Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2022/02925

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүрэг, ... дүгээр хороо, ... хороолол, ...байр, ... тоотод суух, регистр ..., Д... овогт Ч...ын Д...,

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод суух, регистр ..., В... овогт Д...ийн Н...,

Нэхэмжлэлийн шаардлага:15 650 000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Ч.Д..., өмгөөлөгч Б.С...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

/Хариуцагч, түүний өмгөөлөгч нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр тэдний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Д... нь Д.Н...ад холбогдуулан захиалагчийн эрх шилжүүлэх гэрээний үүрэгт төлсөн 15 650 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Би Д.Н...тай 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээ байгуулж, Д.Н...ын Б... ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн .... хашаанд баригдаж байсан орон сууцны В блокын 1 дүгээр орц, 10 давхарт, 2 өрөө, 56,53 м.кв талбайтай, ... дугаартай орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авч, 45 224 000 төгрөгийн 30 хувь болох 14 650 000 төгрөг болон зургийн үнэ 1 000 000 төгрөгийг өгсөн.Уг барилга нь 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой боловч одоо хүртэл ашиглалтад ороогүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй, Б... ХХК-тай уулзахаар чамтай гэрээ хийгээгүй гэдэг.Д.Н... нь Б... ХХК-тай байгуулсан гэрээнийхээ 3.10, 4.10 дах заалтуудыг зөрчиж надтай гэрээ байгуулсан байх тул гэрээний дагуу Д.Н...ад өгсөн 15 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Би 2015 онд Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар Баянзүрх дүүргийн ...нутаг дэвсгэр буюу хуучнаар ....орчим 3 блок баригдах .... нэртэй хотхонд 56.63 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар захиалга өгч барилгын гүйцэтгэгч Б... ХХК-тай гэрээ байгуулан урьдчилгаа болон архитектерийн зургийн хөлс зэрэг мөнгийг төлсөн.Үүний дараа барилга баригдах явцад Ч.Д...д барилгын захиалгын гэрээг шилжүүлэн өгч гэрээ байгуулсан. Өөрөөр хэлбэл, түүний нэхэмжлэлд дурдсан 15.650.000 төгрөгийг Ч.Д...өөс би хүлээн авсан.

Тухайн үед Ч.Д...тэй гэрээ байгуулан эрхээ шилжүүлсэн талаар Цагдаагиий ерөнхий газарт мэдэгдсэн боловч Б... ХХК-тай гэрээ хийсэн хүний нэрээрээ явж байх хэрэгтэй гэсэн тул одоо Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл нь миний нэртэй байгаа.

Гэвч Цагдаагийн ерөнхий газрын барилгын ажлыг хариуцсан цагдаагийн алба хаагч нар урьдчилгаа төлбөрийг Б... ХХК-ны захирал Х.О...д барилгын ажлын санхүүжилт болгон шилжүүлэхийн тулд авилга өгөхийг шаардсан гэх үндэслэлээр, мөн Б.Ц...ыг барилгын ажлыг санхүүжилтийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна.Одоогоор санхүүжилт байхгүй шалтгаанаар барилгын ажил бүрэн зогссон.

Нэгэнт бүртгэл нь миний нэр дээр тул дээрх эрүүгийн хэрэгт би 15.650.000 төгрөгийн хохирлыг нэхэмжилж хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн байгаа, мөн барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй болсон шалтгаанаар нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс:Иргэний үнэмлэхний хуулбар, Б... ХХК-тай Д.Н...ын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”, нэхэмжлэгчийн ХААН банкин дах дансны хуулгыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас шүүхэд баримт өгөөгүй.

Хариуцагчийн хүсэлтээр Нийслэл прокурорын газраас ирсэн баримтыг (хх-23) шүүх бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

            Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Д.Н...тай 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээ байгуулж, Д.Н...ын Б... ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Баянзүрх дүүргийн ... 56,53 м.кв талбайтай, орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авч, Д.Н...ад 15 650 000 төгрөгийг өгсөн.

Уг барилга нь 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой боловч ашиглалтад ороогүй, Б... ХХК-тай уулзахаар чамтай гэрээ хийгээгүй гэдэг.

Д.Н... нь Б... ХХК-тай байгуулсан гэрээнийхээ заалтуудыг зөрчиж надтай гэрээ байгуулж, орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн байх тул Д.Н...аас 15 650 000 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан.

Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн Үүнд:

Би 2015 онд Баянзүрх дүүргийн ... нэртэй хотхонд 56.63 м.кв талбайтай орон сууцыг худалдан Б... ХХК-тай гэрээ байгуулан урьдчилгаа болон архитектерийн зургийн хөлсийг төлсөн.

Дараа Ч.Д...д барилгын захиалгын гэрээг шилжүүлэн өгч гэрээ байгуулан 15.650.000 төгрөгийг Ч.Д...өөс би хүлээн авсан.

Ч.Д...тэй гэрээ байгуулж эрхээ шилжүүлсэн талаар Цагдаагиий ерөнхий газарт мэдэгдсэн боловч Б... ХХК-тай гэрээ хийсэн хүний нэрээрээ явж байх хэрэгтэй гэсэн тул Цагдаагийн ерөнхий газрын бүртгэл нь миний нэртэй байгаа.

ЦЕГ-ын барилгын ажлыг хариуцсан алба хаагч нар урьдчилгаа төлбөрийг Б... ХХК-ны захиралд барилгын ажлын санхүүжилт болгон шилжүүлэхийн тулд авилга өгөхийг шаардсан, барилгын ажлыг санхүүжилтийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, санхүүжилт байхгүй шалтгаанаар барилгын ажил бүрэн зогссон.

Бүртгэл нь миний нэр байгаа тул дээрх эрүүгийн хэрэгт би 15.650.000 төгрөгийн хохирогчоор тогтоогдон мэдүүлэг өгсөн байгаа, мөн барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй гэх шалтгаанаар гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Б... ХХК-тай Д.Н...ын 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр байгуулсан гэрээ, зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан “Захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээ”, нэхэмжлэгчийн ХААН банкин дах дансны хуулга, зохигчдын тайлбар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчдын хооронд 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр “Захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх” гэрээ байгуулагдсан байна./хх 8/

Баянзүрх дүүргийн ... 56,53 м.кв талбайтай, орон сууц хэзээ баригдаж дуусах нь тодорхойгүй, хариуцагч нь Б... ХХК-тай байгуулсан гэрээний заалтуудыг зөрчиж “Захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх” гэрээ хийсэн тул гэрээнээс татгалзаж, 15 650 000 төгрөгийг буцаан авна гэснийг хариуцагч эс зөвшөөрч маргаж байна.

Д.Н... нь Б... ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “Орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн ... тоот хашаанд Цагдаагийн ерөнхий газрын захилгаар баригдаж байгаа орон сууцны барилгаас В блокын .56,53 м.кв талбайта..й, орон сууцыг 45 224 000 төгрөгөөр худалдан авахаар  тохиролцсон байна./хх 4-7/

Ч.Д... нь Д.Н...тай 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр “Захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх” гэрээ байгуулж, Д.Н... нь Б... ХХК-тай байгуулсан дээрх гэрээнийхээ захиалагчийн эрх, үүргийг Ч.Д...д шилжүүлж, нэхэмжлэгчээс 15 650 000 төгрөгийг хүлээн авсан үйл баримтад талууд маргахгүй байна.

Хариуцагч Д.Н...ын Б...тай ХХК-тай байгуулсан гэрээний 3 дугаар зүйлийн 3.10-т “Анх гэрээ хийсэн захиалагч гэрээнийхээ захиалагчийн нэрийг солих шаардлагатай гэж үзэн хүсэлт гаргавал ЦЕГ-ын орон сууц бариулах ажлын хэсгийн албан бичгийг үндэслэн гэрээг шинэчилж өөр захиалагчийн нэр дээр дахин гэрээ хийнэ, 4 дүгээр зүйлийн 4.10-т “Захиалагч орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж өөрийн өмчлөлд шилжүүлэн авахаас өмнө уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх, гүйцэтгэгчийн борлуулж буй үнээс хямдруулан худалдахыг хориглоно” гэж заасан байна.

Д.Н... нь дээрх гэрээний заалтуудыг зөрчиж, захиалагчийн нэрийг өөрчилж гэрээ шинэчилж хийгээгүй, орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж өөрийн өмчлөлд шилжүүлэн аваагүй байж, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлсэн, уг орон сууцны ашиглалтад орох хугацаа нь тодорхой бус нөхцөл байдлыг гэрээнээс татгалзах үндэслэл гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэгчийн гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл нь Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4-т зааснаар нөхцөл байдал нь өөрчлөгдсөн, 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтгаж үзэхээр байх тул нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр Ч.Д...ий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан Д...гийн Н...аас 15 650 000 /арван таван сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Ч...ын Д...д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 236 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 236 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          З.ДОРЖНАМЖИН