Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2020 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2020/00704

 

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгионохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00855 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1069 дүгээр магадлалтай,

“Ө” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“С” ХХК-д холбогдох,

“Тээвэрлэлтийн гэрээ”-ний улмаас учирсан хохиролд 14 827 220 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц-ийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Уранзаяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ө” ХХК нь хөлдөөсөн жимс, хүнсний ногоог импортоор оруулж ирж худалдан борлуулдаг. 2018 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК-ийн тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр БНХАУ-аас жимс, ногоо тээвэрлүүлсэн. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр битүүмжлэгдсэн чингэлэгийг задалж үзэхэд хөргүүр хэвийн ажиллаагүйгээс тээвэрлүүлсэн 11 нэр төрлийн барааны 10 нэр төрлийн 5 180 ширхэг жимс, ногоо гэссэн байсан. “С” ХХК-ийн төлөөлөгч болон бусад албаны хүмүүстэй дотор талын температурыг хэмжихэд нэмэх градус зааж байсныг шалгаж тогтоосон. МҮХАҮТ-аар дүгнэлт гаргуулахад тээвэрлэлтийн буруугаас 5 180 ширхэг жимс, ногоог ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан, энэ талаар хариуцагч талд мэдэгдэхэд хариуцлага хүлээхгүй гэдэг. Гэтэл ачилт хийсэн Хятад талын компани “...барааг ачих үед хөргүүрийг асаасан байх ёстой боловч асаагаагүй, хөргүүрийн шингэн дууссан байсныг цэнэглэж өгсөн...” гэж хэлсэн. Тээвэрлэгчид хөлдөөсөн жимс, ногоо тээвэрлэх талаар мэдэгдсэн. Хөлдөөсөн жимс, ногоо нь зайрмаг зэргийг бодвол харьцангуй нэмэх температурт гэсдэг.

Хариуцагч 10 гаруй жил дээрх чиглэлийн ажил эрхэлж байгаа туршлагатай учраас ямар бараа байсан талаар нэхэмжлэгч мэдээлэл өгөөгүй, модон подон ашигладаг техникийн шаардлага байхгүй ч ингэж ачдаг гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Модон подон заавал ашиглах зохицуулалт байхгүй. Манай талаас шалтгаалж гааль дээр 3 хоног саатсанаас үл хамаарч тээвэрлэгч ачааг хадгалах үүрэгтэй. МҮХАҮТ нь улсын хэмжээнд дүгнэлт гаргадаг цор ганц зөвшөөрөлтэй, эрх бүхий байгууллага. Нэхэмжлэгчийн хувьд барааг дэлгүүрт нийлүүлж, дэлгүүр 30 хувь нэмж худалддаг боловч хэрэглэгчид очих үнээр бус дэлгүүрт нийлүүлдэг үнээр нэхэмжилсэн.

Хариуцагчийг Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4 дэх хэсэгт заасан хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй гэж үзэж байна. Дүгнэлтээр шүүс гоожсон гэх дээрх бараа нь амархан хайлдаггүй, чиргүүлийн температур -12 градус зааж байхад 10 гаруй подоныг авахад температур нэмэх градустай болох үндэслэлгүй тул тээвэрлэгч буруугүй болохоо нотолсноор хариуцлагаас чөлөөлөгдөнө. Гэтэл тээвэрлэгч подон авснаас бараа хайлсан гэдгийг нотлоогүй. Ачааг илгээгч тээвэрлэгчид ачааг хүлээлгэж өгсөн үеэс эхлээд гарах эрсдэл бүхэлдээ түүнд шилжинэ.

