Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 203/МА2022/00003

 

Голомт банк ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 143/ШШ2021/00305 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Голомт банк ХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч Говийн өгөөж ХХК, иргэн А.Нарандэлгэр, Б.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр нарт холбогдох

ЗГ5205112817 дугаартай зээлийн гэрээний үүрэгт 3,640,492,437.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны болон батлан даагчийн хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан, Б.Билгүүн, хариуцагч Говийн өгөөж ХХК-ий төлөөлөгч А.Нарандэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Очмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн шаардлага:

- ЗГ5205112817 дугаартай зээлийн үүрэгт 3,460,492,437.44 /гурван тэрбум дөрвөн зуун жаран сая дөрвөн зуун ерэн хоёр мянга дөрвөн зуун гучин долоон төгрөг дөчин дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулах,

-ЗБ5205112817-1, ЗБ5205112817-2, ЗБ5205112817-3, ЗБ5205112817-4, ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээ, БГ5205112817-1, БГ5205112817-2 тоот барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөс, БД5205112817-1 тоот батлан даалтын гэрээний дагуу А.Нарандэлгэрийн хөрөнгөөс тус тус гүйцэтгэлийг хангуулах тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

Говийн өгөөж ХХК нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр ЗГ5205112817 дугаартай зээлийн гэрээ байгуулж 3,000,000,000.00 /гурван тэрбум/ төгрөгийг жилийн 24 /хорин дөрөв/ хувийн хүүтэй, 24 /хорин дөрөв/ сарын хугацаатай зээлж авсан.

ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 4 сарын 05-ны өдөр ЗБ5205112817-1 дугаартай Ипотекийн гэрээг Б.Амгаланбаатартай, ЗБ5205112817-2 дугаартай Ипотекийн гэрээг Х.Буяндэлгэртэй, ЗБ5205112817-3 дугаартай Ипотекийн гэрээг Д.Эрдэнэцэцэгтэй, ЗБ5205112817-4 дугаартай Ипотекийн гэрээг А.Ирмүүнтэй мөн Говийн өгөөж ХХК-ний хувьцаа эзэмшигч А.Нарандэлгэртэй БГ5205112817-1, БГ5205112817-2, БДГ5205112817-1 дугаартай барьцааны гэрээг тус тус байгуулсан.

ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээг 2019 оны 11 сарын 01-ний байгуулагдсан. Энэ гэрээнд 2021 онд ЗБ5205112817-5-А, ЗБ5205112817-5-Б, ЗБ5205112817-5-В, ЗБ5205112817-5-Г тоот гэрээгээр талбайн хэмжээнд тус тус өөрчлөлт оруулсан.

ЗГ5205112817 тоот Зээлийн гэрээний хугацаа 2021 оны 04 сарын 05-ны өдөр дууссан боловч Говийн өгөөж ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж хугацаандаа төлөөгүй тул нэхэмжлэл гаргах 2021 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар үндсэн төлбөр 2,721,760,094.20 төгрөг, хүүгийн төлбөр 728,578,850.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,153,492.93 төгрөг /хугацаа хэтэрсэн хоног 293 хоног/, нийт 3,460,492, 437.44 төгрөгийг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

БД5205112817-1 тоот батлан даалтын гэрээгээр батлан даасан А.Нарандэлгэрийн хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шүүхийн шийдвэрт тусгуулна.

8 дугаар сард хариуцагч Улаанбаатарт очиж манай тусгай активын мэргэжилтэнтэй уулзсан. Манайх 5 дугаар сардаа нэхэмжлэлээ гаргасан. Эвлэрэх хүсэлт нь барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх байсан. Үүнийг зөвшөөрөөгүй.

Цар тахалтай хүү тооцооллын хүснэгт дээр заасан 18 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүү гарснаас журмын дагуу 2021 оноос хойш нэмэгдүүлсэн хүү тооцоогүй. 18 сая төгрөг төлөхөөс 8 сая төгрөгийг төлсөн.

Ойролцоогоор үлдсэн 10 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбарын агуулга:

2.а. Хариуцагч Говийн өгөөж ХХК-ий татгалзал, татгалзлын үндэслэл:

Татгалзал: Зээлийн үнийн дүнг бууруулж үндсэн зээлд 2,953,897,994.20, хүүнд 313,815,421.49 нийт 2,907,713,415.69 төгрөг төлнө.

тоот улсын бүртгэлийн дугаартай 100 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг барьцаанаас суллуулж, үлдэх үл хөдлөх хөрөнгөөр үүргээ биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэлийг хангуулахыг зөвшөөрнө. Шүүх өөрийн санаачилгаар хүчин төгөлдөр бусад тооцож өгнө үү.

Татгалзлын үндэслэл: Анх байгуулагдсан гэрээний үнийн дүн дээр бид маргаагүй. Энэ зээлийг эргэлтийн хөрөнгөөр буюу барилга барихад ашигласан. Манайх нийт 916,695, 826.28 мөнгийг төлсөн. Манай компани ганцаараа үүргээ зөрчөөгүй нь зээлийн хуулгаар нотлогдож байгаа.

Банк зээлээ бүрэн шилжүүлээгүй. 2019 оны 04 сарын 05-ны өдөр гэрээ байгуулагдаж, 12 сарын 19-ний өдөр хүртэл 18 удаа хэсэгчилэн өгч зээлдэгчийн хүссэн бүтээгдэхүүнийг чирэгдэлгүй хүргэж үйлчилнэ гэсэн заалтыг зөрчсөн.

Эргэн төлөлтийн хуваарь хэрэгжээгүй. Нэхэмжлэгч нь үндсэн зээл, хүү хоёрт таллаж авсан гэж байгаа. Ямар дарааллаар хүү, үндсэн зээлд суутгасан нь, сард төлөгдөх мөнгөн дүнгийн хэмжээ тодорхойгүй.

Зээл хойшлуулах хүсэлтүүдэд хариу өгөөгүй нь Цар тахалын үеийн хуулийг зөрчиж байна. Хариу өгөөгүй учир гэрээгээ цуцалсан гэж ойлгосон.

Хамтран хариуцагч нар бол гэрээний 1.1-т заасан талууд биш. Эдгээр хүмүүстэй байгуулсан барьцааны гэрээгээр төлбөр барагдуулахыг шаардаж байгаа бол зөвшөөрч байна.

