Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01930

 

2022 10 26 210/МА2022/01930

 

 

“ЭӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01938 дугаар шийдвэртэй,

 

“ЭӨТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

“Даатгал” ХК-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 73,170,200 төгрөг, алданги 36,585,100 төгрөг, нийт 109,755,300 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оргил, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дэлгэрсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. “ЭӨТ” ХХК нь “Даатгал” ХК-тай 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “Дотоод ачаа тээврийн даатгалын гэрээ”, мөн өдөр “Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ”-г тус тус байгуулсан.

1.2. 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр тээврийн хэрэгсэл болох **** УНМ улсын дугаартай авто зүтгүүр болон **** АА улсын дугаартай ***** торхны дугаартай 52,690 литр багтаамжтай автоцистерн, чиргүүлийн хамт осолдож, 21,496 литр дизель түлш асгарч, тээвэрлэж байсан ачаанд 37,188,080 төгрөг, тээврийн хэрэгсэлд 47,375,000 төгрөг, нийт 84,563,080 төгрөгийн хохирол учирсан байна.

Иймд ачаанд учирсан хохирлыг 25,795,200 төгрөг, алдангид 12,897,600 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 47,375,000 төгрөг, алдангид 23,687,500 төгрөг, нийт 109,755,300 төгрөгийг “Даатгал” ХК-аас гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. “Даатгал” ХК нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “ЭӨТ” ХХК-тай “Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ”, “Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ”-г тус тус 1 жилийн хугацаатай байгуулсан.

2.2. Даатгалын гэрээний хугацаанд буюу 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр “ЭӨТ” ХХК-ийн өмчлөлийн **** АА улсын дугаартай цистерн чиргүүлийг **** УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрт чирч явсан жолооч М.В нь Өмнөговь аймгийн Цогт-Овоо сум, Найз 3 дугаар багийн нутагт Даланзадгад чиглэлд явах хатуу хучилттай авто замын 14 дэх километрт чиргүүлийг онхолдуулсан осол гаргасан.

2.3. Чиргүүлийн холбоос тасарч, тээврийн хэрэгсэлд гэнэтийн эвдрэл үүссэнээс хохирол учирсан гэх үндэслэл нь гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас болон тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэснээс болж учирсан хохирол буюу Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ-ний 12.5.18.4, 12.5.18.34, Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ-ний 15.5.9.14-т тус тус зааснаар даатгалын нөхөн төлбөр олгохоос татгалзах бүрэн үндэслэлтэй.

2.4. Даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээг бодитоор тогтоогдоогүй.  

2.5. Нэхэмжлэгч байгууллага нь ослын улмаас учирсан хохирлын талаар гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дэх хэсэгт зааснаар “Даатгал” ХК-ийг нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг бүрдүүлж байгаа юм.

“Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээ”, “Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ”-ний 9.1-д хэрэв даатгагч энэхүү гэрээнд заасан журмын дагуу нөхөн төлбөрийг хугацаанд нь олгоогүй тохиолдолд хоног тутамд олгогдох нөхөн төлбөрийн 0.5 хувьтай тэнцүү хэмжээний алдангийг даатгуулагчид төлнө гэж заасан. Хариуцагчаас даатгалын зүйлд гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй, даатгагч гэм хор нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө гэж маргаж байгаа тул “Даатгал” ХК-ийг нөхөн төлбөрөө хугацаандаа олгох үүргээ зөрчсөний улмаас даатгуулагчид алданги шаардах эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар “Даатгал” ХК-аас 87,804,240 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ЭӨТ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс 21,951,060 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “ЭӨТ” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 706,731 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Даатгал” ХК-аас 596,971 төгрөгийг гаргуулж “ЭӨТ” ХХК-д оруулж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Талуудын хооронд даатгалын гэрээ байгуулагдсан үйл баримтад маргаагүй. Харин гэмт хэргийн шинж чанартай үйлдлийн улмаас болон тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэснээр осол гарсан, тээврийн хэрэгслийг даатгалын гэрээгээр тохиролцсон жолоочоос өөр жолооч жолоодон явах үед осол гарсан, учирсан хохирлын талаар гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ даатгуулагч татгалзсан гэх үндэслэлээр хариуцагч талаас Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээний 12.5.18.4, 12.5.18.34, Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээний 12.5.19.4-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан.

