Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00409

 

 

 

 

 

2022 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2022/00409

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Ө ХХК

 

Хариуцагч: Х ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: 73,055,594 гаргуулах

 

Шүүх хуралдааны оролцогч:

нэхэмжлэгчийн төлөөлөгч З.Ш, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, З.Д

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хариуцагч Х ХХК-иас 73,055,594 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Ө ХХК дараах байдлаар тайлбарласан.

Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Х ХХК-иас гэрээний үүрэгт нийт 78,575,277 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 73,055,594 төгрөг болгон багасгаж, үндэслэлээ дараах байдлаар өөрчилсөн.

Ө ХХК нь хариуцагчийн Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, 13 дугаар хороолол, Юнескогийн гудамж, Амбассадор Резиденс төслийн дутуу барилгын бетон зуурмагийг өвлийн нэмэгдэлтэйгээр нийлүүлэхээр тохирсон. Ингээд хариуцагч Х ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид ажлаа эхлүүлэх гэхээр санхүүгийн хүндрэлтэй байсан. Ингээд хариуцагчтай ярилцаад ажлаа эхлүүлэхийн тулд хариуцагчийн санал болгосон И ХХК-иас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг хариуцагч тал батлан дааж, Батлан даалтын гэрээ-г И ХХК-тай байгуулсан. Бид Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу ажлаа хийж, гэрээний мөнгөө хариуцагчаас аваад уг мөнгөнөөс И ХХК руу зээлээ төлөх ёстой байсан. Гэвч хариуцагч Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний мөнгөө төлөөгүй удаасан учир бид зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бетон зуурмагийн ажлыг тохирсон хугацаандаа эхлээгүй, графикийн хугацаандаа аваагүй хугацаа хэтрүүлсэн бөгөөд дараагийн эхлэх барилгын бетон зуурмагийн түүхий эд материалыг бэлдүүлэх зорилгоор дээрх 150,000,000 төгрөгийн зээл авахуулж, өөрөө батлан даасан. Хариуцагч нь 2019 оны 02 дугаар сард байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу төлбөрөө хугацаандаа гүйцэтгээгүйгээс болж Ө ХХК нь И ББСБ ХХК-иас зээлсэн 150,000,000 төгрөгийн зээлээ хугацаандаа гүйцэтгээгүй. Ингээд нэхэмжлэгч нь гэрээний хариуцлага хүлээж их хэмжээний хүү, алданги төлж хохирсон. Х ХХК нь батлан даалтын гэрээний дагуу 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 19,236,987 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 52,946,323 төгрөгийг И ББСБ-д хугацаа хожимдуулж төлснөөс дээрх төлбөрийн 55,273,974 төгрөгийг зөвхөн хүүнд, 16,909,336 төгрөгийг үндсэн төлбөрт тооцсоноос Ө ХХК нь зээлийн өндөр төлбөрт хүү, алданги бодуулж хохирсон. Талуудын хооронд байгуулсан батлан даалтын гэрээний 1.1-д Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд батлан даагч зээлдэгчийн нэрийн өмнөөс ...өөрийн эдийн болон эдийн бус эд хөрөнгөөр гүйцэтгэх, тус гэрээний 1.2 дахь хэсэгт Батлан даагч нь энэхүү гэрээний зээлийн төлбөрийг бүрэн барагдуулахаар батлан даалт гаргахдаа хүлээн мөн гэрээний 2.1 дэх хэсэгт Батлан даагч нь зээлдэгч зээлийн гэрээгээр үүргээ гүйцэтгэхгүй тохиолдолд өөрөө зээлийн гэрээний үүргийг бүрэн гүйцэтгэх, 2.2 дахь хэсэгт Энэхүү гэрээгээр Батлан даагч нь Зээлдэгчийн өмнөөс хариуцлага хүлээнэ, 2.3 дахь хэсэгт Зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг Батлан даагч зээлдэгчтэй хамтран хариуцахаар тохиролцож гэрээг бичгээр байгуулсан боловч Х ХХК нь гэрээгээр хүлээсэн биелүүлэхгүй, ажлаар хангаагүй хариуцлагаас зугтааж өдийг хүрсэн. Улмаар зээлдүүлэгч И ХХК нь Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж Ө ХХК-иас үндсэн зээлийн төлбөрт 133,090,664 төгрөг, зээлийн хүүнд 65,150,241 төгрөгийг тус тус гаргуулан шийдвэрлэсэн. Манай компани уг төлбөрийг барагдуулах гэж захирал З.Ш нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг И ХК руу Буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээ-ний дагуу шилжүүлсэн байгаа. Ингээд дараах шаардлагыг гаргасан. Үүнд:

