Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00340

 

М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04513 дугаар шийдвэртэй,

М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.У*******, Д.Б******* нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 742,758,414 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******, хариуцагч Д.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т*******, хариуцагч Д.У*******ийн өмгөөлөгч Т.Б*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Д.У*******, Д.Б******* нар манай байгууллагатай 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр 14/11 тоот зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 150,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлж, Баянгол дүүрэг, ******* хороо, , гудамж тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй 3456 м.кв талбайтай агуулах үйлдвэрийн зориулалттай, улсын бүртгэлийн Ү- дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг буйдан, тавилга буюу эргэлтийн хөрөнгийн хамт барьцаалсан.

1.2. Зээлдэгч нь зээлийн үндсэн төлбөрөөс 329,141 төгрөг, хүүгийн төлбөрт 61,208,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 753,806 төгрөгийг тус тус төлсөн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний үндсэн төлбөр болон хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөөгүй. Бид зээлдэгчийг гэрээний үүргээ биелүүлж зээлийн хүүгийн хуримтлагдсан төлөлтөө хийхийг удаа дараа шаардсан ч одоо болтол төлөлт хийхгүй гэрээний үүргээ биелүүлэхээс санаатай зайлсхийсээр байна.

1.3. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн ******* зүйлийн 20.1, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч Д.У*******, Д.Б******* нараас үндсэн зээл 149,670,859 төгрөг, зээлийн хүү 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,029,450 төгрөг, нийт 742,758,414 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

1.4. Зээлийн гэрээнд нэхэмжлэгч байгууллагыг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд А.Золзаяа гарын үсгээ зурсан.

1.5. 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 24 сарын хугацаатай, зээлийг эргэн төлөх хуваарьтай тул 2016 оны 5 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн шаардах эрх тоологдоно. Нэхэмжлэгч байгууллага нь 2019 оны 5 дугаар сарын 03-нд эвлэрүүлэн зуучлалд хандаж, энэ ажиллагаа 2 сар үргэлжлээд 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдөр дууссанаар нэхэмжлэлээ 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр гаргасан учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч энэ хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй тул гэрээний үүргийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Зээлийн гэрээг 2014 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулж, хариуцагч сүүлд гүйлгээг 2015 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хийсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа тоологдоно. Үүнээс хойш эргэн төлөлт хийгдээгүй тул 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр шаардах эрх үүссэн. Хариуцагч нар 150,000,000 төгрөгийг зээлж аваад 61,000,000 төгрөгийг эргүүлж төлсөн байхад 742,758,414 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш хүү, нэмэгдүүлсэн хүү тооцох үндэслэлгүй. Зээлийн гэрээний батлав хэсэгт захирал гарын үсгээ зурсан, 5 дугаар сарын 03-ны өдөр эвлэрүүлэн зуучлалд хандсан, зээлийн гэрээний хавсралт нь хүчингүй болсон. Эвлэрүүлэн зуучлалд хандсан нь үндэслэлгүй, барьцааны объектыг авах сонирхолтой байсан учраас явуулж байсан тактиктай байсан. Харин хариуцагч нарыг ойлгоод байсан асуудал биш гэжээ.

3. Гуравдагч этгээдийн тайлбар, татгалзлын агуулга:

3.1. М******* ХХК нь Д.У*******, Д.Б******* нартай 150,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Д.У******* уг ББСБ-тай очиж уулзахад манайхаас 150,000,000 төгрөгийн зээл авахын тулд хамтран зээлдэгчтэй байх шаардлагатай гэсэн тул Д.Б*******ын өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан. Хуульд заасан үндэслэл журмын дагуу барьцаанд үл хөдлөх эд хөрөнгө тавьж байгаа бол заавал зөвшөөрөл авах эсхүл итгэмжлэл авах ёстой. Өөрөөр хэлбэл, үндсэн зээлдэгч Д.У******* нь үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавихдаа Д.Б*******аас зөвшөөрөл авах ёстой боловч энэ зөвшөөрөл аваагүй.

