Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2022/00878

 

2022.05.09 № 878 Төсөл

 

Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй

Иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00409 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ө ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х ХХК-д холбогдох 73,055,594 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Ө ХХК нь хариуцагчийн 0 төслийн дутуу барилгын бетон зуурмагийг өвлийн нэмэгдэлтэйгээр нийлүүлэхээр тохирсон. Ингээд хариуцагч Х ХХК-тай 2019 оны 02 сарын 01-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу ажлаа эхлэхэд санхүүгийн хүндрэлтэй байсан тул И ХХК-аас 150,000,000 төгрөгийн зээл авсан. Уг зээлийг хариуцагч тал батлан дааж, Батлан даалтын гэрээг И ХХК-тай байгуулсан. Гэвч хариуцагч Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний мөнгөө төлөөгүй удаасан учир бид зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Х ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж бетон зуурмагийн ажлыг тохирсон хугацаандаа эхлээгүй, графикийн хугацаандаа аваагүй хугацаа хэтрүүлсэн. Хариуцагч нь 2019 оны 02 сард байгуулсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу төлбөрөө хугацаандаа гүйцэтгээгүйгээс болж Ө ХХК нь И ХХК-аас зээлсэн 150,000,000 төгрөгийн зээлээ хугацаандаа гүйцэтгээгүй тул Х ХХК нь батлан даалтын гэрээний дагуу 2019 оны 06 сарын 30-ны өдөр 19,236,987 төгрөг, 2019 оны 12 сарын 31-ний өдөр 52,946,323 төгрөгийг тус тус И ХХК-д хугацаа хожимдуулж төлснөөс дээрх төлбөрийн 55,273,974 төгрөгийг зөвхөн хүүнд, 16,909,336 төгрөгийг үндсэн төлбөрт тооцуулж зээлийн өндөр төлбөрт хүү, алданги бодуулж хохирсон. Ийм учраас 34,331,507 төгрөгийг хариуцагч бидэнд төлөх ёстой.

1.а. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 05-ны өдрийн 184/ШШ2021/00549 дүгээр шийдвэрээр Ө ХХК нь И ХК-д 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 0 тоот Зээлийн эрх нээх гэрээ-ний үүрэгт үндсэн зээл 133,090,664 төгрөг, зээлийн хүү 65,150,241 төгрөг, нийт 198,240,905 төгрөг төлөхөөр болсон. Х ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлээгүйгээс Ө ХХК нь бусдад зээлийн хүү 65,150,241 төгрөгийг төлж хохирсон. 2019 оны 02 сарын 13-ны өдрийн 0 тоот Батлан даалтын гэрээ-ний 2.3-т Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүйн хариуцлагыг Батлан даагч нь Зээлдэгчтэй хамтран хариуцах ба Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал ББСБ нь зээлийн үүрэг гүйцэтгэхийг Батлан даагчаас шаардаж гүйцэтгүүлнэ заасан. Иймд шүүхийн шийдвэрээр тогтоосон хүү 65,150,241 төгрөгийн 50 хувь болох 32,575,120 төгрөгийг батлан даалтын гэрээний дагуу хариуцагчаас гаргуулна.

1.б. Талуудын хооронд 2019 оны 02 сарын 01-ний өдөр байгуулсан Бетон зуурмаг нийлүүлэх гэрээ-ний үлдэгдэл төлбөр 72,426,310 төгрөгийн алданги буюу 2019 оны 06 сарын 18-наас 2021 оны 11 сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны /1 хоногийн 7,242.6 төгрөг буюу нийт 849 хоногийн/ алданги болох 6,148,967 төгрөгийг хариуцагчаас гаргуулна. Ингээд нийт 73,055,594 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

2.   Хариуцагч талын хариу тайлбарын агуулга: Талууд 2019 оны 02 сарын 01-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-г 221,645,140 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан. Тус гэрээгээр ямар нэг төлбөрийн график тохиролцоогүй бөгөөд Ө ХХК-д зээлийн гэрээгээр олгогдсон 150,000,000 төгрөг нь Х ХХК-ийн Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу Ө ХХК-д төлөх төлбөрийн урьдчилгаа болсон. Зээлийн гэрээний эргэн төлөлтийг Х ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 2.2-т зааснаар гэрээний нийт төлбөрийн 47,22 хувийг бартераар төлж, үлдэгдэл дүнг бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Тус заалтын дагуу Х ХХК нь 2019 оны 04 сарын 19-ний өдрийг хүртэл нийт 79,461,830 төгрөгийг Ө ХХК-д төлсөн.