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтэд чиргүүлийн холбоос, холбоос механизм хэвийн эсэхийг шалгаагүй байдаг.

**** АА цистерн чиргүүл 2019 онд үйлдвэрлэгдэж, импортоор 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр орж ирж, Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн дүгнэлтээр “Аюултай ачаа тээвэрлэлтийн нөхцөл, шаардлагыг хангасан” гэх зөвшөөрөл авсан хэдий ч осол болсон 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх 4 сарын хугацаанд тогтмол 52,690 литр буюу маш их хэмжээний түлш, бензин, ажилласан масло-тосол зэргийг засмал замтай болон замгүй газраар тээвэрлэдэг байсан. Иймд “ЭӨТ” ХХК нь Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээний 12.5.18.34, 12.6.5, Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээний 12.5.19.25-д заасны дагуу тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангах зорилгоор урсгал засварыг цаг алдалгүй хийх, тээврийн хэрэгслийн найдваргүй байдал, шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр түлш, бензин, ажилласан масло-тосол тээвэрлэхээс татгалзах үүргийг хүлээсэн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны явцад “ЭӨТ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ачаа тээвэрт гарах бүрдээ тээврийн хэрэгсэл болон чиргүүлд тогтмол хяналтын үзлэг хийдэг, түүнийгээ хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн гэж тайлбарласан ч уг үзлэгийн баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Харин “ЭӨТ” ХХК нь техникийн хяналтын үзлэг хийгээгүй, найдваргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж байсан нь жолооч М.Вгийн “Яагаад гэвэл ослын дараа чиргүүлийн холбоосыг буцааж гагнах үед холбоос төмөр зарим газраа гагнаасаараа цав суусан байдалтай байсан” гэх мэдүүлгээр нотлогддог.

Маш их хэмжээний хүнд даацын түлш тээвэрлэж буй чиргүүлийн холбоос төмөр нь урьд гагнагдаж байсан, гагнаасанд цав суусан байсан зэрэг нь найдваргүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийсэн, найдваргүй тээврийн хэрэгслийг тээвэрлэлтэд гаргасан байдлаараа техникийн хяналтын үзлэг хийгээгүй нь тус тус тогтоогдож байна.

Даатгалын гэрээг цуцалж болох ноцтой нөхцөл байдлын талаар даатгагчид нэн даруй мэдээлэх Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн байна. Хэрэв хуулийн энэ зохицуулалтад заасан мэдээлэх үүргээ биелүүлсэн бол даатгагчийн хувьд Иргэний хуулийн 436 дугаар зүйлийн 436.3 дахь хэсэгт заасан эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх байсан. Гэвч ийнхүү мэдэгдээгүй тул даатгагчийн хувьд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5.1-д “...даатгалын тохиолдол бий болох нөхцөл, орчныг бүрдүүлсэн бол нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзаж болно” гэж заасны дагуу нөхөн төлбөр олгохоос татгалзах бүрэн үндэслэлтэй байхад шүүх үүнийг анхаараагүйд гомдолтой байна.

Даацын чиргүүлийн холбоос нь нэг удаагийн тээвэрлэлтийн явцад гэнэт тасрах боломжгүй бөгөөд энэ нь хэд хэдэн удаагийн тээвэрлэлт, давтамжийн дагуу холбоос төмөрт цав суусаар тасардаг байх боломжтой тул энэхүү нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжээч томилсон боловч нэхэмжлэгч “ЭӨТ” ХХК нь чиргүүлийг задалж, чиргүүлийн холбоос төмрийг үгүй хийсэн гэснээр шинжээч ажиллаагүй байдаг.