3.2. Нэхэмжлэгч 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Эвлэрүүлэн зуучлалд өргөдөл гаргасан бөгөөд Д.Б*******, Д.У******* нар оролцож чадаагүй байхад эвлэрүүлэн зуучлах ажиллагаа хугацаа дууссан үндэслэлээр дуусгавар болсон. Нэхэмжлэгч талаас гуравдагч этгээд К*** ХХК-ийн эрх ашиг сонирхол зөрчигдөж байгааг анхаараагүй. Эвлэрүүлэн зуучлах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт эвлэрүүлэн зуучлахад оролцоогүй гуравдагч этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг эсхүл нийтийн ашиг сонирхлыг хөндөхөөр байгаа бол эвлэрүүлэн зуучлалыг хэрэглэхгүй гэсэн хуулийн зохицуулалттай. Иймд эвлэрүүлэн зуучлалын ажиллагаа хуульд нийцээгүй.

3.3. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа газар, барьцаа хангагдах шаардлага түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, байгаа газар, үнийг бичиж тусган гэж заасан. Гэтэл барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 156.3 дахь заасан шаардлагыг хангаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус байна.

Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч Д.У*******, Д.Б******* нараас 449,288,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ХХК-д олгож, үлдэх 293,469,699 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг Баянгол дүүрэг ******* хороо, гудамж тоот хаягт байршилтай, 70 хувийн гүйцэтгэлтэй, дуусаагүй 3456 метр квадрат талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,941,942 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 2,404,390.58 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

5.1. Анхан шүүхээс зээлийн гэрээний төлбөрт 742,758,414 төгрөг гаргуулах шаардлагаас 449,288,715 төгрөг гаргуулахаар шийдвэрлэж, үлдэх 293,469,699 төгрөг гаргуулах болон үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Тодруулбал, шүүх зээлийн төлбөр гаргуулах шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо ....нийт 742,758,414 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас гаргуулахаар шаардах эрхтэй боловч Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дахь хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэж заасныг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Эвлэрүүлэн зуучлалд хандсанаас хойш хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдахад хариуцагч буруугүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Хугацааг хариуцагч нар өөрсдийн буруугаас хэтрүүлсэн бөгөөд хугацаа хэтрүүлсэнд нэхэмжлэгч ямар нэгэн байдлаар буруугүй. Мөн нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж буруутгаж байгаа боловч хариуцагч нар уулзах бүртээ зээлийн эргэн төлөлтийг удахгүй хийнэ, шүүхэд өгөлгүй түр хүлээж байгаарай гэсний дагуу хүлээсээр өдийг хүрснийг гэрч н.Баттүвшин гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой мэдүүлсэн. Шүүх хариуцагч нарыг үүргээ гүйцэтгэж чадахгүй нь тодорхой болсон байтал шаардлагаа гаргаагүйд нэхэмжлэгчийг буруутгасан.

Гэтэл хариуцагч нар барьцаа хөрөнгөтэй, бизнестэй бөгөөд уг барьцаа хөрөнгийг ашиглалтад оруулан тавилгын үйлдвэрээ барьж одоо ч үйл ажиллагаа явуулж ашиг орлогоо олсоор байна. Удахгүй нэг мөр зээлээ төлнө гэж хүлээлгэсээр ийнхүү хэтэрсэн хугацааны хүү төлөхгүй байгууллагыг хохироож байгаа нь шударга бус байна. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж, мөн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн ******* зүйлийн 20.1-д Иргэний хуулийн 451.1-д заасны дагуу зээлийн гэрээгээр банк, эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, зээлийн гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг хүлээнэ гэж, 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт Зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж зааснаар хариуцагч нар хэтэрсэн хугацааны хүү нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй.

5.2. Шүхээс барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг Д.У******* болон Д.Б******* нарт холбогдуулан гаргасан нь буруу буюу эдгээр нь тус барьцаа хөрөнгийн эзэн биш, мөн барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй гэж, хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-д Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно гэж тус тус заасан. Дээрх хуулийн дагуу Кода ХХК-ийн өмчлөлийн хөрөнгийг барьцаалсан нь хууль зөрчөөгүй бөгөөд хуулийн дагуу байгуулагдсан барьцааны гэрээг улсын бүртгэлийн байгууллагад хуульд заасан үндэслэл журмын дагуу бүртгэсэн.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч нь хариуцагч Д.Б*******ын 100 хувь эзэмшдэг компанийн нэр дээрх өмч бөгөөд өөрийн эзэмшдэг компанийн хөрөнгийг тус компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд бусдад барьцаалж улсын бүртгэлд бүртгүүлсэн. Өөрөөр хэлбэл, Д.Б******* нь Кода ХХК-ийг итгэмжлэлгүйгээр бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд тул үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавьж барьцааны гэрээ байгуулах эрхтэй. Нэгэнт Д.Б******* нь Кода ХХК-ийг төлөөлөх, тус компанийн хөрөнгийг барьцаалах эрхтэй тул талуудын байгуулж улсын бүртгэлд бүртгүүлсэн барьцааны гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэж үзнэ. Мөн хариуцагч нарын хариу тайлбарт барьцаа хөрөнгийн бүртгэлийг хүчин төгөлдөр бус, барьцаагаар үүргийн гүйцэтгэл хангуулах талаарх шаардлагад маргасан зүйл байхгүй.

Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 742,758,414 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга:

6.1. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний эрх зүйн харилцаа 2014 онд байгуулагдсан. Үндсэн зээлийг төлөх хүртэлх хугацаанд хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхийг шаардах эрхтэй. Мөн тус хуулийн 6 дугаар зүйлд эрх бүхий этгээд зээлдэгчийн эрх, ашиг сонирхлоос илүү өөрийн эрх, сонирхлыг дээгүүр тавихгүй байх зарчмыг баримтална гэж зээлийн үйл ажиллагаа болох энэхүү харилцаанд баримтлах зарчмыг хуульчилсан. Өнөөдрийг хүртэл хариуцагч талаас зээлийн эргэн төлөлт хийнэ, шүүхэд хандахгүй байгаач гэдэг байдлаар 10 жил хүлээсэн гэдэг байдлаар нэхэмжлэгч тал тайлбарлаж байна. Үндсэн зээлийг барьцаа хөрөнгөтэй дүйцэхүйц буюу барьцаа хөрөнгийг авах хэмжээнд үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг өсгөх бодлого болж, 10 жилийн хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлээгүй. Энэ нь шударга ёсны хувьд болон зарчмын хувьд ч тэр байж боломгүй. Өөрөөр хэлбэл шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжтой зээлдэгч төлбөрийн чадваргүй болсон, эргэн төлөлт хийгдэхгүй нь тодорхой болсон, 2015 онд сүүлийн төлөлт хийгдэж, түүнээс хойш 9 жилийн дараа шүүхэд хандсан гэж тайлбарлаж байна. Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгийг үнэгүйдүүлж, барьцаа хөрөнгөтэй дүйцэхүйц зээлийн хэмжээг өсгөж байгаад барьцаа хөрөнгийн зөрүү төлбөрийг өгөхгүй гэх хууль бус бодлого барьсан. Анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдалд бодит байдалд ул суурьтай дүгнэлт хийсэн. Хэргийн материалд зээлийн эргэн төлөлтийг шаардаж байсантай холбоотой нэг ч удаагийн албан тоот болон мэдэгдэл байхгүй.

Түүнчлэн, талууд уулзаж ярилцаж байсан гэх тэмдэглэл байхгүй тул хариуцагчийн хүсэлтээр шүүхэд хандалгүйгээр 8-9 жилийг зарцуулсан гэх тайлбар үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж яагаад дүгнэсэн бэ гэвэл үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал бий болсон байхад 8-9 жил хүлээсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, нэгэнт төлбөрийн чадваргүй болсон гэх үндэслэлээр гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлж, нэхэмжлэл гаргах боломжтой байсан гэдэг агуулгаар дүгнэж эвлэрүүлэн зуучлалд анх хандах хүртэлх хугацааны хүүг тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй. Шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь буруу гэж байгаа боловч гэрээгээр болон хуулиар хүлээсэн үүргээ талууд шударгаар биелүүлэх, гэрээгээр хүлээсэн үүргээ дагаж мөрдөх үүрэгтэй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд ямар тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлэх үү, түүнчлэн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд яах талаар гэрээнд зааж өгсөн бөгөөд талуудын хооронд хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой маргаан үүссэн.

