Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/00390

 

 

 

 

 

2022 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 102/ШШ2022/00390

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Д.А нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ОУБХөгжил

 

Хариуцагч: Н.М

 

Нэхэмжлэлийн шаардлага: 7,749,600 төгрөг гаргуулах

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.А 7,749,600 төгрөгийг хариуцагч О сан болон Н.М нараас гаргуулах тухай шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч Д.А О сантай 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 0000054 дугаарт суралцуулах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус сангаас Австрали улсад суралцахад гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг авахаар болж зөвлөх үйлчилгээний төлбөрт 650,000 төгрөг төлсөн. Мөн хариуцагчийн зөвлөсний дагуу Австрали улсын Астли инглиш коллеж /Astley English college/-д элсэхэд урьдчилсан байдлаар төлбөл зохих 4,600 Австрали долларыг хариуцагчаар дамжуулан төлүүлэх зорилгоор Олон улсын боловсрол хөгжил сангийн Хаан банк дахь 5176022529 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Австрали улсын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан шийдвэр гаргасан тул тус сангийн дансанд шилжүүлсэн 4,600 Австрали долларыг буцаан олгохыг хүссэн хүсэлтийг хариуцагчид гаргасан. Хариуцагч нар нь уг төлбөрийг буцаан олгох асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байгаа бөгөөд буцаах боломжгүй байгаагаа ...Австралийн сургууль руу мөнгийг чинь шилжүүлсэн. Сургуулиас чинь буцаан олгосон даруйд бид чамд олгох болно хэмээн тайлбарлаж ирсэн. Миний хувьд хариуцагч нарын тайлбарт саяхныг хүртэл итгэж, хүлээцтэй хандаж ирсэн боловч 2020 онд өөрийн цахим шуудангаар Астли инглиш коллеж /Astley English college/-той холбогдож сургалтын төлбөрийг хэзээ буцааж олгох талаар тодруулахад миний нэрээр аливаа төлбөр төлөлт огт хийгдээгүй гэх хариу ирсэн. Энэ талаар хариуцагч нарт мэдэгдэж, яаралтай мөнгийг маань буцааж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгээгүй байх тул хариуцагч нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 7,749,600 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагчийн хувьд шүүхэд дэлгэрэнгүй байдлаар хариу тайлбар, няцаалтыг гаргаагүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талаас ...нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Энэ ч утгаараа биднээс нотлох баримт гаргуулах хүсэлтийг, мөн үзлэг хийлгэх хүсэлтүүдийг гаргаж байсан. Гэтэл нэхэмжлэгчийн визийг хариуцагч хариуцан мэдүүлсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан суралцуулах гэрээний 1.1, 1.2.1 дэх заалтаас үзэхэд зөвлөх буюу хариуцагч Олон улсын боловсрол хөгжил сан нь суралцагч буюу Д.А-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээсэн. Энэ үүрэгт суралцагчийн сонгосон сургуульд суралцагчаас бичиг баримтыг шаардлагын дагуу гаргуулан илгээх, бүртгүүлэх, суралцах эрхинн урилгыг хүлээн авч, тус улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулах авч, виз мэдүүлэх, онгоцны тийз захиалах, суралцагчийг тосч авах, байр захиалах, суралцагч гэрээ байгуулснаас хойш суралцах хүртэл шаардлагатай бүхий л зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагаа хамаарна. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчид шаардлагатай аливаа баримт бичгүүдийг хариуцагчийн зөвлөж, түүний шаардсан хэлбэрээр түүнд тухай бүр эх хувиар нь бүрэн гаргаж өгсөн. Тодруулбал, Д.Анужин нь өөрийн болон эцэг, эхийнхээ орлого нотлох баримт, барьцаа төлбөр байршуулсан гэх мэт хариуцагчаас виз мэдүүлэхээр шаардлагатай гэж нэхэмжлэгчээс гаргуулсан бүх баримтуудаа эх хувиар нь хариуцагчид өгсөн. Энэ нь хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс Австрали улсад виз мэдүүлсэн фактаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн виз мэдүүлэхэд холбогдох аливаа баримт бичгийн эх хувийг тухайн үед хариуцагчид гаргаж өгсөн ба хариуцагч шаардлагатай гэж үзэж буй аливаа баримтууд хариуцагчид байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний нэрийн өмнөөс виз мэдүүлсэн эсэх, виз гарсан эсэхтэй аливаа маргаан гаргаагүй, харин суралцуулах гэрээний дагуу суралцахаар төлөвлөсөн сургууль руу илгээлгэхээр хариуцагчид шилжүүлсэн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгааг харгалзаж үзнэ үү гэжээ.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага болох 7,749,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Нэхэмжлэгчээс 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 0000054 тоот Суралцуулах гэрээ, Олон улсын боловсрол хөгжил сангийн дансанд сургалтын төлбөр 8,740,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0704 тоот Олон улсын боловсрол хөгжил сангийн Төлбөр хойшлуулах тухай хүсэлт, Д.А-гийн 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 5176022529 тоот данс руу 650,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх 31/-ыг гаргаж өгсөн.

