Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 102/ШШ2022/02909

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, ... тоот хаягт байрлах, регистр ..., М... ББСБ, ХХК, 

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Д...ийн У...

Хариуцагч:Баянгол дүүрэг, ... тоотод оршин суух, регистр ..., Б... овогт Д...ийн Б...., 

Нэхэмжлэлийн шаардлага:742 758 414 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.З..., өмгөөлөгч Ч.Б..., хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т..., өмгөөлөгч Т.Б..., гэрч А.Б..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М... ББСБ, ХХК нь хариуцагч Д.У..., Д.Б.... нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 742 758 414 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

Д.У..., Д.Б.... нар нь манай байгууллагатай 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ... тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж 150.000.000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж Баянгол дүүрэг ...тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү... дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг буйдан, тавилга буюу эргэлтийн хөрөнгийн хамт барьцаалсан.

Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 329.141 төгрөг, хүүгийн төлбөрт 61.208.937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 753.806 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй байна.

Бид зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүгийн хуримтлагдсан төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан ч одоо болтол төлөлт хийхгүй гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсээр 2022 оны 4 дүгээр сарын 04-ны өдрийн байдлаар зээлдэгчийн зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 149.670.859 төгрөг, хүүгийн төлбөр 508.058.105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85.029.450 төгрөг буюу нийт 742.758.414 төгрөг болоод байна.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гээд мөн хуулийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй“ гэж заажээ.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Иргэний хуулийн 451.1 -д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл. журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ” гэж заасан бол мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө" гэж заасан.

Иймд зээлдэгч Д.У..., Д.Б.... нараас 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 14/11 тоот 150.000.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлийн гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл 149 670 859 төгрөг, хүүгийн төлбөр 508 058 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85 029 450 төгрөг буюу нийт 742 758 414 төгрөгийг гаргуулж, Баянгол дүүрэг 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс Эрчим хүчний гудамж 326 тоот хаягт байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай улсын бүртгэлийн Ү... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Зээлийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.З... гарын үсгээ зурсан байгаа, хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдрөөс 24 сарын хугацаатай,  зээлийг эргэн төлөх хуваарь байгаа, 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс эхлэн шаардах эрх тоологдоно, нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 3-нд  эвлэрүүлэн зуучлалд хандаж, энэ ажиллагаа 2 сар үргэлжлээд 2019 оны 7 дугаар сарын 8-нд дууссан, нэхэмжлэлээ 2022 оны 4 дүгээр сарын 4-ны өдөр гаргасан байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй.

Хариуцагч нартай удаа дараа уулзаж, холбоотой байсан, үүнийг гэрч мэднэ, очиж уулзахаар өгнө гэдэг, сүүлийн 2-3 жил корона гээд шүүхэд хандаагүй, эвлэрэх саналаа хэлсэн, нэхэмжлэлээ дэмжиж байна гэв..

 Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Зээлийн гэрээг А.Б...тэй байгуулсан байх ба А.Б... нь нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд биш учраас хүү, нэмэгдүүлсэн хүү шаардахгүй, нэхэмжлэгч байгууллагаас А.Б...д итгэмжлэл олгогдоогүй байна.

Зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна, зээлийн гэрээг 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр байгуулсан, хариуцагч хамгийн сүүлд гүйлгээг 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн /хх-11/ ба энэ үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно, үүнээс хойш эргэн төлөлт хийгдээгүй, өөрөөр хэлбэл 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шаардах эрх үүссэн.

Хариуцагч нар 150 000 000 төгрөгийг зээлж аваад 61 000 000 төгрөгийг эргүүлж төлсөн байхад одоо 742 758 414 төгрөг нэхэмжилж байгаа нь иргэдийг хохироож байна.Зээлийн гэрээний 4.8-д зааснаар нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй байна, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэх ёсгүй.

Зээлийн гэрээний батлав хэсэгт захирал гарын үсгээ зурсан, 5 сарын 3-нд эвлэрүүлэн зуучлалд хандсан байна, зээлийн гэрээний хавсралт нь хүчингүй болсон байна, эвлэрүүлэн зуучлалд хандсан нь үндэслэлгүй, барьцааны объектыг авах сонирхолтой байсан учраас явуулж байсан тактиктай байсан, тэрнээс хариуцагч нарыг ойлгоод байсан асуудал биш гэв.

Нэхэмжлэгчээс:М... ББСБ, ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагч нараас шүүхэд баримт гаргаж өгөөгүй.

ҮНДЭСЛЭХ нь:

 Нэхэмжлэгч М... ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлээс 742 758 414 төгрөг гаргуулах шаардлагыг хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 149 670 859 төгрөг, хүүгийн төлбөр 508 058 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 85 029 450 төгрөг нийт 742 758 414 төгрөгийг гаргуулах, Баянгол дүүрэг ... тоотод байршилтай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай улсын бүртгэлийн Ү... дугаартай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэж тайлбарласан.

