Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 143/ШШ2021/00305

 

******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонсүрэн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ГБ

Хариуцагч: ГӨ

Хариуцагч: А.Н

Хариуцагч: Б.А

Хариуцагч: Д.Э

Хариуцагч: Х.Б

Зээлийн гэрээний үүрэгт нийт 3 460 492 437.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах, батлан даагчийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.*******, хариуцагч, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.*******, хариуцагч Д.*******, Х.*******, нарийн бичгийн дарга М.Номинчулуу нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК-ийн ******* салбарын захирал Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд заасныг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Үүнд:

- ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл хаах дүнгээр үндсэн төлбөр 2 721 760 094.20 /хоёр тэрбум долоон зуун хорин нэгэн сая долоон зуун жаран мянга ерэн дөрвөн төгрөг хорин мөнгө/, хүүгийн төлбөр 728 578 850.31 /долоон зуун хорин найман сая таван зуун далан найман мянга найман зуун тавин төгрөг гучин нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 10 153 492.93 /арван сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг ерэн гурван мөнгө/, нийт 3 460 492 437.44 /гурван тэрбум дөрвөн зуун жаран сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар ******* ХХК иас гаргуулан *******инд олгож өгнө үү.

- ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ5205112817-1, ЗБ5205112817-2, ЗБ5205112817-3, ЗБ5205112817-4, ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээ, БГ5205112817-1, БГ5205112817-2 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү.

- БД5205112817-1 тоот батлан даалтын гэрээгээр батлан даасан А.*******ийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү.

Нэхэмжлэлийн агуулга:

******* ХХК нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр *******тай ЗГ5205112817 тоот зээлийн гэрээ байгуулж 3 000 000 000.00 /гурван тэрбум/ төгрөгийн зээлийг жилийн 24 /хорин дөрөв/ хувийн хүүтэй, 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай зээлж авсан болно.

ЗГ5205112817 тоот Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож дараах ипотекийн болон барьцааны гэрээг байгуулсан болно. Үүнд:

........................................

ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээг 2019 оны 11 сарын 01-ний өдөр байгуулсан ба 2021 оны 02 сарын 09-ний өдөр ЗБ5205112817-5-4 тоот ипотекийн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр талбайн хэмжээнд өөрчлөлт оруулсан. Мөн 2021 оны 02 сарын 18-ны өдөр ЗБ5205112817-5-Б тоот гэрээгээр, 2021 оны 03 сарын 23-ны өдөр ЗБ5205112817-5-В тоот гэрээгээр, 2021 оны 04 сарын 46-ны өдөр ЗБ5205112817-5-Г тоот гэрээгээр талбайн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулсан болно.

Гэрээний үүргийн зөрчил:

ЗГ5205112817 тоот Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 сарын 05-ны өдөр дууссан боловч ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж хугацаандаа төлөөгүй болно.

ЗГ5205112817 тоот Зээлийн гэрээний төлбөр нэхэмжлэл гаргах 2021 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар:

-       Үндсэн төлбөр 2 721 760 094.20 төгрөг

-       Хүүгийн төлбөр 728 578 850.31 төгрөг

-       Нэмэгдүүлсэн хүү 10 153 492.93 төгрөг

-       Хугацаа хэтэрсэн хоног 293 хоног

-       Нийт 3 460 492 437.44 төгрөг.

Иймд ЗГ5205112817 дугаарт Зээлийн гэрээний үүрэг болох төлөх ёстой зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөхгүй байгаа тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1, 158 дугаар зүйлийн 158.1, 174 дүгээр зүйлийн 174.1, Зээлийн болон барьцааны гэрээнүүдэд зааснаар ******* ХХК-иас

1. ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд зээл хаах дүнгээр үндсэн төлбөр 2,721,760,094.20 /Хоёр тэрбум долоон зуун хорин нэгэн сая долоон зуун жаран мянга ерэн дөрвөн төгрөг хорин мөнгө/, хүүгийн төлбөр 728,578,850.31 /Долоон зуун хорин найман сая таван зуун далан найман мянга найман зуун тавин төгрөг гучин нэгэн мөнгө/, нэмэгдүүлсэн хүү 10,153,492.93 /Арван сая нэг зуун тавин гурван мянга дөрвөн зуун ерэн хоёр төгрөг ерэн гурван мөнгө/, нийт 3,460,492,437.44 /Гурван тэрбум дөрвөн зуун жаран сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг энэхүү нэхэмжлэлтэй холбогдуулан төлсөн улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрийн хамтаар ******* ХХК-с гаргуулан *******инд олгож өгнө үү.

2. ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг ЗБ5205112817-1, ЗБ5205112817-2, ЗБ5205112817-3, ЗБ5205112817-4, ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээ, БГ5205112817-1, БГ5205112817-2 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс хангуулж өгнө үү.

3. БД5205112817-1 тоот батлан даалтын гэрээгээр батлан даасан А.*******ийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Говийн Өгөөж ХХК нь ******* ХХК-аас 3 тэрбум төгрөгийн зээлийг сарын 2%-ийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зорилгоор авах гэрээ байгуулсан. Гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссан. Тиймээс дээрх мөнгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үндэслэл нь нэгдүгээрт гэрээний хугацаа дууссан, хоёрдугаарт гэрээний үүргээ биелүүлээгүй зэрэг болно. Гэрээнд үүргээ гүйцэтгээгүй бол барьцаа хөрөнгөөр хангуулна гэж зааж гарын үсэг зурсан тул тухай хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Зээл шилжүүлсэн өдрөөс хүү тооцоогүй байна гэсэн байна. Манайхаас хүү тооцооллын хүснэгт гээд 1 хуудас баримтыг гаргаж өгсөн. Үүн дээрээс харвал 810 000 000 төгрөг анх олгоод үүнээс нь 2%-аар хүү бодож байгаа. Энэ олгосон мөнгөнөөсөө 1 хоногийн хугацаатай тооцоод төлөхөөр байна гэдгийг гаргаж өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл шууд 3 тэрбум төгрөгөөс бус олгосон мөнгөнөөсөө хүү тооцоод явсан байгаа гэсэн үг. Зээл хойшлуулах хүсэлтийг хариуцагч талаас гаргаж байсан. Үүний дагуу 2019 оны 12 дугаар сард А гэсэн нэмэлт өөрчлөлтийн гэрээгээр эргэн төлөлтийг нөхцөл өөрчилж, хойшлуулж байсан. Мөн 2020 оны 06 дугаар сард байгуулсан хэлэлцээр зээлийн эргэн төлөлтийн хуваарийг хойшлуулж байсан. Үүнийг хавтаст хэрэгт нотариатаар гэрчлүүлж өгсөн. Нийт 2 удаа гэрээг өөрчилсөн байгаа. Монгол банкны журмын дагуу гэрээг 2 удаа өөрчилж болно гэж заасан учраас 2 удаа өөрчилсөн юм. 8 дугаар сард хариуцагч Улаанбаатарт очиж манай тусгай активын мэргэжилтэнтэй уулзсан. Манайх 5 дугаар сардаа нэхэмжлэлээ гаргасан байсан. Эвлэрэх хүсэлт нь барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх байсан. Үүнийг зөвшөөрөөгүй учраас өнөөдөр хэргээ шийдвэрлүүлж байна. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөөгүй асуудал манайхтай хамаагүй. Зээлийн хүү, хугацаа хэтрүүлсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг хэзээ яаж авч байгаа нь тодорхойгүй байна гэж байна. Манай банк байгуулсан зээлийн гэрээний 3.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү, үндсэн зээлээс төлөлтийг авна гэж тохирч тооцсон байгаа. Цар тахалтай холбоотой 2021 оны 01 дүгээр сараас хойш торгуулийн хүүг нэг ч тооцоогүй байгаа. Хүү тооцооллын хүснэгт дээр заасан 18 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нийтдээ гарсан. Гэхдээ журмын дагуу 2021 оноос хойш нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. 18 сая төгрөг төлөхөөс 8 сая төгрөгийг төлсөн. Манайхаас ойролцоогоор үлдсэн 10 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа. Үүн дээр буруу ойлгосон байна. Манайх орж ирсэн мөнгөнөөс торгуулийн хүү, нэмэгдүүлсэн хүүг татахгүйгээр 2021 оноос орж ирсэн мөнгөнөөс нь хүү, үндсэн зээл хоёроос адил хэмжээгээр татаад үндсэн зээлийг нь бууруулаад явсан. Зээлийн гэрээ бол эцсийн байдлаар цуцлагдаагүй. Шүүх дээр ирж байж эцсийн байдлаар хүүнүүд нь зогсох ёстой байгаа. Өнөөдрийн байдлаар гэхэд нэхэмжилсэн мөнгө дээр 300 гаруй сая төгрөгийн хүү бодогдох байсан ч шүүхэд нэхэмжлэл гаргасан хугацаагаар нэхэмжлээд явж байгаа. Мөн дуусаагүй барилгын хууль бусаар барьцаалсан гэж байна. Үүн дээр зээлийн гэрээний 3.4.3 дахь хэсэгт барьцаа хөрөнгийн талаар заасан. Энэ барьцаа хөрөнгүүдээр төлүүлэх эрхтэй болно гэж заасан. Анхнаасаа дуусаагүй барилгыг барьцаална гэж байж энэ зээлийг олгосон. Үүний дагуу гүйцэтгэл 80% хүрсний дараа ипотекийн гэрээ байгуулан 5274,84 м2 талбайтай барилгыг нэмэлтээр барьцаалсан байгаа. Барьцааны гэрээнд заасны дагуу зээл төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл хангуулна гээд зөвшөөрсөн байгаа. Энэ тохиролцоонд 2 талаас хүрж нотариат болон улсын бүртгэлээр бүртгүүлж, хуулийн дагуу хүчин төгөлдөр гэрээ байгуулсан юм. Манай зүгээс зээл төлөхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлага гаргасан. Хамтран хариуцагч нарын хувьд бүгдээрээ шүүхэд хүлээн зөвшөөрсөн тайлбаруудыг гаргаж өгсөн байгаа. Эдгээр хариуцагчид бүгд шүүхэд бичгээр тайлбар гаргахдаа зөвшөөрч байна гэсэн байгаа. Тухайн тайлбараар нь байр суурийг нь тодорхойлох хэрэгтэй байх гэж бодож байна гэв.

