Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 212/МА2022/00082

 

 

Х.М-ийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Көбеш даргалж, Ерөнхий шүүгч С.Өмирбек, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,  

тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Булдирген даргалж шийдвэрлэсэн, 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00602 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Н сумын ** дүгээр багт оршин суух С овогт Х.М-ийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар /даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Г/-д холбогдох,  

“Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэж 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч С.Өмирбекийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Б.Даулетжан, нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьезд нар оролцов.

   

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн үндэслэл:   

1.1. Баян-Өлгий аймгийн Н сумын Ц тосгонд оршин суудаг, 18 хүртэлх насны 5 хүүхэдтэй өрх толгойлсон эх Х.М нь 2020 оны 9 дүгээр сараас өмнө нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн тэтгэмжийг авч байсан. Гэтэл 2020 оны 9 дүгээр сараас хойш уг тэтгэмжийг тус аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар олгохгүй өдий хүрлээ. Өнгөрсөн хугацаанд уг тэтгэмжийг олгож өгөх тухай өрх толгойлсон эх Х.М-ээс Ц тосгоны хөдөлмөр, халамжийн мэргэжилтэнд удаа дараа хандсан боловч аймгаас хассан, олгох боломжгүй гэж хариу өгсөн байна.

1.2. Иймд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эх Х.М-д улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 9 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бур олгож байхыг хариуцагчид даалгах тухай шүүхийн шийдвэр гаргаж өгөхийг хүсье.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:

2.1. Тус аймгийн Н сумын ** дүгээр багт /Ц тосгоны/ оршин суугч иргэн Х.М нь Н сумын ** дүгээр багт оршин суух Ш овогт М.Х  сайн дурын үндсэн дээр 2004 оноос хойш хамтран амьдарч улмаар 5 хүүхэдтэй болсон байна. М.Х нь урьд өөр хүнтэй гэр бүл болж гэрлэлтийн гэрчилгээ нь одоог хүртэл хүчинтэй тул хүүхдүүдийн эцэг нь болох М.Х-аар овоглох эрх зүйн үндэслэлгүй.

2.2. Ц тосгоны Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн түшмэл хүүхдүүдийг Х.М-ээр овоглон гэрчилгээ олгосон байна. Х.М 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Ц тосгоны Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд өрх толгойлсон эхэд олгох тэтгэмж тогтоож өгөх талаар хүсэлт гаргасны дагуу Нийгмийн халамжийн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дугаар заалтыг үндэслэл болгон 5 дугаар зүйлийн 5.1.4 заалтын дагуу тэтгэмж тогтоож 2020 оны 9 дүгээр сар хүртэл олгосон байна.

2.3. Х.М-ийн нэхэмжлэлээр тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шийдвэрээр Б, Х, А, А, А нарын эцэг М.Х  мөн болохыг тогтоосон байна. Шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дээрх хүүхдүүд нь хууль ёсны эцэг эхтэй болсноор Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8 дугаар заалтын шалгуурыг хангахгүй болсон тул сангаас авч байгаа тэтгэмж нь зогссон болно. Нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.  

 

3. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00602 дугаар шийдвэрээр Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4, 6 дугаар зүйлийн 6.4-т заасныг баримтлан нэхэмжлэгч Х.М-ийн хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүх Х.М-ийн нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох тэтгэмжийн маргаан бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг буруу тайлбарлан, иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай талаас нь үнэлээгүй був Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Х.М нь өрх толгойлсон эх болох нь Баян-Өлгий аймгийн Ц тосгоны Амьжиргааг дэмжих зөвлөлийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 05 дугаартай “Асаргаа, өрх толгойлсон эцэг эхийн тэтгэмж тогтоох тухай” тогтоол /уг тогтоол одоо хүчинтэй байгаа/, Ц тосгоны захирагчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 41 дугаартай албан бичиг, “Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021 оны мал тооллогын бичиг баримтад Х.Мг өрх толгойлсон эх гэж тодорхойлсон нөхцөл байдал зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Гэтэл анхан шатны шүүх Х.М-ийн төрүүлсэн хүүхдүүд болох Б, Х, А, А, А нарын эцгээр М.Х гэгчийг тогтоосон шүүхийн шийдвэр байгаа учраас түүнийг өрх толгойлсон эх гэж үзэх боломжгүй гэж дүгнэж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь уг шүүхийн шийдвэр Х.Мгийн хүүхдүүдийн эцэг Хуанган болохыг тогтоосон болохоос биш түүнд төрөөс олгох тэтгэмжийг хасах тухай шийдвэр биш гэж үзэж байна.

4.3. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтад нийцэхгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгөхийг хүсье.

 

ХЯНАВАЛ:

5. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

6. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоосон, нэхэмжлэгчийн тайлбар болон хэрэгт авагдсан хуулийн шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг  үнэлсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

 

7. Нэхэмжлэгч Х.М-ийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй, харин хариуцагчийн хариу тайлбар бүхий татгалзал үндэслэлтэй байна. Учир нь, Нийгмийн халамжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт “Нийгмийн халамжийн тэтгэвэр /цаашид “тэтгэвэр” гэх/-ийг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид заасны дагуу бүрэн болон хувь тэнцүүлэн тогтоосон тэтгэвэр авах эрх үүсээгүй дараах иргэнд сар бүр олгоно: 12.1.4.тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд; 12.1.5. 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй, өрх толгойлсон 45 насанд хүрсэн эх, 50 насанд хүрсэн эцэг” гэж, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.5 дахь хэсэгт “Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг дор дурдсан өрх, иргэнд олгоно: 13.5.4.нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс дээш 18 хүртэлх насны хүүхэдтэй, гэр оронгүй, өрх толгойлсон эцэг, эх” гэж тус тус хуульчилсан ба уг зохицуулалтаас үзэхэд нэхэмжлэгч Х.М нь дээрх хуульд заасан нийгмийн халамжийн тэтгэвэр, онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжийг авах эрх бүхий субъект биш, хуулийн урьдчилсан нөхцөлүүд бодит байдалд хангагдаагүй байх тул уг тэтгэвэр, тэтгэмжийг нэхэмжлэгч Х.Мд олгох хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй.

 

8. Эх, эцэг, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т өрх толгойлсон эх, эцэг гэж “Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-д заасан хүнийг”, Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-т “өрх толгойлсон эх/эцэг/ гэж нөхөр, эхнэрийн аль нэг нь нас барсан, эсхүл сураггүй алга болсон нь шүүхээр тогтоогдсон, гэрлэлтээ цуцлуулсан, эцэг, эх байх эрхээ шүүхийн шийдвэрээр хязгаарлуулсан, хасуулсан бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэж байгаагүй боловч төрүүлсэн болон үрчлэн авсан хүүхэдтэй ганц бие эх/эцэг/-ийг ойлгоно” гэж хуульчилсан.

 

9. Нэхэмжлэгч Х.М-ийн төрүүлсэн хүүхдүүд М.Б , М.Х , М.А , М.А, М.А  гэх хүүхдүүдийн эцэг нь Ш овогт М.Х гэж бүртгэгдэж гэрчилгээ олгосон нь эцэг /эх/ тогтоосны бүртгэлийн лавлагаа, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 130/ШШ2020/00806 дугаартай шийдвэрээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгч Х.М болон М.Х нар нь 2000 оноос хойш Баян-Өлгий аймгийн Н сумын ** дүгээр баг, Ц тосгонд хамт амьдарч байгаа нь дээрх шүүхийн шийдвэрийн Тодорхойлох хэсэгт тусгагдсан нэхэмжлэгч Х.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч М.Х-ны тайлбаруудаар /хэргийн 49-50 дугаар хуудас/ тус тус тогтоогдож байх тул нэхэмжлэгч Х.М-ийг “өрх толгойлсон ганц бие эх” гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй, тэрээр Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.8-д заасан шалгуурыг агуулгын хувьд хангахгүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хууль ёсны хийгээд бодитой дүгнэлт хийсэн, харин хариуцагч гагцхүү “Х.М-ийн төрүүлсэн хүүхдүүдийн эцгээр М.Х тогтоогдсон” гэх шалгуураар түүнийг “өрх толгойлсон эх” биш гэж үзсэн нь учир дутагдалтай. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3.1.8-т зааснаар өрх толгойлсон эцэг, эх гэж хуулийн уг заалтад тусгасан урьдчилсан нөхцөлүүдээс гадна тухайн эцэг, эх нь “ганц бие”  байх үндсэн шалгуурыг хуульчилж тогтоожээ.

 

10. Иймд нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай, дөрөв ба түүнээс доош 18 хүртэлх насны хүүхэдтэй, өрх толгойлсон эхэд улирал бүр олгох 420,000 төгрөгийн тэтгэмжийг 2020 оны 9 дугаар сарын 01-ний өдрөөс хойш нийгмийн халамжийн сангаас нөхөн олгох, цаашид уг тэтгэмжийг улирал бүр олгож байхыг хариуцагчид даалгах тухай Х.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг дээрх үндэслэлүүдээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Хуульд зааснаар нэхэмжлэгчийн гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтыг удирдлага болгож,

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 130/ШШ2022/00602 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, Х.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Сьездийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1 дэх заалтаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.КӨБЕШ

ШҮҮГЧ                                                                        М.НЯМБАЯР

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        С.ӨМИРБЕК