Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02005

 

2022 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/02005

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Цогтсайхан даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02027 дугаар шийдвэртэй,

 

Б.Аийн нэхэмжлэлтэй

Н.Зт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй,

Түрээсийн төлбөрт 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд, хариуцагч Н.Зт, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хариуцагч Н.Зттой зээлийн гэрээ байгуулж, 15,000,000 төгрөгийг хүүгүй, 12 сарын хугацаатай зээлсэн. Хариуцагч Н.Зтын эзэмшлийн “Хаан банк” ХХК-ийн дансанд 15,000,000 төгрөгийг шилжүүлэн өгч, гэрээний хугацаа дуусмагц тэрээр 15,000,000 төгрөгийг надад буцаан өгөхөөр тохиролцсон.

1.2. Зээлсэн мөнгөө буцаан төлөх баталгаа болгож орон сууцанд суулгасан.

1.3. Н.Зт нь өнөөдрийг хүртэл гэрээний үүргээ биелүүлэхгүй, зээлсэн мөнгөө буцааж өгөхгүй байх тул түүнээс 15,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. 2012 онд манай гэр бүлийн хүн байсан Д.Ц нь Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн газар дээр 9 давхар 36 айлын орон сууц барихаар “Ч” ХХК-ийн захирал Ч.Бтай тохиролцсон. “Ч” ХХК нь 9 давхар орон сууцны карказыг босгосон боловч хөрөнгө байхгүй учраас уг орон сууцыг цаашид барьж чадахгүй болсон байна.

2.2. Н.Зт нь хувиараа барилгын компанид хөрөнгө олж өгч, орон сууц бариулдаг үйл ажиллагаа явуулдаг учраас 2015 онд Д.Цгийн “хөрөнгө босгоод энэ байрыг гүйцэт барьж ашиглалтанд оруулж өгөөч” гэх гуйлтаар, мөн 2 хүүхдээ байртай болгохын тулд өөрөөсөө 100,0 гаруй сая төгрөг гаргаж барилгын эскиз зураг, ажлын зураг, техникийн бүх нөхцөл зэргийг жил гаруй хугацаанд хөөцөлдөж уг 9 давхар 36 айлын орон сууцыг 2018 онд ашиглалтанд оруулсан.

2.3. Тус орон сууцыг ашиглалтанд оруулахад Д.Ц, Ч.Б нар нэг ч төгрөг гаргаагүй бөгөөд байрыг ашиглалтанд оруулсны дараа байр ашиглалтанд оруулахын тулд гарсан зарим зардлыг төлөхийн тулд Б.Ундрах, Ш.Баяраа, Б.А нараас тус бүр 15,000,000 төгрөгийг зээлж, шинэ байранд тэднийг үнэгүй суулгахаар тохиролцсон.

2.4. Иргэн Б.Аээс 1 жилийн хугацаатай 15,000,000 төгрөгийг зээлж, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүртэлх хугацаанд 3 өрөө шинэ орон сууцанд түүнийг үнэгүй суулгасан.

Б.А нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жил түрээсийн төлбөр төлөөгүй тул 15,000,000 төгрөгийг буцааж өгөөгүй байгаа.

2.5. Хариуцагч нь Б.Ад 1,500,000 төгрөг өгсөн. Мөн “Ч” ХХК биднийг хөөгөөд байна. Та мөнгө өгөөчээ” гэхээр нь 5,000,000 төгрөгийг 3 хувааж өгсөн. Б.А, Б.Ундрах нар нь “Ч” ХХК-тай 3,000,000 төгрөгийг өгөөд гэрээгээ 3 сар сунгасан.

2.6. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:

3.1. Б.Аээс 15,000,000 төгрөг зээлж, 55 дугаар байрны ***тоот орон сууцанд 1 жилийн хугацаанд түүнийг үнэгүй суулгахаар тохиролцсон. Гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан тул 3 өрөө орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийг 500,000 төгрөгөөр тооцож, 2 жил 6 сарын түрээсийн төлбөрт 11,000,000 төгрөгийг Н.Аээс гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.

3.2. Барилгыг ашиглалтад оруулахад хувиасаа маш их мөнгө гаргасан бөгөөд Д.Ц, Ч.Б нар хариуцагчид энэ мөнгийг төлөөгүй байгаа тул хариуцагчийг “та байрны түрээсийн мөнгийг нэхэмжилж ав” гэж хэлсэн.

3.3. Д.Ц болон “Ч” ХХК нарын хооронд оруулсан хөрөнгийн маргаан үүсч Хан-Уул дүүргийн шүүхийн шийдвэрээр Д.Ц нь төлбөртөө тооцож эдгээр орон сууцнуудыг “Ч” ХХК-д шилжүүлж өгснөөр захирал Ч.Бгийн эхнэрийн нэр дээр гэрчилгээ гарсан. “Ч” ХХК нь намайг сөрөг нэхэмжлэл гаргахыг зөвшөөрсөн.