Гэрээний 2.1.1-т хүү бууруулах нөхцөлийг тохирсон. Дуусаагүй барилгын гэрчилгээг бол хүү бууруулах нөхцөл болгосон. Харин зээл олгох нөхцөл болоогүй.

2020 оны 02 сарын 19-өөс хойш бодогдсон зээлийн хүүг төлөхгүй. Нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй. Нэмэгдүүлсэн хүүд төлсөн мөнгийг үндсэн зээлээс хасуулъя. Зээлийн хүүд 313,815421.49 төгрөг, нийт 2,890,713,415.69 төгрөгийг төлнө. Нэгэнт авсан юм төлнө. Олгосон зээл нь ч, график нь ч биелээгүй хүчин төгөлдөр бус гэрээ,

2.б. Хамтран хариуцагч Б.Амгаланбаатарын татгалзлын агуулга:

Компани зээлээ төлж чадахгүй тохиолдолд хөрөнгөөрөө төлнө. Зээлийн гэрээний үндсэн үүргийг хамтран хариуцахгүй.

2.в. Хамтран хариуцагч Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр нарын татгалзлын агуулга:

Зээлийг хамтран хариуцахгүй. Хөрөнгөөрөө төлөхгүй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говийн өгөөж ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 3 460 492 437.44 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь, Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Нарандэлгэр, Б.Амгаланбаатар, Х.Буяндэлгэр, Д.Эрдэнэцэцэг нарт холбогдох үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А.Нарандэлгэрт холбогдох батлан даалтын гэрээгээр батлан даасан хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 17 671 012.19 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдол, итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

4.а. Зээлийн төлбөрийг хэсэгчлэн олгож зээлийн мөнгийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй байна гэсэн дүгнэлтийн талаар:

Зээлийн болон ипотекийн гэрээнд заасан үүргээ зээлдэгч, барьцаалуулагч биелүүлэх үүрэгтэй. Зээлдэгчийн зээлийн дансанд зээлийн олголтыг зээлийн зориулалтын дагуу ашиглаж байгаад хяналт тавихтай уялдуулж олголтыг хийсэн.

Зээлдэгчийн зээлийн данс руу гэрээгээр тохирсон төлбөрийг бүрэн олгосон нь зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтээс харагдана.

4.б. Хариуцагч тал хэдэн төгрөгийг зээл, хүүнд төлөх нь тодорхойгүй байсан гэсэн дүгнэлтийн талаар:

Зээлдэгчээс төлсөн төлбөрийг үндсэн зээл, хүү хоёроос адил хэмжээгээр зээлийн төлөлтөөс хасч үндсэн зээлийг бууруулсан. Зээлдэгч гэрээний 3.5.1-д зааснаар хүссэн мэдээллээ салбар дээр очиж авах боломжтой.

Эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж байгаа тухай хүргүүлсэн мэдэгдэх хуудсаас зээлийн зөрчил, эргэн төлөлтийн задаргааг харах боломжтой байсан.

4.в. Ямар зээлийн гэрээгээр хэдэн төгрөгийг хэзээ олгосон, үүрэг хэзээ зөрчигдсөн, олгосон зээл, хүү нь тодорхойгүй гэсэн дүгнэлтийн талаар:

2019 оны 4 сарын 05-ны өдөр ЗГ5105112817 тоот зээлийн гэрээ байгуулж, 3,000,000,000.0 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Энэ гэрээний төлбөрийг 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар тооцож нэхэмжилж байгаагаа дэлгэрэнгүй тайлбарласан.

4.г. Шүүх гэрээнүүдэд болон гэрээний үндсэн үүрэг болох үндсэн төлбөрийг хэрхэн шийдвэрлэх талаар дүгнэлт хийгээгүйгээс ЗГ5105112817 тоот зээлийн гэрээний дагуу олгосон төлбөрийг гаргуулах агуулгаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үр дагаварт хүргэхээр байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү,

5. Хариуцагч Говийн өгөөж ХХК-ий төлөөлөгч А.Нарандэлгэрийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.а. Гомдлын зарим хэсгийг зөвшөөрнө. Зээлсэн мөнгөө төлнө. Хүү төлөхгүй. Барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагаас ЗБ5105112817-5 ипотекийн гэрээ хүчин төгөлдөр бус тул бусад гэрээгээр хангуулахыг зөвшөөрнө. Нэхэмжлэлийн шаардлага дээр эвлэрч болно.

5.б. Зээлийн гэрээний хавсралтаар хүүг 3,000,000,000.0 төгрөгөөс бодсон байдаг. Зээлийн хүүг ашигласан зээлийн хэмжээгээр тооцож төлдөг тул 3,000,000,000.0 төгрөгийг бүрэн олгох байсан. Зээлийн хорооны шийдвэрээр 18 удаа хэсэгчлэн олгосон гэдэг боловч үүнээ нотлоогүй. Угаасаа ийм тохиролцоо байхгүй. Банк мөнгөө бүрэн шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Зээлийг барилга барих зориулалтаар авсан. Гэтэл хэсэгчлэн олгосноос барилга барих хугацаа алдаж, зээлийн эргэн төлөлтөнд нөлөөлсөн.

5.в. Хэсэгчлэн олголт бүрт төлөх график гаргаагүй тул эргэн төлөлтийн хуваарь хэрэгжээгүй. Хуваарьгүйгээр зээл төлүүлсэн учир манайх нэмэгдүүлсэн хүү төлөхгүй. Зээлийн хугацааг 2 удаа сунгасан. Сунгалт нь зээл төлөх гэрээний хугацааны дотор байгаа учир зээлийг тэр хугацаанд төлөх ямар ч боломжгүй. Энэ ор нэр төдий сунгалт.

Манайх цар тахалтай холбогдуулж хүсэлт өгсөн. Хариу өгөөгүй.

2020 оны 06 сарын 29-ний өдрийн ЗГ5105112817-А гэрээний өөрчлөлтөөс хавсралт №1-А хамаарахгүй нь харагдана.

5.г. Манай гаргасан тайлбар хүсэлттэй холбогдуулан банк нэг ч тайлбар өгдөггүй. Манайхаас нотлох баримтаа гаргах эрхийг зөрчсөн.

