Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2022/01628

 

 

 

 

 

 

 

 

 

Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 102/ШШ2022/02357 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.М-, Б.Б- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 39,607,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Т- ХХК нь хариуцагч Э.М-, Б.Б- нартай 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 103502510837 дугаартай Барьцаат зээлийн гэрээ-г байгуулж, 37,800,000 төгрөгийн зээл олгосон. Зээлийн төлбөрийг төлөхийг хариуцагч нараас удаа дараа шаардсан боловч төлөөгүй. 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахад зээлийн үндсэн төлбөрт 29,010,695 төгрөг, хүүд 9,976,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 620,115 төгрөг, нийт 39,607,259 төгрөг байна.

Мөн нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагыг гаргаагүй. Зөвхөн зээлийн гэрээтэй холбоотой төлбөрөө нэхэмжилж байна.

Цар тахалтай холбоотой Монгол улсын Засгийн газраас зээлдэгч нарын зээлийн төлбөрийг түр хойшлуулах захирамж гарч байсан. Хариуцагч нар хуримтлагдсан зээлийн өртэй байсан тул Монгол улсын Засгийн газраас гаргасан зээл хойшлуулах шалгуурт хамаарагдаагүй. Цар тахалтай холбоотой гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж зээлийн төлбөрөө төлж болно гэсэн агуулгатай шаардлага хариуцагч нарт тавьж байсан.

2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш хариуцагч нар зээлийн төлбөрөө төлөөгүй. Түүнчлэн нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцоход нэхэмжлэгчийн зүгээс татгалзах зүйл байхгүй. Иймд хариуцагч нараас зээлийн үндсэн төлбөрт 29,010,695 төгрөг, зээлийн хүү 9,976,448 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 620,115 төгрөг, нийт 39,607,259 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын татгалзал, хариу тайлбарын агуулга: Зээлийн хуваарийн дагуу 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хариуцагч нар зээлээ төлсөн. 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш Ковид-19 өвчинөөс шалтгаалан орлогогүй болсон тул төлбөр төлөх боломжгүй болсон. Зээлдэгч нар төлбөрийн чадваргүй болж зээлийг төлөх боломжгүй болсон тохиолдолд зээлдүүлэгч зээлийн гэрээг дуусгавар болох эрхтэй байдаг.

Нэхэмжлэгч мэдэгдэх хуудас өгөөгүй, хүү, алданги тооцож байсан.

Барьцаа хөрөнгө байгаа тохиолдолд гэрээг цуцалж, барьцааны хөрөнгөөр зээлийг төлүүлэх боломжтой байсан.

Анх зээлийн гэрээ байгуулсанаас хойш 14 сарын хугацаанд төлөлт хийсэн. Цар тахалтай холбоотой санхүүгийн эх үүсвэргүй болсон учраас үндсэн хүүгийн төлбөр 9,976,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 628,000 төгрөгийг төлөх боломжгүй. Харин зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 29,010,695 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э.М-, Б.Б- нараас гэрээний үүргийн биелэлтэд 38,987,144 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т- ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,986 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамж 352,886 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Ковид-19 Цар тахал өвчний улмаас 2020 оны 10 сарын 30-наас хойш зээл, зээлийн хүү төлөх боломжгүй болсон тул зээлийн хүү 9,976,485 төгрөгийн төлбөрийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Тайлбар байхгүй гэв.

 

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянахад гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.Нэхэмжлэгч Т- ХХК нь хариуцагч Э.М-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 39,607,259 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдааны үеэр 38,987,144 төгрөг болгон багасгасан байна. Хариуцагч нар нэхэмжлэлээс 29,010,695 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг Ковид-19 цар тахлын улмаас зээл төлөх боломжгүй болсон, банк гэрээг цуцалж, барьцаа хөрөнгөөр зээл төлүүлэх боломжтой байсан гэх үндэслэлээр эс зөвшөөрч, талууд маргажээ.

