Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 1069

 

“ӨЗ” ХХК--ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00855 дугаар шийдвэртэй”ӨЗ” ХХК--ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч “СЛ” ХХК--д холбогдох, тээвэрлэлтийн гэрээний хохиролд 14 827 220 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвээндэмбэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Очирдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Цэнд-Аюуш нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”ӨЗ” ХХК- нь хөлдөөсөн жимс, хүнсний ногоог импортоор оруулж ирж худалдан борлуулдаг. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “СЛ” ХХК--ийн тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр БНХАУ-аас жимс, ногоо тээвэрлүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр битүүмжлэгдсэн чингэлгийг задалж үзэхэд хөргүүр хэвийн ажиллаагүйгээс тээвэрлүүлсэн 11 нэр төрлийн барааны 10 нэр төрлийн 5 180 ширхэг жимс, ногоо гэссэн байсан. “СЛ” ХХК--ийн төлөөлөгч болон бусад албаны хүмүүстэй дотор талын температурыг хэмжихэд нэмэх градус зааж байсныг шалгаж тогтоосон. МҮХАҮТ-аар дүгнэлт гаргуулахад тээвэрлэлтийн буруугаас 5 180 ширхэг жимс, ногоог ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, энэ талаар хариуцагч талд мэдэгдэхэд “хариуцлага хүлээхгүй” гэдэг. Гэтэл ачилт хийсэн Хятад талын компани “...барааг ачих үед хөргүүрийг асаасан байх ёстой боловч асаагаагүй, хөргүүрийн шингэн дууссан байсныг цэнэглэж өгсөн...” гэж хэлсэн. Тээвэрлэгчид хөлдөөсөн жимс, ногоо тээвэрлэх талаар мэдэгдсэн. Хөлдөөсөн жимс, ногоо нь зайрмаг зэргийг бодвол харьцангуй нэмэх температурт гэсдэг.

Хариуцагч  10 гаруй жил дээрх чиглэлийн ажил эрхэлж байгаа туршлагатай учраас ямар бараа байсан талаар нэхэмжлэгч мэдээлэл өгөөгүй, модон подон ашигладаг техникийн шаардлага байхгүй ч ингэж ачдаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Модон подон заавал ашиглах зохицуулалт байхгүй. Манай талаас шалтгаалж гааль дээр 3 хоног саатсанаас үл хамаарч тээвэрлэгч ачааг хадгалах үүрэгтэй. МҮХАҮТ нь улсын хэмжээнд дүгнэлт гаргадаг цор ганц зөвшөөрөлтэй, эрх бүхий байгууллага. Нэхэмжлэгчийн хувьд барааг дэлгүүрт нийлүүлж, дэлгүүр 30 хувь нэмж худалддаг боловч хэрэглэгчид очих үнээр бус дэлгүүрт нийлүүлдэг үнээр нэхэмжилсэн.

Хариуцагчийг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна. Дүгнэлтээр шүүс гоожсон гэх дээрх бараа нь амархан хайлдаггүй, чиргүүлийн температур -12 градус зааж байхад 10 гаруй подоныг авахад температур нэмэх градустай болох үндэслэлгүй тул тээвэрлэгч буруугүй болохоо нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэтэл тээвэрлэгч подон авснаас бараа хайлсан гэдгийг нотлоогүй. Ачааг илгээгч тээвэрлэгчид ачааг хүлээлгэж өгсөн үеэс эхлээд гарах эрсдэл бүхэлдээ түүнд шилжинэ.

Иймд тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа учраас тээвэрлэлтийн гэрээний хохиролд олох ёстой байсан орлого 14 157 220 төгрөг, шинжээчээр үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөг, чанарын өөрчлөлттэй бараа бүтээгдэхүүнийг ангилж, тооллого хийхэд ажиллуулсан ажилчдын хөлс 510 000 төгрөг, нийт 14 827 220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр н.Орчлон гэдэг хүн манай менежер Ц.Сод-Эрдэнэтэй ярьж “....БНХАУ-аас ачаа тээвэрлэх байсан машин явах боломжгүй боллоо. Танай хөргүүртэй машин ачаа тээвэрлэх үү, тээвэрлүүлэгчтэй нь холбоод өгье...” гэснээр 20-07 УБЭ дугаартай МиЭйэН /МАN/ маркийн тээврийн хэрэгсэлд 20-07 УЧ дугаартай хөргүүртэй, чиргүүл чирч БНХАУ явсан. Тухайн үед тээвэр хийлгэхийг хүссэн н.Орчлон, тээвэрлүүлэгч”ӨЗ” ХХК- нь ямар ачаа тээвэрлэх тухай мэдээлэл өгөөгүй. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөө Эрээн хотод очсон боловч ачаа нь ирээгүй тул жолооч 2 хоног хүлээснээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өглөө ачааг ачиж эхэлсэн. Гэтэл ачаа нь багтахгүй байна гээд ачсан хүмүүс нь чиргүүлийн арын хэсэгт байрлах 10 модон подоныг авч, илүү гарсан ачааг ачсан, мөн ачааны дагалдах бичиг өгөөгүй байсан.

