Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилсүрэнгийн Оюунтуяа |
Хэргийн индекс | 181/2022/00250/И |
Дугаар | 181/ШШ2022/01939 |
Огноо | 2022-09-02 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 181/ШШ2022/01939
2022 09 02 181/ШШ2022/01939
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: байрлах, Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК //-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: оршин суух, Э.Нинжин /РД:-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 69,164,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартай: Зээлдэгч Э.Нинжин нь 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №16000100077 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийн барьцаанд 000799300 тоот гэрчилгээтэй, Улсын бүртгэлийн Ү-2206068305 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17025/, Ар Зайсан гудамж 98 байрны 2 тоот 77.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалж, зээл болон барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэн, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлж, тус ББСБ-аас 18 сарын хугацаатай 36,000,000 төгрөгийг, нэг сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээлсэн.
Зээлдэгч Э.Нинжинтэй байгуулсан зээлийн гэрээний хугацаа дуусгавар болох болоогүй ч зээлдэгчтэй байгуулсан гэрээг зээлдүүлэгчийн зүгээс зээлийн гэрээний 3.1.3 дах заалтын дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл хугацаанд зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэн цуцалсан.
Зээлдэгч Э.Нинжингээс зээл болон барьцааны гэрээний дагуу үндсэн зээл 36,000,000 төгрөг, зээлийн хүүнд 22,252,926.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 4,331,073.54 төгрөг, түүнчлэн 2022.07.29-ний өдөр №16000100077 тоот барьцааны гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-д заасны дагуу өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 6,300,000 төгрөг, нийт 69,164,000 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Манай компани нь өмгөөлөгч аваагүй тул өмгөөлөгчийн зардал 6,300,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж байна. Иймд хариуцагч Э.Нинжингээс зээлийн төлбөр 62,680,126 төгрөгийг гаргуулж, барьцааны Улсын бүртгэлийн Ү-2206068305 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 98 байрны 2 тоот 77.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Э.Нинжин шүүхэд гаргасан тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2020 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн №16000100077 тоот Зээлийн гэрээг байгуулсан хэдий ч БИД ББСБ-аас надад зээлийн болон барьцааны гэрээг огт өгөөгүй. Би зээлийн болон барьцааны гэрээг бараг уншиж амжаагүй гарын үсэг зурсан тул барьцааны гэрээнд хууль зүйн туслалцааны төлбөр төлөх тухай заалт байсан эсэхийг мэдэхгүй байна.
Би 36,000,000 төгрөг зээлж авсантай холбоотойгоор маргахгүй бөгөөд Дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдлын улмаас миний хийж байсан бизнес нурж, улмаар зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсон.
Зээлийн эргэн төлөлтөд өөрчлөлт оруулж өгч байгаа, зээлийн гэрээг сунгасан гэсэн хэдий боловч зээлийн гэрээг бичгээр гаргаж өгөөгүй учраас огт сунгалт хийгээгүй болохыг нэхэмжлэлтэй танилцаад л ойлголоо. Учир нь сунгах хүсэлт цахим хаягаараа явуулсан хэдий боловч би хүү нь хүртэл зогсох юм байна гэж ойлгож байсан. Зээлийн гэрээний хүү зогсох үндэсгүй байсан талаар хуульчаас асууж мэдсэн боловч гэрээг сунгасан бол төлөлтийн нөхцөл байдал өөрчлөгдөх байсан гэж бодож байна.
Би нэг удаа зээлийн төлөлт хийсэн байхад нэхэмжлэлд төлбөр төлөөгүй мэтээр бичсэн байна. Миний бие зээл авахдаа 24 сарын хугацаатай авсан гэж ойлгосон байтал гэрээнд 18 сарын буюу 1 жил 6 сарын хугацаатай олгосон байна. Хэрвээ 18 сарын хугацаатай гэж ойлговол сарын 3.2 хувийн хүү нь нийт 20,736,000 төгрөг болох бөгөөд үүнээс миний төлсөн дүн болох 560,000 төгрөгийг хасвал 18,432,000 төгрөгийн хүү дээр үндсэн зээл 36 сая төгрөгийг нэмээд 54,432,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй болно. Харин давагдашгүй хүчин зүйл болох цар тахалтай холбоотойгоор үндсэн бизнес болох цементийн бизнес зогссон учраас нэмэгдүүлсэн хүү болон хууль зүйн туслалцааны төлбөрийг төлөх боломжгүй болохыг шүүх анхаарч үзэхийг хүсэж байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 54,432,000 төгрөгийн хэмжээнд зөвшөөрч байгаа бөгөөд үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, 2022.01.10-ны өдрийн зээл, хүүгийн тооцоолол, Э.Нинжингийн зээс хүссэн өргөдөл, 2020.07.29-ний өдрийн 16000100077 тоот Зээлийн гэрээ, хавсралт, Зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2020.07.29-ний №16000100077 тоот Барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ, зээл олгосон харилцагчийн дансны хуулга зэргийг нотлох баримтаар ирүүлсэн, хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүй, шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй байна.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК нь хариуцагч Э.Нинжинд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 69,164,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шүүх хуралдаанд өмгөөлөгч аваагүй гэх үндэслэлээр өмгөөлөгчийн зардал 6,600,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээл, үндсэн хүүгийн зарим хэсгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа зогссон гэх үндэслэлээр нэмэгдүүлсэн хүү болон өмгөөлөгчийн зардлыг эс зөвшөөрч маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:
1. Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК нь Э.Нинжинтэй 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №16000100077 тоот Зээлийн гэрээ болон Барьцааны гэрээ-г тус тус байгуулан, 36,000,000 төгрөгийг, сарын 3,2% хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор эрхийн улсын бүртгэлийн бүртгэлийн Ү-2206068305 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 98 байрны 2 тоот 77.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг барьцаалжээ. /хавтаст хэргийн 13-16 хуудас/
Талууд Зээлийн гэрээ, Барьцааны гэрээ зэргийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 165 дугаар зүйлийн 165.1-д тус тус заасантай нийцсэн, субъект, субъектив тал болон агуулга, хэлбэрийн хувьд хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
2. Банкнаас зээл олгох гэрээгээр банк, зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
а/ Зээлийн гэрээний 2.6-т Зээлдүүлэгчээс зээлийг зээлдэгчийн Худалдаа хөгжлийн банкин дахь 495058195 тоот дансанд бэлэн бус гүйлгээрээ олгоно гэж заасны дагуу Э.Нинжингийн дансанд 2020.07.29-ний өдөр 36,000,000 төгрөгийг шилжүүлснээр зээлдүүлэгч гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлжээ. Энэ талаар талууд маргаагүй болно.
б/ Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж үүрэг гүйцэтгэх газар, хугацааг зохицуулсан.
Талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээний 2.2-д Зээлдэгч нь үндсэн зээл, зээлийн хүүг энэхүү гэрээний хавсралт №1-д заасан хуваарийн дагуу төлнө гээд, гэрээний хавсралт №01-д Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийг тогтоож, мөн гэрээний 2.4-д Зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20%-иар нэмэгдүүлсэн хүүг нэмж төлнө гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчид нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасантай нийцсэн байна.
Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу зээлдэгч Э.Нинжин нь зээлийн хүү, үндсэн зээлийг төлөх үүрэгтэй байсан бөгөөд нэг удаа 400,000 төгрөгийг төлж, 2020 оны 10 дугаар сараас хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй, зээлийг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлөх үүргээ зөрчсөн болох нь зээлийн тооцооллын баримт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 11 хуудас/
3. Хариуцагч Э.Нинжин нь Ковид-19 цар тахалтай холбоотойгоор бизнесийн үйл ажиллагаа эрхлэх боломжгүй болсоны улмаас зээлээ төлөх боломжгүй болж, зээлийн гэрээг сунгах хүсэлт цахим хаягаар явуулсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчид зохих ёсоор хүсэлт гаргасан болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
Мөн зээлийн гэрээний нэг хувийг аваагүй гэх тайлбар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй байна.
4. Талууд зээлийн гэрээний 7.1-т зээлийн гэрээг зээлдүүлэгчийн саналаар дараахи үндэслэлээр хугацаанаас нь өмнө цуцлах эрхтэй гэж, мөн зүйлийн 7.1.1-т зээлдэгч нь зээлийн хүү болон хэсэгчлэн төлөх үндсэн зээлийн төлөх хугацааг удаа дараа хэтрүүлсэн гэж гэрээг цуцлах талаар тохиролцсон байна.
Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу зээлийн мөнгөн хөрөнгө, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.
5. Хариуцагч Э.Нинжин нь үндсэн зээл 36,000,000 төгрөг, үндсэн хүү 22,252,926.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,331,073.54 төгрөг, нийт 62,584,000 төгрөгийг төлөхөөр байна.
6. Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд өмгөөлөгч аваагүй гэх үндэслэлээр өмгөөлөгчийн хууль зүйн туслалцааны зардал 6,300,000 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан тул нэхэмжлэлийн энэ хэсэгт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7. Зээлдэгч Э.Нинжин нь зээлийн төлбөрийг хугацаанд нь төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдөр №16000100077 тоот Барьцааны гэрээ-ний дагуу зээлдүүлэгч буюу барьцаалагч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1 дэх хэсэгт заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй байна.
Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох Э.Нинжингийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206068305 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 98 байрны 2 тоот 77.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
8. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсэг хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар Э.Нинжингээс 62,584,000 /жаран хоёр сая таван зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг гаргуулж Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс өмгөөлөгчийн зардал 6,300,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Э.Нинжин нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Э.Нинжингийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206068305 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан /17025/, Ар зайсан гудамж 98 байрны 2 тоот 77.7 м.кв талбайтай, гурван өрөө орон сууцыг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 573,970 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Нинжингээс 470,870 /дөрвөн зуун далан мянга найман зуун далан/ төгрөгийг гаргуулж Бизнес-Инвест девелопмент ББСБ ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ОЮУНТУЯА