Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 181/ШШ2022/01938

 








 

 

 2022        09           02                                      181/ШШ2022/01938

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  байрлах, Элч өртөө тээвэр ХХК //-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  байрлах, Монгол даатгал ХК //-д холбогдох

Даатгалын нөхөн төлбөрт 73,170,200 төгрөг, алданги 36,585,100 төгрөг нийт 109,755,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Элч өртөө тээвэр ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартай: Элч Өртөө Тээвэр ХХК нь хариуцагч Монгол даатгал ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 90С2020005804 дугаартай Дотоод ачаа тээврийн даатгал, 2020 оны 06-р сарын 19-ны өдөр 90С2020005813 дугаартай Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал"-ын гэрээнүүдийг тус тус байгуулсан.

Тус гэрээнүүдээр даатгагдсан тээврийн хэрэгсэл болох 09-18УНМ улсын дугаартай авто зүтгүүр болон 09-18АА улсын дугаартай 19-279 торхны дугаартай 52,690 л багтаамжтай автоцистерн чиргүүлийн хамт осолдож 21,496 л дизель түлш асгарч, тээвэрлэж байсан ачаанд 37,188,080 төгрөг, тээврийн хэрэгсэлд 47,375,000 төгрөг, нийт 84,563,080 төгрөгийн хохирол учирсан бөгөөд манай компанийн зүгээс нөхөн төлбөр нэхэмжилж 2021 оны 03 сарын 19-ны өдөр 01/17 тоот албан бичгээр "Монгол даатгал ХК-д хандсан. Гэтэл даатгуулагч Монгол Даатгал ХХК нь даатгалын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийж, үндэслэлгүйгээр нөхөн төлбөр олгохоос татгалзаж энэ тухайгаа гурван сарын дараа буюу 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 01/670 тоот албан бичгээр манай компанид мэдэгдсэн.

Нэхэмжлэгч нь хариуцагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул 2021 ны 7 дугаар сарын 28-ны өдөр 01/98 тоот албан бичгээр Санхүүгийн зохицуулах хороонд хандсан. Санхүүгийн зохицуулах хорооноос манай компанийн гомдлыг хянан үзээд 2021 оны 8 дугаар сарын 23-ны 9/2827 дугаартай албан бичгээр Монгол даатгал ХК нь нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байгаа тул нөхөн төлбөрийг олгож 2021 оны 9 дүгээр сарын 01-ний дотор эргэн мэдэгдэхийг хариуцагчид даалгасан.

Гэтэл хариуцагч нь даатгалын нөхөн төлбөрийг өнөөдөрийг хүртэл олгоогүй байгаа тул хариуцагч Монгол даатгал ХК-тай байгуулсан 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 90С2020005804 дугаартай Дотоод ачаа тээврийн даатгал, 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 90С2020005813 дугаартай Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал-ын гэрээнүүдийн дагуу тээвэрлэж байсан ачаанд учирсан хохирол 37,188,080 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 47,375,000 төгрөг, нийт 84,563,080 төгрөгийн нөхөн төлбөрийг Монгол даатгал ХК-иас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнүүдийн 12 дугаар зүйлийн 12.5.7-д заасны дагуу нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авсан өдрөөс хойш 14 өдрийн дотор нөхөн төлбөрийг олгох бөгөөд мөн гэрээнүүдийн 9.1-д заасны дагуу хэрэв даатгагч нь гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0,5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг төлөхөөр талууд тохиролцсон.

Хариуцагч Монгол даатгал ХК нь өнөөдрийг хүртэл нөхөн төлбөрийг олгоогүй байгаа бөгөөд даатгалын гэрээнд заасны дагуу нөхөн төлбөрийн баримтыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор нөхөн төлбөр олгох ёстой байсан гэж үзвэл 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс хойш хугацаа хэтрүүлсэн.

Манай компани нь хугацаа хэтэрсэн хоногийг Санхүүгийн зохицуулах хорооноос заасан хугацаа болох 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр тооцож, алдангийн хэмжээ нь гүйцэтгээгүй үүрэг болох олгоогүй нөхөн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй гэсний дагуу нэхэмжилсэн.