4.2.  Шүүх “Зам тээврийн ослыг шалгах явцад “ЭӨТ” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатараас “...би өөрийн байгууллагын тээврийн хэрэгсэл, ачааг “Даатгал” ХК-д бүрэн даатгуулсан байгаа. Дээрх хохирлыг даатгалын байгууллагаас бүрэн нэхэмжлэх учраас гомдол санал байхгүй...” гэх тайлбар гаргасан нь гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлага хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болохгүй юм” гэсэн дүгнэлт хийж, “Даатгал” ХК-ийн нөхөн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөх хуулиар олгогдсон эрхийг үгүйсгэсэн. 

Даатгуулагчийн хувьд зам тээврийн ослоос үүдэлтэй өөрт учирсан хохирлоо шаардах боломжтой үедээ буюу эрх бүхий байгууллагаас зам тээврийн ослыг шалгах үед хохирлоо нэхэмжлэх бүрэн боломж байхад “Даатгал” ХК-аас хохирлоо гаргуулах боломжтой үндэслэлээр өөрийн сонголтоор гуравдагч этгээдээр шаардлагаа хангуулах эрхээсээ татгалзаж байгаа нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх хуулийн зохицуулалтад шууд хамаарна гэж хариуцагч үзэж байна. Гэтэл ямар учраас “ЭӨТ” ХХК-ийн захирал Ц.Мөнхбаатарын дээрх тайлбар нь Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт заасан гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлага хангуулах эрхээсээ татгалзсан гэж үзэх хууль зүйн үндэслэл болоогүйг шүүхийн шийдвэрт тодорхой тусгаагүйгээс хариуцагч ойлгосонгүй.

4.3. Даатгуулагч нь шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр түлш тээвэрлэснээс болж 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зам тээврийн осол гаргасан тул даатгагч даатгалын гэрээгээр тохиролцсоноор даатгалын зүйлд даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас хохирол учраагүй, гэм хор нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөх юм. Иймд “Даатгал” ХК-ийг нөхөн төлбөрөө хугацаандаа олгох үүргээ зөрчсөний улмаас даатгагчид алданги төлөх эрх үүссэн гэж үзэх үндэслэлгүй.

4.4. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан Дотоодын ачаа тээврийн даатгалын гэрээний 12.5.13, 12.5.16, Хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээний 12.5.18 дахь заалтыг хэрхсэн талаар дүгнээгүй байна.

Шүүх нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзсэн тохиолдолд “ЭӨТ” ХХК нь чиргүүлийг задалж, чиргүүлийн холбоос төмрийг үгүй хийсэн гэснээр шинжээч ажиллаагүй нөхцөл байдалд дүгнэлт өгч, даатгалын зүйл бүрэн сүйрсэн бол даатгалын нөхөн төлбөрийг 80 хувиар, даатгуулагчийн өөрийн хариуцах 10 хувийг хасаж тооцох байтал шүүх маргааныг шийдвэрлэхдээ эдгээртэй холбоотой гэрээний заалтыг хэрхсэн тухайгаа шийдвэртээ тусгаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.3-т “...талуудын шаардлага татгалзал, тайлбарт маргаж байгаа үйл баримт болон хууль зүйн үндэслэл бүрд бүрэн дүгнэлт өгнө” гэсэнд нийцсэнгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигчид нь өөрийнхөө татгалзал, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтыг өөрсдөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Чиргүүлийн холбоос өмнө гэмтсэн үү, дараа гэмтсэн үү гэдгийг хариуцагч нотлох баримтуудыг хуульд заасан эрх хэмжээний хүрээнд цуглуулж, шаардаж, гэрээнд заасны дагуу шинжээч томилох зэрэг ажиллагааг хийж тодорхойлох боломжтой байсан. Ийнхүү ажиллагаа хийгээгүйгээс тухайн чиргүүлийн холбоосны механизм алга болсон гэдэг асуудал яригдаж байгаа нь нэхэмжлэгчийн болон шүүхийн буруутай үйлдэл биш юм.