Иймд тээвэрлэгчийн буруутай үйл ажиллагаа байгаа учраас тээвэрлэлтийн гэрээний хохиролд олох ёстой байсан орлого 14 157 220 төгрөг, шинжээчээр үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөг, чанарын өөрчлөлттэй бараа бүтээгдэхүүнийг ангилж, тооллого хийхэд ажиллуулсан ажилчдын хөлс 510 000 төгрөг, нийт 14 827 220 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О шүүхэд гаргасан тайлбартаа: 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр н.Орчлон гэдэг хүн манай менежер Ц.Сод-Эрдэнэтэй ярьж “...БНХАУ-аас ачаа тээвэрлэх байсан машин явах боломжгүй боллоо. Танай хөргүүртэй машин ачаа тээвэрлэх үү, тээвэрлүүлэгчтэй нь холбоод өгье...” гэснээр 20-07 УБЭ дугаартай ЭмЭйЭН /МАN/ маркийн тээврийн хэрэгсэлд 20-07 УЧ дугаартай хөргүүртэй, чиргүүл чирч БНХАУ явсан. Тухайн үед тээвэр хийлгэхийг хүссэн н.Орчлон, тээвэрлүүлэгч “Ө” ХХК нь ямар ачаа тээвэрлэх тухай мэдээлэл өгөөгүй. 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн өглөө Эрээн хотод очсон боловч ачаа нь ирээгүй тул жолооч 2 хоног хүлээснээр 2018 оны 6 дугаар сарын 28-ны өглөө ачааг ачиж эхэлсэн. Гэтэл ачаа нь багтахгүй байна гээд ачсан хүмүүс нь чиргүүлийн арын хэсэгт байрлах 10 модон подоныг авч, илүү гарсан ачааг ачсан, мөн ачааны дагалдах бичиг өгөөгүй байсан.

Ингээд 2018 оны 6 дугаар сарын 28-нд Замын-Үүдийн гааль дээр ирсэн боловч нэхэмжлэгч ачуулсан барааны гаалийн татварыг төлөхгүй удааж, 2018 оны 6 дугаар сарын 28, 29, 30-ны өдрүүдэд гааль дээр саатуулсан. 2018 оны 6 дугаар сарын 30-ны орой Замын-Үүдийн боомтоор гарч Улаанбаатарт 7 дугаар сарын 01-ний өдөр ирээд ачааг хүлээлгэн өгөх гэсэн боловч нэхэмжлэгч “...амарч байна, ачаа хүлээн авахгүй...” гэсний улмаас мөн оны 7 дугаар сарын 02-ны даваа гаригт ачааг өгч, агуулахад нь буулгасан. 2018 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс 7 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл ачаа тээвэрлэх хугацаанд манай машин, чиргүүлийн хөргүүр хэвийн ажиллаж байсан. Нэхэмжлэгчийн агуулахад ачааг буулгах үед модон подоныг авсан хэсэг буюу чиргүүлийн хойно байсан ачаанд өөрчлөлт орсон байсан ч дэлгэрэнгүй шалгаж үзэлгүй агуулахдаа буулгасан. 2018 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тээвэрлэсэн бараа муудсан байна гэх агуулгатай мэдэгдэл ирүүлсэн.

Тээвэрлэгчийн үйл ажиллагаанаас шалтгаалж бараанд нь өөрчлөлт ороогүй тул тэдний шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 7 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд ачааг тоолж, ялгана гэсэн тул “Ө” ХХК-ийн агуулахад манай компанийн менежер, нягтлан бодогч нар ялгалт хийхэд нь оролцсон. Энэ ялгалтаар өөрчлөлттэй, ашиглах боломжгүй гэж “Ө” ХХК-ийн ажилчид 5 180 ширхэг барааг ялгасан байсан. Эдгээр барааны үнэлгээ 14 157 220 төгрөг гэж 2018 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн албан тоотоор манайхыг төлөх ёстой гэж шаардсан учир бид татгалзсан. Тус компанийн хувьд олон төрлийн бараа бүтээгдэхүүнийг 2016 оноос хойш ямар нэгэн алдаа дутагдалгүй тээвэрлэсэн туршлагатай ба нэхэмжлэгчийн ачааг зохих ёсоор тээвэрлэсэн бөгөөд дурдсан хохирол хариуцагчийн үйл ажиллагаанаас болоогүй, төлөх үндэслэлгүй.

