Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Кадирбекийн Бүлдирген |
Хэргийн индекс | 130/2022/00488/И |
Дугаар | 130/ШШ2022/00639 |
Огноо | 2022-07-06 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 130/ШШ2022/00639
Н аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н аймгийн Т сумын 6 дугаар оршин суух, У овогт Д-ийн Б
Хариуцагч: Н аймгийн Т сумын 6 дугаар оршин суух, О овогт А-ийн А
Нэхэмжлэлийн шаардлага: Дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Б
Хариуцагчийн өмгөөлөгч К.Е
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е нар оролцов.
Хариуцагч А.А-д шүүх хуралдааны товыг 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдөр /баримт №9/ мэдэгдэхэд нэхэмжлэгч А.А өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.Ад холбогдуулан дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие А.А-аас 2021 оны 03 дугаар сараас эхлээд Турк улсаас олон удаа каргогоор бэлэн хувцас, гэр ахуйн бараа зэргийг захиалаад худалдаж авч төлбөрөө тухай бүрд төлж ирсэн. Гэтэл миний 2021 оны 05 дугаар сард өгсөн захиалгаас 2978865 төгрөгийн бараа дутуу ирсэн. Энэхүү дутуу барааг эсхүл мөнгийг нь өгөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. Мөн А.А 2021 оны 12 дугаар сарын эхээр надаас 65,000 төгрөг, 75,000 төгрөгийн үнэтэй хөгжлийн давуу худалдаж авсан боловч үнийг нь бас одоог хүртэл төлөөгүй. Иймд А.А-аас дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч А.А хариу тайлбартаа: Миний хүү өвдөж эмчлүүлэх зорилгоор Турк улсад эмчлүүлж байгаад ирсэн. Би Турк улсад байхад Д.Б бараагаа онлайнаар сурталчлан худалдаа хийдэг хүмүүсийн зарыг харж байгаад бараагаа сонгосны дараа тэдэнд итгэлгүй надад мөнгийг нь явуулж бараагаа авхуулдаг байсан. Би түүний хүсэлтээр тухайн дэлгүүрт очиж барааг өөрийнх нь хэлсэн тоо ёсоор тооцоог хийж худалдан авч тухайн бүр шууд карго шуудангаар явуулдаг байсан. Миний зүгээс түүний барааг дутуу явуулсан асуудал огт байхгүй юм. Би түүнд өгөх ямар ч өглөггүй тул түүний нэхэмжилж буй мөнгийг төлөх учиргүй юм. Иймд Д.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс В гэх гарчигтай гарын баримт, 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх Д.Б-ийн Хаан банкны 666666666 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга, фото зургууд, 2014.10.01 Д.Б гэх хаягтай А4 хэмжээний дэвтэр, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагчаас өмгөөлөгч К.Е-тай байгуулсан өмгөөллийн гэрээг гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
2.Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.А-аас дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулахыг хүсжээ.
3.Нэхэмжлэгч Д.Б дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний бие А.А-аас 2021 оны 03 дугаар сараас эхлээд Турк улсаас олон удаа каргогоор бэлэн хувцас, гэр ахуйн бараа зэргийг захиалаад худалдаж авч төлбөрөө тухай бүрд төлж ирсэн. 2021 оны 05 дугаар сард өгсөн захиалгаас 2,978,865 төгрөгийн бараа дутуу ирсэн. Мөн А.А 2021 оны 12 дугаар сарын эхээр надаас 65,000 төгрөг, 75,000 төгрөгийн үнэтэй хөгжлийн давуу худалдаж авсан боловч үнийг нь бас одоог хүртэл төлөөгүй. Иймд А.А-аас дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Би Турк улсад байхад Д.Б-ийн хүсэлтээр дэлгүүрт очиж барааг өөрийнх нь хэлсэн тоо ёсоор тооцоог хийж худалдан авч тухайн бүр шууд карго шуудангаар явуулдаг байсан. Миний зүгээс түүний барааг дутуу явуулсан асуудал огт байхгүй юм. Би түүнд өгөх ямар ч өглөггүй тул түүний нэхэмжилж буй мөнгийг төлөх учиргүй юм. Иймд Д.Бийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1.Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлдээ хариуцагчийн нэрийг А-ийн А гэж бичиж ирүүлсэн ба нэхэмжлэлийн нэг хувийг хариуцагчид гардуулж ажиллагаа хийхэд хариуцагчийн нэр нь А-ийн А болох иргэний үнэмлэх болон хариуцагчид нэхэмжлэл гардуулсан баримтад авагдсан биеийн байцаалтаар нотлогдсон болно.
5.2.Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлдээ миний А-д 2021 оны 5 дугаар сард өгсөн захиалгаас 2,978,865 төгрөгийн бараа дутуу ирсэн. Энэхүү дутуу барааг надад хүргүүлж өгөхийг эсхүл мөнгийг маань буцааж өгөхийг удаа дараа шаардсан боловч тэрээр үүргээ гүйцэтгэхээс татгалзсан. А.А 2021 оны 12 дугаар сарын эхээр Монголд улсад буцаж ирэхдээ надаас 65000, 75000 төгрөгийн үнэтэй хөнжлийн давуу худалдан авсан боловч үнийг нь одоо хүртэл төлөөгүй. Иймд хариуцагч А.А-аас нийт дутуу барааны үнэ 3,118,865 төгрөг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү гэж дурдсан боловч энэхүү үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна.