Хариуцагч А.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ны нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ Монгол улсад бүртгэгдсэн Ковид-19 цар тахлын улмаас зарласан өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоож, зарим үйл ажиллагааг хязгаарласантай холбоотойгоор төлж чадаагүй. Энэ тухайгаа банкинд бичгээр, амаар тайлбарлаж, зээлийн гэрээний хугацаанд өөрчлөлт оруулах, зээлийн гэрээний хүүгээс чөлөөлөх, хүүг бууруулах хүсэлтээ 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр, 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус удаа дараа гаргаж байсан боловч хариуг өгөөгүй тул банкийг зээлийн гэрээ цуцалсан гэж үзэж байгаа. Одоо ч гамшгийн нөхцөл байдал өөрчлөгдөөгүй тул зээлийн төлбөрийг шүүхээр шийдвэрлэж дуусмагц төлбөр төлөгдөх боломж Монгол улсад ажиллаж буй компаниудын хувьд байхгүй гэдэгт хэн ч маргахгүй байх. Иймээс хамтын ажиллагаагаа хүндэтгэн үзэж дараах байдлаар тохиролцож, эвлэрэх хүсэлт гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагаас мөнгөн төлбөрийн үнийн дүнг зөвшөөрч, төлбөрийг дараах хугацаа хэмжээгээр төлөхийг тохиролцохыг хүсэж байна. Үүнд: 2021 оны 07 дугаар сарын 31-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдөр Шивээ говь сургуулийн барилгаас 400 000 000 төгрөг, Шивээ говь гүйцэтгэлийн баталгаа 157 750 000 төгрөг, МХГ-н барилгын барьцаа суллах 122 309 435 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр Шивээ говь сургуулийн барилгаас 400 000 000 төгрөг, нийт 1 080 059 435 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 31-ний өдөр Шивээ говь сургуулийн барилгаас 300 000 000 төгрөг, 06 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 30-ны өдөр үйл ажиллагааны орлогоос 342 250 000 төгрөг, Шивээ говь сургуулийн барилгаас 300 000 000 төгрөг, 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр үйл ажиллагааны орлогоос 600 000 000 төгрөг, нийт 1 542 250 000 төгрөг, 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 06 дугаар сарын 30-ны өдөр үйл ажиллагааны орлогоос 500 000 000 төгрөг, 06 дугаар сарын 30-ны өдрөөс 07 дугаар сарын 31-ний өдөр үйл ажиллагааны орлогоос 338 183 002.44 төгрөг, нийт 838 183 002.44 төгрөг, бүгд 3 460 492 437.44 төгрөг. Харин үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа хөрөнгөнөөс 5007.28 м2 гэснийг 2503.64 м2 болгож, тэр хэсгийг барьцаанаас суллуулах хүсэлт гаргаж байна. Бусад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна.