 Хариуцагч нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн:Үүнд:

Зээлийн гэрээг нэхэмжлэгч байгууллагыг төлөөлөх эрхгүй этгээд А.Б...тэй байгуулсан тул хүү, нэмэгдүүлсэн хүү шаардахгүй, зээлийн гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхээ хэрэгжүүлээгүй, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нэхэмжлэгч  М... ББСБ, ХХК-ийн хуулийн этгээдийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарь, зээлийн барьцааны гэрээ, мөнгөн шилжүүлгийн баримт, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалын 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон тухай баримт, талуудыг эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд дуудсан баримт, гэрч А.Б...гийн мэдүүлэг, талуудын тайлбар зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигч талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хийгдсэн дээрх зээлийн гэрээг нэхэмжлэгч байгууллагын захирал баталж, нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж зээлийн эдийн засагч болон зээлдэгч нар гарын үсгээ зурж баталгаажуулсан байгаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд зохигчдын хооронд 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14/11 дугаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Гэрээний 3 дугаар зүйлд зааснаар хариуцагч Д.У..., Д.Б.... нар нь эргэлтийн хөрөнгийн зориулалтаар нэхэмжлэгчээс 150 000 000 төгрөгийг, 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэйгээр зээлж, нэмэгдүүлсэн хүүг Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т заасан хэмжээгээр тохиролцсон байна./хх 7-8/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байх бөгөөд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр зээлдүүлэгч нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээдэг.

Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч нь зээлийн 150 000 000 төгрөгийг зээлдэгч Д.У...ийн дансанд бэлэн бусаар шилжүүлсэн байгааг зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан зээлийн мөнгөн хөрөнгө 150 000 000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн байна.

Хариуцагч гэрээний хугацаанд үндсэн зээл 150 000 000 төгрөгөөс 329 141 төгрөгийг үндсэн зээлийн төлбөрт, 61 208 937 төгрөгийг хүүгийн төлбөрт, 753 806 төгрөгийг нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт төлсөн болон одоо шаардаж байгаа үндсэн зээлийн үлдэгдэл 149 670 859 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 508 058 105 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 85 029 450 төгрөг нийт 742 758 414 төгрөгийн үлдэгдэл төлбөрийн тооцоололд зохигчид маргаагүй байна.

Иймд хариуцагч нар Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч нь үндсэн зээлийн үлдэгдэл 149 670 859 төгрөгийг хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болох бөгөөд гэрээгээр хүүгийн хэмжээг үндсэн зээлийн сарын 4 хувь байхаар талууд тохиролцсон байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү төлөх үүрэгтэй ба хариуцагч нар нь үндсэн зээлийн хүүгийн төлбөрт 508 058 105 төгрөг төлөөгүй болох нь зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн тооцооллоор тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зааснаар хүүгийн төлбөрт 508 058 105 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь нэмэгдүүлсэн хүү шаардах эрхтэй байна.

Зохигч талуудын хооронд 2014 оны 2 дугаар сарын 2-ны өдөр 14/11 дугаартай барьцааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг зээлийн гэрээний барьцаанд Баянгол дүүрэг .... тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй 3456 метр квадрат талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байна.

Гэвч энэхүү барьцааны үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн мэдээлэл тодорхойгүй байх бөгөөд хэрэгт авагдсан /хх-18/ үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ нь нотлох баримт шаардлага хангахгүй байх тул үүнийг үнэлэх боломжгүй байна.

Барьцааны хөрөнгийн өмчлөгч тодорхойгүй байхад зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах нь бусдын эрх ашигт сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдлыг үүсгэх тул нэхэмжлэгчийн үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил” гэж заасан ба зохигч талуудын хооронд 2014 оны 5 дугаар сарын 2-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан боловч  зээлийн мөнгөн хөрөнгийг 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр зээлдэгчид шилжүүлсэн, зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацааг 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдрөөс тооцсон баримтад талууд гарын үсэг зурж баталгаажуулан тохиролцсон байгаагаас үзэхэд зээлийн гэрээний хугацаа 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр дуусахаар байна.

Улмаар нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр эвлэрүүлэн зуучлагчид хандсан, уг ажиллагаа 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдөр дууссан нь Эвлэрүүлэн Зуучлалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан байхад нэхэмжлэгч байгууллагын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг дууссан гэж үзэх боломжгүй байна.

Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ” гэж заасан ба хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт хамгийн сүүлд төлбөр хийсэн үеэс эхлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдох боломжгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 742 758 414 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, барьцааны хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 941 942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3 871 742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.У..., Д.Б.... нараас 742 758 414 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М... ББСБ, ХХК-д олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгө болох Баянгол дүүрэг ... хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй 3456 метр квадрат талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс хангуулах тухай М... ББСБ, ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3 941 942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 3 871 742 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М... ББСБ, ХХК-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            З.ДОРЖНАМЖИН