Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 102/шш2022/02357

 

 

 

2022 оны 06 сарын 21 өдөр

     Дугаар 102/ШШ2022/02357  

               Улаанбаатар хот

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ТБ ХХК

Хариуцагч: Э.М

 

             Хариуцагч:  Б.Б нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүргийн биелэлтэд 39.607.259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2022 оны 03 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

                        

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б

ТОДОРХОЙЛОХ нь:

       

          Нэхэмжлэгч “Төрийн” банк ХХК, хариуцагч Э.М, Б.Б нарт холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 39.607.259 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан бөгөөд дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна.

 

         Нэхэмжлэгч “ТБ” ХХК, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

        ТБ ХХК, хариуцагч Э.М, Б.Б нартай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ..... дугаартай “Барьцаа зээлийн гэрээ”-ний байгуулж, 37.800.000 төгрөгийн зээл олгосон.

        Зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлийн үндсэн төлбөрт 29.010.695 төгрөг, хүүд 9.976.448 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 620.115 төгрөг нийт 39.607.259 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах хүсэлтэй байна.

Мөн нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргаагүй. Зөвхөн зээлийн гэрээтэй холбоотой төлбөрөө нэхэмжилж байгаа. Түүнчлэн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцоход нэхэмжлэгчийн зүгээс татгалзах байхгүй. Нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

Зээл олгох тухайн үед харилцан тохиролцож шалгуур хангаж хариуцагч нарт зээл олгосон.

Зээлийн гэрээний эрх үүргийн талаар зээлийн гэрээнд тусгагдсан.

Цар тахалтай холбоотой Засгийн газраас зээлдэгч нарын зээлийн төлбөрийг түр хойшлуулах захирамж гарч байсан.

Засгийн газраас гаргасан зээлийн хугацааг хойшлуулах захирамжид хариуцагч нар хамрагдаагүй.

Ямар шалтгааны улмаас хамрагдаагүй гэхээр хуримтлагдсан зээлийн хүүг төлсөн тохиолдолд 6 сарын хугацаанд үндсэн зээлээс чөлөөлж хүүг төлж явах нөхцөлтэй байсан.

Хариуцагч нар хуримтлагдсан зээлийн өртэй байсан тул засгийн газраас гаргасан зээл хойшлуулах шалгуурт хамаарагдаагүй.

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хариуцагч нар зээлийн төлбөрөө төлөөгүй тул ТБ-аас удаа дараа хариуцагч нарт шаардлага тавьсан.

Цар тахалтай холбоотой гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн төлбөрөө төлж болно гэсэн агуулгатай шаардлага тавьж байсан гэв.

 

           Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ТБ ХХК-тай Э.М “Зээлийн гэрээ” байгуулж, Б.Б хамтран зээлдэгчээр орсон.

2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр ТБ ХХК-тай хариуцагч нар гэрээ байгуулсан.

Жилийн 24 хувийн хүүтэй, 34 сарын хугацаатай зээл авсан.

Зээл авсанд хариуцагч нар маргахгүй байгаа. 

Зээлийн хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хариуцагч нар зээлээ төлсөн байдаг.

Үүний дараа “Ковид-19” коронавирусээс шалтгаалан цалин хөлс орлогын асуудал үүсэж төлбөр төлөх боломжгүй болсон.

Ингээд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зээлийн төлбөр төлөгдөөгүй.

Зээлдэгч нар төлбөрийн чадваргүй болж зээлийг төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээг дуусгавар болох эрхтэй байдаг.

2020 оны 10 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийн төлөлтөө хариуцагч нар 16 сар төлөөгүй. Энэ хугацаанд нэхэмжлэгч мэдэгдэх хуудас өгөөгүй хүү, алданги тооцож байсан.

Барьцаа хөрөнгө байгаа тохиолдолд гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөрөө зээлийг төлүүлэх боломжтой байсан.

Анх зээлийн гэрээ байгуулсанаас хойш 14 сарын хугацаанд төлөлт хийсэн байхад 39.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Банкны систем илэрхий мөнгө угааж, амьдралыг нь дордуулж байгаа явдал иргэдийн амьжиргааны түвшинд нийцэхгүй байна.

Цар тахалтай холбоотой санхүүгийн эх үүсвэргүй болсон учраас үндсэн хүүгийн төлбөр 9.976.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628.000 төгрөгийг төлөх боломжгүй.

Харин зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 29.010.695 төлөх боломжтой, гэжээ.

 

        Хэрэгт цугларсан нотлох баримтууд:

           

        Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, ТБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр Ө.Б олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн шилжүүлгийн баримт, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай “Барьцаат зээлийн гэрээ”, 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн .... дугаартай “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ”, 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх М.Э ТБ дансны хуулга, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Зээлийн гэрээний үүрэг биелүүлэх тухай мэдэгдэл”, 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Ш.Б олгосон “Итгэмжлэл”

 

        Хариуцагч Э.М 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Г.Э олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Б.Б Г.Э олгосон “Итгэмжлэл”, 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Эмнэлгийн магадалгаа”, 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн “Мэдэгдэх хуудас”, 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүртэлх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хуваарийг өгчээ.       