Ингээд 2018 оны 6 дугаар сарын 28-нд Замын-Үүдийн гааль дээр ирсэн боловч нэхэмжлэгч ачуулсан барааны гаалийн татварыг төлөхгүй удааж, 2018 оны 6 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гааль дээр саатуулсан. 2018 оны 6 дугаар сарын 30-ны орой Замын-Үүдийн боомтоор гарч Улаанбаатарт 7 дугаар сарын 01-ний өдөр ирээд ачааг хүлээлгэн өгөх гэсэн боловч нэхэмжлэгч “...амарч байна, ачаа хүлээн авахгүй...” гэсний улмаас мөн оны 7 дугаар сарын 02-ны даваа гаригт ачааг өгч, агуулахад нь буулгасан. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ачаа тээвэрлэх хугацаанд манай машин, чиргүүлийн хөргүүр хэвийн ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн агуулахад ачааг буулгах үед модон подоныг авсан хэсэг буюу чиргүүлийн хойно байсан ачаанд өөрчлөлт орсон байсан ч дэлгэрэнгүй шалгаж үзэлгүй агуулахдаа буулгасан. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тээвэрлэсэн бараа муудсан байна гэх агуулгатай мэдэгдэл ирүүлсэн.

Тээвэрлэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж бараанд нь өөрчлөлт ороогүй тул тэдний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 7 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ачааг тоолж, ялгана гэсэн тул”ӨЗ” ХХК--ийн агуулахад манай компанийн менежер, нягтлан бодогч нар ялгалт хийхэд нь оролцсон. Энэ ялгалтаар өөрчлөлттэй, ашиглах боломжгүй гэж”ӨЗ” ХХК--ийн ажилчид 5 180 ширхэг барааг ялгасан байсан. Эдгээр барааны үнэлгээ 14 157 220 төгрөг гэж 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан тоотоор манайхыг төлөх ёстой гэж шаардсан учир бид татгалзсан. Тус компанийн хувьд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг 2016 оноос хойш ямар нэгэн алдаа дутагдалгүй тээвэрлэсэн туршлагатай ба нэхэмжлэгчийн ачааг зохих ёсоор тээвэрлэсэн бөгөөд дурдсан хохирол хариуцагчийн үйл ажиллагаанаас болоогүй, төлөх үндэслэлгүй.

Талууд тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулаагүй, дагалдах бичиг байдаггүй, тээвэрлэсэн барааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, чиргүүлийн хөргүүр хэвийн ажиллаж байсан, гаалиар нэвтрэх үед хөргүүр -18 градус зааж, хэвийн тээвэрлэж ирсэн. Нэхэмжлэгч талын хашаанд өөрсдийнх нь хараа хяналт дор хоосон чингэлэгт хэмжилт хийхэд хэвийн ажиллагаатай байсан, ачих стандартыг зөрчиж 10 ширхэг модон подоныг авч ачсан нь хүйтэн агаар сэлгэх боломжгүй болгосон. Модон подонгүйгээр богино зайд, богино хугацаанд тээвэрлэлт хийх боломжтой боловч гааль дээр удаан саатсан учраас бараа гэссэн, саатаагүй бол 8 цагийн турш тээвэрлэн ирэх боломжтой байсан.

МҮХАҮТ-аас экспертиз хийсэн гэх өдөр тухайн байгууллагаас хүн ирээгүй. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийсэн байхад экспертизийн дүгнэлт 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Дүгнэлтэд талуудыг байлцуулсан гэсэн боловч манай талыг оролцуулаагүй атал 5 180 ширхэг барааны тоо ширхэг огт зөрөөгүй гарсан нь үндэслэл муутай байна. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бараа буулгахад  өөрчлөлттэй бараа байсан гэх боловч ямар өөрчлөлт гарсан гэдгийг хэлээгүй атал 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бараанд өөрчлөлт орсон, хариуцлага хүлээнэ шүү гэсэн. Нэхэмжлэгчээс бараа хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гараагүй. Гаалийн мэдүүлэгтэй нь тулгахад үнийн дүн 5 107 909 төгрөгийн бараа байдаг ба энэ нь НӨАТ ороогүй үнэ юм.

