Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 181/ШШ2022/02027

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 09 13 181/ШШ2022/02027

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Оюунтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: оршин суух, Н.Ариунсэтгэл-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Н.Зоригт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Түрээсийн төлбөрт 11,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Н.Зоригт, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Амарбаясгалан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ариунсэтгэл шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018.09.07-ны өдөр хариуцагч Н.Зоригттой Зээлийн гэрээ-г байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, 15,000,000 төгрөгийг хүүгүй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч Н.Зоригтийн Хаан банкны 51*********/ тоот дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, гэрээний хугацаа дуусмагц 15,000,000 төгрөгийг надад буцаан өгөхөөр тохиролцсон. Зээлсэн мөнгөө буцаан төлөх баталгаа болгож орон сууцанд суулгасан. Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байна.

Иймд хариуцагч Н.Зоригтоос 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Зоригт хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд манай гэр бүлийн хүн байсан Д.Цэндмаа нь Хан-Уул дүүргийн             айлын орон сууц барих гэж Чимо ХХК-ийн захирал Ч.Батнасантай тохирч, Чимо ХХК нь 9 давхар орон сууцны карказыг босгосон байсан. Ингээд хөрөнгө байхгүй учраас уг орон сууцыг цаашид барьж чадахгүй болж, 2015 онд Д.Цэндмаа надад хандаж намайг хөрөнгө босгоод энэ байрыг гүйцэт барьж ашиглалтанд оруулж өгөөч гэж гуйсан. Би хувиараа барилгын компанид хөрөнгө олж өгч, орон сууц бариулдаг үйл ажиллагаа явуулдаг учраас Д.Цэндмаагийн гуйлтаар хөрөнгө босгож, уг 9 давхар 36 айлын орон сууцыг 2018 онд ашиглалтанд оруулсан. Уг орон сууцыг ашиглалтанд оруулахад Д.Цэндмаа, Ч.Батнасан нар нэг ч төгрөг гаргаагүй болно. Харин би 2 хүүхдээ байртай болгохыг тулд өөрөөсөө 100 гаруй сая төгрөг гаргаж барилгын эскиз зураг, ажлын зураг, бүх техникийн нөхцөл зэргийг жил гаруй хугацаанд хөөцөлдөж байж уг байрыг ашиглалтанд оруулсан. Уг байрыг ашиглалтанд оруулсны дараа байр ашиглалтанд оруулахын тулд гарсан зарим зардлыг төлөхийн тулд Б.У, Ш.Баяраа, Б.Ариунсэтгэл нараас тус бүр 15,0 сая төгрөгийг зээлж, шинэ байранд үнэгүй суулгахаар тохиролцсон.

Иргэн Б.Ариунсэтгэлээс 3 өрөө шинэ байрандаа үнэгүй суулгаж 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг зээлж авсан.

Гэрээ ёсоор 2018.09.07-наас 2019.09.07-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаанд уг 3 өрөө шинэ байранд байрны түрээсийн мөнгө өгөхгүй гэж гэрээ хийж суусан. 2019.09.07-ны өдрөөс өнөөдрийг хүртэл Б.Ариунсэтгэл нь уг байрнаасаа гараагүй амьдарч байгаа ба 2 жил байрны түрээсийн мөнгө өгөөгүй тул би 15,000,000 төгрөгийг өгөөгүй байгаа.

Би Б.Ариунсэтгэлд өөрийн биеэр 1,500,000 төгрөг өгсөн. Чимо ХХК биднийг хөөгөөд байна. Та мөнгө өгөөчээ гээд байхаар нь 5 сая төгрөгийг 3 хувааж өгсөн. Б.Ариунсэтгэл, Б.У нар нь Чимо ХХК-тай 3 сая төгрөгийг өгөөд гэрээгээ 3 сар сунгасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй сөрөг нэхэмжлэл гаргасан тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Н.Зоригт шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ариунсэтгэлээс 15,000,000 төгрөг зээлж, 55-р байрны 22а тоот орон сууцанд 1 жилийн хугацаанд үнэгүй суулгахаар тохиролцсон. Гэтэл Б.Ариунсэтгэл нь гэрээний хугацаа дууссан 2019.09.17-с одоог хүртэл уг байранд үнэгүй сууж буй тул 2 жил 6 сарын 3 өрөө байрны түрээсийн үнэ 11,000,000 сая төгрөгийг Н.Ариунсэтгэлээс гаргуулж өгнө үү.

