Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 130/ШШ2022/00602

 

Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө аймгийн Н сумын 9 дүгээр багт оршин суух, С овогт Х-ын М

Хариуцагч: Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г/

Нэхэмжлэлийн шаардлага: Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.Ө аймгийн Н сумын Ц тосгонд оршин суудаг, 18 хүртэлх насны 5 хүүхэдтэй өрх толгойлсон эх Х.М нь 2020 оны 09 дүгээр сараас өмнө нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэтгэмжийг авч байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сараас хойш уг тэтгэмжийг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар олгохгүй өдий хүрлээ. Өнгөрсөн хугацаанд уг тэтгэмжийг олгож өгөх тухай өрх толгойлсон эх Х.Мгээс Ц тосгоны хөдөлмөр, халамжийн мэргэжилтэнд удаа дараа хандсан боловч аймгаас хассан, олгох боломжгүй гэж хариу өгсөн байна. Иймд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх Х.М-д улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 09 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бур олгож байхыг хариуцагчид даалгах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэв.

2.Хариуцагч Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д хариу тайлбартаа: Тус аймгийн Н сумын 9 дүгээр багт/ Ц тосгоны/ оршин суугч иргэн Х.М нь Н сумын 9 дүгээр багийн оршин суух Ш овогт М-ийн Х-тай сайн дурын үндсэн дээр 2004 оноос хойш хамтран амьдарч улмаар 5 хүүхэдтэй болсон байна. М.Х нь урьд өөр хүнтэй гэр бүл болж гэрлэлтийн гэрчилгээ нь одоог хүртэл хүчинтэй тул хүүхдүүдийг эцэг нь болох М.Х-аар овоглох эрх зүйн үндэслэлгүй. Ц тосгоны Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн түшмэл хүүхдүүдийг Х.М-гээр овоглон гэрчилгээ олгосон байна. Х.М 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ц тосгоны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өрх толгойлсон эхэд олгох тэтгэмж тогтоож өгөх талаар хүсэлт гаргасны дагуу Нийгмийн халамжийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дугаар заалтыг үндэслэл болгон 5 дугаар зүйлийн 5.1.4 заалтын дагуу тэтгэмж тогтоож 2020 оны 09 дүгээр сар хүртэл олгосон байна. Х.М-гийн нэхэмжлэлээр Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Б, Х, А, А, А нарын эцэг Ш овогт М-ийн Х мөн болохыг тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дээрх хүүхдүүд нь хууль ёсны эцэг эхтэй болсноор Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дугаар заалтын шалгуурыг хангаагүй болсон тул сангаас авч байгаа тэтгэмжийн нь зогссон болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.Нэхэмжлэгчээс Ө аймгийн Ц тосгоны захирагчийн албаны 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай албан бичиг, М.Б, М.Х, М.А, М.А, М.А нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021 онуудын тооллогын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн Я.С-эд олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

Хариуцагчаас Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын Хяналт шинжилгээ үнэлгээ хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Д-д өгсөн итгэмжлэлийг гаргаж өгсөн.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас Х.Мд тэтгэвэр,тэтгэмж тогтоолтын хуудас, Х.М-гийн 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан хүсэлт, Ц тосгоны захирагч Д.Е-ын 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн тодорхойлолт, М.Б, М.Х, М.А, М.А, М.А нарын төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Х.М-д 2018 ооны 01 дүгээр сарын 1-ны өдөр олгосон Гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа, Ө аймгийн Ц тосгоны амьжиргааг дэмжих зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай тогтоол, Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/00000 дугаартай шийдвэр, хариуцагч хүсэлтээр Ө аймгийн Шүүхийн тамгын газраас тус шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/00000 дугаартай шийдвэр /хуулбар үнэн тэмдэг дарагдсан/, Ө аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс Х.Б, Х.Х, Х.А, Х.А, Х.А нарын Эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа зэрэг баримтуудыг шүүх бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж, дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

2.Нэхэмжлэгч Х.М нь хариуцагч Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. 

 

3.Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд Х.М нь 2020 оны 09 дүгээр сараас өмнө нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэтгэмжийг авч байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сараас хойш уг тэтгэмжийг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар олгохгүй өдий хүрлээ.Иймд Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг даалгаж өгнө үү гэв.