Дэлгүүрт зарагдаж байгаа үнээр тооцон нэхэмжлэгч болон тухайн дэлгүүр ашгаа нэмсэн үнэ болох 14 827 220 төгрөгийг нэхэмжилж байна. Суурь үнэ буюу тухайн барааг худалдаж авсан үнэ, гаалийн татвар орсон үнийг нэхэмжлэх эрхтэй байсан. Бараа муудсан ашиглах боломжгүй байсан бол түүнийг мэргэжлийн хяналтын газарт хандан устгалд оруулах байсан. Бараанд ямар хэмжээний өөрчлөлт гарсан, ямар хэмжээний хохирол учирсан, барааг устгасан гэдэг талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Уг барааг өөр зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Мөн гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх:             Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386.4, 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “СЛ” ХХК--иас ачаа тээвэрлэлтийн гэрээний хохиролд 5 889 038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч”ӨЗ” ХХК--д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 938 182 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “СЛ” ХХК--иас 109 174.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч”ӨЗ” ХХК--д олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж хариуцагчаас 5 889 038 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй тул дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ачаа тээвэрлэлтийн гэрээний дагуу гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан байтал шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй байна. Хэрэгт авагдсан баримт, шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ачаагаа өөрийн агуулахдаа буулгаж, 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр манай компанид эхний албан бичиг бүхий гомдлын шаардлагаа ирүүлж байсан нь нотлогдох ба нэхэмжлэгчийн төлөөлөгч 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө бичгээр шаардлага тавьж байгаагүй гэдгээ илэрхийлсэн тул хариуцагч талаас гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан гэдгийг шүүхэд тодорхой тайлбарласан.

Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дах хэсэгт ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр тээвэрлэгчид гаргана гэж заасан байтал нэхэмжлэгч ачааны гэмтэл, дутагдлын талаарх гомдлын шаардлагаа хуульд заасан хугацааны дотор бичгээр гаргаагүй, барааг хүлээн авах үедээ үзлэг тэмдэглэл огт үйлдээгүй зэрэг нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах эрхээ алдсан болохыг харуулж байна.

Анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр шийдвэрээ уншиж сонсгохдоо Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа /1 жил/ дуусаагүй байхад нэхэмжлэгч тал шаардлагаа 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр, мөн оны 8 дугаар сарын 07-ны өдөр тус тус бичгээр гаргасан байна гэж хуулийг буруу хэрэглэж тайлбарласан боловч энэ талаараа бичгээр гаргасан шийдвэртээ огт тусгаагүй байна. Мөн гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох ёстой гэх хариуцагч талын тайлбарыг буруутгасан, зөвтгөсөн ямар ч дүгнэлтийг шийдвэртээ тусгаагүй. Шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, эргэлзээтэй нотлох баримтыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч нэхэмжлэлээ нотлох зорилгоор МҮХАҮТ-ын  экспертизийн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гаргасан дүгнэлт гэх баримтыг ирүүлсэн, үүнд 5 889 038 төгрөгийн үнэ бүхий 5 180 ширхэг барааг худалдах, ашиглах боломжгүйг тодорхойлов гэсэн байдаг. Уг дүгнэлтийг гаргах үйл ажиллагаанд “СЛ” ХХК--ийн төлөөлөл огт оролцоогүй ба дүгнэлт үйлдэх, үзлэг шинжилгээний явцад талуудын төлөөлөгч нар байлцсан гэх нотлох баримт, тэмдэглэл хэрэгт огт авагдаагүй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүргийн дагуу өөр баримт гаргаагүй. Экспертизийн дүгнэлт үнэн зөв эсэх нь эргэлзээтэй, нэхэмжлэлийн шаардлагыг хангалттай нотлохгүй байгааг хариуцагч шүүх хуралдааны явцад тодорхой тайлбарлаж, нотолсон болно.

Нэхэмжлэгч 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр албан бичгээр шаардлага гаргасны дараа талуудын төлөөлөл”ӨЗ” ХХК--иин агуулахад байх ачааг нэг бүрчлэн тоолж, ялгалт хийж 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 5 180 ширхэг барааг ашиглах боломжгүй тухай “Бараа тоолсон акт” үйлдсэн. Мөн нэхэмжлэгч 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдөр “талуудын төлөөлөл уулзаж нийт хохирлыг 5 180 ширхэг гэж тогтоосон” тухай албан мэдэгдэл ирүүлсний дагуу хариуцагч татгалзсан хариу өгсөн. Гэтэл 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан гэх Экспертийн дүгнэлтэд заасан тоо хэмжээ нь талуудын 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэг бүрчлэн тоолж гаргасан тоо, хэмжээтэй ижил байгаа нь уг дүгнэлтийг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан болон үнэн зөв эсэхэд эргэлзээг төрүүлж байна.

