010292 төгрөгийг нэхэмжилсэн байна. /хэргийн 39 дүгээр хуудас/ Хариуцагчийн төлөөлөгч******* нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрчээ. /хэргийн 49-50 дугаар хуудас/

Анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд хариуцагчаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 8657565 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, бусад шаардлагыг хангаж шийдвэрлэснийг хариуцагч тал эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ. /хэргийн 61-62, 70 дугаар хуудас/

Хэрэг авагдсан баримтаас үзэхэд:

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 203/2021ма/00001 дүгээр магадлалыг хүчингүй болгож,******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 143/ШШ2020/00497 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээсэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2021/00597 дугаар тогтоолд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулгыг Хөдөлмөрийн хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан *******г******* аймгийн******* сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоож гэж тусгажээ. /хэргийн 44-46 дугаар хуудас/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.4 дэх хэсэгт Хяналтын шатны тогтоол шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд тогтоолд гомдол гаргахгүй гэж зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон ... үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж зааснаар *******г******* аймгийн Даланзадагд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн няравын ажилд эгүүлэн тогтоосон үйл баримтыг тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор гомдол гаргах эрхтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заажээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2-т зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг шүүхийн шийдвэрт заасан ажил албан тушаалд эгүүлэн тогтоох үүрэгтэй бөгөөд ажил олгогч нь *******г ажилд эгүүлэн тогтоогоогүй байгаа нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэрийг ажил олгогч биелүүлээгүй гэж үзнэ.

******* нь хариуцагч******* аймгийн******* сумын******* сургуулийн захирлын 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн б/19 тоот тушаалаар ажлаас халагдсанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд цалин хөлсөө авч чадаагүй байх тул анхан шатны шүүхийн нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг хариуцагчаас шаардах эрхтэй гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, шагнал урамшууллаас бүрдэхээр зохицуулсан ба ажилтны хөдөлмөрийн хөлснөөс хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын хувь хэмжээг суутган төлдөг учир ажил олгогчийн буруугаас цалин хөлсөөр хохирсон ажилтанд хэрэгт авагдсан нийгмийн даатгалын дэвтэрийн хуулбарт бичигдсэн цалингийн хэмжээгээр, ажлаас халах тушаал гарахаас өмнөх гурван сарын цалингийн нийлбэрийн дунджаар тооцон Хөдөлмөрийн тухай хуулийн 69.1 дэх хэсэгт заасан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор-ыг олгосон нь Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-д заасантай нийцсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Хариуцагчийн төлөөлөгч*******ын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 143/ШШ2021/00255 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.   Хариуцагч нь давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ       Н.НАСАНЖАРГАЛ

ШҮҮГЧИД                  Х.ГЭРЭЛМАА

                                                           Ш.ТӨМӨРБААТАР