Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01858

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2022/01858

 

 

 

 

Ч.Д ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч С.Энхбаяр, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/02925 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ч.Д ий хариуцагч Д.Н д холбогдуулан гаргасан 15,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзул илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ч.Д , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.С , хариуцагчийн өмгөөлөгч А.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Н тай 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээг байгуулсан. Д.Н ын Б ХХК-тай 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан ... тоот хашаанд баригдаж байсан орон сууцны В блокийн 0 дугаар орц, 0 давхарт, 2 өрөө, 56,53 м.кв талбайтай, АААА0000/000 дугаартай орон сууцны захиалгын гэрээний эрхийг шилжүүлэн авсан. 45,224,000 төгрөгийн 30 хувь болох 14,650,000 төгрөг, зургийн үнэ 1,000,000 төгрөг өгсөн. Барилга 2016 оны 4 дүгээр улиралд ашиглалтад орох ёстой боловч одоог хүртэл ашиглалтад ороогүй, хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй. Б ХХК нь Ч.Д тэй гэрээ байгуулаагүй гэж хэлдэг. Д.Н Б ХХК-тай байгуулсан гэрээний 3.10, 4.10 дах заалтыг зөрчиж нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан тул Д.Н ад өгсөн 15,650,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... орчим 3 блок баригдах Х С Х д 56.63 м.кв талбайтай орон сууцыг худалдан авахаар Б ХХК-тай гэрээ байгуулсан. Гэрээний урьдчилгаа, архитектурын зургийн хөлсийг төлсөн. Барилга баригдах явцад Ч.Д д барилгын захиалгын гэрээг шилжүүлэх гэрээ байгуулсан. 15,650,000 төгрөгийг Ч.Д өөс авсан. Тухайн үед Ч.Д д эрхээ шилжүүлсэн талаар Цагдаагийн ерөнхий газарт мэдэгдсэн боловч Б ХХК-тай гэрээ байгуулсан хүний нэрээр байх хэрэгтэй гэсэн тул Д.Н ын нэр дээр байгаа. Ц Е Г н барилгын ажлыг хариуцсан цагдаагийн алба хаагч нар урьдчилгаа төлбөрийг Б ХХК-ийн захирал Х.О д барилгын ажлын санхүүжилт болгон шилжүүлэхийн тулд авлига өгөхийг шаардсан гэх үндэслэл, мөн Б.Ц ыг барилгын ажлыг санхүүжилтийг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Одоогоор санхүүжилт байхгүй шалтгаанаар барилгын ажил бүрэн зогссон. Д.Н нь эрүүгийн хэрэгт 15,650,000 төгрөгийн хохирол нэхэмжилж хохирогчоор тогтоогдож мэдүүлэг өгсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-т заасныг баримтлан Д гийн Н аас 15,650,000 /арван таван сая зургаан зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан Ч ын Д д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлсөн 236,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 236,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна.

4.1. Хэрэгт авагдсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй тухайд, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй буюу шүүхээр ямар зөрчигдсөн эрх ашиг, сонирхлоо хамгаалуулах гэж байгаа, ямар эрх зүйн харилцаанаас юу шаардаж байгаа нь тодорхойгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангахгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчаас 15,650,000 төгрөг шаардаж байгаа нь гэрээний дагуу төлөгдөх ёстой мөнгө үү, эсхүл гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой шаардаж байна уу. Хэрэв гэрээний үүргийн зөрчилтэй холбоотой бол гэрээнээс татгалзсантай холбоотойгоор буцаан гаргуулахаар нэхэмжилж байна уу гэдэг нь тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.4, 225 дугаар зүйлийн 225.2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал бий болсон гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 15,650,000 төгрөг гаргуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэт нэг талыг баримталж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б ХХК, Д.Н нарын хооронд байгуулагдсан гэрээний 3.10, 4.10 дах заалтуудыг мэдэж, зөвшөөрч гэрээний эрх, үүргийг шилжүүлэх гэрээг 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулсан. Хэрэв гэрээний дээрх заалтуудыг нэхэмжлэгч мэдээгүй, хараагүй, зөвшөөрөхгүй байсан бол Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээ байгуулахгүй байх, эсвэл өөрчлөлт оруулах эрх нь нээлттэй байсан. Гэтэл нэхэмжлэгч нь дээрх нөхцөл байдлыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан атлаа одоо мэдээгүй гэж тайлбарлаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-т заасан шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах үүрэгтэй гэж заасныг зөрчиж, өөрийн талд ашигтай шийдвэр гаргуулахаар хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанд худал тайлбар гаргасанд гомдолтой байна.