Хэрэв 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 5 180 гэх тоо, хэмжээ нь Экспертизийн дүгнэлтээр тодорхой болсон бол тэр даруй эсвэл 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн албан бичигт тодорхой дурдах байсан ба дахин 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нэг бүрчлэн тоолох шаардлагагүй гэж хариуцагч шүүхэд тодорхой тайлбарласан атал шүүх дээрх эргэлзээтэй дүгнэлтэд үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд хариуцагч гомдолтой. Талуудын нэг бүрчлэн тоолж, тогтоосон доголдолтой гэх 5 180 ширхэг барааны үнийг гаалийн мэдүүлэг дэх үндсэн үнээс тооцоолж үзэхэд 5 107 909 төгрөгийн үнэ бүхий бараа болох нь тогтоогдож байхад экспертизийн 5 889 038 төгрөгийн гэж дүгнэлтэд үндэслэлгүй үнэлгээ тогтоосон байна.

Нийлүүлэгч болон захиалагч байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас бараа гэсч, өөрчлөгдөх үндэслэл болсон байтал анхан шатны шүүх хөргүүрийн хэвийн бус байдлаас зарим бараа чанараа алдсаны улмаас 5 180 ширхэг бараа буцаан ашиглах боломжгүй болсон гэж тээвэрлэгчийг буруутгаж дүгнэж хэргийг шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хэрэв шүүхийн дүгнэсэн ёсоор чиргүүлийн хөлдөөх хөдөлгүүр хэвийн бус байсан бол бүх бараа гэсэж, хайлах байсан.

Хариуцагч “СЛ” ХХК--иас татгалзлаа нотлох зорилгоор Олон улсын Ачаа ачих стандартыг хэсэгчлэн орчуулж хэрэгт хавсаргасан. Уг стандартад байх зурагт үзүүлснээр “Хөргүүртэй чингэлэгт модон подоныг заавал ашиглах, агаар сэлгэх модон подоныг авч ачсан тохиолдолд богино зайд, богино хугацаанд тээвэр хийх боломжтой” гэж дурдсан байна. Тээвэрлэгч ачааг 8 цагт тээвэрлэн ирэх боломжтой байхад нэхэмжлэгч гаалийн татвар төлөөгүйн улмаас 3 хоног саатаж, улмаар амралтын өдөр гэх шалтгаанаар бараагаа хүлээж аваагүй 4 хоног саатуулсан нь ачаа гэсэх бас нэгэн шалтгаан болсон.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.2 дах хэсэгт эрх бүхий этгээдийн буруугаас, эсхүл түүний зааварчилгыг биелүүлснээс ачаа алдагдсан, дутсан, гэмтсэн буюу тээвэрлэлтийн хугацаа хэтэрсэн, эсхүл дээрх нөхцөл байдал, түүний үр дагаврыг урьдчилан арилгах боломж тээвэрлэгчид байгаагүй бол тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө, мөн хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.3-д ачаа тээгч, хүлээн авагч ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан бол тээвэрлэгч ачаа гэмтсэн хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгоно уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэлээгүй, маргааны үйл баримтад хамаарах хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

 

Нэхэмжлэгч”ӨЗ” ХХК- нь хариуцагч “СЛ” ХХК--д холбогдуулан ачаа тээвэрлэсэн чиргүүлийн хөргүүр хэвийн бус ажилласны улмаас тээвэрлүүлсэн бараа болох хөлдөөсөн жимс, хүнсний ногоо гэсч, 5 180 ширхэг бүтээгдэхүүнийг ашиглах боломжгүй болж, олох байсан орлогын 14 157 220 төгрөг, экспертизийн дүгнэлтийн хөлс 160 000 төгрөг, тухайн бүтээгдэхүүнийг ангилж, тооллого хийсэн ажилчдын хөлс 510 000 төгрөг, нийт 14 827 220 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараас үзвэл хариуцагч “СЛ” ХХК- нь нэхэмжлэгчийн хүсэлтээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдөр БНХАУ-ын Эрээн хотоос хөлдөөсөн жимс, хүнсний ногоог 20-07 УБЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 20-07 УЧ улсын дугаартай чиргүүлд ачиж, Улаанбаатар хотод тээвэрлэж 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр барааг нэхэмжлэгч талд хүлээлгэн өгсөн, тээвэрлэлтийн хөлсөнд нэхэмжлэгч нь хариуцагчид 2 900 000 төгрөгийг төлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй. /1хх128-130, 2хх253, 254, 256/ Харин тээвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний зарим хэсэгт чанарын өөрчлөлт орж, ашиглагдах боломжгүй болсон буюу тээвэрлэлтийн зүйлд доголдол үүссэн нь хэний буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болсон талаар талууд харилцан маргажээ.