Түүнчлэн, өмнөх нэхэмжлэлд 90С2020005804 дугаартай Дотоод ачаа тээврийн даатгал-ын гэрээний дагуу нэхэмжилж байсан ачаанд учирсан хохирлыг тооцохдоо бага зэргийн алдаа гаргасан байсныг залруулж ачаанд учирсан хохиролыг 25,795,200 төгрөг болгон зөвтгөн бууруулж нэхэмжилж байна.

Иймд Хариуцагч Монгол даатгал ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 90С2020005804 дугаартай Дотоод ачаа тээврийн даатгал-ын гэрээний дагуу ачаанд учирсан хохиролд 25,795,200 төгрөг, уг гэрээний 9.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсэний алданги 12,897,600 төгрөг, 90С2020005813 дугаартай Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал-ын гэрээний дагуу тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 47,375,000 төгрөг, тус гэрээний 9.1-д заасны дагуу хугацаа хэтрүүлсний алдангид 23,687,500 төгрөг, нийт 109,755,300 төгрөгийг Монгол даатгал ХК-иас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Монгол даатгал ХК шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Монгол даатгал ХК нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Элч Өртөө тээвэр ХХК-тай 90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ, 90С2020005813 тоот Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ-г тус тус 1 жилийн хугацаатай байгуулсан.

90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ-ээр Улаанбаатар болон 21 аймгийн нутаг дэвсгэрт дизель түлш, бензин А-92, А-80, ажилласан масло-тосол зэрэг нэхэмжлэгчийн өмчлөлийн 17 ширхэг зүтгүүр, мөн тооны чиргүүлээр тээвэрлэх шатахууныг байгалийн, зам тээврийн хөдөлгөөний үеийн, тээвэрлэлтийн үеийн эрсдэлүүдээс тус тус даатгасан.

Ингэхдээ гэрээний талууд зүтгүүр болон чиргүүл тус бүрийн 1 удаагийн тээвэрлэлтийн дээд хэмжээ /литр/, шатахууны литр тутмыг тооцох үнэлгээ, нэг удаагийн тээвэрлэлтэд олгох нөхөн төлбөрийн дээд хязгаар, даатгалын үнэлгээ, хураамжийн хэмжээ, зүтгүүр болон чиргүүл тус бүрийг жолоодох жолоочийн мэдээллийг нэг бүрчлэн тохиролцож тодорхойлсон.

Харин 90С2020005813 тоот Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ-ээр Элч Өртөө тээвэр ХХК-ийн өмчлөлийн 17 зүтгүүр болон мөн тооны чиргүүлийг ашиглалтын үеийн, галын, байгалийн, цахилгаан хүчний зэрэг үндсэн, ашиглалтын бус үеийн болон зориулалтын зогсоол, граж, талбай дээр байх үеийн, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн зэрэг нэмэлт эрсдэлүүдээс тус тус даатгасан. Ингэхдээ мөн адил зүтгүүр болон чиргүүд тус бүрийн үнэлгээ, даатгалын хураамжийг нэг бүрчлэн тохиролцож тодорхойлсон.

Үйл баримтын тухайд:

Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдөр Элч Өртөө тээвэр ХХК-ийн өмчлөлийн 09-18АА улсын дугаартай цистерний чиргүүлийг 09-18 УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт чирж явсан жолооч М.Ванчинсүрэн нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, Найз 3 дугаар багийн нутагт Даланзадгад чиглэлд явах хатуу хучилттай авто замын 14 дэх км-т чиргүүлийг онхолдуулсан осол гаргасан.

Энэхүү ослын улмаас 09-18 АА улсын дугаартай цистерний чиргүүлд учирсан хохирлын хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-иас 2 тоот тайлангаар 58,500,000 төгрөгөөр, харин 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ашид Билгүүн ХХК-аас 294 тоот тайлангаар 45,260,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бол 09-18 УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт учирсан хохирлын хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-аас 1 тоот тайлангаар 1,525,000 төгрөгөөр, харин 2021 оны 3 дугаар сарын 11 -ний өдөр Ашид Билгүүн ХХК-иас 293 тоот тайлангаар 2,115,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг.

Уг осолтой холбоотой гомдлыг шалгасан мөрдөгчөөс хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасныг хянасан прокурорын 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор хохирогч Ц.Мөнхбаатарын ...би өөрийн байгууллагын тээврийн хэрэгсэл, ачааг Монгол Даатгал ХК-д бүрэн даатгуулсан байгаа. Дээрх хохирлыг даатгалын байгууллагаас бүрэн нэхэмжлэх учраас гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ийн тээврийн хэрэгсэлд 2,115,000 төгрөгийн, чиргүүлд 45,260,000 төгрөгийн хохирол тус тус учирсан гэх дүгнэлтүүд, осол болсон шалтгааныг талаарх эрх бүхий албан тушаалтны магадлагаа, хөрсний экологи эдийн засгийн үнэлгээ 1,409,800 төгрөгийн хохирол учирсан гэх дүгнэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөө бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл болон бусад баримтуудыг хянан үзээд жолооч М.Ванчинсүрэнг тээврийн хэрэгсэл жолоодож яваад 09-18АА түлштэй цистерн чиргүүлийн холбоос тасарч тээврийн хэрэгсэлд гэнэт эвдрэл үүсэж, зам тээврийн осол гаргаж, 48,784,800 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байна, ...М.Ванчинсүрэнгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байдаг.

Ослын улмаас учирсан хохирлын хэмжээг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10-т заасан их хэмжээ буюу 50,000,000 төгрөгт хүрээгүй үндэслэлээр ийнхүү хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан байдаг ч чухам ямар учраас Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийн үнэлгээг үндэслээгүй болохыг дурдаагүй. Энэ ажиллагаанд Монгол даатгал ХК оролцоогүй тул тухайн тогтоолыг эс зөвшөөрсөн талаарх гомдлыг гаргах боломжгүй байсан ч энэ нь гэмт хэргийн шинж чанар, зорилготойгоор үйлдсэн үйлдлийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлийг үгүйсгэхгүй гэж үзэж байна.

Осол тарах болсон шалтгаан нөхцөлийг тогтоохдоо хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч Я.Нэргүй нь ...Жолооч М.Ванчинсүрэн нь 09-18УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед 09-18АА түлштэй цистерн чиргүүлийн холбоос тасарч, тээврийн хэрэгсэлд гэнэтийн эвдрэл үүссэн нь осол болох шалтгаан болсон гэж үзэж байна гэсэн дүгнэлт хийж, эрх бүхий албан тушаалтны 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот магадлагааг гаргасан байдаг.

Энэхүү магадлагааны дүгнэлтийг, уг магадлагааг гаргахдаа жолооч М.Ванчинсүрэнгээс асуусан асуултад түүний өгсөн ...Чиргүүлийн холбоос Шарын голоос түлш ачаад хот руу ирэх замд эвгүй замаар явдаг. Тэр үед чиргүүлийн холбоосонд цав суусан байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл ослын дараа чиргүүлийн холбоосыг буцааж гагнах үед холбоос төмөр зарим газраа гагнаасаараа цав суусан байдалтай байсан, зургийг нь би авсан байгаа. Чиргүүлийн холбоосыг ачаагүй бол үзэж болно, ачаатай бол холбоос үзэх боломжгүй гэх... гэх мэдүүлэгтэй харьцуулан дүгнэвэл тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс болж хохирол учирсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байна.

Учирсан гэх хохирлын тухайд:

Ослын улмаас 09-18АА улсын дугаартай цистерний чиргүүлд учирсан хохирлын хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-аас 2 тоот тайлангаар 58,500,000 төгрөгөөр, харин 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ашид Билгүүн ХХК-аас 294 тоот тайлангаар 45,260,000 төгрөгөөр тус тус үнэлсэн бол 09-18УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт учирсан хохирлын хэмжээг 2021 оны 3 дугаар сарын 02-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-аас 1 тоот тайлангаар 1,525,000 төгрөгөөр, харин 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Ашид Билгүүн ХХК-аас 293 тоот тайлангаар 2,115,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байдаг.

Харин чиргүүлд ачиж явсан 52,690 литр түлшний 21,496 литр нь асгарч, нэг бүрийн үнийг 1,730 төгрөгөөр тооцсоны дагуу бүгд 37,188,080 төгрөгийн хохирол учирсан гэж нэхэмжилсэн байдаг.

Дээрх нөхцөл байдлуудыг гэрээний заалтуудтай харьцуулан дүгнэвэл:

1. Чиргүүлийн холбоос тасарч, тээврийн хэрэгсэлд гэнэтийн эвдрэл үүссэнээс хохирол учирсан гэх үндэслэл нь гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас болон тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс болж учирсан хохирол буюу 90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ-ний 12.5.18.4, 12.5.18.34 дэх заалтууд, 90С2020005813 тоот Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ-ний 15.5.9.14 дэх хэсгээр тус тус даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах бүрэн үндэслэлтэй.

2. Даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоогдоогүй гэж үзэх үндэслэлтэй.

09-18АА улсын дугаартай цистерний чиргүүлд болон 09-18УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт учирсан хохирлын хэмжээг Сэлэнгэ Эстимэйт ХХК болон Ашид Билгүүн ХХК өөр өөрөөр тодорхойлсон.

Мөн 90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ-ний хавсралт 1-д заасан жолооч буюу У.Пүрэвсүрэн нь 09-18АА улсын дугаартай цистерний чиргүүл болон 09-18УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрийг жолоодож яваагүй, өөр жолооч жолоодон явах үед осол гарч, хохирол учирсан байдаг бөгөөд тухайн хавсралтад 1 литр шатахууны үнийг 1,200 төгрөгөөр, нэг удаагийн тээвэрлэлтийн нөхөн төлбөр олгох дээд хязгаарыг 31,614,000 төгрөгөөр тогтоосон хэмжээнээс хэтэрсэн байдаг. Гэрээ ёсоор бол хавсралтад заасан жолооч У.Пүрэвсүрэн 09-18 АА улсын дугаартай цистерний чиргүүл болон 09-18 УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрийг жолоодож яваад даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас даатгалын зүйлд буюу ачиж явсан шатахуунд хохирол учирсан байсан, нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдээгүй байсан бол асгарсан 21,496 литр түлшийг 1,200 төгрөгөөр тооцож, 25,795,200 төгрөгийн нөхөн төлбөрийг хариуцагчаас олгох асуудал яригдах байсан.

З. Эрүүгийн хэргийг шалгах явцад хохирогчоор тогтоогдсон Элч Өртөө тээвэр ХХК-ийн захирал Ц.М-ын ...би өөрийн байгууллагын тээврийн хэрэгсэл, ачааг Монгол Даатгал XXK-д бүрэн даатгуулсан байгаа. Дээрх хохирлыг даатгалын байгууллагаас бүрэн нэхэмжлэх учраас гомдол санал байхгүй... гэсэн мэдүүлгээр нэхэмжлэгч байгууллага нь ослын улмаас учирсан хохирлын талаар гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх үндэслэлийг бүрдүүлж байгааг анхаарна уу.

Энэ нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэсэн зохицуулалтын дагуу Монгол Даатгал ХК-ийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.

2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ, Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ-ний 9.1-д хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө гэж заасан.

Хариуцагчийн зүгээс даатгалын гэрээгээр тохирсон ёсоор даатгалын зүйлд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй, даатгагч гэм хор нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж маргаж байгаа тул Монгол даатгал ХК-ийг нөхөн төлбөрөө хугацаандаа олгох үүргээ зөрчсөний улмаас даатгуулагчид алданги шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд даатгуулагч Элч өртөө тээвэр ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дээр дурдсан үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Элч өртөө тээвэр ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020.06.19-ний өдрийн 90C2020005804 дугаар Дотоод аяаа тээврийн даатгал-ын гэрээ, хавсралт №1, 2020.06.19-ний өдрийн 90C2020005813 дугаар Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал-ын гэрээ, хавсралт №1, Элч өртөө тээвэр ХХК-ийн 2021.03.19-ний өдрийн 01/17 дугаар албан бичиг, Монгол даатгал ХК-ийн 2021.06.21-ний өдрийн 01/670 дугаар албан бичиг, Элч өртөө тээвэр ХХК-ийн 2021.07.28-ны өдрийн 01/98 дугаар албан бичиг, Санхүүгийн зохицуулах хорооны 2021.08.23-ны өдрийн 9/2827 дугаар Даатгалын нөхөн төлбөрийн тухай албан бичиг, Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021.03.22-ны өдрийн 40 дугаар тогтоол, Ашид билгүүн ХХК-ийн 2021.03.05-ны өдрийн 293, 294 дугаар үнэлгээний тайлан, Собу петро ХХК-ийн 2021.03.01-ны өдрийн Шатахууны төлбөр барагдуулах тухай албан бичиг, Борлуулалт ШТМ зарлагын падаан №056, Амбер ХХК-ийн Сорилтын үр дүнгийн тайлан, Шатахуун хүлээлцсэн тухай акт, Бараа материал хүлээн авалтын баримт, 2019.06.11-ний өдрийн Шатахуун тээвэрлэлтийн гэрээ, 2020.10.21-ний өдрийн Шатахуун тээвэрлэлтийн гэрээ, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Цагдаагийн хэсгийн 2021.03.12-ны өдрийн 01 албан бичиг, 2021.03.11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020.10.20-ны өдрийн 02-07-110/1527 дугаар дүгнэлт, зэргийг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч талаас Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2021.03.02-ны өдрийн №1, №2 ...хохирлын үнэлгээний тайлан, автозүтгүүр болон чиргүүлийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, М.Ванчинсүрэнгийн жолоочийн үнэмлэх, Монгол даатгал ХК-ийн 2021.09.01-ний өдрийн 01/994 дугаар албан бичиг зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Элч өртөө тээвэр ХХК нь хариуцагч Монгол даатгал ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 73,170,200 төгрөг, алданги 36,585,100 төгрөг нийт 109,755,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

1. Монгол даатгал ХК нь Элч өртөө тээвэр ХХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгал, 90С2020005813 тоот Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал-ын гэрээнүүдийг бичгээр байгуулж, Элч өртөө тээвэр ХХК-ийн өмчлөлийн 17 ширхэг зүтгүүр, мөн тооны чиргүүлээр тээвэрлэх шатахууныг байгалийн, зам тээврийн хөдөлгөөний үеийн, тээвэрлэлтийн үеийн эрсдэлүүдээс, 17 зүтгүүр болон мөн тооны чиргүүлийг ашиглалтын үеийн, галын, байгалийн, цахилгаан хүчний зэрэг үндсэн, ашиглалтын бус үеийн болон зориулалтын зогсоол, граж, талбай дээр байх үеийн, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдлийн зэрэг нэмэлт эрсдэлүүдээс тус тус даатгаж, даатгалын тохиолдол бий болоход учирсан хохирол буюу нөхөн төлбөрийг олгохоор тохиролцож, даатгуулагч Элч өртөө тээвэр ХХК нь даатгалын хураамжид нийт 34,590,600 төгрөгийг төлж, талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан Даатгалын гэрээ байгуулагдсан, гэрээг үгүйсгэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

2. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр жолооч М.Ванчинсүрэн нь даатгагдсан тээврийн хэрэгсэл болох 09-18 УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт 09-18АА улсын дугаартай цистерний чиргүүлийг чирж жолоодон Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, Найз 3 дугаар багийн нутагт Даланзадгад чиглэлд явахдаа хатуу хучилттай авто замын 14 дэх км-т чиргүүлийг онхолдуулан осол гаргасны улмаас 21,496 л дизель түлш асгарч, тээвэрлэж байсан ачаанд 37,188,080 төгрөг, 09-18УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт 2,115,000 төгрөг, 09-18АА улсын дугаартай цистерний чиргүүлд 45,260,000 төгрөгийн хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021.03.22-ны өдрийн 40 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2021.03.11-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумын Цагдаагийн хэсгийн 2021.03.12-ны өдрийн 01 албан бичиг, Ашид билгүүн ХХК-ийн 2021.03.05-ны өдрийн 293, 294 дугаар үнэлгээний тайлан, 2019.06.11-ний өдрийн болон 2020.10.21-ний өдрийн Шатахуун тээвэрлэлтийн гэрээ, Собу петро ХХК-ийн 2021.03.01-ны өдрийн Шатахууны төлбөр барагдуулах тухай албан бичиг, Борлуулалт ШТМ зарлагын падаан №056, Амбер ХХК-ийн Сорилтын үр дүнгийн тайлан, Шатахуун хүлээлцсэн тухай акт, Бараа материал хүлээн авалтын баримт зэргээр тогтоогдож байна. /хавтаст хэргийн 34-47, 51-56х/

 

3. Даатгалын тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар аливаа этгээд даатгалын үйл ажиллагаатай холбогдон гарсан маргааныг Зохицуулах хороонд тавьж шийдвэрлүүлэх бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 10 хоногийн дотор шүүхэд давж заалдаж болно гэж заасан. Нэхэмжлэгч шүүхээс урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэгжүүлж Санхүүгийн Зохицуулах хороонд хандсан бөгөөд тус хороо талуудаас холбогдох тайлбар нотлох баримтыг авч судлаад талуудын хооронд байгуулсан даатгалын гэрээнд заасан үндсэн эрсдлүүд үүссэн байх тул учирсан хохирлын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгохыг үүрэг болгосон шийдвэр гаргасан байна. автаст хэргийн 32 хуудас/

4. Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг гэж заасан.

 

4.1. Жолооч М.Ванчинсүрэн нь 09-18УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед 09-18АА түлштэй цистерн чиргүүлийн холбоос тасарч, тээврийн хэрэгсэлд гэнэтийн эвдрэл үүсэж зам тээврийн осол гарсаны улмаас хохирол учирсан байдал нь 90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгал гэрээгээр тохиролцсон нэхэмжлэгчийн өмчлөлийн 17 ширхэг зүтгүүр, мөн тооны чиргүүлээр тээвэрлэх шатахууныг зам, тээврийн хөдөлгөөний үеийн эрсдэл, тээвэрлэлтийн үеийн эрсдэлээс, 90С2020005813 тоот Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгал-ын гэрээгээр тохиролцсон 17 зүтгүүр болон мөн тооны чиргүүлийг ашиглалтын үеийн эрсдэлээс хамгаалах даатгалын тохиолдолд хамаарч байна.

 

4.2. Хариуцагч Монгол даатгал ХК нь даатгалын гэрээний нөхөн төлбөр олгохоос татгалзах үндэслэл бүрдсэн буюу гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас болон тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэснээр осол гарсан, тээврийн хэрэгслийг даатгалын гэрээгээр тохиролцсон жолоочоос өөр жолооч жолоодон явах үед осол гарсан, учирсан хохирлын талаар гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

 

4.2.а. 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №02 тоот Эрх бүхий албан тушаалтны магадлагаа-гаар жолооч М.Ванчинсүрэн нь 09-18 УНМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үед 09-18АА түлштэй цистерн чиргүүлийн холбоос тасарч, тээврийн хэрэгсэлд гэнэтийн эвдрэл үүссэн нь осол болох шалтгаан болсон гэж үзэж байна. Жолооч М.Ванчинсүрэн нь Зам хөдөлгөөний дүрмийн ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн, мөн Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021.03.22-ны өдрийн 40 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор жолооч М.Ванчинсүрэнгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн гэмт хэргийн шинжгүй гэж үзэн хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. /хавтаст хэргийн 56, 34-35 хуудас/

Эдгээрээс үзэхэд зам тээврийн осол гарсан шалтгаан нь Жолооч М.Ванчинсүрэнгийн гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйгээс болоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайханы хохирол их хэмжээ буюу 50,000,000 төгрөгт хүрээгүй нь хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах үндэслэл болсон гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