Сарын 500,000 төгрөгөөр байрны түрээсийг тооцоод нэхэмжилж байгаа. Барилгыг ашиглалтад оруулахад би хувиасаа маш их мөнгө гаргасан. Энэ мөнгийг Д.Цэндмаа, Ч.Батнасан нар надад төлөөгүй байгаа тул намайг та байрны түрээсийн мөнгийг нэхэмжилж ав гэж хэлсэн. Д.Цэндмаа болон Чимо ХХК нарын хооронд оруулсан хөрөнгийн маргаан үүсч Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэр гарснаар Д.Цэндмаа нь төлбөртөө тооцож эдгээр орон сууцнуудыг Чимо ХХК-д шилжүүлж өгснөөр захирал Ч.Батнасангийн эхнэрийн нэр дээр гэрчилгээ гарсан. Чимо ХХК нь намайг сөрөг нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Зээл 15,000,000 төгрөгийн барьцаа болгож орон сууцандаа суулгахаар тохиролцсон гэдэгт хариуцагч маргахгүй байна. Зээл 15,000,000 төгрөгийг буцаан төлөх хүртэл орон сууцанд үнэгүй суух нь барьцааны зорилгод нийцнэ. Мөн Н.Зоригт нь зээлсэн 15,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй тул гэрээнд заасан хугацаа сунгагдаж тохиролцоо үргэлжилсэн гэж үзэж байна.

Гэвч Д.Цэндмаа болон Чимо ХХК нарын хооронд маргаан үүсч шүүхэд хандсан үеэс л Б.Ариунсэтгэлийг орон сууцнаас хөөж эхэлсэн. Уг маргааныг шүүх 2019 оны 5 сард шийдвэрлэснээр 2019 оны 10 сараас орон сууцны цахилгаан дулааныг таслаж хүн амьдрах боломжгүй болгосон. Иймээс орон сууцыг чөлөөлөөд 15,000,000 төгрөг буцааж төлөөд орон сууцныхаа түрхүүрийг ав гэж удаа дараа шаардсан.

Б.Ариунсэтгэлийн хувьд Н.Зоригттой орон сууц түрээслэх гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр төлөх үүрэггүй. Орон сууцны өмчлөгчөөр 2020.12.17-ны өдөр Ш.Амаржаргал гэдэг хүн бүртгэгдсэн байна. Н.Зоригт нь Д.Цэндмаа болон Чимо ХХК-тай орон сууцны талаар ямар тохиролцоотойг мэдэхгүй өнөөдрийг хүртэл шүүхэд ямар нэгэн гэрээ хэлцэл гаргасангүй. Хариуцагч Н.Зоригтыг орон сууцтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв

 

Нотлох баримт: нэхэмжлэгч талаас Б.Ариунсэтгэл болон Н.Зоригт нарын хооронд байгуулсан 2018.09.07-ны өдрийн Зээлийн гэрээ, Ц.Батбаатарын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, Хаусинг холд ХХК-ийн орон сууцны ус, дулааны төлбөрийг 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарын төлбөрийн нэхэмжлэх зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. хариуцагч талаас Чимо ХХК-ийн 2021.07.06-ны өдрийн 089 дүгээр Тодорхойлолт албан бичиг, Чимо ХХК-ийн 2021.06.14-ний өдрийн 078 дугаар Тодорхойлолт албан бичиг, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 сарын 08-ны өдрийн 183/ШШ2019/01102 дугаар шийдвэр зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. шүүхийн журмаар Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс, Хан-Уул дүүргийн 19 хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 55 дугаар байрны 21а, 22а тоот орон сууцны өмчлөгчийн талаарх лавлагааг гаргуулсан байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ариунсэтгэл нь хариуцагч Н.Зоригтод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагч Н.Зоригт нь Б.Ариунсэтгэлээс түрээсийн төлбөр 11,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.