 

Шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийж, хариуцагч нь ачааг тээвэрлэх, нэхэмжлэгч тал ачааг тээвэрлүүлэхээр тохиролцож, хөлсийг төлсөн нь тогтоогдсон тул тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан “Ачаа тээвэрлэлтийн гэрээ” байгуулагдсан гэж үзсэн. Талууд хэдийгээр уг гэрээг дагалдах бичгийн хэлбэрээр байгуулаагүй боловч Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.4 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээний ерөнхий журам үйлчлэх зохицуулалттай нийцүүлэн мөн хуулийн 380 дугаар зүйлд заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн нь талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон байна.

 

Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлүүлэгч нь 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ачааг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон бөгөөд тухайн тээвэрлэлтээр ирсэн ачаа доголдолтой байгаа тохиолдолд энэ талаар ачаа хүлээн авагчийн гомдол гаргах хуулиар тогтоосон хугацааны талаар шүүх дүгнээгүй нь учир дутагдалтай болжээ.

 

Нэхэмжлэгч тал өөрийн агуулахад хүлээн авсан барааны талаар 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Бараа тоолсон акт” үйлдэж, нийт 48 900 ширхэг хэмжээний ачааг тээвэрлүүлж, 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ачааг хүлээн авч, 2018 оны 7 дугаар сарын 03, 27, 28-ны өдрүүдэд талууд үзлэг, тооллого хийж 5 180 ширхэг бүтээгдэхүүнийг ашиглах боломжгүй талаар дурдсан байна. /1хх 31/

 

Мөн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын Экспорт, Импортын барааны хяналтын хэлтэс экспертизийн дүгнэлт гаргаж, “нийлүүлэгдэх үеийн жимс нь машины тааз хүртэл битүү ачигдсан тээвэрлэлтийн явцад дунд болон хойд хэсгээрээ их хэмжээгээр гэсэж шүүс гоожиж худалдах, ашиглах боломжгүй 5 180 ширхэг, 5 889 038 төгрөгийн үнэ бүхий бараа байсныг тодорхойлсон байна. /1хх8, 203, 204/

 

Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч тал 2018 оны 7 дугаар сарын 17, 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрүүдэд хариуцагч байгууллагад дээрх доголдлын талаар мэдэгдэл хүргүүлсэн байгаагаас ачаа хүлээн авагч нь ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор бичгээр тээвэрлэгч талд гаргах Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дах хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. /1хх4, 6/

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь ачааг хүлээн авсан 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр тээвэрлүүлсэн барааны тодорхой хэсэгт чанарын өөрчлөлт гарсан талаар мэдсэн атлаа тухайн өдөр гомдлын шаардлагыг тээвэрлэгч талд бичгээр гаргаагүй, түүнчлэн 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр экспертизийн дүгнэлт гарсан байхад 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 2/044 тоот албан бичгийг илгээсэн нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй. Зүй нь, хуулийн дээрх зохицуулалт ёсоор гомдлын шаардлагын талаарх мэдэгдлийг эцсийн байдлаар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч талд бичгээр хүргүүлэх байжээ. 

 

Нэхэмжлэгч нь давж заалдах шатны шүүх хуралдааны явцад Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.1 дэх хэсэгт зааснаар тээвэрлэлтийн гэрээнээс үүсэх шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байдаг тул уг хугацааны дотор гомдлын шаардлагаа гаргасан гэх үндэслэл зааж, хариуцагчийн давж заалдах гомдолд тайлбар гаргаж байх боловч энэ нь Иргэний хуулийн 395 дугаар зүйлийн 395.2.3-т зааснаар гомдлын шаардлагын хариуг авсан буюу гомдлын шаардлага гаргах хугацаа дууссан өдрөөс тоологдох шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаарх зохицуулалт болохыг дурдах нь зүйтэй.

 

Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг  хүчингүй болгож, тээвэрлэлтийн гэрээний хохиролд 14 827 220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч”ӨЗ” ХХК--ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул тээвэрлэлтийн гэрээний хохиролд 14 827 220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч”ӨЗ” ХХК--ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “СЛ” ХХК--иас төлсөн 109 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                                         ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА