Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2022/00764

 

Д.А-гийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Нямбазар, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/00390 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.А-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ОУБС-, Н.М- нарт холбогдох,

7,749,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У, хариуцагчийн өмгөөлөгч А.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Нэхэмжлэгч Д.А- ОУБС-тай 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 0000054 дугаартай суралцуулах гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу тус сангаас Австрали улсад суралцахад гэрээний дагуу зөвлөх үйлчилгээг авахаар болж зөвлөх үйлчилгээний төлбөрт 650,000 төгрөг төлсөн. Мөн хариуцагчийн зөвлөсний дагуу Австрали улсын Астли инглиш коллеж /Astley English college/-д элсэхэд урьдчилсан байдлаар төлбөл зохих 4,600 австрали долларыг хариуцагчаар дамжуулан төлүүлэх зорилгоор ОУБС-гийн Хаан банк дахь 5176022529 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн. Австрали улсын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан шийдвэр гаргасан тул тус сангийн дансанд шилжүүлсэн 4,600 австрали долларыг буцаан олгохыг хүссэн хүсэлтийг хариуцагчид гаргасан. Хариуцагч нар нь уг төлбөрийг буцаан олгох асуудлыг өнөөдрийг хүртэл шийдвэрлэж өгөөгүй байгаа бөгөөд буцаах боломжгүй байгаагаа ...Австралийн сургууль руу мөнгийг чинь шилжүүлсэн. Сургуулиас буцаан олгосон даруйд бид чамд олгоно” хэмээн тайлбарлаж ирсэн. Хариуцагч нарын тайлбарт саяхныг хүртэл итгэж, хүлээцтэй хандаж ирсэн боловч 2020 онд өөрийн цахим шуудангаар Астли инглиш коллеж /Astley English college/-той холбогдож сургалтын төлбөрийг хэзээ буцааж олгох талаар тодруулахад миний нэрээр аливаа төлбөр төлөлт огт хийгдээгүй гэх хариу ирсэн. Энэ талаар хариуцагч нарт мэдэгдэж, яаралтай мөнгийг маань буцааж өгөхийг шаардсан боловч өнөөдрийг хүртэл ямар нэгэн мөнгөн төлбөрийн үүрэг гүйцэтгээгүй байх тул хариуцагч нарт шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 7,749,600 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн визийг хариуцагч хариуцан мэдүүлсэн. Учир нь талуудын хооронд байгуулагдсан суралцуулах гэрээний 1.1, 1.2.1 дэх заалтаас үзэхэд зөвлөх буюу хариуцагч ОУБС- нь суралцагч буюу Д.А-д зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүргийг хүлээсэн. Энэ үүрэгт суралцагчийн сонгосон сургуульд суралцагчаас бичиг баримтыг шаардлагын дагуу гаргуулан илгээх, бүртгүүлэх, суралцах эрхийн урилгыг хүлээн авч, тус улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авч, виз мэдүүлэх, онгоцны тийз захиалах, суралцагчийг тосч авах, байр захиалах, суралцагч гэрээ байгуулснаас хойш суралцах хүртэл шаардлагатай бүхий л зөвлөгөө, мэдээллээр хангах зэрэг үйл ажиллагаа хамаарна. Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчид шаардлагатай аливаа баримт бичгүүдийг хариуцагчийн зөвлөж, түүний шаардсан хэлбэрээр түүнд тухай бүр эх хувиар нь бүрэн гаргаж өгсөн. Тодруулбал, Д.А- нь өөрийн болон эцэг, эхийнхээ орлого нотлох баримт, барьцаа төлбөр байршуулсан гэх мэт хариуцагчаас виз мэдүүлэхээр шаардлагатай гэж нэхэмжлэгчээс гаргуулсан бүх баримтуудаа эх хувиар нь хариуцагчид өгсөн. Энэ нь хариуцагч нь нэхэмжлэгчийн өмнөөс Австрали улсад виз мэдүүлсэн үйл баримтаар нотлогдоно. Нэхэмжлэгчийн виз мэдүүлэхэд холбогдох аливаа баримт бичгийн эх хувийг тухайн үед хариуцагчид гаргаж өгсөн ба хариуцагч шаардлагатай гэж үзэж буй аливаа баримтууд хариуцагчид байгаа. Нэхэмжлэгч нь хариуцагчийг түүний нэрийн өмнөөс виз мэдүүлсэн эсэх, виз гарсан эсэхтэй аливаа маргаан гаргаагүй, харин суралцуулах гэрээний дагуу суралцахаар төлөвлөсөн сургууль руу илгээлгэхээр хариуцагчид шилжүүлсэн төлбөрийг гаргуулахаар нэхэмжилж байгааг харгалзаж үзнэ үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч ОУБС-гаас 7,749,600 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Н.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 138,944 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ОУБС-гаас 138,944 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.А-д олгож шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан. Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан. Олон улсын боловсрол хөгжлийн сан нь Д.А- болон Австрали улсын Астли инглиш коллеж нарын хоорондох баримт бичиг бүрдүүлэх, илгээх, урилгатай холбоотой зөвлөх үйлчилгээ, төлбөрийг нэхэмжлэгчийн өмнөөс төлөх зэрэг бүх ажиллагааг хийсэн. Төлбөр төлсний дагуу урилга ирсэн, уг материалыг үндэслэн виз мэдүүлсэн. Элчин сайдын яамнаас санхүүгийн байдал нь нотлогдохгүй байна гэж үзээд татгалзсан хариу өгсөн. Иргэний хуулийн 205 дугаарын 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасан. Зуучлалын гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн биелсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэл байхгүй. Виз мэдүүлээд татгалзсан хариу авсан нь зуучлалын гэрээтэй хамааралгүй. Олон улсын боловсрол хөгжлийн сан нь зуучлалын гэрээний дагуу визний хариу гаргуулна гэсэн үүрэг хүлээгээгүй. Харин сургуультай холбож өгөхөд шаардлагатай бүхий л ажиллагааг хийнэ, урилга, суралцуулах гэрээ бэлэн болсны дараа Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд зөвлөх үйлчилгээ үзүүлэх үүргийг гэрээний дагуу хүлээсэн. Визний хариу хэрхэн гарах нь манай байгууллагаас шалтгаалахгүй. Зуучлалын гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн учраас гэрээнээс татгалзах үндэслэлгүй. Үүрэг биелэгдээгүй тохиолдолд Иргэний хуулийн 204 дүгээр зүйлд заасны дагуу гэрээнээс татгалзана. Хэрвээ үүрэг биелэгдээгүй гэж үзвэл тухайн үүргийн гүйцэтгэлд үүрэг гүйцэтгүүлэгч тал өөрөө ихэнх хэсэгт нь буруутай бол гэрээнээс татгалзаж болохгүй гэх зохицуулалт үйлчилдэг.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