5.в. Дуусаагүй барилгыг дуусахаар дахин 100% болгож барьцаална гэсэн нэг ч үг байхгүй. Банк эрхээ хэтрүүлж байна гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хамтран хариуцагч Б.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр нар оролцоогүй, давж заалдах гомдолд хариу тайлбар ирүүлээгүй.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүх нь хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйгээс гэрээ байгуулагдсан эсэх, зээлийн болон барьцааны гэрээний талуудыг зөв тодорхойлоогүй байх тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой байна гэж үзэв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, талуудын мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн байна.

3. Нэхэмжлэгч Голомт банк ХХК нь хариуцагч Говийн өгөөж ХХК, иргэн А.Нарандэлгэрт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 3,640,492,437.44 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр болон батлан даагчийн хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад иргэн Б.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр нарыг хамтран хариуцагчаар татаж оролцуулсан. /Хэргийн 01, 129-130 дугаар хуудас/

4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2019 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн ЗГ5205112817-А, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ5205112817-А, 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ52055112817, ЗБ5205112817-1, ЗБ5205112817-2, ЗБ5205112817-3, ЗБ5205112817-4, ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээ, БГ5205112817-1, БГ5205112817-2 тоот барьцааны гэрээ, БДГ5205112817-1 тоот батлан даалтын гэрээ, ЗБ5205112817-5 тоот ипотекийн гэрээнд өөрчлөлт оруулсан ЗБ5205112817-5-А, ЗБ5205112817-5-Б, ЗБ5205112817-5-В, ЗБ5205112817-5-Г гэрээнд үндэслэжээ. /хэргийн 06-37 дугаар хуудас/

Дээрх гэрээнүүдтэй холбогдсон үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгт зэргийг нотлох баримтаар гаргасан байна. /хэргийн 60, 61 дүгээр хуудас/

Хариуцагч нараас шүүхэд тайлбар, зээлийн тооцоо зэргийг гаргаж мэтгэлцсэн.

Говийн өгөөж ХХК-ий улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар нь нотариатаар гэрчлүүлээгүй байх тул шүүх шийдвэрийн үндэслэл болгохгүй. /хэргийн 78-79, 81 дүгээр хуудас/

Хэргийн оролцогч нараас шүүхэд гаргаж өгсөн бусад нотлох баримтууд хуульд заасан нотлох баримтад тавигдах хэлбэрийн шаардлага хангасан байна.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ гэрээний хугацаа 2021 оны 04 сарын 05-ны өдөр дууссан боловч Говийн өгөөж ХХК нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчиж хугацаандаа төлөөгүй, нэхэмжлэл гаргах 2021 оны 05 сарын 25-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 293 хоног, үндсэн зээл 2,721,760,094.20 төгрөг, хүү 728,578,850.31 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 10,153,492.93 төгрөг нийт 3,460,492,437.44 төгрөг гэж тодорхойлсон.

Үүргийг хамтран хариуцагч нараар болон үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулсан гэрээнд заасан хөрөнгөөр хангуулна гэж тайлбарласан.

6. Хариуцагч Говийн өгөөж ХХК нь мөнгөн дүнгийн хэмжээ, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах зарим шаардлагын талаар маргаж, үндсэн зээлд 2,593,897,994.20 төгрөг, үндсэн хүүнд 313,815,421.49 төгрөг нийт 2,907,713,415.69 төгрөг төлж, үлдэх хэсгийг төлөхгүй, ЗБ5205112817-5 тоот Ипотекийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулна, бусад ипотекийн болон барьцааны гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан байна./хэргийн 83, 153-157 дуугар хуудас/

Хариуцагч Б.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр, А.Нарандэлгэр нар нь зээлийн гэрээний үүргийг хамтран хариуцахаар үүрэг хүлээгээгүй гэж маргасан байна. /хэргийн 137,138,151 дүгээр хуудас/

7. Анхан шатны шүүх нь Голомт банк нь 2019 оны 04 сарын 05-ны өдөр байгуулсан ЗГ5205112817 дугаартай зээлийн гэрээгээр 3,000,000,000.0 төгрөгийн зээлийг хариуцагч Говийн өгөөж ХХК-д зээлэхдээ мөнгөн дүнг хэсэгчлэн олгож, зээлийн гэрээгээр тохирсон мөнгийг шилжүүлэх үндсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, хариуцагч Говийн өгөөж ХХК-иас ямар зээлийн гэрээгээр хэд, хэдэн төгрөгийг хэзээ олгосон, гэрээний үүрэг хэзээнээс хэрхэн зөрчигдсөн, хэзээ олгосон зээлийн зээл,, хүүг шаардаж байгаа нь тодорхойгүй тул нэхэмжлэгч талыг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа баримтаар нотлоогүй гэсэн агуулгаар дүгнэлт хийж зээлийн гэрээний үүрэг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, үндсэн үүрэг шаардах эрхгүй тул түүнтэй холбогдох дагалдах үүрэг буюу барьцаа, батлан даалтын гэрээгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. /хэргийн 167 дугаар хуудас/

8. Зээлийн гэрээний талаар:

8.а. Нэхэмжлэлд заасан хамтран хариуцагч нарын талаар:

2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн ЗГ/5205112817 тоот зээлийн гэрээний 1.1-т зээлдэгч нь Говийн өгөөж ХХК болохыг тодорхойлж, гэрээний төгсгөл буюу гэрээ байгуулсан талуудын гарын үсэг зурсан хэсэгт зээлдэгчийг төлөөлж: Говийн өгөөж ХХК-ий хувьцаа эзэмшигч Алтанэцэцэг овогтой Нарандэлгэр гэж гарын үсэг зурагджээ.