Талууд тээвэрлэлтийн гэрээг бичгээр байгуулаагүй, дагалдах бичиг байдаггүй, тээвэрлэсэн барааны талаар тодорхой мэдээлэл өгөөгүй, чиргүүлийн хөргүүр хэвийн ажиллаж байсан, гаалиар нэвтрэх үед хөргүүр -18 градус зааж, хэвийн тээвэрлэж ирсэн. Нэхэмжлэгч талын хашаанд өөрсдийнх нь хараа хяналт дор хоосон чингэлэгт хэмжилт хийхэд хэвийн ажиллагаатай байсан, ачих стандартыг зөрчиж 10 ширхэг модон подоныг авч ачсан нь хүйтэн агаар сэлгэх боломжгүй болгосон. Модон подонгүйгээр богино зайд, богино хугацаанд тээвэрлэлт хийх боломжтой боловч гааль дээр удаан саатсан учраас бараа гэссэн, саатаагүй бол 8 цагийн турш тээвэрлэн ирэх боломжтой байсан.

МҮХАҮТ-аас экспертиз хийсэн гэх өдөр тухайн байгууллагаас хүн ирээгүй. 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр тооллого хийсэн байхад экспертизийн дүгнэлт 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр гарсан. Дүгнэлтэд талуудыг байлцуулсан гэсэн боловч манай талыг оролцуулаагүй атал 5 180 ширхэг барааны тоо ширхэг огт зөрөөгүй гарсан нь үндэслэл муутай байна. 2018 оны 7 дугаар сарын 02-ны өдөр бараа буулгахад өөрчлөлттэй бараа байсан гэх боловч ямар өөрчлөлт гарсан гэдгийг хэлээгүй атал 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр бараанд өөрчлөлт орсон, хариуцлага хүлээнэ шүү гэсэн. Нэхэмжлэгчээс бараа хүлээн авснаас хойш хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага гараагүй. Гаалийн мэдүүлэгтэй нь тулгахад үнийн дүн 5 107 909 төгрөгийн бараа байдаг ба энэ нь НӨАТ ороогүй үнэ юм.

Дэлгүүрт зарагдаж байгаа үнээр тооцон нэхэмжлэгч болон тухайн дэлгүүр ашгаа нэмсэн үнэ болох 14 827 220 төгрөгийг нэхэмжилж байна. Суурь үнэ буюу тухайн барааг худалдаж авсан үнэ, гаалийн татвар орсон үнийг нэхэмжлэх эрхтэй байсан. Бараа муудсан ашиглах боломжгүй байсан бол түүнийг мэргэжлийн хяналтын газарт хандан устгалд оруулах байсан. Бараанд ямар хэмжээний өөрчлөлт гарсан, ямар хэмжээний хохирол учирсан, барааг устгасан гэдэг талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй. Уг барааг өөр зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй. Мөн гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа хэтэрсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгионохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00855 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 386 дугаар зүйлийн 386.1, 386.4, 380 дугаар зүйлийн 380.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “С” ХХК-иас ачаа тээвэрлэлтийн гэрээний хохиролд 5 889 038 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8 938 182 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 087 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С” ХХК-иас 109 174.6 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ө” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1069 дүгээр магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00855 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2 дах хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй байх тул тээвэрлэлтийн гэрээний хохиролд 14 827 220 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Ө” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “С” ХХК-иас төлсөн 109 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Тус хэргийг хянан шийдвэрлэсэн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1069 дугаартай магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00855 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-д заасан үндэслэлийн дагуу хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.  Мөн энэхүү магадлалд “...Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгч тал 2018 оны 07 дугаар сарын 17, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрүүдэд хариуцагч байгууллагад дээрх доголдлын талаар мэдэгдэл хүргүүлсэн байгаагаас ачаа хүлээн авагч нь илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан хойш 7 хоногийн дотор бичгээр гаргах Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2. дахь хэсэгт заасан гомдлын шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдлаас дүгнэвэл Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.2. дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй...” гэсэн

Иргэний хуулийн 394 дүгээр зүйлд “гомдлын шаардлага гаргах хугацаа”, 395 дугаар зүйлд “хөөн хэлэлцэх хугацаа”-г тус тус тээвэрлэлтийн гэрээнд хэрэглэгдэхээр зохицуулсан бөгөөд 394 дүгээр зүйлийн 394.2. дахь хэсэгт тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш 7 хоногийн хугацаанд тээвэрлэгчид бичгээр мэдэгдэхээр заасан бол 395 дугаар зүйлийн 395.2.1. дэх хэсэгт тээвэрлүүлж ирсэн ачааны доголдолтой болохыг мэдсэнээс хойш 1 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлж болохоор заасан байдаг.