1/ 34,331,507 төгрөг:

Хариуцагч Х ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу бид ажлаа эхлүүлэхээр И ХХК-иас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг хариуцагч тал батлан дааж, Батлан даалтын гэрээ-г И-тай байгуулсан. Бид Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу ажлаа хийж, гэрээний мөнгөө хариуцагчаас аваад уг мөнгөнөөс И руу зээлээ төлөх зорилготой байсан. Гэвч хариуцагч Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний мөнгөө төлөөгүй удаасан учир бид зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, бидэнд хохирол учирсан. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хүүнд 53,568,494 төгрөг бодогдсон. Үүнээс Х ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 19,236,987 төгрөгийг хасахад үлдэгдэл 34,331,507 төгрөг болно. Х ХХК тооцоо үлдэгдлийн баталгаа нийлсэн актаар 72,426,310 төгрөгөө тухайн цаг хугацаандаа шилжүүлсэн бол дээрх хүү тооцогдох нөхцөл байдал үүсэхгүй байсан. Ийм учраас 34,331,507 төгрөгийг хариуцагч бидэнд төлөх ёстой гэжээ.

2/ 32,575,120 төгрөгийн шаардлага:

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/шш2021/00549 дүгээр шийдвэрээр Ө ХХК нь И ББСБ ХК-д 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 133,090,664 төгрөг, зээлийн хүү 65,150,241 төгрөг, нийт 198,240,905 төгрөг төлөхөөр болсон. Х ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс Ө ХХК нь бусдад зээлийн хүү 65,150,241 төгрөгийг төлж хохирсон. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн G19021301 тоот Батлан даалтын гэрээ-ний 2.3-т Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг Батлан даагч нь Зээлдэгчтэй хамтран хариуцах ба Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал ББСБ нь зээлийн үүрэг гүйцэтгэхийг Батлан даагчаас шаардаж гүйцэтгүүлнэ заасан. Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү 65,150,241 төгрөгийн 50 хувь болох 32,575,120 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулна.

3/ 6,148,967 төгрөгийн шаардлага:

Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 72,426,310 төгрөгийн алданги буюу 2019 оны 6 дугаар сарын 18-наас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны /1 хоногийн 7,242.6 төгрөг буюу нийт 849 хоногийн/ алданги болох 6,148,967 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Ингээд нийт 73,055,594 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ө ХХК нь гаргасан нэхэмжлэлдээ талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу хариуцагчийн төлөх гэрээнд заасан хугацаанд төлөгдөөгүйн улмаас нэхэмжлэгч И ХК-тай 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан Зээлийн гэрээ-ний үүргээ хугацаанд нь биелүүлж чадаагүй, мөн үүний улмаас их хэмжээний хүү хуримтлагдаж хохирсон гэсэн үндэслэлээр хариуцагч тал болох Хани винтэж ХХК-иас 73,055,594 төгрөгийг гаргуулж өгөх шаардлага гаргасан байна. Өү энд жи ХХК болон Хани винтэж ХХК-иуд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-г 221,645,140 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан. Тус гэрээний ямарваа нэг төлбөрийн график тохиролцоогүй бөгөөд Ө ХХК-д зээлийн гэрээгээр олгогдсон 150,000,000 төгрөг нь Хани винтэж ХХК-ийн Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу Ө ХХК-д төлөх төлбөрийн урьдчилгаа болсон. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг Хани винтэж ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 2.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нийт төлбөрийн 47.22 хувийг бартераар төлж, үлдэгдэл дүнг бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Тус заалтын дагуу Хани винтэж ХХК нь 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нийт 79,461,830 төгрөгийг Өү энд жи ХХК-д төлсөн. Үүнд:

1/ 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 26,658,840 төгрөг

2/ 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 26,408,930 төгрөг

3/ 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 26,394,060 төгрөг

Нийт 79,461,830 төгрөг.

Нэхэмжлэгчийн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсанчлан Ө ХХК-ийн 150,000,000 төгрөгийн зээлийг ажлын төлбөрөөр бүрэн барагдуулахаар тохиролцсон. Тодруулбал, Ө ХХК нь Х ХХК-иас төлөгдөх төлбөрөөр зээлийн гэрээний тооцоогоо төлж барагдуулах ёстой байсан. Гэтэл 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу нэг ч төлөлт хийгдээгүй байсан. Хани винтэж ХХК нь Өү энд жи ХХК-ийн батлан даагч болохын хувьд цаашид төлбөрийг Ө ХХК руу бус И ББСБ руу шууд шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг Инвескор ББСБ нь Хани винтэж ХХК-д ирүүлсэн. Тус хүсэлтийн дагуу Хани винтэж ХХК нь тус хугацаанд хуримтлагдсан байсан зээлийн хүү болох 19,236,987 төгрөгийг И ББСБ руу шилжүүлсэн. Үүний дараагаар зээлийн гэрээний тооцоог хаалгуулахаар И ББСБ нь Ө ХХК-ийг эрэн сураглуулсан боловч нэхэмжлэгч ор сураггүй, холбогдох боломжгүй алга болсон. 2019 оны эцэст зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах шаардлагатай байсан тул Х ХХК нь үлдэгдэл 122,461,830 төгрөгийг И ББСБСБ ХК-д төлж зээлийн гэрээг хаасан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл Х ХХК-ийн Ө ХХК-д шилжүүлсэн нийт 79,461,830 төгрөгөөр Өү энд жи ХХК нь зээлийн төлөлтийг цаг тухайд нь шилжүүлж, зээлийг цаг тухайд нь хаах бүрэн боломжтой байсан ч зээлийн гэрээний 6.2.5-д зааснаар зээлийг Гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх үүргээ зөрчиж ор сураггүй алга болсон. Иймээс 2019 оны 12 дугаар сар хүртэлх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлалыг нэхэмжлэгч өөрийн хариуцлагаар учруулсан. Х ХХК Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ бүрэн биелүүлж Ө ХХК-д аливаа төлбөрийн үлдэгдэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс Ө ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх3/, 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №2019.01 тоот Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ, гэрээний хавсралт/хх7-9/, Бүтээгдэхүүний борлуулалтын бүртгэл /хх10/, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага /хх43/, И ББСБ-ийн зээлийн дансны хуулга /хх44/, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/шш2021/00549 дүгээр шийдвэр /хх45-50/, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ /хх73-74/, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хани винтэж ХХК-иас И ББСББ ХК руу 52,946,323 төгрөг шилжүүлсэн баримт /хх75/, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн И ББСБ ХХК руу 19,236,987 төгрөгийг ...Өү энд жи ХХК-иас зээлийн хүү төлөлт гэсэн утгаар хийсэн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн орлогын ордер /хх 76/, Барилгын аюулгүй ажиллагааны төлөвлөгөө /хх85-86/, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Буцаан худалдан авах нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/ /хх95-97/, З.Ширнэнгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ /хх98/-г шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас И ББСБХХК болон З.Ширнэн, Ө ХХК-тай байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ /хх18-20/, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн G19021301 тоот Батлан даалтын гэрээ /хх21/, 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Х ХХК-иас Ө ХХК руу 26,658,840 төгрөг шилжүүлсэн баримт /хх22/, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Х ХХК-иас Ө ХХК руу 26,408,930 төгрөг шилжүүлсэн баримт /хх23/, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр Х ХХК-иас Өү энд жи ХХК руу 26,394,060 төгрөг шилжүүлсэн баримт /хх24/, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хани винтэж ХХК-иас И ББСБ ,000 төгрөг шилжүүлсэн баримт /хх25/, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хани винтэж ХХК-иас Инвескор ББСБ ХК руу 52,946,323 төгрөг шилжүүлсэн баримт /хх26/, И ББСБ ХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1573 тоот Хани винтэж ХХК руу явуулсан албан бичиг /хх28/, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн И ББСББ ХХК руу 19,236,987 төгрөгийг ...Өү энд жи ХХК-иас зээлийн хүү төлөлт гэсэн утгаар хийсэн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн орлогын ордер /хх 29/-уудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ө ХХК болон Х ХХК-иуд №2019.01 тоот Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр талууд дараах гол нөхцлүүдийг харилцан тохирсон байна. Үүнд:

1/ Нийлүүлэгч буюу Ө ХХК нь 1,000м3 /хүйтний нэмэгдэлтэй/ хэмжээтэй, 216,520,000 төгрөгийн үнийн дүн бүхий бетон зуурмагыг захиалагч тал Х ХХК-д нийлүүлэх /Жич: Дээрхи үнэнд бетон зуурмаг шахагч машины ажлын хөлс орсон ба хавсралт үнийн саналыг баримтлан тооцно/;

2/ Гэрээний нийт төлбөрийн 47.22 хувийг бараа солилцоогоор төлж барагдуулах бөгөөд гэрээний үнийн дүнгийн 102,260,000 төгрөг байна;

3/ Гэрээний үргэлжлэх хугацаа: 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр.

 

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлдүүлэгч И ББСБ ХХК нь зээлдэгч Ө ХХК, З.Ш нартай №L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр зээлдүүлэгч И ББСБ ХХК нь зээлдэгч талд 150,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгожээ.

 

И ББСБ ХК нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х ХХК-тай №G19021301 тоот батлан даалтын гэрээг байгуулжээ. Дээрх гэрээгээр Х ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэг гүйцэтгэгч болох Ө ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ буюу 150,000,000 төгрөгийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт хугацаанд нь төлөхийг үүрэг гүйцэтгүүлэгч И ХХК-ийн өмнө баталж, хэрэв гүйцэтгэхгүй бол батлан даагч зээлдэгчийн нэрийн өмнө зээлийн гэрээний үүргийг хариуцахаар болсон байна.

 

2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулж нийт 78,575,277 төгрөг гаргуулахаар шүүхэд хандсан. Энэхүү шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгчийн зүгээс ... Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний дагуу ...1,079м3 зуурмаг, шахагч машины хамт 221,888,140 төгрөгөөр нийлүүлсэн. Гэвч хариуцагч нь ...үлдэгдэл төлбөрөө төлөөгүй байгаа. Иймд үлдэх төлбөр 72,426,310 төгрөг, ...алданги 6,148,967 төгрөг, ...нийт 78,575,277 төгрөгийг шаардана гэж тайлбарлаж байсан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Ө ХХК нь өөрийн шаардлагын хэмжээг 73,055,594 /34,331,507 төгрөг + 32,575,120 төгрөг + 6,148,967 төгрөг =73,055,594/ төгрөг болгон багасгаж, мөн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрчилсөн.