Энэ хүсэлт тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй бол манайх нэхэмжлэлийн үнийн дүнгээс 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш бодогдсон зээлийн хүүг төлөхгүй мөн нэмэгдүүлсэн хүүг ч огт зөвшөөрөхгүй. Учир нь зээлийг төлж байсан. Энэ төлбөр нь зээл, зээлийн хүү, зээлийн нэмэгдүүлсэн хүүгийн аль төлбөрт төлөгдсөн болохыг мэдэхгүй байна. Энэ талаар ч нэхэмжлэлд бичээгүй байна гэжээ.

Хариуцагч А.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани энэ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Өмнө нь энэ талаар бичгээр мэдэгдэж байсан. Одоо ч энэ байр сууринаас шүүх хуралдаанд оролцож байна. Зарим зүйлийг орхигдуулж магадгүй тул шүүхээс анхаарч өгөөрэй. Энэ нэхэмжилсэн үнийн дүнг бол хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь энэ зээлийн дүнгээс болж олон оршин суугч, худалдан авагч нарын эрх ашиг хөндөгдөж байгаа. Иймээс 100% гүйцэтгэлтэй барилгыг барьцаанаас суллаж өгөх, нэхэмжлэлийн үнийн дүнг 2,9 тэрбум төгрөгөөр олгож, барьцаанд үлдэх эд хөрөнгүүдээр үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байгаа. Одоо үүнийг тайлбарлая. Анх байгуулагдсан гэрээний үнийн дүн дээр бид маргаагүй. Энэ зээлийг эргэлтийн хөрөнгөөр буюу барилга барихад ашигласан. Манайх нийт 916 695 826,28 мөнгийг ******* ХХК-д төлсөн байгаа. Дан ганц манай компани үүргээ зөрчөөд байгаа биш, зээлдүүлэгч мөн зөрчиж байгаа. Энэ нь зээлийн хуулгаар нотлогдож байгаа.

Нэгдүгээрт нэхэмжлэгч ******* нь зээлээ бүрэн шилжүүлээгүй буюу 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдаж, 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэхэд 250 сая төгрөг зэргээр хэсэгчилсэн байдлаар олгож гэрээний үүргээ гүйцэтгэсэн. Гэрээний 2.3 дахь хэсэгт зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн дансанд шилжүүлсэн өдрөөс эхлэх бөгөөд энэ өдрөөс зээлийн хүүг тооцож эхэлнэ гэсэн байгаа. Энэ нь зээлийн хуулгаар нотлогдож байгаа. Зээлийн гэрээний ард байгаа хавсралт 1, 2 дээр заасан эргэн төлөлтийн хуваарь хэрэгжээгүй. Сард төлөгдөх мөнгөн дүн тодорхойгүй байгаа гэж харж байгаа. Банк дуртай цагтаа мөнгөө өгөөд, дуртай үедээ нэмэгдүүлсэн хүү гэж дансанд байгаа мөнгөнөөс суутгаад байж болохгүй.

Хоёрдугаарт манайх хэд хэдэн удаа зээл хойшлуулах хүсэлтийг өгсөн ч одоо болтол ямар нэгэн хариу албан ёсоор өгөөгүй. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, нийгэм эдийн засгийн сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.10, заасан, Монгол банкны баталсан зээлийн гэрээнд цахим хэлбэрээр өөрчлөлт оруулах тухай түр журмын 2.8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчиж байна гэж үзэж байгаа. Мөн хариу өгөөгүй тул Иргэний хуульд зааснаар гэрээгээ цуцалж байна гэж үзэж байгаа. *******наас хариу өгдөггүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан татгалзлаа нотлох баримт бүрдүүлэх миний эрхийг зөрчиж байна гэж үзэж байна.