3.Зээлдүүлэгч Т- ХХК, зээлдэгч Э.М-, Б.Б- нарын хооронд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр 103502510837 дугаартай барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, гэрээгээр зээлдүүлэгч нь 37,800,000 төгрөгийг, жилийн 24 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн төлбөрийг гэрээгээр тохирсон хуваарийн дагуу зээл, түүний хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх 8-10/ Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

4.Зээлдүүлэгч 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэрээний 2.1.1-д зааснаар зээлдэгч Э.М-ы Т- дахь 103500510837 тоот данс руу 37,800,000 төгрөг шилжүүлсэн үйл баримтад маргаангүй. Зээлдэгч нар зээлийн үүргээс 8,789,305 төгрөг төлсөн, 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс зээл төлөх үүргээ зөрчсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, Т- ХХК нь Э.М-, Б.Б- нараас зээлийн үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5.Хариуцагч нар үндсэн зээлийн үлдэгдэл 29,010,695 төгрөг төлөхийг зөвшөөрсөн.

5.а.Зээлийн гэрээний талууд зээлийн хүү, хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцлийг харилцан тохиролцон гэрээндээ заасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэж байна.

5.б.Талууд гэрээний 6.2-т банкны санаачиилгаар гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг хугацаанаас өмнө бүрэн төлөхийг шаардах тохиолдлыг нэрлэн заажээ. Хариуцагч тал зээл эргэн төлөх хуваарийг зөрчсөнтэй холбогдон уг гэрээнд заасан эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагч нарын зээлийн гэрээгээр хүлээсэн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

5.в.Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай 183 тоот тогтоолын 8-д банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн хугацааг зээлэгдчийн хүсэлтийг харгалзан нэмэгдүүлсэн хүү, торгууль, алданги тооцохгүйгээр зээлдэгчид ямар нэгэн дарамт үүсгэхгүй байхаар төлбөрийн чадварт нь нийцүүлэн гэрээнд өөрчлөлт оруулах зохицуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлэх талаар заажээ.

6.Хариуцагч Э.М-, Б.Б- нар нэхэмжлэгч Т- ХХК-д дээрх тогтоолд заасан журмын дагуу хүсэлт гаргаагүй байна. Мөн хариуцагч нар зээлийн хуримтлагдсан өртэй байсан учир Засгийн газрын тогтоолд хамрагдаагүй, цар тахалтай холбоотой гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, зээлийн төлбөрөө төлж болох агуулгатай шаардлага тавьж байсан гэх нэхэмжлэгч талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хариуцагч тал үгүйсгээгүй байна. Иймд энэ талаарх хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

7.Зээлдүүлэгч нь 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр үүргийн зөрчлийг арилгах талаар сануулсан, зээлдэгч зөрчлийг арилгаагүй байх тул зээлдүүлэгч нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3 дахь хэсэгт зааснаар гэрээг цуцлах эрхтэй.

7.а.Зээлдэгч Э.М-ы Т- ХХК дахь зээлийн дансны хуулга, зохигчдын тайлбар зэрэг нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүх хариуцагч нарын зээлийг үүргийг тооцон, нэхэмжлэгч Т- ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцжээ.

Шийдвэрийн удиртгал болон үндэслэх хэсэгт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн дүнг багасгасан хэмжээгээр бичээгүй нь алдаатай боловч энэ нь шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэл болохгүй.

8.Талууд 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Фидуцийн гэрээ-г байгуулж, зээлдэгч Э.М-ы өмчлөлийн 00-00 улсын дугаартай, Toyota subaru маркийн хар өнгийн суудлын автомашины өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохиролцсон байна./хх 8-10, 11-12/ Нэхэмжлэгч фидуцийн гэрээний үүрэгтэй холбогдон нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул гэрээний хүчин төгөлдөр байдал, шаардах эрхийн хууль үндэслэлийн талаар эрх зүйн дүгнэлт хийх шаардлагагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 102/ШШ2022/02357 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас урьдчилан 174,574 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ч.ЦЭНД