ҮНДЭСЛЭХ нь:

 

        Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б нэхэмжлэлийн шаардах эрхийн үндэслэлээ “Зээл олгох тухайн үед харилцан тохиролцож шалгуур хангаснаар хариуцагч нарт зээл олгосон. Зээлийн гэрээний эрх үүргийн талаар гэрээнд тусгагдсан. Цар тахалтай холбоотой Засгийн газраас зээлдэгч нарын зээлийн төлбөрийг түр хойшлуулах шийдвэр гарсан боловч хуримтлагдсан зээлийн хүүг төлсөн тохиолдолд 6 сарын хугацаанд үндсэн зээлээс чөлөөлж хүүг төлж явах нөхцөлийг хангаагүй учраас шалгуурт хамаарагдаагүй. Иймээс нэхэмжлэгч зээлийн гэрээний төлбөрийг нэхэмжлэх үндэслэлтэй” гэж тайлбарлав.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э “Зээлийг хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл төлсөн. Корона вирусээс шалтгаалан цалин хөлс орлогын асуудал үүсэж төлбөр төлөх боломжгүй болж төлөгдөөгүй. Зээлдэгч нар төлбөрийн чадваргүй болж зээлийг төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдүүлэгч гэрээг дуусгавар болох эрхтэй. Энэ ажиллагааг хийгээгүй. Барьцаа хөрөнгө байгаа тохиолдолд гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөрөө зээлийг төлүүлэх боломжтой. Хариуцагч нар үндсэн хүүгийн төлбөр 9.976.000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628.000 төгрөгийг төлөхгүй ба үндсэн төлбөрийн үлдэгдэл төлбөр 29.010.695 төлөхөд татгалзахгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа илэрхийлж байна.

 

           Хавтас хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараахь нөхцөл байдал тогтоогдож байна.

      

           Нэхэмжлэгч ТБ ХХК, хариуцагч Э.М, Б.Б нартай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр .... дугаартай “Барьцаат зээлийн гэрээ” мөн өдрөө “Фидуцийн гэрээ”-г байгуулж, 37.800.000 төгрөгийг, сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Э.М өмчлөлийн улсын ....., арлын ...... дугаартай, “Toyota subaru” маркийн хар өнгийн суудлын автомашиныг барьцаалсан болох нь зохигчдын тайлбар, гэрээ, зээл эргэн төлөх хуваарь зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна.

 

        Талууд байгуулсан гэрээнүүдийн талаар маргаагүй боловч хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлээс үндсэн зээлийн төлбөрийг төлнө, хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй гэж мэтгэлцэж байна.

       

         Иймээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан “Зээлийн гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.

 

         Хэрэгт авагдсан 2009 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр олгогдсон Улсын бүртгэлийн ..... дугаартай Гэрчилгээгээр ..... регистрийн дугаартай, ТБ ХХК мөнгөн хадгаламж, зээл, төлбөр тооцоо, гадаад валют, үнэт металл, эрдэнийн чулуу худалдан авах, худалдах, хадгалах, хадгалуулах, гадаад төлбөр тооцоо хийх, үнэт цаас гаргах, худалдах, худалдан авах ажиллагааг эрхлэх эрхтэй хуулийн этгээд болох нь батлагдаж байна.

 

        Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1 дэх хэсэгт “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар зохигчид гэрээний дагуу 37.800.000 төгрөгийг шилжүүлсэн талаар хэн аль нь маргаагүй.

 

         Тэрээр хариуцагч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар шүүх хуульд заасан эрх үүргээ хэрэгжүүлэх боломжийг олгосон боловч хэрэгжүүлээгүй баримтаа цуглуулж бүрдүүлж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа нотлох баримтаар үгүйсгэж няцааж чадахгүй байна.

 

          Иймээс хариуцагч нар зээл авсан болон үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх талаар маргахгүй байгаа хэдий ч хэрэгт авагдсан бичгийн баримтаас харахад, гэрээний салшгүй хэсэг болох зээл эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж, төлбөрөө төлөөгүй нь зохигчдын тайлбар, зээлийн дансны хуулгаар тогтоогдож байх тул зээлээ төлөх үүрэгтэй.

     

        Хариуцагч нарын зээлийн тооцоололыг бодоход:

 

        А. 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл

              

                -37.800.000 төгрөгийн сарын хүү 2 хувь

                -37.800.000 төгрөг х 2 хувь = 756.000 төгрөг / нэг сарын хүү/

                -756.000 төгрөг /нэг сарын хүү/: 30 /хоног/= 25.200 төгрөг /нэг өдрийн хүү/

       

        Б. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 1 жил /365 хоног/, 5 сар, 21 хоног

 

          29.010.659 төгрөг 15 мөнгө /үндсэн зээл/ х 2 хувь =580.231 төгрөг 18 мөнгө /нэг сарын хүү/

 

         580.231 төгрөг / нэг сарын хүү/:30 /хоног/= 19.341 төгрөг /нэг өдрийн хүү/

         5 /сар/ х 580.231 төгрөг / нэг сарын хүү/= 2.901.155 төгрөг

         386 /хоног/ х 19.341 төгрөг /нэг өдрийн хүү/ = 7.465.626 төгрөг

         2.901.155 төгрөг /хүү/ + 7.465.626 төгрөг /хүү/ =10.366.781 төгрөг /хүү/

        10.366.781 төгрөг /хүү/ х 20 хувь =2.073.356 төгрөг /нэмэгдүүлсэн хүү/

 

         29.010.659 төгрөг 15 мөнгө /үндсэн зээл/ + 10.366.781 төгрөг /хүү/ + 2.073.356 төгрөг = 41.450.796 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар байгаа боловч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд 39.607.259 төгрөг 15 мөнгөнөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэмэгдүүлсэн хүү 620.115 төгрөг 05 мөнгийг хасахад татгалзахгүй гэх тайлбарын дагуу 39.607.259 төгрөг 15 - 620.115 төгрөг 05 мөнгө = 38.987.144 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

     

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.986 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 352.886 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

       

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн

           115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

        

       1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М, Б.Б нараас гэрээний үүргийн биелэлтэд 38.987.144 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ТБ ХХК-д олгосугай.

 

       2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355.986 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 352.886 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

      3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Г.АРИУНАА