 

4.Хариуцагч Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд Х.М нь Н сумын 9 дүгээр багийн оршин суух Ш овогт М-ийн Х-тай сайн дурын үндсэн дээр 2004 оноос хойш хамтран амьдарч улмаар 5 хүүхэдтэй болсон байна. Х.М-гийн нэхэмжлэлээр сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Б, Х, А, А, А нарын эцэг Ш овогт М-ийн Х мөн болохыг тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дээрх хүүхдүүд нь хууль ёсны эцэг эхтэй болсноор Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дугаар заалтын шалгуурыг хангаагүй болсон тул сангаас авч байгаа тэтгэмжийн нь зогссон болно. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Б.Нийн Ө аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс тахир дутуугийн 4 сарын мөнгө болох 1,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь,

4.1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ... 18 хүртэлх насны 5 хүүхэдтэй өрх толгойлсон эх Х.М нь 2020 оны 09 дүгээр сараас өмнө нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэтгэмжийг нийгмийн халамжийн сангаас авч байсан. Гэтэл 2020 оны 09 дүгээр сараас хойш уг тэтгэмжийг олгохгүй байна. Өрх толгойлсон эх Х.М нь удаа дараа зохих байгууллагад хандсан боловч аймгаас хассан, тэтгэмж олгох боломжгүй гэсэн хариу өгсөн. Цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэж тайлбарладаг боловч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүрэгтэй нь танилцуулж, баримтад гарын үсэг зуруулсан боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэхүү үүргээ биелүүлж өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй болно.

4.2. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн Ц тосгоны захирагчийн албаны захирагчийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай  тодорхойлолтоор Х.М нь таван хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй болохыг тодорхойлов гэх боловч нэхэмжлэгч Х.М нь өрх толгойлсон эмэгтэй болох нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, мөн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллогод өрхийн тэргүүлэгч Хын М- гэж бүртгэгдсэн /бичигдсэн /-ийг үндэслэн өрх толгойлсон эмэгтэй гэж тогтоох боломжгүй байна.

4.3.Хариуцагч Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газар нь нэхэмжлэгч Х.М нь хуульд заасан өрх толгойлсон эх биш, хүүхдүүдийн эцэг нь М.Х мөн болохыг тогтоосон хуулийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа гэж хэргийн зохигчид маргасан болно.

 

4.4. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Х.М-д эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгож байсан хувийн хэрэгт Тэтгэвэр, тэтгэмж тогтоолтын хуудас, Х.М-гийн гаргаж байсан өргөдөл, Ц тосгоны захирагчийн тодорхойлолт, Х.М-гийн иргэний үнэмлэхийн хуулбар, М-ийн Б, М-ийн Х, М-ийн А, М-ийн А, М-гийн А, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 231/000279 дугаартай гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа зэрэг үндэслэн Ө аймгийн Ц тосгоны амьжиргааг дэмжих зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “Асаргаа, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж тогтоох тухай” тогтоолоор Х овогтой М-д 18 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмжийг тогтоож, олгож байсан байна.

5.Нэхэмжлэгч Х.М нь шүүхэд хүүхдүүд болох М-гийн Б, М-гийн Х, М-гийн А, М-гийн Али, М-гийн А нарын эцэг нь Мгийн Х мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаснаар  Ө аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/00806 дугаартай шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7, Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23,2-т заасныг баримтлан 2004 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Б, 2006 оны 07 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Х, 2008 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн охин А, 2010 оны 02 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Али, 2011 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А нарын эцэг Ш ожых овогт Мгийн Х мөн болохыг тогтоосон байна.

Энэхүү шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгч Х.Мгийн хүүхдүүд болох М-гийн Б, М-гийн Х, М-гийн А, М-гийн Али, М-гийн А нарыг Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн санд 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр бүртгэл хийгдэж, 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаагаар хүүхдүүдийн эцэг нь Ш ожых овогт Мгийн Х, эх нь Сүйндик овогт Хын М- гэж тус тус бүртгэгдсэн ба хүүхдүүд М-гийн Б, М-гийн Х, М-гийн А, М-гийн Али, М-гийн А гэж бүртгэгдэж байсан нь Хы  Б, Хы Х, Хы А, Хы Али, Хы А бүртгэгдсэн болох нь лавлагаагаар нотлогдож байна.

6.  Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “өрх толгойлсон эх, эцэг” гэж Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан хүнийг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-т “өрх толгойлсон эх/эцэг/” гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх/эцэг/-ийг ойлгоно гэж тус тус заасан байна.

7.Нэхэмжлэгч Х.Мгийн төрүүлсэн хүүхдүүд М.Б, М.Х, М.А, М.Али, М.А гэх хүүхдүүдийн эцэг нь Ш ожых овогт Мгийн Х гэж бүртгэгдэж гэрчилгээ олгосон нь эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаагаар, Ө аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/00806 дугаартай шийдвэрээр тус тус нотлогдож  байх тул нэхэмжлэгч Х.Мг өрх толгойлсон эмэгтэй гэж үзэх боломжгүй бөгөөд Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан шалгуурыг хангахгүй байх тул  нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй байна. 

8.Иймд нэхэмжлэгч Х.Мгийн хариуцагч Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

9. Нэхэмжлэгч Х.Мгийн энэхүү нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Мгийн хариуцагч Ө аймгийн Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Ө аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           К.БҮЛДИРГЕН