5.3.Нэхэмжлэгч Д.Б нь хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгийн бараа захиалсан түүнээс хэдэн төгрөгийн бараа ирсэн, хэдэн төгрөгийн бараа дутуу гаргасан, түүний үнэ хэдэн төгрөг буюу 2,978,865 төгрөгийн бараа дутуу ирсэн гэж нэхэмжлээд байгаа боловч энэхүү тооцооны баримт буюу үйл баримтыг нотолсон нотлох баримт гаргаж өгөөгүй.
Мөн А.А 2021 оны 12 дугаар сарын эхээр Монголд улсад буцаж ирэхдээ надаас 65000, 75000 төгрөгийн үнэтэй хөнжлийн давуу худалдан авсан, үнийг нь одоо хүртэл төлөөгүй гэх боловч хариуцагч худалдаж авч байсан талаарх нотлох баримт гаргаж өгөөгүй болно.
5.4.Хариуцагч А.А нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ барааг өөрийнхөн хүсэлтээр тоо ёсоор тооцоог хийж худалдан авч тухайн бүр шууд карго шуудангаар явуулдаг байсан, түүний барааг дутуу явуулсан асуудал огт байхгүй, түүнд өгөх ямар ч өглөггүй тул түүний нэхэмжилж буй мөнгийг төлөх учиргүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тайлбарлажээ.
5.5. Нэхэмжлэгч Д.Б, хариуцагч А.А нарын тайлбараар болон нэхэмжлэгчийн хавтаст хэрэгт гаргаж өгсөн ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар Д.Б нь А.Ад мөнгө шилжүүлж байсан нь нотлогдон тогтоогдож байгаа боловч нэхэмжлэгч Д.Бээс нэхэмжлэлийн шаардлага үндэс болж байгаа байдлаа нотлохоор өөрийн ХААН банкны 666666666 тоот дансны хуулгаар ХААН банкин дахь 77777777 тоот данс руу 22 удаа мөнгө төгрөг шилжүүлсэн байсан байх ба мөнгө шилжүүлгийн утга агуулга буюу хуулганы агуулгад “Б 888888, А, барааны үнэ” гэх агуулгатай бичиж шилжүүлсэн, зарим мөнгө шилжүүлгийн утга агуулгыг бичээгүй, ямар учраас хариуцагчийн дансанд мөнгө шилжүүлж байсан нь тодорхойгүй, мөн мөнгө шилжүүлж байсан данс нь хариуцагч А.А-ы данс мөн эсэх нь эргэлзээтэй, мөн болохыг нэхэмжлэгч нотолж чадаагүй, энэхүү үйл баримт нь бусад хөндлөнгийн нотлох баримтуудаар нь нотлогдохгүй байна.
5.6.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэснээр нэхэмжлэгч Д.Б хариуцагч А.А нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан харилцаа үүссэн байна.
5.7. Нэхэмжлэгчийн хавтаст хэрэг нотлох баримтаар гаргаж өгсөн барааны жагсаалт байх ба энэхүү барааны жагсаалтын талаар тодруулахад “барааны жагсаалтыг өөрөө гаргасан, тухайн үед захиалсан бараа буюу түүнээс дутуу ирсэн барааг бичсэн” гэж тайлбарлаж байгаа боловч хэдэн сарын хэдний өдөр хэдэн төгрөгийн бараа захиалсан/ хэдэн төрлийн гэх/ түүнээс хэдэн төгрөгийн, хэдэн төрлийн бараа дутуу ирсэн буюу дутуу хүлээж авсан нь энэхүү баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх ба энэхүү баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
5.8.Нэхэмжлэгч Д.Б-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан эрх үүргийг танилцуулж, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнийг нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргийг хүлээсэн боловч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх маргааны үйл баримтыг нотолж чадаагүй болно.
6.Иймд нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч А.А-аас дутуу барааны үнэ 3,118,865 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байх тул шүүх хэргийн оролцогчдын гаргасан тайлбар болон нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас өөрийн дотоод итгэлээр үнэлж нэхэмжлэгч Д.Б-ийн хариуцагч А.А-аас дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
7.Нэхэмжлэгч Д.Б-ийн шүүх хуралдааны шатанд бараа тарааж байсан байдлаа тэмдэглэж байсан гэж тайлбарлаж дэвтрийг нотлох баримтаар гаргаж өгсөн ба энэхүү дэвтэр нь Д.Б-ийн хариуцагч А.А-аас дутуу барааны үнэ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай эсэх нь тодорхойгүй байх тул нотлох баримтаар үнэлээгүй болно.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д ... нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч А.А-аас дутуу барааны үнэ 3,118,865 /гурван сая нэг зуун арван найман мянга найман зуун жаран таван/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч Д.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 64,852 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Н аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.Б