Говийн өгөөж ХХК нь ганц гишүүнтэй буюу үүсгэн байгуулагч нь хариуцагчийн төлөөлөгчөөр оролцож байгаа А.Нарандэлгэр болохыг давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан тул түүнийг уг гэрээнд хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр биш харин компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх удирдлагын хувьд гэрээнд гарын үсгээ зурсан гэж үзнэ. /хэргийн 30 дугаар хуудас/

Банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг Говийн өгөөж ХХК-ий харилцах дансанд хэсэгчлэн шилжүүлсэн, Говийн өгөөж ХХК нь өөрийн үйл ажиллагаанд захиран зарцуулж, эргэн төлж байсан нь дансны хуулга, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хэргийн 60-62,156-157 дугаар хуудас/

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2 дахь хэсэгт хамтран хүлээх үүрэг нь хууль буюу гэрээнд зааснаар үүсэх ба үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгч гэнэ гэж заасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар оролцсон Б.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр нарыг шаардлагын үндэслэл болсон ЗГ/5205112817 тоот зээлийн гэрээ болон түүнд өөрчлөлт оруулсан гэрээний талуудыг тодорхойлсон хэсэгт зээлдэгч-ээр тодорхойлж бичээгүй байна. /Хэргийн 06-13 дугаар хуудас/

БДГ5205112817-1 тоот батлан даалтын гэрээнд батлан даагч А.Нарандэлгэр нь зээлдэгч Говийн өгөөж ХХК-ийн үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг хамтран хариуцахаар заагаагүй байна. /хэргийн 33 дугаар хуудас/

Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар нөхөх, 460.2 дахь хэсэгт зааснаар хамтран хариуцах гэж батлан даагчийн үүргийг ялгамжтай зохицуулсан тул гэрээний заалтаас хамаарч үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардах эрх үүснэ. Нэхэмжлэгч нь батлан даагчаас зээлийн гэрээний үндсэн үүргийг хариуцагч нартай хамтарч гаргуулахаар шаардсан шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, тухайн асуудлаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл нэгдэж гэрээнд тусгагдсан нь нотлогдохгүй байна.

Харин ЗГ/5205112817 тоот зээлийн гэрээний 3.4.3-т зээлдэгчийн дансны үлдэгдэл энэхүү гэрээний дагуу төлөх зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт хүрэхгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн өдрөөс эхлэн энэхүү гэрээний хавсралт №2 болгон байгуулсан ипотекийн, барьцааны, батлан даалтын гэрээнд заасан эд хөрөнгийг Банк хууль тогтоомжийн дагуу холбогдох журмыг баримтлан худалдаж зээлийн төлбөрийг төлүүлэх эрхтэй гэж заасан байна. /Хэргийн 07 дугаар хуудас/

Иймд хариуцагч Б.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр, А.Нарандэлгэр нарт Говийн өгөөж ХХК-ий ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний үүргийг Голомт банк-ий өмнө хамтран хариуцах үүрэг хуулиар болон гэрээгээр үүсээгүй гэж үзнэ.

ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний талуудыг нэхэмжлэгч Голомт банк, хариуцагч Говийн өгөөж ХХК гэж үзэх ба тэдний хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д зааснаар гэрээ байгуулагдсанд тооцох үндэслэлтэй, уг гэрээ нь Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний шинжид нийцсэн байх тул зээлдүүлэгч Банк нь зээлдэгч Говийн өгөөж ХХК-иас шилжүүлсэн мөнгөн хөрөнгөө Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

8.б. Зээлдэгчид зээлийн хөрөнгийг бүрэн биш хэсэгчлэн шилжүүлсэн, гэрээнд заасан дүнгээр шилжүүлээгүй гэх үйл баримтын маргааны талаар:

ЗГ/5205112817 тоот зээлийн гэрээний 2.1-т банк нь 3,000,000,000.0 төгрөгийн зээлийг олгоно гэж заасан байна. /хэргийн 06 дугаар хуудас/

Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан нь 3 тэрбум төгрөгийн гэрээ байгуулсан. Яг олгосон мөнгө нь 2,995,000,000 төгрөг. Энэ мөнгөө л нэхэмжилж байна, ...хэсэгчлэн олгох шийдвэрийг зээлийн хорооны журмаар тогтоосон. Тэр бол манай дотоод асуудал гэж, хариуцагчийн төлөөлөгч А.Нарандэлгэр нь зээлийн мөнгөн дүнг бүрэн шилжүүлэх байсан нь гэрээний хавсралт №1-д заасан хүүг тооцсон дүнгийн хэмжээгээр нотлогдоно, 4,829,000.0 төгрөг дутуу олгосон гэсэн агуулгаар тус тус мэтгэлцсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хэргийн 161 дүгээр хуудас/

Банк нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайханы тайлбарласан 2,995,000,000 биш 2,995,171,000,0 төгрөгийг 18 удаагийн гүйлгээгээр хэсэгчлэн шилжүүлсэннь нэхэмжлэгч талаас шүүхэд гаргаж өгсөн зээлийн дансны хуулга, хүү тооцооллын хүснэгтэд авагдсан мэдээллээр тогтоогдож байна. /хэргийн 60,61 дүгээр хуудас/

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн /1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн хууль, 2021 онд хүчингүй болсон/ 21 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно, 24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно гэж зааснаар зээлдэгчид өөрийн дансанд шилжиж ирсэн мөнгөн дүнгээс тооцож гэрээнд заасан хэмжээгээр хариу төлбөр буюу зээлийн хүүг төлөх үүрэг үүснэ.

ЗГ/5205112817 тоот зээлийн гэрээний 2.1.2-т /зээлийн төлбөр хүүг төлөх графикт хугацааг энэхүү гэрээний салшгүй хэсэг болох Хавсралт-1-д тодорхойлов/ гэж заасан бөгөөд уг хавсралтын хүүгийн төлбөр гэсэн хэсэгт заасан дүн нь үндсэн зээлийн хэмжээ болох 3,000,000,000.0 төгрөгөөс сарын 2%-иар тооцож бичигдсэн байна.