Гуравдугаарт эвлэрэн хэлэлцэхийн тулд манай зүгээс төлөөлөгч Цогтоогоор дамжуулж Улаанбаатар хотод зээлийг хариуцсан хүмүүстэй очиж уулзсан. Уулзахад хүсэлтийг дамжуулна гэдэг ч эргээд ингэж шийдсэн гэдэг хариу өгдөггүй. Миний ойлгож байгаагаар манай зээлийн хариуцсан мэргэжилтэн гээд байгаа хүмүүс нь ямар ч эрх мэдэлгүй зүгээр хэл гэснийг дамжуулдаг хүмүүс гэж ойлгодог. Цааш дамжуулж хэлэхдээ ойлгомжтой илэрхийлдэггүй гэж бодож байна. Тэгээхээр өнөөдрийн эвлэрэн хэлэлцэх ийм ийм саналыг цаад удирдлагууд нь мэдэж байна уу? цаашаа дамжуулж байна уу? ямар саналтай байна гэдгийг мэдэж чадахгүй байна. Би бас сөрөг нэхэмжлэл гаргасныг гомдол гаргах эрхгүйгээр шүүх хэрэгсэхгүй болгосон. Сөрөг нэхэмжлэлийнхээ үнийн дүнг тодорхойлж чадахгүй байгаа учир дахин нэхэмжлэл гаргаагүй байгаа. Хуульд нэхэмжлэл гаргах үед үнийн дүнг тогтооход бэрхшээлтэй бол урьдчилан тогтооно гэсний дагуу тогтоож болох байсан гэж үзэж байгаа. Мөн тавдугаарт зээлийг хэзээ авч, хэдэн төгрөг төлөх байсан нь одоо ч тодорхойгүй байна. Зээлийн хүүг тооцуулахаар шинжээч томилуулах хүсэлт гаргасан ч хэрэгсэхгүй болсон. Монгол банкнаас гаргасан хүү тооцох аргачлал уг нь байгаа. Үүнийг нарийн мэргэжил эзэмшсэн эдийн засагч нар хийдэг байх гэж бодоод хүсэлт гаргасан байсан юм. Үндсэн зээл 2019 оны 11 дүгээр сараас төлөгдөж эхлэх байсан. Энэ өдрөөс хойш үүргээ зөрчсөн гэж үзэх болохоос өмнө нь төлсөн 916 сая төгрөгөөс 42 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг үүрэг зөрчсөн гэж үзэхгүйгээр үндсэн зээлээс хасуулж тооцуулах хүсэлтэй байна. Манай компани нь 47, 41 тоот албан бичгүүдийг нотлох баримтаар өгсөн байгаа. Энэ албан бичгүүдэд хариу өгөөгүй учраас зээлийн гэрээнээсээ татгалзсан гэж үзэж байгаа. Тиймээс үүнээс хойш төлсөн мөнгийг үндсэн төлбөрөөсөө тооцуулж хасуулах хүсэлтэй байгаа. Зээлийн гэрээний 2.9 дэх хэсэгт хамтран хариуцагчдын аль ч талаас шаардах эрхтэй гэж заасан байна. Хамтран хариуцагч эдгээр хүмүүс нь зээлийн гэрээний 1.1 дэх хэсэгт заасан талууд биш. Эдгээр хүмүүстэй байгуулсан барьцааны гэрээгээр төлбөр барагдуулахыг шаардаж байгаа бол манайх зөвшөөрч байна. Энэ тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангахыг зөвшөөрч байна. Наймдугаарт зээлийн гэрээнд өөрчлөлт орох та дээр зээлийн гэрээний 2.1.1 дэх хэсэгт зээлийн хүү буурах нөхцөлийг зааж өгсөн. Гэтэл дуусаагүй барилгын гэрчилгээ бол хүү бууруулах нөхцөл болсон болохоос зээл олгох үндэслэл болгоогүй. Тэгэхээр дуусаагүй барилгын гэрчилгээг барьцаанд байлгаад байгаа хууль бус гэж үзэж байгаа. Учир нь мөнгө зээлж барилга барьдаг бөгөөд цаг хугацааны хувьд цар тахал гарч, барилгын материалын үнийн өсөлт, татан авалт зэрэгт хүндрэл үүсэж асар их алдагдалд орж, барилгыг бүхэлд нь ашиггүй болгосон учраас зээл төлөгдөх боломжгүй байгаа. Компани нь ч дампуураад, иргэд нь ч хохироод байгаа. Хууль бус барьцаанаас болоод. Тиймээс эдгээр барьцааны гэрээнүүдийг шүүх өөрийн санаачилгаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү гээд бичгээр хариу тайлбараа шүүхэд гаргаж өгсөн гэв.