Энэхүү “гомдлын шаардлага гаргах хугацаа” нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулагддаг бол “хөөн хэлэлцэх хугацаа” нь шүүхэд хандан шаардах эрхээ албадан гүйцэтгүүлэх боломжит хугацааг тодорхойлдгоороо харилцан ялгаатай эрх зүйн ойлголтууд юм.

Өөрөөр хэлбэл гомдлын шаардлага гаргах хугацаа нь хөөн хэлэлцэх хугацааг хязгаарлах үндэслэл болохгүй тул “Ө” ХХК нь доголдолтой холбоотой шаардах эрхээ хэрэгжүүлэхээр 1 жилийн дотор буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байхад дээрх байдлаар дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

2.  Тус магадлалд “...2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр Мэдэгдэл хүргүүлэх тухай 2/044 дугаартай тоот албан бичгийг илгээсэн нь хуулийн дээрх заалттай нийцэхгүй. Зүй нь хуулийн дээрх зохицуулалт ёсоор гомдлын шаардлагын талаарх мэдэгдлийг эцсийн байдлаар 2018 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор хариуцагч талд бичгээр хүргүүлэх байжээ...” гэсэн.

“Ө” ХХК нь 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр чингэлэгийг задлах үед болон маргааш өдөр нь буюу 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдөр “С” ХХК-ийн удирдлагуудад удаа дараа мэдэгдэж байсан тул хариуцагч нь 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс өмнө доголдлын талаар мэдэж байсан.

Энэ нь Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын эксперт 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүгнэлт гаргахдаа нэхэмжлэгч тал болон хариуцагч талын хамтын төлөөллийг байлцуулан 1. тээвэрлэлтийн явцад, 2. дунд болон хойд хэсгээрээ их хэмжээгээр гэсэж шүүс нь гоожиж худалдах болон ашиглах боломжгүй...” гэж бичгээр акт үйлдсэнээр нотлогдож байгаа.

Нэг үгээр дээрх зохицуулалтын гол зорилго нь хариуцагчид доголдлын талаар тээвэрлэгчид мэдэгдэх тул нэхэмжлэгч нь ачаа барааны доголдлын талаарх гомдлоо эрх бүхий экспертээр дүгнэлт гаргуулах байдлаар гаргаж, хариуцагчид мэдэгдсэн.

Иймд Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1069 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 184/ШШ2019/00855 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “Ө” ХХК нь “С” ХХК-д холбогдуулан “Тээвэрлэлтийн гэрээ”-ний улмаас учирсан хохиролд 14 827 220 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, ...хэрэгт цугларсан баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй...” гэжээ.

Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “...2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “С” ХХК-ийн тусгай зориулалтын хөргүүртэй тээврийн хэрэгслээр БНХАУ-аас жимс, ногоо тээвэрлүүлсэн. 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр битүүмжлэгдсэн тээврийн хэрэгслийг задалж үзэхэд хөргүүр хэвийн ажиллаагүйгээс тээвэрлүүлсэн 11 нэр төрлийн барааны 10 нэр төрлийн 5 180 ширхэг жимс, ногоо гэссэн байсан. МҮХАҮТ-аар дүгнэлт гаргуулахад тээвэрлэлтийн буруугаас 5 180 ширхэг жимс, ногоог ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. ...Нэхэмжлэгчийн хувьд барааг дэлгүүрт нийлүүлж, дэлгүүр 30% нэмж худалддаг боловч хэрэглэгчид очих үнээр нь бус дэлгүүрт нийлүүлдэг үнээр хохирлыг тооцож нэхэмжлэлээ гаргасан тул гэссэн жимс, ногооны үнэ 14 157 220 төгрөг, шинжээчээр үнэлгээ хийлгэсэн хөлс 160 000 төгрөг, чанарын өөрчлөлттэй бараа бүтээгдэхүүнийг ангилж, тооллого хийхэд ажиллуулсан ажилчдын хөлс 510 000 төгрөг, нийт 14 827 220 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү...” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч: “...Ачааг тээвэрлэх хугацаанд манай машин, чиргүүлийн хөргүүр хэвийн ажиллаж байсан, ...ачааг ачсан хүмүүс ачаа нь багтахгүй байна гээд чиргүүлийн арын хэсэгт байрлах 10 модон подоныг авч, илүү гарсан ачаагаа ачсан байсан. Ачааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй, нэхэмжлэгчийн ачааг буулгах үед модон подоныг авсан хэсэг буюу чиргүүлийн хойно байсан ачаанд өөрчлөлт орсон байсан боловч дэлгэрэнгүй шалгаж үзэлгүй агуулахдаа буулгасан. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тээвэрлэсэн бараа муудсан байна гэх агуулгатай мэдэгдэл ирүүлсэн нь хуульд заасан хугацаанд гомдлын шаардлага ирүүлээгүй. Нэхэмжлэгч нь тээвэрлэх барааны талаар мэдэгдэл өгөөгүй, гэрээ байгуулаагүй, гаалиар гарах үед хөргүүл -18 градус зааж, хэвийн тээвэрлэж ирсэн. ...өөрчлөлт орсон муудсан барааг ашиглах боломжгүй байсан бол устгасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Уг барааг өөр зориулалтаар ашиглах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй...” гэжээ.