Энэ талаар талууд маргаагүй тул тэдний хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээний 2.1, 2.1.4-д зааснаар банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид бүхэлд нь нэг удаагийн бэлэн бусын гүйлгээгээр шилжүүлэхээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй тул зээлийн үнийн дүнгээс 4,829,000.0 төгрөгийг дутуу олгож, гэрээний дагуу зээлийг зээлдэгчид бүрэн шилжүүлээгүй гэсэн хариуцагч Говийн өгөөж ХХК-ий захирал А.Нарандэлгэрийн тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна. /хэргийн 06, 9,10, 60, 61-62,156-157 дугаар хуудас/

Иймээс банк нь зээлийн мөнгөн хөрөнгийг хэсэгчлэн болон тохирсон дүнгээр шилжүүлэх эрхтэй болох үндэслэлээ шүүхэд нотлоогүй байх тул банкийг зээлдүүлэгчийн хувьд мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар шилжүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

8.в. Эргэн төлөлтийн хуваарь хэрэгжээгүй, төлөгдсөн төлбөр зээлийн аль үүрэгт хамаарах үйл баримтын талаарх маргааны тухай:

Гэрээний заалтуудаас үзвэл, талууд гэрээндээ зээлийн хүүг хувьсах нөхцөлөөр тохирч эргэн төлөх график хугацааг хавсралт №1, №2 гэсэн хоёр өөр нөхцөлөөр хүү, зээл төлөх дүнг тогтоосон байх боловч зээлийн гэрээний 2.1.1-т заасан нөхцөлийн дагуу хүү буурч хэрэгжих нөхцөл бүрдсэн талаар мэтгэлцээгүй тул зээлдэгчид хавсралт №1 гэх эргэн төлөлтийн графикийн дагуу зээлийг буцаан төлөх үүрэг үүссэн гэж үзэхээр байна. /хэргийн 06, 09,10, 161 дүгээр хуудас/

Талууд 2 удаа зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулж эргэн төлөлтийн графикийг өөрчилсөн. Үүнд: 2019 оны 12 сарын 19-ний өдрийн ЗГ5205112817-А гэрээнд 2.1. Талуудын хооронд 2019 оны 12 сарын 19 өдөр байгуулагдсан ЗГ5205112817 тоот зээлийн гэрээний Хавсралт №1-ийг энэхүү нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралт №1-А болгон өөрчилж байна гэж, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ЗГ5205112817-А гэрээнд 2.1. Зээлийн гэрээний Хавсралт №1-заасан эргэн төлөлтийн графикийг энэхүү нэмэлт өөрчлөлтийн гэрээний хавсралт №1 -д заасан эргэн төлөлтийн графикаар сольсон болохыг тодорхойлов. гэж тус тус заажээ. /хэргийн 11,13 дугаар хуудас/

Дээрх 2 гэрээ байгуулагдах үед зээлдэгчээс зээлийн эргэн төлөлт хийгдэж байсан нь тогтоогдож байх боловч шинэчлэн тогтоосон гэх графикуудад үүргийн хугацааг 2019 оны 4 сарын 05-ны өдрийн гэрээнд заасан 2021 оны 04 сарын 05-ны хугацаагаар тогтоож, үүргийн хэмжээг гэрээ өөрчлөгдөх үеийн зээлийн үлдэгдэл дүнгээс биш ЗГ5205112817 тоот гэрээнд заасан 3,000,000,000.0 төгрөгийн хэмжээнээс тооцсон байна. Иймд эргэн төлөлтийн графикууд нь бодит байдалд нийцсэн гэж үзэх боломжгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан нь хариуцагч Говийн өгөөж ХХК нь зээлийг ашигласнаас хойш 916,556,600 төгрөгийг банкинд эргүүлэн төлснөөс 273,410,905.0 төгрөгийг үндсэн зээлд, 634,522,000.0 төгрөгийг зээлийн хүүд, 8,623,632.0 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүд тооцсон тухай тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байх боловч 2019 оны 5 сарын 05-ны өдрөөс 2021 оны 05 сарын 05 хүртэлх хугацаанд 916,695,826.28 төгрөгийг банкинд төлсөн нь нэхэмжлэгч талын гаргасан хүү тооцооллын хүснэгтээр нотлогдож байна. /хэргийн 161, 61-62 дугаар хуудас/

Зээлдэгчээс банкинд эргүүлэн төлсөн мөнгөн дүн нь гэрээний ямар үүрэгт, хэдий хэмжээгээр тооцогдсон болохыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цогтсайхан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн тул олгосон дүнгийн хэмжээнээс 2%-иар хүүг тооцож байсныг 2021 оноос орж ирсэн мөнгөнөөс нь хүү, үндсэн зээл хоёроос адил хэмжээгээр татаад үндсэн зээлийг бууруулаад явсан гэж тодруулан анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлажээ. /хэргийн 160 дугаар хуудас /

Иймд нэхэмжлэгч банк нь хариуцагч Говийн өгөөж ХХК-иас зээлийн гэрээ, түүнд оруулсан нэмэлт өөрчлөлтийн гэрээний дагуу төлбөл зохих зээл, зээлийн хүүг төлүүлж байгаагүй, өөрөөр хэлбэл банк нь бичгээр байгуулсан гэрээний дагуу биш, харин зээлдэгчийн харилцах данснаас өөрийн олгосон зээлийн дүнгээс хамаарч 2019 оны 5 дугаар сарын 05-наас эхлэн 2021 он хүртэл хүүг 2%-иар тооцон, 2021 оноос зээл, зээлийн хүүд тэнцүү хэмжээгээр тооцон суутган авсан үйл баримт тогтоогдсон гэж үзэх тул хариуцагчийн төлөөлөгч А.Нарандэлгэрийн эргэн төлөлтийн хуваарь хэрэгжээгүйгээс зээл төлөх хэмжээ үүрэг тодорхойгүй, ...2019 оны 5 дугаар сарын 02-ны өдөр үүргээ зөрчиж эхэлсэн гэж байна. Энэ үед 1,299,000,000.0 төгрөгийн зээл олгоогүй байсан... гэх тайлбарууд үндэслэлтэй. / Хэргийн 160 дугаар хуудас/

8.г. Зээлийн гэрээний дагуу хүлээх зээлдэгчийн үүргийн талаар:

Голомт банк, Говийн өгөөж ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч банк 3,000,000,000.0 төгрөгийг сарын 2%-ийн хүүтэй, 24 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлэх, хариуцагч Говийн өгөөж ХХК нь зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан гэрээний шинжийг хангасан. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1 дэх хэсэгт зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно гэж заасан. Зээлийг хүүтэй олгож байгаа тохиолдолд гэрээнд үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөл нь тодорхой заасан байх нь гэрээний талуудын тэгш эрхийн зарчимд нийцнэ.