Нэхэмжлэгчийн 2022 оны 01 сарын 06-ны өдөр гаргасан нэхэмжлэлд дурдсанчлан Ө ХХК-ийн 150,000,000 төгрөгийн зээлийг ажлын төлбөрөөр бүрэн барагдуулахаар тохиролцсон боловч 2019 оны 06 сарын 30-ны өдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу нэг ч төлөлт хийгдээгүй байсан. Х ХХК нь Ө ХХК-ийн батлан даагч болохын хувьд цаашид төлбөрийг Ө ХХК руу бус И ХХК руу шууд шилжүүлэх тухай хүсэлтийн дагуу Х ХХК нь тус хугацаанд хуримтлагдсан байсан зээлийн хүү болох 19,236,987 төгрөгийг И ХХК-д шилжүүлсэн. Үүний дараагаар зээлийн гэрээний тооцоог хаалгуулахаар И ХХК нь Ө ХХК-ийг эрэн сураглуулсан боловч нэхэмжлэгч ор сураггүй, холбогдох боломжгүй алга болсон. 2019 оны эцэст зээлийн гэрээний хугацаа дуусч, зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулах шаардлагатай байсан тул Х ХХК нь үлдэгдэл 122,461,830 төгрөгийг И ХХК-д төлж зээлийн гэрээг хаасан.

Иймд 2019 оны 12 сар хүртэлх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлалыг нэхэмжлэгч өөрийн хариуцлагаар учруулсан. Х ХХК Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ бүрэн биелүүлж Ө ХХК-д аливаа төлбөрийн үлдэгдэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Х ХХК-аас 73,055,594 төгрөг гаргуулах тухай Ө ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 550,830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан.

4.а. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Талуудын хооронд Иргэний хуулийн 187 дугаар зүйлд заасан үүрэг үүссэн ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт заасан үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэх үүргээ хариуцагч биелүүлээгүй тул зохигчдын хооронд 2019 оны 02 сарын 13-ны өдөр байгуулсан батлан даалтын гэрээний 1.2, 2.3, зааснаар батлан даагч нь зээлдэгчтэй хамтран хариуцахаар тохиролцсон тул зээлийн гэрээний хүү 34,331,507 төгрөг, алдангийн 50 хувь болох 32,575,120 төгрөгийг батлан даалтын гэрээг үндэслэн Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэн шаардсан боловч анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэн зөв, эргэлзээгүй, бодитой талаас нь харьцуулан үнэлээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй.

Х ХХК нь 2019 оны 06 сарын 15-ны өдрийн дотор бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 72,426,310 төгрөгийг И ХХК-д шилжүүлэх үүргээ биелүүлээгүй, улмаар 2019 оны 12 сарын 31-ний өдөр шилжүүлснээр зээлийн гэрээний үндсэн төлбөр хасагдахгүйгээр хүү, алданги хуримтлагдан өндөр хэмжээгээр тооцогдсон зэрэг нөхцөл байдалд анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж дүгнээгүй.

4.б. Талуудын хооронд 2019 оны 02 сарын 01-ний өдөр байгуулагдсан бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үлдэгдэл төлбөр 72,426,310 төгрөгийн алданги 6,148,967 төгрөгийг шаардсан боловч анхан шатны шүүх бодит дүгнэлт хийгээгүй, гэрээг үнэлээгүй, нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой талаас нь харьцуулан үнэлээгүй.

4.в. Хариуцагчийн хариуцлагагүй үйлдлээс болж болж нэхэмжлэгч байгууллага Монгол банкны зээлийн мэдээллийн санд найдваргүй зээлдэгчээр бүртгэгдэж, бусад банк, санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй, санхүүгийн хувьд хүнд нөхцөл байдалд орж, үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж зогссон тул Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний дагуу төлөхөөр тогтоогдсон И ХХК-ийн төлбөрийг Ө ХХК-ийн гүйцэтгэх захирал З.Ш гийн хувийн үл хөдлөх эд хөрөнгөөр барагдуулж, банкнаас зээл авч үйл ажиллагаа явуулж эхэлсэн.

Уг маргаантай холбоотой байгуулсан үндсэн зээлийн гэрээний асуудлыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэсэн ба хамтран хариуцагчаар Х ХХК-ийг татан оролцуулах эсэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар нэхэмжлэгчийн эрх хэмжээний асуудал бөгөөд хамтран хариуцагчаар оролцуулаагүй тул Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн энэхүү шийдвэрт тусгасан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ Ө ХХК гүйцэтгээгүй явдалд Х ХХК буруутай нь тогтоогдоогүй гэж өмнө нь дүгнэсэн хэмээн шийдвэрт дурдсан нь үндэслэлгүй.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс Х ХХК-ийг хариуцагчаар татан оролцуулах боломжгүй байсан нөхцөл байдлын үндэслэлийг тусгасан болно.

Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга. Ө ХХК болон Х ХХК нар нь 2019 оны 02 сарын 01-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-г 221,645,140 төгрөгийн үнийн дүнтэйгээр байгуулсан. Тус гэрээгээр ямарваа нэг төлбөрийн график тохиролцоогүй. Гэрээний эргэлтийн хөрөнгийг босгох зорилгоор Ө ХХК нь И ХХК-тай 2019 оны 02-р сарын 13-ны өдөр 150,000,000 төгрөгийн Зээлийн эрх нээх гэрээ-г байгуулсан бөгөөд тус гэрээний баталгаа болгож И ХХК нь Х ХХК-тай Батлан даалтын гэрээг байгуулсан.

Зээлийн эрх нээх гэрээ-ний эргэн төлөлтийг Х ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 2.2 дахь хэсэгт зааснаар гэрээний нийт төлбөрийн 47,22 хувийг бартераар төлж, үлдэгдэл дүнг бэлэн мөнгөөр төлж барагдуулахаар тохиролцсон. Улмаар Х ХХК нь гэрээний нийт дүнгийн 70,000,000 төгрөгийг бартераар /автомашин/-аар төлж, 2019 оны 4-р сарын 19-ний өдрийг хүртэл нийт 79,461,830 төгрөгийг Ө ХХК-д төлсөн.

Х ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ цаг тухайд нь биелүүлж 2019 оны 04-р сарын 19-ний өдрийг хүртэл Ө ХХК-д бэлнээр нийт 79,461,830 төгрөг, мөн бартерт 70,000,000 төгрөгийн үнэтэй автомашиныг Ө ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн. Ө ХХК нь ийнхүү авсан төлбөрүүдээр Зээлийн эрх нээх гэрээ-ний эргэн төлөлтийг цаг тухайд нь шилжүүлж, зээлийг хүү болон нэмэгдүүлсэн хүүгүйгээр хаах бүрэн боломжтой байсан ч Зээлийн эрх нээх гэрээ-ний 6.2.5-д зааснаар зээлийг Гэрээний эргэн төлөлшийн хуваарийн дагуу үл маргах журмаар төлөх үүргээ зөрчиж ор сураггүй алга болсон. Иймд 2019 оны 12 сар хүртэлх зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн хуримтлалыг Ө ХХК нь өөрийн хариуцлагаар учруулсан.

Ингээд Х ХХК нь Ө ХХК-д нийт 149,461,830 төгрөг, үүн дээр нэмээд 122,461,830 төгрөгийгИ ХХК-д шилжүүлснээрээ Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний хүрээнд Ө ХХК-д нийт 271,923,660 төгрөгийг төлсөн байна. Зээлийн эрх нээх гэрээ нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний хэрэгжилтийг хангуулах хүрээнд хийгдсэн гэрээ учраас Х ХХК нь И ХХК-д зээлийн дүнг төлж барагдуулснаараа Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний үүргээ биелүүлсэн байна. Үүгээр зогсохгүй Ө ХХК-ийн буруугаас хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүүгээс болж Х ХХК нь Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний хүрээнд төлөх байсан нийт дүнгээсээ давсан төлбөрийг төлж хохирсон.

Иймд Х ХХК нь Ө ХХК-д аливаа төлбөрийн үлдэгдэлгүй байх тул Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00409 дугаартай шийдвэр үнэн зөв гарсан болно.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

2.   Нэхэмжлэгч Ө ХХК нь хариуцагч Х ХХК-д холбогдуулан батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүд төлж хохирсон 66,906,627 төгрөг, бетон зуурмаг нийлүүлэх гэрээний үүрэгт алданги 6,148,967 төгрөг, нийт 73,055,594 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.   Талууд 2019 оны 02 сарын 01-ний өдөр Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ байгуулж, Ө ХХК нь 1,000 метр куб хэмжээтэй бетон зуурмаг нийлүүлэх, Х ХХК нь бетон зуурмагийн үнэд нийт 216,520,000 төгрөгийг төлөх, уг төлбөрийн 47.22% буюу 102,260,000 төгрөгийг бартераар төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 7-8/

 

Улмаар талууд 2019 оны 06 сарын 13-ны өдөр тооцоо нийлсэн баримт үйлдэж, Ө ХХК нийт 221,645,140 төгрөгийн үнэ бүхий 938 м.куб бетон зуурмаг нийлүүлсэн, үүнээс Х ХХК нийт 149,461,830 төгрөгийг төлж, 72,183,310 төгрөгийн төлбөрийн үүргийг хүлээсэн болохыг баталгаажуулжээ. /хх 9/

 

4.   Хохирол 66,906,627 төгрөг гаргуулах шаардлагын тухайд.