Хариуцагч Д.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд ******* ХХК-ийн ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу миний ЗБ5205112817-3 дугаартай ипотекийн гэрээгээр миний өмчлөлийн Г-1105003640 тоот улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн сумын төв, 1 дүгээр баг, Шатын 04-02 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газар буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар хариуцагчаар татсан байна.

Миний ойлгож байгаагаар энэ компани зээлээ төлж чадахгүй тохиолдолд хөрөнгөөрөө төлнө гэж ойлгож байгаа. Харин зээлсэн мөнгийг нь хамтран хариуцаж төлнө гэсэн үг биш юм. Иймээс зээлийн гэрээний үндсэн үүргийг хамтран хариуцахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Д.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хөрөнгөө өгөхгүй, зөвшөөрөхгүй гэж бодож байна гэв.

Хариуцагч Б.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагад ******* ХХК-ийн ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу ******* ХХК нь зээлээ төлөөгүй тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэсэн байна. Мөн ЗБ5205112817-1 тоот ипотекийн гэрээнд миний өмчлөлийн Ү-1105002288, ГД-000160019 119 м2 хувийн сууц, , ГД-000094897 282, 39м2 хүнсний дэлгүүр, Ү-1105003018, ГД-000318383 510 м2 дэлгүүр, агуулахын зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалуулсан.

Гэтэл ******* ХХК зээлээ төлж чадахгүй нөхцөл үүсвэл энэ гэрээний 5.1-д ...зээлдэгч буюу барьцаалуулагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бол Барьцааны зүйлээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах... гэсэн заалт байгаа.

Иймээс зээлийн гэрээний үндсэн үүргийг хамтран хариуцагч биш хөрөнгөөрөө төлнө гэж ойлгож байгаа учир хамтран хариуцагчаар нэмэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Х.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлд ******* ХХК-ийн ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн дагуу миний ЗБ5205112817-2 дугаартай ипотекийн гэрээгээр миний өмчлөлийн Г-1105003640 тоот улсын бүртгэлийн дугаартай ******* аймгийн сумын төв, 1 дүгээр баг, Шатын 04-04 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газар буюу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулахаар хариуцагчаар татсан байна.

Миний ойлгож байгаагаар энэ компани зээлээ төлж чадахгүй тохиолдолд хөрөнгөөрөө төлнө гэж ойлгож байгаа. Харин зээлсэн мөнгийг нь хамтран хариуцаж төлнө гэсэн үг биш юм. Иймээс зээлийн гэрээний үндсэн үүргийг хамтран хариуцахыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагч Х.******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний ойлгож байгаагаар зээлээ төлж чадахгүй бол хөрөнгөөр төлүүлнэ гэж байгаа юм байна. Би хөрөнгөөрөө төлж чадахгүй. Миний хувьд зөвшөөрөхгүй юм байна. Би өөрийнхөө 1500м2 талбайгаар барагдуулж чадахгүй. Гэхдээ би бол талбайгаа авч үлдэх л хүсэлтэй байна гэв.

Шүүх зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ******* ХХК нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр *******тай ЗГ5205112817 тоот зээлийн гэрээ байгуулж 3 000 000 000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж авсан, зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 сарын 05-ны өдөр дууссан боловч ******* ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж хугацаандаа төлөөгүй болно.

-       нэхэмжлэл гаргах 2021 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар: Хугацаа хэтэрсэн хоног 293 хоног

-       Үндсэн төлбөр 2 721 760 094.20 төгрөг

-       Хүүгийн төлбөр 728 578 850.31 төгрөг

-       Нэмэгдүүлсэн хүү 10 153 492.93 төгрөг

-       Нийт 3 460 492 437.44 төгрөг нэхэмжилж байна гэж тодорхойлжээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг талаас ******* ХХК, нөгөө талаас ******* ХХК нар нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр ЗГ5205112817 дугаартай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр 3 000 000 000 /гурван тэрбум/ төгрөгийг жилийн 24 /19.2/ хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн зориулалтаар зээлэхээр тохиролцжээ.