4,600 австрали.доллар нь Астли инглиш коллежид суралцах эхний улирлын сургалтын төлбөрийг урьдчилж төлөхөөр Олон улсын боловсрол хөгжлийн сангийн данс руу шилжүүлсэн. Виз гараагүй учраас суралцах боломжгүй болсон. Астли инглиш коллежид суралцах боломжгүй болсон учраас төлбөрийг буцааж авах хүсэлтийг гаргасан. Хариуцагч талын тайлбарлаж байгаагаар Астли инглиш коллеж нь 5 хувийн шимтгэл болон бүртгэлийн хураамж 200 австрали.долларыг буцааж өгөх боломжгүй, 4,184 австрали.долларыг өгнө гэсэн хариуг өгсөн гэж хэлдэг. Уг мөнгийг шилжүүлсэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ханшаар 1,900 төгрөг тооцож, нийт 7,749,600 төгрөгийг нэхэмжилсэн. Зуучлалын хөлсийг шаардаагүй. Сургуульд сурахаар эхний улирлын төлбөр төлсөн байсныг гаргуулахаар шаардсан.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч ОУБС- болон Н.М- нарт холбогдуулан сургалтын зардалд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийн үлдэгдэл болох 7,749,600 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх1-2, 16/

 

А. Хэрэгт дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

А.1. Д.А- нь хариуцагч ОУБС-тай 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Суралцуулах гэрээ байгуулсан. /хх5/

 

Гэрээгээр ОУБС-г зөвлөх, Д.А-г суралцагч гэж тодорхойлсон байх бөгөөд гэрээний зорилгыг талууд ...зөвлөх нь суралцагчийн гэрээний өргөдлийн маягтад бөглөсөн хөтөлбөрт суралцахад зөвлөх үйлчилгээ үзүүлэх, суралцагч нь зөвлөхөд зөвлөх үйлчилгээ үзүүлсний төлбөр болон төлбөрийг төлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино гэж тодорхойлсон. /хх5/

 

Мөн гэрээгээр зөвлөх үйлчилгээ гэдгийг ...суралцагчийн сонгосон сургуульд суралцагчаас бичиг баримтыг шаардлагын дагуу гаргуулан авч илгээх, бүртгүүлэх, суралцах эрхийг хүлээн авч, тус улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авч, виз мэдүүлэх, онгоцны тийз захиалах зэрэг зөвлөхөөс явуулж буй үйл ажиллагаа...гэсэн ба гэрээний хугацааг 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр , зөвлөх үйлчилгээний төлбөр нь 650,000 төгрөг байхаар тус тус тохиролцжээ. /хх5/

 

А.2. Нэхэмжлэгч нь Австрали улсын Астли инглиш коллеж /Astley English college/-д элсэхэд урьдчилсан байдлаар төлбөл зохих 4,600 австрали долларыг хариуцагчаар дамжуулан төлүүлэх зорилгоор ОУБС-гийн Хаан банк дахь 5176022529 тоот дансанд 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /хх6/

 

А.3. Мөн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Австрали улсын элчин сайдын яамнаас Д.А-гийн визэд татгалзсан хариу өгсөн үйл баримтад талууд маргаангүй.

 

А.4. Түүнчлэн зөвлөх үйлчилгээний төлбөр 650,000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчид төлсөн үйл баримт тогтоогдсон.

 

Зохигч 4,600 австрали доллар буюу 7,749,600 төгрөгийг гаргуулах эсэхэд маргаантай байна.

 

Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч Д.А-д Австрали улсын элчин сайдын яамнаас виз олгохоос татгалзсан шийдвэр гарсан, хариуцагчаас цаашид зөвлөх үйлчилгээ авах шаардлагагүй, гэрээ хэрэгжих боломжгүй болсон тул шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч Д.А-тай гэрээний үүргийн харилцаатай нь тогтоогдохгүй байх тул хариуцагч Н.М-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг зөв гэж үзнэ.

 

Иймд хариуцагчийн “Анхан шатны шүүх нэхэмжлэгч гэрээгээ зөрчсөн нь ямар үр дагавартай, зөвлөх үйлчилгээ нь ямар хүрээнд явагдаж үүргийн гүйцэтгэл дуусахыг үнэлээгүй” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй. Учир нь талуудын гэрээнд зааснаар “Австрали улсад зорчих виз мэдүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг гаргуулан авч, виз мэдүүлэх” үүрэг нь зөвлөх үйлчилгээ үзүүлэгчийн үүрэг байхаар талууд тохиролцсон. Нэхэмжлэгчийн буруугаас виз гараагүй гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй.

 

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн явдалд бүхэлд нь буюу ихэнх хэсэгт нь үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө буруутай гэх үндэслэл тогтоогдоогүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 102/ШШ2022/00390 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 139,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Ц.ИЧИНХОРЛОО

 

                                           ШҮҮГЧИД                                    Д.НЯМБАЗАР

 

Ш.ОЮУНХАНД