 

4. Хариуцагчаас Олон улсын боловсрол хөгжил сангийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг өгсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн хүсэлтээр online.immi.gov.au сайт болон [email protected] цахим хаягт үзлэг хийсэн ба уг үзлэгийн орчуулгуудыг хэрэгт хавсаргаж өгсөн.

 

5. Хариуцагчийн хүсэлтээр online.immi.gov.au сайт болон [email protected] цахим хаягт үзлэг хийсэн.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хэрэгт дараах нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч Д.А нь хариуцагч Олон улсын боловсрол хөгжил сан-тай 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Суралцуулах гэрээ байгуулсан байна.

 

Дээрх гэрээгээр Олон улсын боловсрол хөгжил сан-г зөвлөх, Д.А суралцагч гэсэн ба гэрээний зорилгыг талууд ...зөвлөх нь суралцагчийн гэрээний өргөдлийн маягтанд бөглөсөн хөтөлбөрт суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зөвлөхөд зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр болон төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон.

 

Мөн гэрээгээр зөвлөх үйлчилгээ гэдгийг ...суралцагчийн сонгосон сургуульд суралцагчаас бичиг баримтыг шаардлагын дагуу гаргуулан авч илгээх, бүртгүүлэх, суралцах эрхийг хүлээн авч, тус улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авч, виз мэдүүлэх, онгоцны тийз захилах ...зэрэг зөвлөхөөс явуулж буй үйл ажиллагаа... гэсэн ба гэрээний хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр гэж, зөвлөх үйлчилгээний төлбөр нь 650,000 төгрөг гэж тус тус тохирсон байна.

 

2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Д.Анужин нь хариуцагч Олон улсын боловсрол хөгжил сан болон Н.Мөрөн нарт холбогдуулж 7,749,600 төгрөг гаргуулах тухай шаардлагыг гаргаж шүүхэд хандсан.

 

Нэхэмжлэгч өөрийн шаардлагаа ...хариуцагчийн зөвлөсний дагуу Австрали улсын Астли инглиш коллеж /Astley English college/-д элсэхэд урьдчилсан байдлаар төлбөл зохих 4,600 Австрали долларыг хариуцагчаар дамжуулан төлүүлэх зорилгоор Олон улсын боловсрол хөгжил сангийн Хаан банк дахь 5176022529 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Австрали улсын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан шийдвэр гаргасан тул ...4,600 Австрали доллар буюу 7,749,600 төгрөгийг гаргуулна. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй болох нь хэрэгт өгсөн баримтуудаар нотлогдоно гэж тодорхойлсон.

 

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг хариуцагчийн зүгээс Нэхэмжлэлийн шаардлага болох 7,749,600 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд холбогдох журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэсэн бичгийн тайлбар өгсөн байдлаар бүхэлд нь эс зөвшөөрсөн.

 

О сан нь Д.А-г түүний сонгосон сургуульд суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, уг үйлчилгээний хариуд Д.А тодорхой хэмжээний төлбөр төлөхөөр харилцан тохирсноос үзэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээдэг.

 

Тодруулбал, зуучлуулагч буюу даалгавар өгөгч нь зуучлагчийн үйл ажиллагааны тусламжтайгаар гуравдагч этгээдтэй хүссэн гэрээгээ байгуулсан нөхцөлд тохирсон хөлсийг зуучлагчид төлөх хуулийн зохицуулалттай.

 

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчид өөрийн шаардлага болон татгалзлаа нотлох, нотлох баримтаа шүүхэд цуглуулж өгөх үүрэгтэй ба энэхүү үүргийнхээ хүрээнд гэрч асуулгах, шинжээч томилуулах, үзлэг болон туршилт хийлгэх, шүүхийн журмаар нотлох баримт гаргуулах зэрэг эрхүүдийг эдэлдэг. Мөн иргэний хэргийн оролцогчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан тайлбар нотлох баримтаар үнэлэгдэхийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 25.2.2, 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд заасан.