 

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудыг зохигчийн тайлбартай харьцуулан судлаад нэхэмжлэлийг дараах үндэслэлээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

1/ 34,331,507 төгрөгийн шаардлага:

 

34,331,507 төгрөгийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

...хариуцагч Х ХХК-тай 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу бид ажлаа эхлүүлэх гэхээр санхүүгийн хүндрэлтэй байсан. Ингээд хариуцагчтай ярилцаад ажлаа эхлүүлэхийн тулд хариуцагчийн санал болгосон И ХХК-иас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг хариуцагч тал батлан дааж, Батлан даалтын гэрээ-г И ББСБ байгуулсан. Бид Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу ажлаа хийж, гэрээний мөнгөө хариуцагчаас аваад уг мөнгөнөөс И ББСБ руу зээлээ төлөх зорилготой байсан. Гэвч хариуцагч Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний мөнгөө төлөөгүй удаасан учир бид зээлээ хугацаанд нь төлж чадаагүй, ингээд хохирол учирсан. 2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл зээлийн гэрээний хүүнд 53,568,494 төгрөг бодогдсон. Үүнээс Хани винтэж ХХК-ийн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлсөн 19,236,987 төгрөгийг хасахад үлдэгдэл 34,331,507 төгрөг болно. Хани винтэж ХХК тооцоо үлдэгдлийн баталгаа нийлсэн актаар 72,426,310 төгрөгөө тухайн цаг хугацаандаа шилжүүлсэн бол дээрх хүү тооцогдох нөхцөл байдал үүсэхгүй байсан. Ийм учраас 34,331,507 төгрөгийг хариуцагч бидэнд төлөх ёстой гэжээ.

 

Хэрэгт 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ө  ХХК болон Х ХХК-иудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн акт авагдсан байна. Уг актаас үзэхэд Ө ХХК нь гэрээний дагуу нийт 221,645,140 төгрөгийн ажил хийсэн ба Х ХХК нь 70,000,000 төгрөгийг бартераар /автомашин/, 79,461,830 төгрөгийг бэлнээр, нийт 149,461,830 төгрөгийг Ө ХХК-д төлсөн байна. Талууд үлдэгдлийг 72,183,310 төгрөг гэж баталгаажуулжээ.

 

Нэхэмжлэгч ...тооцооны үлдэгдлийн баталгаа 72,426,310 төгрөг гэсэн боловч уг нөхцөл байдал тогтоогдсонгүй. Тодруулбал, 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Ө ХХК болон Х ХХК-иудын хооронд хийгдсэн тооцоо нийлсэн актад гараар ...72,426,310 алдангитай гэж бичсэнийг талууд харилцан тохирсон гэж үзэхгүй.

 

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч  учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан байдаг.

 

Хариуцагчаас 34,331,507 төгрөг гаргуулах шаардлага, түүний үндэслэлээс үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагчийг №2019.01 тоот Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-гээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс И ББСБ 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэмжээ ихэссэн гэж үзэн уг мөнгөө хариуцагчаас шаардсан байна.

 

2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр И ББСБ ХХК болон Өү энд жи ХХК, З.Ширнэн нарын байгуулсан Зээлийн эрх нээх гэрээ-ний хугацаа 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болохоор байна. Харин хариуцагч Х ХХК нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 26,658,840 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр 26,408,930 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 26,394,060 төгрөг, буюу 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 79,461,830 төгрөгийг Ө ХХК-д төлжээ.

 

Дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчид зээлийн эрсдэл үүссэн, илүү төлбөр төлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн ...2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийг хүртэл нэхэмжлэгчид шилжүүлсэн нийт 79,461,830 төгрөгөөр Ө ХХК нь зээлийн төлөлтийг цаг тухайд нь шилжүүлж, зээлийг цаг тухайд нь хаах бүрэн боломжтой байсан. Гэвч нэхэмжлэгч нь зээлийг төлөх үүргээ зөрчсөн, энэ явдалд бид буруугүй гэх хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

2/ 32,575,120 төгрөгийн шаардлага:

 