Зохигчийн хооронд тээвэрлэлтийн гэрээ байгуулагдсан гэж үзсэн хоёр шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 380 дугаар зүйлийн 380.1. дэх заалтыг зөрчөөгүй байна.

Тээвэрлэлтийн гэрээгээр тээвэрлэгч нь зорчигч буюу ачаа тээшийг тогтоосон газар хүргэх, тээвэрлүүлэгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.

Гэрээний дагуу тээвэрлэгч “С” ХХК нь 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдөр БНХАУ-аас барааг ачиж, 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар, “Ө” ХХК-д хүлээлгэн өгсөн, тээвэрлүүлэгч “Ө” ХХК тээвэрлэлтийн хөлс 2 900 000 төгрөгийг төлсөн нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүй, маргаантай үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

Зохигч ачаа гэмтэж, гэссэн талаар маргаагүй бөгөөд МҮХАҮТ-ийн шинжээчийн дүгнэлтээр ...ачааг машины тааз хүртэл битүү ачигдсан, ...тээвэрлэлтийн явцад дунд болон хойд хэсгээрээ их хэмжээгээр гэсэж шүүс гоожсон нь худалдах болон ашиглах боломжгүй болсныг тодорхойлсноос тухайн ачаа гэмтэж, гэссэнд хэн буруутай болохыг тогтоогоогүй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 386 дугаар зүйлд заасан ачаа тээврийн гэрээ байгуулагдсан боловч талууд дагалдах бичиг үйлдээгүй тул тээвэрлэлттэй холбоотой шаардлагатай мэдээ, мэдээлэл болох ямар ачаа тээвэрлэх, ачааны хэмжээ, ачааг тээвэрлэх нөхцөл, температурын хэмжээ, ачааг хэн ачиж, буулгах, ачааг ямар хугацаанд тээвэрлэх гэх мэт нөхцөлүүдийг тохиролцоогүйгээс үүссэн маргаантай холбогдуулан талуудын үүргийн талаар хуульд зааснаас өөрөөр тусгайлан дүгнэлт хийх боломжгүй юм.

Тухайлбал: нэхэмжлэгчээс “...тусгай зориулалтын хөргүүртэй автомашинаар хөлдөөсөн бараа бүтээгдэхүүн тээвэрлүүлсэн, ...чингэлэгийг задлахад машины хөргүүр хэвийн ажиллаагүйгээс тээвэрлүүлж ирсэн бараа хөлдүү байдлаа алдаж гэссэн...” гэсэн бол хариуцагчаас “...ачаа багтахгүй байна гээд ачааг ачсан хүмүүс чингэлэгийн арын модон подоныг авч ачааг ачсанаас агаарын сэлгэлтэд өөрчлөлт орсон байж болзошгүй, ...гаалийн татварыг төлөөгүйгээс хил дээр 3 хонож хугацаа алдсан...” гэж маргажээ.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.1.-д зааснаар тээвэрлэгч ачааг хүлээн авснаас хойш хүлээлгэн өгөх хүртэлх хугацаанд ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн, түүнчлэн тээвэрлэлтийн хугацаа хоцроосны хариуцлагыг бүхэлд нь буюу хэсэгчлэн хариуцна гэж заасан тул нэхэмжлэгч ачаа гэмтсэнээс учирсан хохирлыг шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 393 дугаар зүйлийн 393.4.3.-т ачаа илгээгч, хүлээн авагч, эсхүл тэдгээрийг төлөөлөх гуравдагч этгээд ачаанд үзлэг хийж ачсан буюу буулгасан бол дээрх нөхцөл байдлын улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэн бол тээвэрлэгч энэ хуулийн 393.6.-393.8.-д заасан хариуцлагаас чөлөөлөгдөнө гэж, 393.6.-д энэ хуулийн 393.4.-т заасан нэг буюу хэд хэдэн нөхцөлийн улмаас ачаа алдагдсан, дутсан буюу гэмтсэнд гэм буруугүй болохоо тээвэрлэгч нотолж чадвал хариуцлагаас чөлөөлөгдөнө гэжээ.