Мөн даатгалын зүйл болох 09-18АА цистерний чиргүүл 2019 онд үйлдвэрлэгдэж, импортоор 2019.12.10-ны өдөр орж ирсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх-91х/-гээр тогтоогдож байгаа бөгөөд Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020.10.20-ны өдрийн 02-07-110/1527 дугаар дүгнэлт /хх-57-59х/-ээр 09-18УНМ улсын дугаартай зүтгүүр, 09-18АА улсын дугаартай цистерний чиргүүл нь тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн үзүүлэлт, шаардлага, автотээврийн хэрэгслээр аюултай ачаа тээвэрлэх тээвэрлэлтийн нөхцлийг хангасан болохыг тогтоосон байх тул 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 02 тоот магадлагаанд тусгагдсан жолооч М.Ванчинсүрэнгийн ...Чиргүүлийн холбоос Шарын голоос түлш ачаад хот руу ирэх замд эвгүй замаар явдаг. Тэр үед чиргүүлийн холбоосонд цав суусан байж магадгүй гэж бодож байна. Яагаад гэвэл ослын дараа чиргүүлийн холбоосыг буцааж гагнах үед холбоос төмөр зарим газраа гагнаасаараа цав суусан байдалтай байсан гэх мэдүүлгээр тээврийн хэрэгслийг шаардлага хангаагүй гэж үзэх боломжгүй байна.

 

Иймээс хариуцагч Монгол даатгал ХК-ийн чиргүүлийн холбоос тасарч, тээврийн хэрэгсэлд эвдрэл үүссэнээс хохирол учирсан байдлыг гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас болон тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс болсон гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

4.2.б. Зам тээврийн ослын хэргийг шалгах явцдаа Цагдаагийн байгууллага нь 2021.03.02-ны өдөр Сэлэнгэ эстимэйт ХХК-иар №1, №2 тоот хохирлын үнэлгээний тайланг, 2021.03.05-ны өдөр Ашид билгүүн ХХК-иар 293, 294 тоот хохирлын үнэлгээний тайланг тус тус гаргуулсан байх бөгөөд Ашид билгүүн ХХК-ийн 293, 294 тоот хохирлын үнэлгээний тайлангаар зам тээврийн ослын улмаас учирсан хохирлыг тогтоосон болох нь Өмнөговь аймгийн Прокурорын газрын Прокурорын 2021.03.22-ны өдрийн 40 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор тогтоогдож байна.

Иймд хохирлын хэмжээг Сэлэнгэ Эстимэйт ХХК болон Ашид Билгүүн ХХК нар өөр өөрөөр тодорхойлсон гэх үндэслэлээр даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээ бодитоор тогтоогдоогүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

4.2.в. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.2Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна гэж заасан.

Талуудын хооронд байгуулагдсан 90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгал гэрээний 2.1 болон 12.3-т даатгалын зүйлийн нийт үнэлгээ 4,227,120,000 төгрөг, даатгалын хураамжийн нийт хэмжээ 21,135,600 төгрөг байхаар тогтоосон ба гэрээний хавсралтад 17 зүтгүүр, мөн тооны чиргүүлээр тээвэрлэх шатахууны хэмжээ /литр/-г тохиролцсон үнэлгээ /литр тутмын үнэ 1200 төгрөг/-гээр үржүүлэн даатгалын нийт үнэлгээ /нийт 4,227,120,000 төгрөг/-г тодорхойлсон байх тул уг даатгалын гэрээний даатгалын зүйл нь даатгуулагчийн өмчлөлийн 17 ширхэг зүтгүүр, мөн тооны чиргүүлээр тээвэрлэх шатахуун байна.

Мөн гэрээний 12.5.17-д Энэхүү гэрээний хавсралт №1-д заасан техник тус бүр дээр, мөн хавсралтад заасан нэр бүхий жолоочдоос гадна Элч өртөө тээвэр ХХК-тай хөдөлмөрийн гэрээ байгуулсан дурын нэг жолооч барих эрхтэй болно гэж талууд тохиролцсон байх бөгөөд гэрээний хавсралт №1-д жолооч М.Ванчинсүрэнгийн нэр орсон байна. /хх-16х/

Иймээс Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарах бөгөөд талуудыг техник тус бүрийг жолоодох жолооч нэг бүрийг тохиролцсон гэж үзэх үндэслэлгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайханы тээврийн хэрэгслийг даатгалын гэрээгээр тохиролцсон жолоочоос өөр жолооч жолоодон явах үед осол гарсан гэх үндэслэлээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан нь үндэслэлгүй байна.