 

Шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ. Учир нь:

 

1. Б.Ариунсэтгэл нь Н.Зоригттой 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Зээлийн гэрээ-г бичгээр байгуулж, нотариатчаар гэрчлүүлэн, 15,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, хүүгүйгээр зээлдүүлэх, Н.Зоригт барьцаанд нь Б.Ариунсэтгэлийг Хан-Уул дүүргийн 3 хороо, 55-р байрны 21 тоот 3 өрөө орон сууцанд үнэгүй суулгахаар тохиролцжээ.

Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 195 дугаар зүйлийн 195.1-д зааснаар талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээ байгуулах санал нэгдснээр гэрээ байгуулагдсан нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1.-т Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасантай нийцсэн байна.

Талуудын хооронд Зээлийн гэрээ эсхүл Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ-ний харилцааны аль нь үүссэнийг тодорхойлоход Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна гэж зааснаар Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан Зээлийн гэрээ-ний шинжийг илүү агуулсан байна.

 

2. Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан талаар маргаагүй бөгөөд зээлийн төлбөрийн хэмжээний талаар маргаж байна.

 

3. Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ...шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээдэг.

 

3.1. Зээлийн гэрээний 2.5-д зээлсэн мөнгийг гэрээ байгуулсан өдөр дансаар олгохоор заасны дагуу Б.Ариунсэтгэл нь Н.Зоригтын ХААН банкны 5111101837 тоот дансанд 15,000,000 төгрөгийг 2018.09.17-ны өдөр шилжүүлсэн нь Иргэний 282 282.4- антай нийцсэн байна. /хавтаст хэргийн 5 хуудас/

 

3.2. Зээлийн гэрээний 2.2-д заасан 1 жилийн хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан боловч зээлдэгч Н.Зоригт нь 15,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна.

 

3.2.а. Хариуцагч Н.Зоригт нь Б.Ариунсэтгэлд 1,500,000 төгрөгийг буцаан өгсөн нь Чимо ХХК-ийн 2021.06.14-ний өдрийн 078 дугаар Тодорхойлолт албан бичгээр тогтоогдоно гэж тайлбарлаж байх боловч уг албан бичигт ...Н.Зоригт нь Д.Ариунсэтгэл, Б.У нарын гурван сарын түрээсэнд нийт 3,000,000 төгрөг, Баяраагийн байрны нэг сарын түрээсийн төлбөрт 500,000 төгрөг тус тус төлсөн болно гэж тодорхойлжээ.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна гэж заасны дагуу Чимо ХХК нь Н.Зоригтыг Д.Ариунсэтгэл, Б.У нарын гурван сарын түрээсэнд 3,000,000 төгрөг төлснийг тодорхойлсон байна.

Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.2.т Үүргийн гүйцэтгэлийг хүлээн авах эрхгүй этгээдэд хүлээлгэн өгсөн бол гагцхүү үүрэг гүйцэтгүүлэгч зөвшөөрсөн буюу ийнхүү гүйцэтгэснээр үүрэг гүйцэтгүүлэгч ашиг олсон нөхцөлд уул үүргийг гүйцэтгэсэнд тооцно гэж заасан бөгөөд Б.Ариунсэтгэл нь Чимо ХХК-д төлбөр төлөхийг Н.Зоригтод зөвшөөрсөн, ашиг олсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Н.Зоригтоос Б.Ариунсэтгэлд зээлийн төлбөрт 1,500,000 төгрөг төлсөн гэж үзэх боломжгүй байна.

 

4. Иймд хариуцагч Н.Зоригтоос 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунсэтгэлд олгох үндэслэлтэй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

 

5. Н.Зоригт нь Б.Ариунсэтгэлээс 15,000,000 төгрөгийг зээлж, барьцаанд нь Б.Ариунсэтгэлийг Хан-Уул дүүргийн 3 хороо, 55-р байрны 21 тоот 3 өрөө орон сууцанд 1 жилийн хугацаанд үнэгүй суулгахаар тохиролцсон талаар зохигч маргаагүй.