6.2. Барьцааны гэрээ Д.У*******, Д.Б******* нартай байгуулсан хэлбэрээр хэрэгт авагдсан бөгөөд тухайн барьцаа хөрөнгийн өмчлөгч нь Кода ХХК юм. Хэлбэрийн шаардлагын хуулийн зохицуулалтад барьцаа хөрөнгийг өмчлөгчтэй байгуулах, хэрэв өмчлөгчтэй байгуулаагүй тохиолдолд өмчлөгч этгээдээс эрх олгосон этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэдэг хуулийн зохицуулалттай. Хэлбэрийн хувьд гэрээг Кода ХХК гэх хуулийн этгээдтэй байгуулаагүй, иргэн Д.Б******* гэх хүнтэй байгуулсан. Иргэн Д.Б******* хувь хүнийхээ хувьд барьцаа хөрөнгийг барьцааны гэрээнд заасны дагуу барьцаанд тавьж гэрээ байгуулах эрхгүй., гэрээний стандарт нөхцөлийг хангаагүй гэрээ байна.

Учир нь Иргэний хуульд барьцааны гэрээг хүчин төгөлдөр болгох, барьцааны гэрээнд юу тусгагдах талаар Иргэний хуулийн 156 дугаар зүйлд хуульчилсан. Энэ шаардлагыг хангаагүй болох нь хэрэгт авагдсан гэрээний харагдах байдал болон нөхцөл байдалд дүгнэлт хийж үзэхэд хуулийн шаардлага хангаагүй гэрээ болно. Иймд гэрээнд хэлбэрийн хувьд шаардлага хангагдаагүй болох нь тогтоогдож, талууд үүнтэй холбоотой тайлбар гаргаж байсан тул анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй гэж үзэж байна гэжээ.

7. Давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга:

Барьцаа хөрөнгө Кода ХХК-ийн өмч бгөөөд уг компани Монгол улсын хууль тогтоомжид заасан үндэслэл журмын дагуу үүсгэн байгуулагдсан, өөрийн өмч, хөрөнгөтэй, өмч хөрөнгийг барьцаанд тавихтай холбоотой асуудлыг өөрөө хариуцах ёстой. Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт ...үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана гэсэн байдаг.

Энэ агуулгаар үнэ болох үүргийг хангах хугацааг барьцааны гэрээнд тусгаагүй байгаа нь хүчин төгөлдөр бус гэрээ юм. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, хөндөгдөнө гэдгийг мэдэж байх боломжтой байсан. Гэтэл үүнийг анзаарахгүйгээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг явуулсан нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Иймд анхан шатны шүүх бодитоор дүгнэлт хийж, барьцаа хөрөнгийг чөлөөлсөн нь хууль зүйн үндэслэлтэй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлын зарим хэсгийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт өөрчлөлт оруулав.

2. Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Д.Б*******, Д.У******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 149,670,859 төгрөг, зээлийн хүү 508,058,105 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,029,450 төгрөг, нийт 742,758,414 гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч Микрофинанс Монголиа ББСБ ХХК 150,000,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, гэрээнд заасан хугацаанд зээл төлөх үүргээ биелүүлээгүй нөхцөлд гүйцэтгээгүй үүргээс үндсэн хүүг 20 хувиар нэмэгдүүлэн тооцох, зээлдэгч Д.У*******, Д.Б******* нар зээлийг хугацаанд нь төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байна. /хх-ийн 7-8/

Анхан шатны шүүх зохигчдын хоорондг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгосон, хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаарх тохиролцоо нь мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй болжээ.

4. Зээлийн гэрээний дагуу Микрофинанс Монголиа ББСБ ХХК нь 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр гэрээний зүйл болох 148,500,000 төгрөгийг хариуцагч Д.У*******ийн дансанд шилжүүлэн гэрээний үүргээ гүйцэтгэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон бөгөөд энэ талаар хариуцагч нар маргахгүй байна. /хх-ийн 10/

4.1. Хариуцагч Д.Б*******, Д.У******* нар нэхэмжлэгч Микрофинанс Монголиа ББСБ ХХК-тай байгуулсан зээлийн гэрээгээр тохиролцсон зээл эргэн төлөх хуваарийг 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөөгүй  нь болох нь талуудын тайлбар болон хэргийн баримтуудаар тогтоогджээ.

4.2. Хавтаст хэргийн 11 дүгээр тал дахь зээлийн эргэн төлөлтийн баримтаар хариуцагч нар үндсэн зээлд 329,141 төгрөг, зээлийн хүү 61,208,937 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 753,806 төгрөг, нийт 62,291,884 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хариуцагч нар маргахгүй байна. /хх-ийн 11/

4.3. Хариуцагч нар нь зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж зээлийн гэээний 6.2.3-т заасан гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлэх үүргийг зөрчсөн буруутай байна. Иймд нэхэмжлэгч М******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Д.Б*******, Д.У******* нараас үндсэн зээл, зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй.