 

4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

4.1. Зээл 15,000,000 төгрөгийн барьцаа болгож орон сууцандаа суулгахаар тохиролцсон гэдэгт хариуцагч маргахгүй байна. Зээл 15,000,000 төгрөгийг буцаан төлөх хүртэл орон сууцанд үнэгүй суух нь барьцааны зорилгод нийцнэ. Мөн Н.Зт нь зээлсэн 15,000,000 төгрөгийг буцаан төлөөгүй тул гэрээнд заасан хугацаа сунгагдаж тохиролцоо үргэлжилсэн гэж үзэж байна.

4.2. Гэвч Д.Ц болон “Ч” ХХК нарын хооронд маргаан үүсч шүүхэд хандсан үеэс Б.Аийг орон сууцнаас хөөж эхэлсэн. Уг маргааныг шүүх 2019 оны 5 сард шийдвэрлэснээр 2019 оны 10 сараас орон сууцны цахилгаан дулааныг тасалж хүн амьдрах боломжгүй болгосон. Иймээс орон сууцыг чөлөөлөөд 15,000,000 төгрөг буцааж төлөөд орон сууцныхаа түрхүүрийг ав гэж удаа дараа шаардсан.

4.3. Б.А нь Н.Зттой орон сууц түрээслэх гэрээ байгуулаагүй тул түрээсийн төлбөр төлөх үүрэггүй.

4.4. Орон сууцны өмчлөгчөөр 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Ш.А гэдэг хүн бүртгэгдсэн байна. Н.Зт нь Д.Ц болон “Ч” ХХК-тай орон сууцны талаар ямар тохиролцоотойг мэдэхгүй, өнөөдрийг хүртэл шүүхэд ямар нэгэн гэрээ хэлцэл гаргасангүй. Хариуцагч Н.Зтыг орон сууцтай холбоотой нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Зтоос 15,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Ад олгож,

Иргэний хуулийн 339 дүгээр зүйлийн 339.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Зтын нэхэмжлэгч Б.Аээс 11,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар Н.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,000 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Зтоос 233,300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.Ад олгож, хариуцагч Н.Зтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

6.1. Н.Зт нь нэхэмжлэгч Б.Ад гэрч нарын дэргэд 1,500,000 төгрөг өөрийн биеэр хүлээлгэн өгсөн. Энэ мөнгийг Б.А өөрөө “Ч” ХХК-д түрээсийн төлбөр гэж тушаасан болно. Үүнийг “Ч” ХХК-ийн албан бичиг дээр намайг төлсөн маягаар бичиж техникийн алдаа гаргасан. Энэ мөнгийг нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасаагүй байна. Энэ талаар нэхэмжлэгч Б.А болон “Ч” ХХК-ийн захирал П.Ар нараас асуусан бол үнэн гэж хариулах байсан юм.

6.2. Нэхэмжлэгчийн оршин сууж байсан байрны өмчлөгч “Ч” ХХК-ийн захирал н.Бгийн гэр бүл Ш.Аыг гэрчээр оролцуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Хэрэв Ш.Аыг гэрчээр оролцуулсан бол уг байрны түрээсийн мөнгийг Н.Зт нэхэмжлэх эрхтэйг гэрчлэх байсан. Ш.А, П.Ар, Ч.Б нар түрээсийн мөнгийг Н.Зтыг нэхэмжилж болно гэдгийг өөрсдөө хариуцагчид амаар зөвшөөрөл өгсөн болно. Яагаад гэвэл “Ч” ХХК-ийн уг байраа карказыг босгосон 1,200,000,000 төгрөгийг хариуцагч өөрөө хөрөнгө олж уг орон сууцыг ашиглалтанд оруулж өгч, Ч.Бд 1,0 тэрбум төгрөгийг авч өгсөн.

6.3. Мөн П.Арыг шүүх хуралдаанд оролцуулж өгнө үү гэсэн хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргасан, П.Ар өөрөө шүүх хуралдаанд гэрчээр оролцох хүсэлтэй ирсэн боловч шүүх оролцуулаагүй. П.Ар нь нэхэмжлэгч өөрөө компани дээр очиж хариуцагчаас авсан 1,500,000 төгрөгийг 3 сарын түрээсийн төлбөр гэж тушаасныг, мөн хариуцагчийг байрны түрээсийг нэхэмжлэх эрхтэйг нотолж өгөх байсан юм. Ийм учраас шүүх хэргийг бүх талаас нь нарийн нягт шалгаж үзэлгүй хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

 

7. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Б.А нь 1,500,000 төгрөгийг аваагүй. Харин Н.Зт өөрөө “Ч” ХХК-д аваачиж өгсөн байдаг бөгөөд хэрэгт авагдсан албан бичгээр нотлогддог.