Шинжээч чиргүүлийн холбоос алга болсон үндэслэлээр шинжилгээ хийхээс татгалзаагүй, харин төмөр нь тухайн осолд холбогдсон чиргүүлийн холбоос гэдгийг нотлох баримт байхгүй байх тул шинжилгээ хийх боломжгүй гэж дүгнэсэн. Холбоос алга болсон, устгасан гэсэн зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй.

5.2. Даатгагчийн гуравдагч этгээдээс хохирол нэхэмжлэх эрхийг хязгаарласан гэж байна. Зам тээврийн ослыг хуулийн байгууллага шалгаж эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан тогтоолд олон үндэслэлийг дурдаж, эрүүгийн журмаар шалгах шаардлагагүй гэж шийдвэрлэсэнд нэхэмжлэгчийн болон шүүхийн буруутай үйл ажиллагаа хамаагүй. Гуравдагч этгээд тодорхойлогдоогүй байхад шаардлага хангуулах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй. Уг осолд хэн нэгэн буруутай байгаад түүнээс хохирлыг нэхэмжлэгч гаргуулахгүй гэж тодорхой мэдэгдсэн тохиолдолд Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэг үйлчилнэ. Осолд буруутай байж болзошгүй гэж шалгагдаж буй этгээд жолооч М.В нь даатгуулагчийн ажилтан бөгөөд даатгалын гэрээнд дурдагдсан жолооч учраас даатгуулагч өөрөө өөрөөсөө шаардах эрхтэй гэж ойлгох боломжгүй.

5.3. Хариуцагч тал маргаж байгаа учраас алданги төлөхгүй гэжээ. Үүргийн гүйцэтгэл гэдэг нь зөрчигдсөн цагаасаа эхлэн гэрээний дагуу алданги төлөх, хариуцлага хүлээх асуудал заавал яригдана. Шүүх алданги төлөх үү, үгүй юу гэдэг дээр бус үүрэг зөрчигдсөн эсэх талаар дүгнэж хэргийг шийдвэрлэсэн. Нэгэнт шүүх гэрээний үүрэг зөрчигдсөн гэж шийдвэрлэж байгаа бол нэхэмжлэлийн шаардлагадаа дурдаж, алданги зайлшгүй яригдах учиртай. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэхгүй гэж маргасныхаа төлөө алдангиас чөлөөлөгдөх хууль зүйн боломж байхгүй. Шүүх энэ асуудалд нэхэмжлэгчийн байр суурь, тайлбарыг буруу ойлгож дүгнэсэн. Нэхэмжлэгчийн Санхүүгийн зохицуулах хорооноос шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийн дагуу олгогдох ёстой байсан 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх хүртэлх хугацаанд алданги шаардсан. Шүүх үүнийг дутуу ойлгож шийдвэрлэснийг дурдаж байна.

5.4. Нөхөн төлбөрөөс суутгал тооцох ёстой байсан гэж байна. Ачаа тээврийн даатгалын гэрээний 12.5.13-т заасан даатгагч өөрийн буруугаас осол гаргасан бол гэсэн нөхцөл бүрдээгүй тул 80 хувиар тооцогдох үндэслэлгүй. Мөн даатгалын зүйл бүрэн сүйрсэн гэсэн нэхэмжлэл гаргаагүй. Гэрээний хавсралтад ****АА цистерн чиргүүлээр тээвэрлэх нийт даатгалын үнэлгээ нь 250,0 сая гаруй төгрөгийн ачаа тээвэр, зүтгүүр болон тээврийн хэрэгслийн нийт үнэ 90,0 сая төгрөг болох тул бүрэн сүйрэх гэсэн ойлголт байхгүй. Хуулийн дагуу эрх бүхий этгээдээс тогтоосон үнэлгээний дүнгээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан тул нөхөн төлбөрөөс суутгана гэсэн ойлголт байхгүй. Хариуцагч тал маргаж байгаа учраас алданги төлөхгүй, нөхөн төлбөр олгохоор бол суутгаж байж олгоно гэдэг. Гэхдээ энэ талаар хариу тайлбартаа тусгаагүй, шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой байдлаар хэлээгүй байж энэ асуудалд шүүхийг буруутгах нь буруу юм. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч “ЭӨТ” ХХК нь хариуцагч “Даатгал” ХК-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 73,170,200 төгрөг, алданги 36,585,100 төгрөг, нийт 109,755,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүнд болон тусгай зориулалтын машин механизмын даатгалын гэрээ, 2020 оны 06 дугаар сарын 20-ны өдөр дотоод ачаа тээврийн даатгалын гэрээ тус тус байгуулагдсан, тус гэрээнүүдийн хавсралтад **** УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүр болон **** АА улсын дугаартай чиргүүл,  52,690 литр шатахууныг тус тус даатгалын зүйл гэж тодорхойлсон.