 

6. Хариуцагч Н.Зоригт нь Б.Ариунсэтгэлийг орон сууцанд 1 жилийн хугацаанд үнэгүй суух байтал хугацаа хэтрүүлж 2 жил 6 сар суусан гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийг шаардлага гаргасныг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд эс зөвшөөрч, Н.Зоригт 15,000,000 төгрөгийг буцаан буцаан төлөөгүй тул гэрээнд заасан хугацаа сунгагдаж тохиролцоо үргэлжилсэн, түрээсийн төлбөр төлөх үүрэг үүсээгүй, Н.Зоригт шаардах эрхгүй гэж маргаж байна.

 

7. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.2.т Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж заасны дагуу нэг жилийн хугацаанд гэснийг тайлбарлавал энэ нь зээлийн гэрээний хугацаатай салшгүй холбоотой байх тул Н.Зоригт 15,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргийг гүйцэтгэх үед Б.Ариунсэтгэл орон сууцыг буцаан өгөх үүргийг гүйцэтгэхээр байна.

 

Иймээс Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1.т Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан зарчмын дагуу талууд дээрхи үүргүүдээ нэгэн зэрэг шударгаар гүйцэтгэх үүрэгтэй.

Н.Зоригт нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ гүйцэтгээгүй, Б.Ариунсэтгэл нь 2019 оны намар орон сууцны цахилгаан болон халаалтыг тасалснаар амьдрах боломжгүй болж чөлөөлсөн, өмчлөгч Ш.Амаржаргал холбогдсоноор түрхүүрийг нь хүлээлгэн өгсөн гэж тайлбарлаж, Хаусинг холд ХХК-ийн орон сууцны ус, дулааны төлбөрийн 2021 оны 01 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сарын Нэхэмжлэх-ийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна. /хавтаст хэргийн 58-73 хуудас/

 

7.1. Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2.Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ гэж заасны дагуу Н.Зоригт нь 15,000,000 төгрөгийг буцаан төлөх үүргээ гүйцэтгээгүй тул Б.Ариунсэтгэлийг орон сууцыг буцаан өгөх үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иймээс Б.Ариунсэтгэлийг орон сууц буцаан өгөх үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул нэхэмжлэгч Н.Зоригтод үүргийн зөрчилтэй холбогдуулан хохирол шаардах эрх үүсээгүй, мөн талууд орон сууцанд үнэгүй суухаар тохиролцсон тул Н.Зоригт түрээсийн төлбөр шаардах эрхгүй юм.

 

7.2. Хан-Уул дүүргийн 19 хороо, Үйлдвэр /17041/, Туул гол гудамж 55 дугаар байрны 22а тоот орон сууц нь 2020.12.16-ны өдөр Ш.Амаржаргалын өмчлөлд бүртгэгдэж, 2022.02.25-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Б.У, ж.Нурлан нарын өмчлөлд шилжсэн болох нь Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаагаар тогтоогдож байна. /хавтаст хэргийн 86 хуудас/

 

Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.т Хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасны дагуу орон сууцны хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нараас Н.Зоригтод орон сууцтай холбоотой шаардах эрхийг гэрээгээр шилжүүлээгүй байх тул Н.Зоригтын Д.Цэндмаа болон Чимо ХХК нар нь намайг сөрөг нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

8. Дээрхи үндэслэлүүдээр Н.Зоригтын Б.Ариунсэтгэлээс 11,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

9. Улсын тэмдэгтийн хураамжийн тухайд,

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдаж байгаа тул түүнд тооцогдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагчаар төлүүлэх, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул улсын тэмдэгтийн хураамжийг сөрөг нэхэмжлэл гаргачид хариуцуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Зоригтоос 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ариунсэтгэлд олгосугай.

 

2. Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Н.Зоригтын нэхэмжлэгч Б.Ариунсэтгэлээс 11,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.Ариунсэтгэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Зоригтоос 233,300 /хоёр зуун гучин гурван мянга гурван зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ариунсэтгэлд олгож, хариуцагч Н.Зоригтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н. ОЮУНТУЯА