Энэхүү шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

...Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/шш2021/00549 дүгээр шийдвэрээр Ө ХХК нь И ХК-д 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 133,090,664 төгрөг, зээлийн хүү 65,150,241 төгрөг, нийт 198,240,905 төгрөг төлөхөөр болсон. Х ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс Ө ХХК нь бусдад зээлийн хүү 65,150,241 төгрөгийг төлж хохирсон. 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн G19021301 тоот Батлан даалтын гэрээ-ний 2.3-т Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг Батлан даагч нь Зээлдэгчтэй хамтран хариуцах ба Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал ББСБ нь зээлийн үүрэг гүйцэтгэхийг Батлан даагчаас шаардаж гүйцэтгүүлнэ заасан. Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү 65,150,241 төгрөгийн 50 хувь болох 32,575,120 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэжээ.

 

Дээр дурдсанчлан 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зээлдүүлэгч И ББСБ ХХК нь зээлдэгч Ө ХХК, З.Ширнэн нартай №L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ байгуулжээ. Уг гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгч талд 150,000,000 төгрөгийг 10 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгосон. И ХХК нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Х ХХК-тай №G19021301 тоот батлан даалтын гэрээг байгуулжээ.

 

Хэдийгээр нэхэмжлэгч энэхүү 32,575,120 төгрөгийн шаардлагаа ...хариуцагч батлан даалтын гэрээний дагуу зээлийн гэрээний хүүгийн тал хувийг хариуцана гэсэн агуулгаар тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлага, түүний агуулгаас үзэхэд хариуцагч Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг нэхэмжлэгч шаардсан гэж үзэхээр байна.

 

Хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 184/шш2021/00549 дүгээр шийдвэр авагджээ. Уг шийдвэрээр Өү энд жи ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 198,240,905 төгрөгийг гаргуулан И Б ХК-д олгосон байна. Тодруулбал, 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр И ББСБ ХХК болон Ө ХХК, З.Ширнэн нарын хооронд байгуулагдсан №L19021301 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй явдалд хариуцагч буруутай нь тогтоогдоогүй гэж шүүхээс өмнө дүгнэсэн. Иймд батлан даалтын гэрээний дагуу хүүгийн тал хувийг хариуцахгүй.

 

Нөгөөтэйгүүр, батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээхийг Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан. Түүнчлэн Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1.-д зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээдэг бөгөөд харин мөн зүйлийн 460.2.-т зааснаар батлан даагч үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байдаг.

 

Зээл олгосон И ХХК-ийн батлан даалтын гэрээний нэг тал болох үүрэг гүйцэтгэгч /нэхэмжлэгч/ нь зээлийг батлан даагч /хариуцагч/-аас Батлан даалтын гэрээ-ний үүргийг шаардах боломжгүй.

 

3/ 6,148,967 төгрөгийн шаардлага:

 

Дээрх шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч ...2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 72,426,310 төгрөг байсан. Талууд гэрээгээр тохирсон учир 2019 оны 6 дугаар сарын 18-наас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны алданги болох 6,148,967 төгрөгийг /1 хоногийн 7,242.6 төгрөг, нийт 849 хоног/ хариуцагчаас гаргуулна гэж тайлбарласан.

 

Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэх бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийхийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3 дахь хэсгүүдэд заажээ.

 

Мөн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэжээ.

 

2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №2019.01 тоот Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 2.3-т Захиалагч тал төлбөрийг гэрээнд заасан хугацаанаас 3 хоног хэтрүүлсэн тохиолдолд хэтэрсэн хоног тутам 0.01 хувийн алдангийг нэмж төлнө гэж, 5.1-д Нийлүүлсэн зуурмагийн үнийг тогтоосон хугацаанд төлөөгүй бол хугацаа хожимдуулсан хоног тутамд төлөх ёстой үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг нийлүүлэгч талд төлнө гэж тус тус заасан байна.

 

Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь алдангийн хэмжээг гэрээнд хоёр янзаар зөрүүтэй бичсэн явдлыг гэрээний талууд алдангийн талаар тохирсон гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

                                                ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х ХХК-иас 73,055,594 төгрөг гаргуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