Уг зээлийн гэрээнд 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн ЗГ5205112817-А, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ5205112817-А дугаартай гэрээгээр нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг тус тус өөрчилсөн.

ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дууссан байна.

Хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөгч А.******* нь нэхэмжлэгч талыг зээлийг гэрээгээр тохирсон мөнгийг хэсэгчилсэн байдлаар олгосон тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаж байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Зээлдэгч нь зээлийн гэрээний дагуу гэрээний зүйл болох мөнгийг шилжүүлэх үүргээ банк /зээлдүүлэгч/ биелүүлээгүй гэж маргадаг.

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 2.1-д Банк зээлдэгчид 3 000 000 000 /гурван тэрбум/ төгрөгийн зээлийг дараах нөхцөлөөр олгоно., 2.1.4-т зээл авах хэлбэр: бэлэн бус, 2.3-т зээлийн хугацаа нь зээлийн хөрөнгийг зээлдэгчийн харилцах дансанд шилжүүлснээр, ...энэ өдрөөс эхлэн хүү тооцож эхэлнэ гэж харилцан тохиролцжээ.

Гэтэл зээлдэгчийн харилцах дансанд 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн мөн оны 12 дугаар сарын 19-ний өдрийн хооронд 18 удаагийн гүйлгээгээр нийт 2 995 171 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хүү тооцооллын хүснэгт, харилцах дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Талууд гэрээндээ зээлийн мөнгийг ийнхүү хэсэгчилсэн байдлаар олгох, хүлээн авах талаар тохиролцоогүй байна.

Зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бэлэн болгож шилжүүлэх үүргийг хүлээх ба энэ үүрэг нь зээлэгчид хүү төлөх үүргийг хүлээлгэх үндэслэл болдог. Зээлдэгч энэхүү үндсэн үүргээ зөрчсөн, зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, банк нь зээлийг тодорхой зориулалтын дагуу олгохоор гэрээ байгуулсан атлаа зээлийг зориулалтаар ашиглах боломжийг зээлдэгчид олгосон эсэх, улмаар энэ талаарх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй.

Түүнчлэн, зээлийн гэрээний 3.5.1-д банк зээл олгосон даруй зээл олгосон өдөр, олгосон зээл, түүнд бодогдох хүүний хувь хэмжээ, зээл төлөх график, улмаар графикийн дагуу зээл, зээлийн хүүг төлж буй эсэх байдал, тодорхой хугацаан дахь зээлийн төлөгдөөгүй байгаа дүнг тус тус харуулсан бүртгэлийг хөтлөх үүрэгтэй гэж заасан байх ба хариуцагч тал сард хэдэн төгрөгийн зээл, хүү төлөх нь тодорхойгүй байсан гэж мэтгэлцэж байна.

Зээлдүүлэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үндсэн үүргээ зээлдэгчийн өмнө гүйцэтгээгүй байх тул түүнээс энэхүү нэхэмжлэлийн дагуу зээл болон бусад төлбөрийг төлүүлэхээр шаардах эрхгүй байна гэж үзлээ.

Талууд гэрээгээр тохиролцоогүй боловч, ******* ХХК нь тодорхой мөнгийг зээлдэгчид хэсэгчилж шилжүүлсэн, зээлдэгч тал уг мөнгийг авч ашигласан болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх боловч нэхэмжлэгч нь хариуцагч ******* ХХК-иас ямар зээлийн гэрээгээр хэд, хэдэн төгрөгийг хэзээ олгосон, тэрхүү гэрээний үүрэг хэзээнээс хэрхэн зөрчигдсөн, хэзээ олгосон зээл түүний хүүг буцаан шаардаж байгаа нь тодорхойгүй байна.

Эдгээр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд огт тусгагдаагүйн дээр хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн зээлийн гэрээний үүргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнтэй холбоотойгоор дагалдах үүрэг буюу барьцааны үүрэг үүсэхгүй тул үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах болон батлан даагч А.*******ийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3 460 492 437.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******, Б.*******, Х.*******, Д.******* нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.*******т холбогдох батлан даалтын гэрээгээр батлан даасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 17 671 012.19 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ОТГОНСҮРЭН