Талуудын хооронд байгуулсан гэрээний салшгүй хэсэг болох эргэн төлөлтийн график мөрдөгдөөгүйгээс зээлийг эргэн төлөх хугацаа, хэмжээ тодорхойгүй байгаа нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаас хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчид хариуцуулах үндэслэл хангалттай тогтоогдохгүй байна.

Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т "банк" гэж ...өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ гэж тайлбарласан бөгөөд зээлийн үйл ажиллагааг тогтмол эрхэлж, урьдчилан тогтоосон нөхцөлийг нөгөө талдаа санал болгодог тул банкны гэрээг Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөл бүхий гэрээ гэж үзнэ.

Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1 дэх хэсэгт Стандарт нөхцөлийг илэрхийлсэн үг хэллэгийн утга санаа ойлгомжгүй бол түүнийг санал хүлээн авагч талд ашигтайгаар тайлбарлана гэж заасан.

Нэхэмжлэгч нь хариуцагчид зээлийг хугацаанд төлөхгүй хугацаа хэтэрсэн үүргийн зөрчил гаргаж байгаа тухай мэдэгдэх хуудсыг 2020 оны 11 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 03, 2021 оны 01 дүгээр сарын 28, 4 дүгээр сарын 27-ны өдөр, хариуцагчаас нэхэмжлэгчид шинэ коронавирусийн цар тахалтай холбоотойгоор зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах, зээлийн хүүг бууруулах зэрэг боломжит хэлбэрээр хамтран ажиллах хүсэлтүүдийг бичгээр 2020 оны 02 дугаар сарын 19, 04 дүгээр сарын 29, 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тус тус хүргүүлж байжээ. /хэргийн 63-66, 85-87 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нь хариуцагчийн хүсэлтийг хүлээн авч гэрээний хугацааг сунгасан гэж тайлбарласныг хариуцагч нь үүрэг биелэгдэх боломжгүй хугацаанд зээл төлөгдөх боломжгүй байдлаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, нөгөө талаар цар тахалтай холбоотойгоор гаргасан манай хүсэлтийг Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу шийдвэрлээгүй тул банкийг гэрээнээс татгалзсан гэж үзэж байна эсэргүүцэн тайлбарласан байна. /хэргийн 84, 154, 159 дүгээр хуудас/

ЗГ520505112817 тоот гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн, 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн гэрээнүүдэд эргэн төлөлтийн графикт нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон үндэслэл тодорхойгүйгээс гадна 2019 оны 04 дүгээр сарын 05-ны зээлийн гэрээнд заасан хугацаа сунгагдаагүй, мөн банкийг гэрээнээс татгалзсан гэж үзсэн хариуцагчийн тайлбарыг эс зөвшөөрсөн тайлбарыг нэхэмжлэгч талаас гаргаагүй зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд хариуцагчийн дээрх тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Банк өөрийн санаачилгаар зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцон төлбөрт төлүүлж байсан ажиллагаа нь талуудын хүсэлт зоригийн илэрхийллийн дагуу явагдсан гэж үзэх хангалттай үндэслэл болохгүй ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа талуудын санаачилгаар явагдах тул хариуцагчийн төлөөлөгч А.Нарандэлгэрийн тайлбар, тайлбараа нотолж ирүүлсэн зээлийн тооцоо гэх баримт, нэхэмжлэгч банкнаас гаргасан хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудыг харьцуулж үнэлбэл зээлийн тооцооны баримтууд нь дүнгийн хувьд хоорондоо зөрүүгүй байх тул дээрх нотлох баримтуудыг магадлалын үндэслэл болгон нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг тодорхойлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Үүнд:

Талууд үндсэн зээл 2,995,171,000,0 төгрөгөөс 273,410,905.80 төгрөгийг төлж 2,721,760.094,20 төгрөг төлөгдөөгүй гэх дүнгийн талаар маргаагүй.

Нэхэмжлэгчийн зээлийн хүүгийн өрөнд нэхэмжилсэн 728,578,850,31 төгрөгийг хариуцагчийн төлөөлөгч нь ямар хугацааны, хэрхэн бодогдсон хүү болохыг эргэн төлөлтийн хуваарьт үндэслэн тооцох боломжгүй боловч үүнээс 313,815,421 төгрөгийг хүүнд төлөхийг хариуцагчийн төлөөлөгч зөвшөөрсөн тайлбар гаргасан.

Нэхэмжлэлдээ нэмэгдүүлсэн хүүг 10,153,492.93 төгрөг гэж тооцсон үндэслэлээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2021 оноос хойш нэмэгдүүлсэн хүү тооцоогүй, 18 сая төгрөг төлөхөөс 8 төгрөгийг төлсөн. Манайхаас ойролцоогоор үлдсэн 10 сая төгрөгийн нэмэгдүүлсэн хүүг нэхэмжилж байгаа гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан. Энэ тайлбараар гэрээгээр нэмэгдүүлсэн хүүг тохиролцсон гэж үзэхээр боловч тохиролцоо нь болон нэхэмжилж буй дүн хэмжээ, нөхцөл нь Монгол банкны ерөнхийлөгчийн 2018 оны а/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийн ил тод байдлын журам, Иргэний хуулийн 453 дугаар зүйийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцсэн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч өөрийн шаардлага болон татгалзлыг өөрөө нотлох үүргийн дагуу баримтаар нотлоогүй байна. /хэргийн 159,160 дугаар хуудас/

Иймд зээлдэгчийн дансанд 2021 оны 02 дугаар сарын 25, 3 дугаар сарын 02 болон 04-ний өдрүүдэд орлогоор хийгдсэн нийт 542,625,528.82 төгрөгийн гүйлгээнээс 127,862,100.0 төгрөгийг төлөгдөөгүй үндсэн зээл 2.271,760,094.20 төгрөгөөс хасаж, үндсэн зээлд 2,593,897,944.20 төгрөгийг, үлдэх 414,763,428.82 төгрөгийг нэхэмжилж буй хүү 728,578,850.31-өөс хасаж үлдэх 313,815,421,49 төгрөгийг зээлийн хүүд тус тус тооцож нийт 2,907,713,415 төгрөгийн дүнгээр нэхэмжлэлийг хангаж, үлдэх 552,779,022 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцнэ гэж үзлээ.