 

Нэхэмжлэгчээс өөрийн шаардлагаа нотлох үүднээс хэрэгт 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0704 тоот О сангийн Төлбөр хойшлуулах тухай хүсэлт-ийг өгсөн.

 

Дээрх хүсэлтэд ...Д.Анужинтай Австрали улсад суралцуулах гэрээ байгуулж, гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг үзүүлсэн. Гэвч 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Австрали улсын элчин сайдын яамнаас визний татгалзсан хариу ирж, холбогдох журмын дагуу эрүүл мэндийн даатгал болон сургалтын төлбөрийн буцаан олголт хийх тухай хүсэлтийг холбогдох байгууллагуудад гаргасан. ...зуучлагч байгууллагын хувьд хариуцлагыг хүлээж, өөрсдийн нөөц бололцоогоор ...хуваарийн дагуу буцаан олголтыг хийх хүсэлтэй байна. ...Д.Анужин ...манай ...дансанд сургалтын төлбөрт ...8,740,000 төгрөгийг шилжүүлсэн. Сургуулийн буцаан олголтын журмын дагуу бүртгэлийн хураамж 200 австрали доллар, сургалтын төлбөрийн 5% 216 австрали доллар, нийт 416 австрали доллар суутгагдаж, 4,184 австрали доллар буцаагдах ёстой. Үүнийг тухайн үеийн 1,900 төгрөгийн ханшаар тооцвол 7,949,000 төгрөг болно. 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дээрх төлбөрөөс 200,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Одоогийн байдлаар 7,749,600 төгрөг байна гэж тусгагджээ.

 

Түүнчлэн нэхэмжлэгч хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Олон улсын боловсрол хөгжил сан руу 8,740,000 төгрөг шилжүүлсэн мөнгөн шилжүүлгийн баримтыг шүүхэд өгсөн.

Дээрх баримтуудыг талуудын байгуулсан суралцуулах гэрээний агуулгатай харьцуулан судлахад нэхэмжлэгчийн хариуцагчид төлсөн нийт 9,390,000 /650,000+8,740,000/ төгрөгийн зориулалт нь дараах хоёр хэсгээс бүрдсэн гэж үзэхээр байна. Үүнд:

1/ 650,000 төгрөг нь суралцуулах гэрээний зөвлөх үйлчилгээний төлбөр. Уг төлбөр төлөгдсөн талаар хариуцагч маргаагүй, нэхэмжлэгч уг мөнгийг буцаан нэхэмжлээгүй.

2/ 8,740,000 төгрөг нь нэхэмжлэгч Д.А цаашид хөтөлбөрт хамрагдсан нөхцөлд зарцуулагдах төлбөр.

 

Улмаар нэхэмжлэгч Д.А-д Австрали улсын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан шийдвэр гарсан буюу хариуцагчаас цаашид зөвлөх үйлчилгээ авах шаардлагагүй болсон болох нь дээр дурдсан 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0704 тоот О сан Төлбөр хойшлуулах тухай хүсэлт-ээр нотлогдож байна.

 

Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт ...аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ... гэж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт ...хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй болно гэж тус тус заасан.

 

2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 0704 тоот Олон улсын боловсрол хөгжил сангийн Төлбөр хойшлуулах тухай хүсэлт-ийн агуулгаас үзэхэд нэхэмжлэгч ...виз гараагүй гэсэн үндэслэлээр гэрээ цуцлах саналыг гаргасан, хариуцагч хүлээн зөвшөөрч гэрээний төлбөрөөс 200,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн ба зохих шимтгэлүүдийг хасаад үлдэх 7,749,600 төгрөгийг тогтоосон хуваарийн дагуу төлөхийг зөвшөөрчээ. Тодруулбал, уг баримтаар талуудын байгуулсан гэрээний харилцаа дуусгавар болсон, энэ талаар хариуцагчийг маргаагүй гэж үзнэ.

 

Иймд хариуцагч О-аас 7,749,600 төгрөгийг буцаан гаргуулж олгох нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасантай нийцнэ.

 

Харин нэхэмжлэгч Д.А-тай үүргийн харилцаанд орсон нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Олон улсын боловсрол хөгжил сангаас 7,749,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Н.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О-сангаас 138,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ХАНГАЛ