5. Нэхэмжлэгч М******* ХХК нь хариуцагч Д.Б*******, Д.У******* нарт холбогдуулан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр өргөдөл гарган хандсан боловч уригдсан тал эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд оролцоогүй, эвлэрүүлэн зуучлалын хугацаа дууссан, цаашид сунгах боломжгүй болсон гэх үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгожээ. /хх-ийн 12/

5.1. Дээрх хугацаанаас хойш 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл хугацаанд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаагүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү хуримтлагдсанаас гадна нэхэмжлэгчийг Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасан шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж анхан шатны шүүх дүгнэснийг буруутгахгүй.

Иймд анхан шатны шүүх хариуцагч Д.Б*******, Д.У******* нараас үндсэн зээл 149,670,859 төгрөг, 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны зээлийн хүү 298,436,891 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,180,965 төгрөг, нийт 449,288,715 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М******* ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. Дээрх үндэслэлээр энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

6. Хариуцагч нь 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр гүйлгээ хийсэн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж маргасан нь үндэслэлгүй. Учир нь талууд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлийн мөнгөн хөрөнгийг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр шилжүүлсэн тул зээлийн гэрээний хугацаа 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр дуусах байжээ.

6.1. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг 3 жил гэж заасан. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан эвлэрүүлэн зуучлалд 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хандсан нь хөөн хэлэлцэх хугацааны дотор хугацаа хэтрүүлээгүй байна.

6.2. Эвлэрүүлэн зуучлах ажиллагааг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр дуусгавар болгосон нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж үзнэ. Иймд нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хугацааны дотор байна.

7. Харин анхан шатны шүүх нэхэмжлэгч барьцааны гэрээг өмчлөгч биш этгээдтэй байгуулсан, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг барьцаа хөрөнгийн өмчлөгч бус зээлдэгч нарт холбогдуулан гаргасан, өмчлөгчийг хариуцагчаар тодорхойлоогүй, барьцааны гэрээ хүчин төгөлдөр бус гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь нотлох баримтад үндэслэгдээгүй буруу байгааг зөвтгөн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

7.1. Учир нь талууд 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн өдөр зээлийн барьцааны гэрээ байгуулж, Кода ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо, , гудамж 32-б тоотод байрлах /70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй/ 3,456 м.кв талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлсэн байна. /хх-ийн 9/

7.2. Хариуцагч Д.Б******* нь Кода ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал болох нь тус компанийн хуулийн этгээдийн гэрчилгээ, компанийн дүрэм зэрэг баримтаар нотлогдож байна. Иймээс компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд хариуцагч Д.Б******* нь Кода ХХК-ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо, , гудамж 32-б тоотод байрлах /70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй/ 3,456 м.кв талбайтай, агуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхтэй, өөрөөр хэлбэл тус компаниас итгэмжлэл шаардахгүйгээр дээрх үл хөдлөх хөрөнгийг барьцаалах эрх бүхий этгээд байна. /хх-ийн 112-114/

7.3. Нөгөөтэйгүүр, талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн №14/11 дугаартай барьцаа гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Иймд нэхэмжлэгч М******* ХХК нь гуравдагч этгээд Кода ХХК-ийн өмчлөлийн барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангав.

8. Түүнчлэн, шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/01792 дугаар захирамжаар Кода ХХК-ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцуулсан, тэрээр барьцааны хөрөнгийн талаар байр сууриа илэрхийлж, өөрийн эрх ашгаа хамгаалж оролцсон. Мөн тус компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хариуцагч Д.Б******* байх тул уг компанийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцуулах шаардлагагүй болохыг дурдав.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2023/04513 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Д.У*******, Д.Б******* нараас зээлийн гэрээний үүрэгт 449,288,715 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 293,469,699 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалт нэмж, уг заалтад Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.У*******, Д.Б******* нар төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд Кода ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, ******* хороо, , гудамж, 32-б тоот хаягт байршилтай, /70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй/ 3456 м.кв талбайтай, агуулах, үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай гэж,

2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтын ...2,404,390.58... гэснийг 2,474,590.58 төгрөг... гэж тус тус өөрчилж,

3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Миркрофинанс монголиа ББСБ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 1,695,498 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