9. Барьцаа, батлан даалтын гэрээний талаар:

ЗГ5205112817 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор:

1. ЗБ5205112817-1 дугаартай Ипотекийн гэрээгээр Б.Амгаланбаатарын өмчлөлийн Ү-1105002288 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байршилтай, 119 м2 талбайтай хувийн сууц, өмчлөгчийн Ү-1105001818 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн баруун тал, 282.39 м2 талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, Ү-1105003018 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг нийтийн халуун усны баруун тал, 510 м2 талбайтай дэлгүүр, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг,

2. ЗБ5205112817-2 дугаартай Ипотекийн гэрээгээр Х.Буяндэлгэр өмчлөлийн Г-1105003640 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1-р баг Шат 4-4 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,

3. ЗБ5205112817-3 дугаартай Ипотекийн гэрээгээр Д.Эрдэнэцэцэг өмчлөлийн Г-1105003644 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1-р баг Шат 4-2 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,

4. ЗБ5205112817-4 дугаартай Ипотекийн гэрээгээр А.Ирмүүн өмчлөлийн Г-1105003648 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 1-р баг Шат 3-2 тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,

5. ЗБ5205112817-5 дугаартай Ипотекийн гэрээгээр Говийн өгөөж ХХК-ний өмчлөлийн Ү-1105004532 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 3-р баг Далан Түмэн дэлгүүрийн урд тоот хаягтай, 5174.84 м2 талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг,

6. БГ5205112817-1 дугаартай барьцааны гэрээгээр Говийн өгөөж ХХК-ний эзэмшлийн 4608007312 нэгж талбарын дугаартай, Өмнөговь аймаг Даланзадгад сум Хаш дэлгүүрийн хойд талд байршилтай, 426.2 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар, 4608007313 нэгж талбарын дугаартай мөн хаягт байршилтай, 578.3 м2 талбайтай эзэмших эрхтэй газар, 4608007314 нэгж талбарын дугаартай, мөн хаягт байршилтай, 455.4 м2 талбайтай эзэмших эрхтэй газрыг,

7. БГ5205112817-2 дугаартай барьцааны гэрээгээр А.Нарандэлгэрийн өмчлөлийн 11-91 ӨМӨ улсын дугаартай, 1С4RJРFG3СС123344 арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн Jeep Grand Cherokee автомашиныг тус тус барьцаалж, ипотекийн болон барьцааны гэрээг барьцуулагч нартай бичгээр байгуулсан, үл хөдлөх хөрөнгийн барьцааг бүртгүүлэх тухай Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 161 дүгээр зүйлийн 161.1, 165 дугаар зүйлийн 165.1, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт заасан шаардлагуудыг хангасан байх тул хүчин төгөлдөр хэлцэл гэж гэж үзнэ. /хэргийн 14-32 дугаар зүйл/

Барьцааны зүйл болох гэрээнд заасан эд хөрөнгийн эзэмших болон өмчлөх эрхийг нотолсон нотлох баримтууд болон Б.Амгаланбаатараас Говийн өгөөж ХХК-д өөрийн өмчлөлийн болон эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг барьцаанд тавьж зээл авах эрхийг олгосон итгэмжлэл авагджээ. /хэргийн 38-59 дүгээр хуудас/ Б.Амгаланбаатар нь ЗБ5205112817-1, ЗБ5205112817-4 гэрээнд гарын үсгээ зурсан. /хэргийн 14-16, 23-25 дугаар хуудас/

БГ5205112817-1, БГ5205112817-2, ЗБ5205112817-1, ЗБ5205112817-4 дугаартай барьцааны болон ипотекийн гэрээгээр үүргийн гүйцэтгэл хангах талаар маргаан гараагүй байна.

Мөн банк нь ЗГ5205112817 дугаар зээлийн гэрээний үүргийг хангуулах зорилгоор хариуцагч А.Нарандэлгэртэй БДГ5205112817-1 дугаартай батлан даалтын гэрээ байгуулсан байна. /хэргийн 33 дугаар хуудас/

А.Нарандэлгэр нь ажил үүргийн хүрээнд биш, иргэний хувиар Говийн өгөөж ХХК-ийг ЗГ5205112817 дугаартай зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэж чадна гэж банкинд баталж, чадахгүй тохиолдолд өөрөө хариуцахаар тохирч банктай байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсэгт заасан батлан даалтын гэрээний шинжийг хангаж байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Зээлдүүлэгч нь зээлийн хувийн хэрэгт зээлийн батлан даагчийн бүртгэлд батлан даагчийн нэр, хаяг, харилцагч банкны нэр, харилцах дансны дугаар зэргийг тусгана. Батлан даагчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, үйл ажиллагааны талаар зээлдэгчийн адил судалж тэмдэглэсэн байх ёстой боловч энэ тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэрээний 2.1-т батлан даагчийн харилцах данс гэж бичсэн байх тул банкийг А.Нарандэлгэртэй зээлдэгч Говийн өгөөж ХХК-ийг зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд түүний харилцах дансаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан ойлгоно.

Хариуцагч Д.Эрдэнэцэцэг, Х.Буяндэлгэр нарын Говийн өгөөж ХХК-д зээлийн барьцаанд өөрийн үл хөдлөх хөрөнгөө барьцаалахыг зөвшөөрсөн итгэмжлэл хэрэгт авагдаагүй боловч ЗБ5205112817-2 дугаартай ипотекийн гэрээг Х.Буяндэлгэр, ЗБ5205112817-3 дугаартай ипотекийн гэрээг Д.Эрдэнэцэцэг нар тус тус банктай байгуулж гэрээнд гарын үсгээ зурсан байх тул тэдний үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээр хангахаас татгалзсан татгалзал хууль болон гэрээнд нийцээгүй. /хэргийн 17-22 дугаар хуудас/

Говийн өгөөж ХХК-ий төлөөлөгч А.Нарандэлгэр нь 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн ЗБ5205112817-5 ипотекийн гэрээ болон энэ гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан бүх гэрээг Иргэний хуульд зааснаар хүчин төгөлдөр бус тул шүүх өөрийн санаачилгаар хүчин төгөлдөр бусад тооцуулах гэсэн тайлбарынхаа үндэслэлийг энэ гэрээг зээл авах зорилгоор биш хүү бууруулах зорилгоор байгуулсан, зээл олгоход барилгын гэрчилгээг барьцаална гэсэн заалт байхгүй гэж, нэхэмжлэгч нь уг тайлбарын эсрэг зээлийн гэрээний 3.4.3-т ирээдүйд талуудын хооронд байгуулах барьцааны гэрээ гэж заасны дагуу байгуулагдсан гэрээ гэж мэтгэлцжээ. /хэргийн 160, 161 дүгээр хуудас/