Ачааг ачаа илгээгч ачсан гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүй, ачааг хэн ачих, ямар хэмжээтэй ачаа ачих талаар талууд тохиролцоогүй, тээвэрлэгч тусгайлан үүрэг хүлээгээгүй тул хуулийн дээрх заалтаар энэ тохиолдолд тээвэрлэгч хариуцлагаас чөлөөлөгдөнө.

Түүнчлэн ачаа гаалийн шалгалтад хамрагдах үед -18 хэмтэй автомашинд байсан, ачааг нэхэмжлэгч талд буулгахад ачааг тээвэрлэсэн автомашины хөргүүрийн дундаж температур -12 хэм, дундаж чийгшил 51.6 хувийн чийгшилтэй байсан бөгөөд хэмжилт хийж буй чингэлэгт хөлдөөсөн ачаа, бараагүй үед градус багасах боломжтой талаар “Түүлс маркет” ХХК-ийн тайлбарт тусгагдсан байх тул ачаа ачсан чингэлэгийн хөргүүр ажиллаж байжээ.

Ачааг хэдэн хэмийн хүйтэнд тээвэрлэх талаар талууд тохиролцоогүй тул хөргүүр хэвийн ажиллаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар тээвэрлэгчийг буруутгах үндэслэл болохгүй.

Чингэлэгийн арын ачаа гэссэн нь автомашины хөргүүрийн температурын хэмжээнээс шалтгаалсан эсхүл ачааг буруу ачсанаас шалтгаалсан эсэхийг тогтоогоогүй тул тээвэрлэгчийг гэрээний үүргээ зөрчсөн, гэм буруутай гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд ачаа хөргүүрийн хэвийн бус байдлаас болж гэмтсэн гэх үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт цугларсан баримтад нийцээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээхийг хүссэн нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Ачаа хүлээн авагч ачааг хүлээж авахдаа тээвэрлэгчтэй хамт түүнийг шалгаагүй, эсхүл алдагдсан, дутсан ачааны болон учирсан хохирлын талаар ямар нэгэн шаардлага тээвэрлэгчид гаргаагүй бол эсрэгээр нотлогдох хүртэл ачаа хүлээн авагч ачааг дагалдах бичигт заасан байдлаар хүлээн авсанд тооцно, ачаа хүлээн авагч ачааны илэрхий гэмтэл, дутагдлын талаарх шаардлагыг ачаа хүлээн авсан өдөр, харин далд дутагдалтай холбоотой шаардлагыг ачааг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор тээвэрлэгчид гаргана гэж Иргэний хуулийн 394 дүгээр зүйлийн 394.1., 394.2.-т заажээ.

Нэхэмжлэгчийн ачаанд илэрхий гэмтэл гарсан байхад энэ талаар ачаа хүлээн авагч тухайн өдрөө гомдол гаргаагүй, улмаар далд дутагдал гэж үзсэн бол хуульд заасан 7 хоногийн дотор хариуцагчид гомдол гаргаагүй гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй тул ачааг хүлээн авсанд тооцно гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1., 40.2., 25 дугаар зүйлийн 25.2.2. дахь заалтыг зөрчөөгүй, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1.-д нийцжээ.

Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1069 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 109 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                          Х.СОНИНБАЯР    

                           ШҮҮГЧ                                                   Х.ЭРДЭНЭСУВД