 

4.1.    Хэрэгт И ХХК болон Ө ХХК нарын хооронд байгуулагдсан 2019 оны 02 сарын 13-ны өдрийн №0 тоот Зээлийн эрх нээх гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр И ХХК нь 150,000,000 батлтөгрөгийг сарын 3.95%-ийн хүүтэйгээр 10 сарын хугацаатай Ө ХХК-д зээлдүүлэх, Ө ХХК нь зээлийн мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон байна. /хх 18-20/

 

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заагдсан зээлийн гэрээний үүргийг зээлдүүлэгч И ХХК-ийн өмнө хүлээх этгээд нь зээлдэгч Ө ХХК байна. Уг зээлийн гэрээний оролцогч биш учир Х ХХК-д зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр төлөх үүрэг үүсэх үндэслэлгүй юм.

 

4.2. Түүнчлэн, Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу хариуцагч Х ХХК-аас 2019 оны 04 сарын 19-ний өдөр хүртэлх хугацаанд 79,461,830 төгрөгийг нэхэмжлэгч Ө ХХК-д шилжүүлсэн байна. Иймд зээлдэгч Ө ХХК зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй явдалд Х ХХК-ийг буруутгах боломжгүй, шалтгаант холбоо байхгүй байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй. /хх 22-24/

 

4.3 ХэрэгтИ ХХК, Ө ХХК, Х ХХК нарын хооронд 2019 оны 02 сарын 13-ны өдөр байгуулагдсан №0 тоот Батлан даалтын гэрээ авагдсан байх ба уг гэрээгээр Х ХХК нь зээлдэгч Ө ХХК-ийг Зээлийн эрх нээх гэрээ-гээр хүлээсэн үүргээ гүйцэтгэж чадна гэж зээлдүүлэгчИ ХХК-ийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүргийг хүлээсэн болох нь тогтоогдож байна. /хх 21/

 

Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1 дэх хэсэгт зааснаар батлан даагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө нөхөх хариуцлага хүлээх бөгөөд мөн зүйлийн 460.2 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч буюу Ө ХХК үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч буюу И ХХК нь үүрэг гүйцэтгэхийг батлан даагч буюу Х ХХК-аас шаардах эрхтэй.

 

Өөрөөр хэлбэл Батлан даалтын гэрээ-ний үүргийг шаардах эрхтэй этгээд нь үүрэг гүйцэтгэгч Ө ХХК бус, харин үүрэг гүйцэтгүүлэгч И ХХК юм. Түүнчлэн, хариуцагч Х ХХК нь зээлдэгч Ө ХХК-ийн өмнөөс зээлийн үүрэгт нийт 142,183,310 төгрөгийг төлсөн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, дээрх үнийн дүнгээр зээлдэгч Ө ХХК нь зээлдүүлэгч И ХХК-ийн өмнө хүлээсэн төлбөрийн үүргээс чөлөөлөгдсөн байна. /хх 25-26, 29/

 

4.4     Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний дагуу хариуцагч Х ХХК нь нийт 221,645,140 төгрөг төлөх үүргийг хүлээсэн /хх 9/, үүнээс 79,461,830 төгрөгийг Ө ХХК-д төлсөн /хх 22-24/, 142,183,310 төгрөгийг Батлан даалтын гэрээ-ний дагуу Ө ХХК-ийн өмнөөсИ ХХК-д төлсөн байна. /хх 25-26, 29/ Иймд нийт 221,645,140 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан гэж үзнэ.

 

5.    Алданги 6,148,967 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

5.1.    Талуудын хооронд байгуулагдсан Бетон зуурмаг бэлтгэн нийлүүлэх гэрээ-ний 2.3, 5.1-д тус тус заасан алдангийн тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн талаар тавигдах хуулийн шаардлагад нийцээгүй тул анхан шатны шүүхээс алданги 6,148,967 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

 

6.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 сарын 07-ны өдрийн 102/ШШ2022/00409 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 164 дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 03 сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 523,228 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

 

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

 

Д.НЯМБАЗАР