4.2. Хөөн хэлэлцэх хугацааны тухайд, Ч.Д нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагчийг биелүүлээгүй, гэрээний үүргээ зөрчсөн гэх үндэслэлээр гэрээг цуцалж, гэрээний дагуу төлсөн мөнгөө буцаан шаардаж байгаа нөхцөлд орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгч, өмчлөх эрхийг нэхэмжлэгчид шилжүүлж өгөх сүүлчийн хугацаа буюу 2016 оны 4 дүгээр улирал буюу 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн түүний эрх зөрчигдсөн. Энэ хугацаанаас нэхэмжлэгчийн шаардах эрхээ хэрэгжүүлэх хугацаа эхэлсэн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан. Хариуцагч тал анхан шатны шүүх хуралдаанд идэвхгүй оролцсон. Анхан шатны шүүх хуралдааны явцад үзлэг хийлгэе гэхэд хариуцагч маргахгүй, нэхэмжлэгчийг шаардаж байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Авлигатай тэмцэх газарт шалгагдаж буй хэрэгт хариуцагч хохирогчоор тогтоогдсон. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага байнга тавьж байсан тул хариуцагчийн гаргасан үндэслэлүүд нотлогдоогүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ч.Д ий хариуцагч Д.Н д холбогдуулан гаргасан захиалагчийн эрх, үүрэг шилжүүлсэн гэрээнээс татгалзаж 15,650,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй.

3. Хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ. Хариуцагч Д.Н нь 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Б ХХК-тай Ц Е Г н захиалгаар ... -р хороонд баригдах орон сууцны барилгын В блокийн 0-р орц, 0-р давхрын 56,53 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 45,224,000 төгрөгөөр захиалах гэрээг байгуулсан. Тэрээр 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б ХХК-тай байгуулсан дээрх гэрээний захиалагчийн эрх, үүргийг нэхэмжлэгч Ч.Д д шилжүүлэх тухай гэрээг байгуулсан байна. Нэхэмжлэгчийн орон сууцны урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 15,650,000 төгрөгийг хариуцагч хүлээн авсан. Орон сууц одоог хүртэл ашиглалтад ороогүй үйл баримтын талаар талууд маргаагүй болно. /хх4-8/

4. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан журмын дагуу үнэлж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Д.Н нь нэхэмжлэгч Ч.Д тэй 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээг байгуулахдаа Б ХХК-тай байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн гэрээний 3.10-т анх гэрээ хийсэн захиалагч гэрээнийхээ захиалагчийн нэрийг зайлшгүй солих шаардлагатай гэж үзэн хүсэлт гаргавал Ц Е Г н орон сууц бариулах ажлын хэсгийн албан бичгийг үндэслэн гэрээг шинэчилж өөр захиалагчийн нэр дээр дахин гэрээ хийж болно, 4.10-т захиалагч орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж өөрийн өмчлөлд шилжүүлж авахаас өмнө уг орон сууцыг бусдад худалдах, бэлэглэх, барьцаалах, түрээслэх, гэрээгээр хүлээсэн эрх, үүргээ бусдад шилжүүлэх, гүйцэтгэгчийн борлуулж буй үнээс хямдруулан худалдахыг хориглоно гэснийг зөрчсөн байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэлгүй байна.

5. Түүнчлэн хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан захиалагчийн эрх, үүрэг шилжүүлэх гэрээний 4-т заасан тус орон сууцыг эрх хүлээн авагчийн нэр дээр шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэхэд эрх шилжүүлэгч талаас шаардагдах баримт бичгийг эрх шилжүүлэгч нь эрх хүлээн авагчид гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дах хэсэгт заасны дагуу гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд хариуцагч нь мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, мөн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. Талуудын хэн аль нь маргаан бүхий орон сууцны барилга ашиглалтад ороогүй, цаашид хэзээ ашиглалтад орох нь тодорхой бус гэж тайлбарласан, тус орон сууцны барилгатай холбоотой эрүүгийн хэрэгт хариуцагч Д.Н хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон байна. /хх28-29/ Анхан шатны шүүх холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хариуцагчаас 15,650,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

6. Маргаан бүхий орон сууцны барилга одоог хүртэл ашиглалтад ороогүй, гэрээ хэрэгжээгүй бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.2-т зааснаар үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй болно.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2022/02925 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЦОГТСАЙХАН

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

А.МӨНХЗУЛ