 

4.2.г. Нэхэмжлэгч Элч Өртөө тээвэр ХХК-ийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан гэх үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Зам тээврийн ослыг шалгах явцад Элч Өртөө тээвэр ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатар ...би өөрийн байгууллагын тээврийн хэрэгсэл, ачааг Монгол Даатгал XK-д бүрэн даатгуулсан байгаа. Дээрх хохирлыг даатгалын байгууллагаас бүрэн нэхэмжлэх учраас гомдол санал байхгүй... гэх тайлбар гаргасан нь гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм.

Иймд Монгол Даатгал ХК-ийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгч Элч өртөө тээвэр ХХК нь Ашид билгүүн ХХК-ийн 2021.03.05-ны өдрийн 293, 294 дугаар үнэлгээний тайлангаар тогтоосон 09-18УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт учирсан хохирол 2,115,000 төгрөг, 09-18АА улсын дугаартай цистерний чиргүүлд учирсан хохирол 45,260,000 төгрөгөөр тус тус даатгалын нөхөн төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.

Мөн 90С2020005804 тоот Дотоодын ачаа тээврийн даатгал гэрээгээр зүтгүүр болон чиргүүл тус бүрийн 1 удаагийн тээвэрлэлтийн дээд хэмжээ /литр/, шатахууны литр тутмын үнэ, нэг удаагийн тээвэрлэлтэд нөхөн төлбөр олгох дээд хязгаар тогтоосон тул асгарсан 21,496 литр түлшийг 1,200 төгрөгөөр тооцож, 25,795,200 төгрөгийн нөхөн төлбөр олгох үндэслэлтэй байна.

 

6. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ болон Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээний 9.1-д Хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө гэж талууд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан алдангийн талаар тохиролцжээ.

 

6.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Хариуцагч Монгол даатгал ХК нь даатгалын гэрээнүүдийн 12.5.7-д заасны дагуу нөхөн төлбөрийн баримтуудыг хүлээн авсан өдрөөс хойш 14 өдрийн дотор нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй байсан боловч энэхүү үүргээ хууль зүйн үндэслэлгүйгээр биелүүлээгүй Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасны дагуу хугацааг хэтрүүлсэн байна.

6.2. Нэхэмжлэлийн шаардлага өөрчлөх тухай нэхэмжлэлд алдангийг хэзээнээс хэзээг хүртэл тооцож нэхэмжилсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд нэхэмжлэгч Элч өртөө тээвэр ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил шүүх хуралдаанд Санхүүгийн зохицуулах хорооноос нөхөн төлбөр төлөхийг үүрэг болгосон хугацаа болох 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл тооцсон гэж тайлбарласан.

Үүний дагуу алдангийг тооцоолбол, 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 40 хоног, гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн буюу нөхөн төлбөр 73,170,200 /25,795,200+2,115,000+45,260,000/ төгрөгөөс хоногийн 0,5%-иар алданги тооцоход 14,634,040 төгрөг /73,170,200 х 0,5% = 365,851 төгрөг х 40 хоног =14,634,040 төгрөг/ болж байна.

 

7. Дээрхи үндэслэлүүдээр хариуцагч Монгол даатгал ХК-иас нөхөн төлбөр 73,170,200 төгрөг, алданги 14,634,040 төгрөг нийт 87,804,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Элч өртөө тээвэр ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,951,060 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар Монгол даатгал ХК-иас 87,804,240 /наян долоон сая найман зуун дөрвөн мянга хоёр зуун дөчин/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Элч өртөө тээвэр ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,951,060 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Элч өртөө тээвэр ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,731 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Монгол даатгал ХК-иас 596,971 /таван зуун ерэн зургаан мянга есөн зуун далан нэг/ төгрөгийг гаргуулж Элч өртөө тээвэр ХХК-д оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ОЮУНТУЯА