ЗБ5205112817-5 ипотекийн гэрээгээр орон сууц, үйлчилгээний зориулалттай 80%-ийн гүйцэтгэлтэй үл хөдлөх барьцаалсан байх бөгөөд уг гэрээнд ЗБ5205112817-5-А, ЗБ5205112817-5-Б, ЗБ5205112817-5-В,ЗБ5205112817-5-Г гэсэн гэрээгээр талбайн хэмжээ, үнийн дүнд өөрчлөлт оруулсан байна. /хэргийн 34-37 дугаар хуудас/

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ үүргийн гүйцэтгэлийг ЗБ5205112817-5 гэрээний зүйлээр хангуулахаар нэхэмжилж, харин өөрчлөлт оруулсан гэрээний зүйлээр хангуулах шаардлага гаргаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн хүрээнд хэргийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгтэй нийцнэ гэж үзэв.

Үүрэг гүйцэтгүүлэгч болох банк нь шаардлагаа ипотек болон барьцааны аль нэг хөрөнгөөр хангуулахыг сонгоогүй байна.

Дээр дурдсаныг нэгтгэвэл Говийн өгөөж ХХК нь зээлийн гэрээний дагуу зээлээ эргэн төлөх үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний үүргийг барьцааны болон ипотекийн гэрээнд зааснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй гэж үзэж энэ тухай шаардлагыг бүхэлд нь хангахаар шийдвэрлэлээ.

10. Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагад 140400, хамтран хариуцагч оролцуулсан нэхэмжлэлд 70200 төгрөг, мөнгөн дүнгээр нэхэмжилсэн шаардлагад 17,460,412 төгрөг нийт 17,671,012 төгрөг төлсөн байна. /хэргийн72, 131 дүгээр хуудас/

11. Давж заалдах шатны шүүхээс мөнгөн дүнгээр нэхэмжилсэн шаардлагад төлсөн хураамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар хуваарилж, эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд төлсөн 210600 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

12. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг үндэслэлтэй гэж үзсэн тул давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчид хариуцуулсан дүнгийн хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 143/ШШ2021/00305 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн:

1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зааснаар Говийн өгөөж ХХК-иас 2,907,713.415.6 төгрөг гаргуулж Голомт банк ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 552,779,022 төгрөгийг, Б.Амгаланбаатар, Д.Эрдэнэцэцэг, А.Ирмүүн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж,

2 ба 3 дахь заалтыг нэгтэн 2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Говийн өгөөж ХХК нь шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд ЗБ5205112817-1 дугаартай ипотекийн гэрээнд заасан Б.Амгаланбаатарын өмчлөлийн Ү-1105002288 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн хашаанд байршилтай, 119 м2 талбайтай хувийн сууц,

 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг хүнсний 3-р дэлгүүрийн баруун тал, 282.39 м2 талбайтай хүнсний дэлгүүрийн зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө,

 улсын бүртгэлийн дугаартай Өмнөговь аймгийн Даланзадгад сумын төв 2-р баг нийтийн халуун усны баруун тал, 510 м2 талбайтай дэлгүүр, агуулахын зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгийг,

 дугаартай ипотекийн гэрээнд заасан Х.Буяндэлгэрийн өмчлөлийн  улсын бүртгэлийн дугаартай  тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,

 дугаартай ипотекийн гэрээнд заасан Д.Эрдэнэцэцэгийн өмчлөлийн улсын бүртгэлийн дугаартай  тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,

дугаартай ипотекийн гэрээнд заасан А.Ирмүүний өмчлөлийн  улсын бүртгэлийн дугаартай  тоот хаягт байршилтай, 1500 м2 талбайтай өмчлөх эрхтэй газрыг,

 дугаартай ипотекийн гэрээнд заасан Говийн өгөөж ХХК-ний улсын бүртгэлийн дугаартай дэлгүүрийн урд хаягтай, 5174.84 м2 талбайтай, орон сууц үйлчилгээний зориулалттай /2,543,171,592 төгрөгөөр үнэлсэн, 80% гүйцэтгэлтэй/ үл хөдлөх хөрөнгийг,

дугаартай барьцааны гэрээнд заасан Говийн өгөөж ХХК-ний эзэмшлийн нэгж талбарын дугаартай, хойд талд байршилтай, 426.2 м2 талбайтай худалдаа үйлчилгээний зориулалттай эзэмших эрхтэй газар,  нэгж талбарын дугаартай мөн хаягт байршилтай, 578.3 м2 талбайтай эзэмших эрхтэй газар, нэгж талбарын дугаартай, мөн хаягт байршилтай, 455.4 м2 талбайтай эзэмших эрхтэй газрыг тус тус худалдан борлуулж үнийн дүнгээс,

дугаартай батлан даалтын гэрээгээр А.Нарандэлгэрийн харилцах батлан даагчийн харилцах дансаас,

дугаартай барьцааны гэрээнд заасан А.Нарандэлгэрийн өмчлөлийн улсын дугаартай, арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэсэн Jeep Grand Cherokee автомашиныг Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т зааснаар захиран зарцуулах эрхтэйгээр нэхэмжлэгчид шилжүүлж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр газарт даалгасугай гэж,

4 гэх заалтын дугаарыг 3 болгож, 3. Улсын тэмдэгтийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь  хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,671,012 төгрөгөөс 17,460,412 төгрөгийг орон нутгийн тсөвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 14,696,517 төгрөг, Голомт банк дахь дугаар данснаас 210600 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Голомт  банкинд олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Голомт банкнаас давж заалдах гомдол гаргахдаа Голомт банк дахь дугаар дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,671,012 төгрөгөөс 2,763,895 төгрөгийг хэвээр үлдээж, 14,907,117 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                  Н.НАСАНЖАРГАЛ

         ШҮҮГЧИД                  Х.ГЭРЭЛМАА

                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