7.2. Түрээсийн төлбөрийг “Ч” ХХК болон Д.Ц нар нь нэхэмжлэх зөвшөөрлийг хариуцагчид өгсөн талаар баримтгүй бөгөөд уг орон сууц нь Ш.А гэх хүний нэр дээр байдаг. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрхийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Н.Зтод холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 15,000,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч түрээсийн төлбөрт 11,000,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

3. Б.А, Н.Зт нарын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан, уг гэрээгээр зээлдүүлэгч Б.А 15,000,000 төгрөгийг, 1 жилийн хугацаатай, хүүгүй зээлдүүлэх, зээлдэгч Н.Зт нь зээлийг эргүүлэн төлөх, мөн Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 55 дугаар байрны 21 тоот, 3 өрөө орон сууцанд зээлдүүлэгчийг 1 жилийн хугацаанд төлбөргүй суулгахаар харилцан тохиролцсон, энэ талаар зохигч маргаагүй.

 

4. Зохигчийн хооронд зээлийн болон эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээний шинжийг агуулсан холимог гэрээ байгуулагдсан, Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт “Холимог гэрээний агуулгыг тайлбарлахдаа гэрээний гүйцэтгэлд илүү төсөөтэй тухайн төрлийн гэрээг зохицуулсан хуулийн хэм хэмжээг анхаарна” гэж заасны дагуу мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний зохицуулалтыг анхан шатны шүүх зөв хэрэглэжээ.

 

5. Зээлийн гэрээний хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр дууссан боловч хариуцагч Н.Зт зээлийн мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.А Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар уг үүргийг зээлдэгчээс шаардах эрхтэй.

 

6. “Ч” ХХК-д Б.Аийн өмнөөс түрээсийн төлбөр гэх агуулгаар төлсөн 1,500,000 төгрөгийг зээлийн гэрээний үүргээс хасаж тооцуулна” гэх хариуцагч Н.Зтын тайлбар үндэслэлгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. Учир нь, “Ч” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн албан бичигт “... Н.Зт нь Б.А, Б.Ундрах нарын гурван сарын түрээсэнд нийт 3 сая төгрөг ... төлсөн” гэж дурдсан боловч тухайн орон сууц нь “Ч” ХХК-ийн өмчлөлийнх болох, улмаар Б.А хөлсөлж буй эсэх, Б.Ад орон сууц хөлслөх үүрэг үүссэн эсэх, уг үүргийг Н.Зт түүний өмнөөс гүйцэтгэсэн эсэх талаарх баримтаар хангалттай тогтоогдоогүй тул “Ч” ХХК-ийн албан бичгийг үндэслэн 1,500,000 төгрөгийг зээлийн үүргээс хасаж тооцох үндэслэлгүй.

 

7. Н.Зт нь сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш Б.А тус орон сууцыг 2 жил 6 сарын хугацаанд эзэмшсэн тул орон сууц хөлслөх гэрээний хөлс гэж хохиролд тооцон 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Аээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

7.1. Учир нь, талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний агуулгаас дүгнэвэл зээлдүүлэгч зээл олгох, нөгөө талаас зээлдэгч нь зээлийн мөнгөн төлбөрийг эргэн төлөх хүртэлх хугацаанд гэрээнд заасан орон сууцыг эзэмшихээр тохиролцсон байна.

7.2. Иргэний хуулийн 215 дүгээр зүйлийн 215.1 дэх хэсэгт “үүрэг гүйцэтгүүлэгч хүлээсэн үүргээ биелүүлж үүрэг гүйцэтгэх боломж бүрдүүлэх хүртэл үүрэг гүйцэтгэгч нь мөнгөн төлбөрийнхөөс бусад үүргийн гүйцэтгэлийг саатуулж болно” гэж зааснаар зээлдэгч зээлийн мөнгөн хөрөнгийг буцааж төлөөгүй хугацаанд зээлдүүлэгч орон сууцыг эзэмших эрхтэй байх бөгөөд анхан шатны шүүх мөн хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг үндэслэж зээлдэгч хохирол шаардах эрхгүй гэж дүгнэснийг буруутгах боломжгүй.  

7.3. Хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүйгээс өөрт учирсан хохирлыг бусдаас шаардах эрхгүй, учир нь Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар тэдний хооронд үүрэг үүсээгүй гэж дүгнэнэ.  

 

8. Хариуцагч нь шүүхэд Ш.А, П.Ар нарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул гэрч оролцуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй, оролцуулаагүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

9. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн     167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 181/ШШ2022/02027 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “339 дүгээр зүйлийн 339.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д” гэснийг “186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч Н.Зтын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Д.ЦОГТСАЙХАН

                                           

         ШҮҮГЧИД                                             Э.ЭНЭБИШ

                                                                                             

Э.ЗОЛЗАЯА