 

4. Нэхэмжлэгч компанийн жолооч М.В 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр **** УНМ улсын дугаартай Хово маркийн зүтгүүрийг **** АА улсын дугаартай чиргүүлийн хамт жолоодон явахдаа Өмнөговь аймгийн Цогт-овоо сум, Найз 3 дугаар багийн нутаг Даланзадгад сумын чиглэлд явах хатуу хучилттай авто замын 14 дэх километрт осолдож, даатгалын зүйлд хохирол учирсан эсэх талаар талууд маргаагүй.

 

5. Хариуцагч тал жолооч М.Вгийн “... ослын дараа чиргүүлийн холбоосыг буцааж гагнах үед холбоос төмөр зарим газраа гагнаасаараа цав суусан байдалтай байсан” гэх мэдүүлгийг үндэслэн шинжээч томилуулах хүсэлт гаргаснаар анхан шатны шүүх 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн захирамжаар шинжээчээр Шинжлэх ухаан, технологийн сургуулийн салбар Механик, тээврийн сургуулийг томилж, цистерн чиргүүлийн холбоос төмөрт ан цав үүссэн эсэх болон уг холбоос гагнаастай байсан эсэхийг тодруулахаар асуулга тавьжээ.  

 

Механик, тээврийн сургуулийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн албан бичигт “Захирамжид дурдсан түлш ачсан цистерн чиргүүлийн холбоос буюу гэмтэлтэй эд анги нь нэхэмжлэгч болон хариуцагч талуудад хадгалагдаагүй байгаа тул техникийн шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй” гэжээ. Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд “Чиргүүл байгаа боловч жижиглэсэн... шинжээч чиргүүлийг хараад осол болоход байсан чиргүүлийн холбоос мөн эсэхийг хэлж мэдэхгүй гэсэн” гэх агуулгаар тайлбарласан нь дээрх шинжээчийн тайлбараас зөрүүтэй байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас **** АА улсын дугаартай чиргүүлийн холбоос төмөр байгаа эсэхийг тодруулж, шинжилгээний объектыг шинжээчид хүргүүлэх, хүргүүлэх боломжгүй бол шинжээчид шинжилгээний объектод чөлөөтэй нэвтрэх, шинжилгээ хийх нөхцөлөөр хангах ажиллагааг хийгээгүй байна. 

 

6. Мөн даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон даруйд даатгагчид мэдэгдсэн эсэхийг тодруулаагүй, талуудыг энэ талаар мэтгэлцүүлээгүй бөгөөд **** АА улсын дугаартай чиргүүлийн холбоос төмөр гагнаастай байсан эсэх, ан цав үүссэн эсэх нь талуудын маргааны зүйлд хамааралтай байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ачаа тээвэрт гарах бүрдээ тээврийн хэрэгсэл болон чиргүүлд тогтмол хяналтын үзлэг хийдэг, үзлэгийн хуудсыг шүүхэд нэхэмжлэл гаргахдаа хавсаргаад өгсөн гэх агуулгаар шүүх хуралдаанд тайлбарласан байх боловч уг үзлэгийн баримт нь хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байгааг анхаараагүй, энэ талаар тодруулаагүй нь буруу байна.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтын талаар хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх боломжгүй тул хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 181/ШШ2022/01938 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Даатгал” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 596,972 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              А.МӨНХЗУЛ

                                           

         ШҮҮГЧИД                                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