Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэндийн Цогт |
Хэргийн индекс | 128/2015/0894/з |
Дугаар | 221/МА2017/0103 |
Огноо | 2017-02-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 221/МА2017/0103
П.Ган-Очирын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч С.Мөнхжаргал, шүүгч Ц.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Наранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Янжинхорлоо, гуравдагч этгээд Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 998 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор П.Ган-Очирын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Цогтын илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт 100 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах” гэжээ.
Анхан шатны шүүх шийдвэртээ: Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Ган-Очирын Нийслэлийн Засаг даргад холбогдуулан аргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт 100 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх иргэн П.Ган-Очирын нэхэмжлэлтэй, Нийслэлийн засаг даргад холбогдох, Нийслэлийн засаг даргын 2014 оны 11-р сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжаар Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт 100 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянаж шийдвэр гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч доорх үндэслэлээр давж заалдаж байна:
1. Шүүх Газрын харилцаа геодизи зураг зүйн газрын газраас ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр бүхэлдээ давхцаагүй, 2 м.кв газраар давхцаж байгаа нь тогтоогдож байх тул маргаан бүхий захиргааны актын гуравдагч этгээдүүдэд холбогдох хэсэг бүхэлдээ нэхэмжлэгчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна гэж дүгнэжээ.
Гэтэл нэхэмжлэгчийн гаражтай ямар нэгэн байдлаар давхцал байна гэдэг нь үйлчилгээний зориулалтаар газар олгогдсон байгаа тул үйлчилгээний барилга бариад эхэлмэгц гаражийг ашиглаж чадахгүй болно гэдэг нь тодорхой нотлогдчихсон байна.
Мөн гуравдагч этгээдүүдэд үйлчилгээний зориулалттайгаар уг газар олгогдсон тул дээр барилга барьж таарна. Гэвч тэрхүү барих барилга нь нэг давхар дан барилга байхгүй нь тодорхой. 2 буюу түүнээс дээш давхар барилга баригдахад л "Хот, тосгоны төлөвлөлт, барилгажилт" БНбД 30-01-04-ийн 2.11-т зааснаар орон сууц хооронд, орон сууц олон нийтийн барилга байгууламж хооронд, болон орон сууц, үйлдвэрийн барилга байгууламж хоорондын зай хэмжээг нормчлоно. 2-3 давхар барилгын тууш талуудын хоорондын зай 15 м-ээс багагүй байна гэсэн стандарт шаардлагыг зөрчиж байгаа юм. П.Нарангэрэл нарын эзэмшлийн гэх 100 м.кв газар нь урд талынхаа барилгаас 10 метр ч хүрэхгүй яг машин замд тулгаж олгогдсон газар болохыг шүүгч өөрөө газрын үзлэг хийхдээ харсан атлаа анхнаасаа хууль тогтоомж зөрчиж олгогдсон маргаан бүхий газрыг нэхэмжлэгч сүүлийн хэдэн жил газрын төлбөр төлөөгүй, газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй учраас хууль ёсоор ашигласан гэж үзэхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Газрын мэдээллийн санд бүртгэгдэх эсэх асуудал нь газрын албаны чиг үүргийн асуудал бөгөөд иргэн нэгэнт тус газрыг актаар эзэмшиж, газрын төлбөрийг төлж байсан болохоор тухайн газрын бүртгэл хяналтыг газрын алба өөрсдөө хийх үүрэгтэй. Харин сүүлийн хэдэн жил газрын төлбөр төлөөгүй орхисон 2. Газрыг төлбөртэй ашиглуулах буюу актаар ашиглахад ямар нэгэн захирамж шийдвэр гардаггүй бөгөөд хэн нэгний өмчлөл, эзэмшилд ороогүй нийтийн эзэмшлийн талбайг иргэнд төлбөртэйгээр актаар эзэмшүүлж байна гэдэг нь өөрөө заавал эрхийн гэрчилгээ шаардахгүйгээр хууль ёсоор эзэмшиж байгаагийн нэг хэлбэр байдаг.
3. Маргаан бүхий газар нь ерөнхий төлөвлөгөөний дагуу худалдаа үйлчилгээний зориулалтаар тусгагдсан байна гэжээ. Маргаан бүхий газар болон түүний ойр орчмын газар худалдаа үйлчилгээний зориулалтаар тусгагдсан байлаа гэхэд стандарт норм дүрмийг зөрчиж, газар олгоод иргэдийг хохироогоод маргаан үүсгээд бай гэсэн үг биш байлтай. Ерөнхий төлөвлөгөө нь тэр хавьд худалдаа үйлчилгээний зориулалттай байхаар төлөвлөгдсөн хэтийн төлөвлөгөө болохоос биш маргаан бүхий газар дээр барилга барихыг зөвшөөрсөн гэсэн агуулгатай биш” гэжээ.
ХЯНАВАЛ
Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, үндэслэл бүхий дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэжээ.
Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамжийн Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт 100 м.кв газар олгосон хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан байна.
Нийслэлийн Засаг даргын 2002 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 361 дүгээр захирамжаар анх Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны 14 дүгээр байрны зүүн урд талд 0.01 газрыг иргэн Б.Цэрэннадмид 5 жилийн хугацаатай газар ашиглах эрхтэй болжээ. Улмаар Б.Цэрэннадмид нь Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарт дээрх газрыг эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ байгуулснаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн А/947 дугаар захирамж гарсан ажээ.
Нэхэмжлэгч П.Ган-Очирын хувьд Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 14 дүгээр байрны зүүн талд байрлах 2 дугаарын гаражийг 2006 оны 12 дугаар сарын 12-ны өдөр С.Өлзийбаяраас 2,950,000 төгрөгөөр худалдаж авсан байх бөгөөд П.Ган-Очир нь гаражийн газрыг эзэмших эрхийн гэрчилгээгүй учир Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4-т зааснаар тухайн үед болон түүнээс хойш газар эзэмших эрх үүсээгүй байна.
Газрын харилцаа, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн албан бичиг болон шинжээчийн дүгнэлтээр нэхэмжлэгчийн автомашины гараж нь гуравдагч этгээдүүдийн эзэмшил газартай зэрэгцээ орших бөгөөд 2 м.кв давхцалтай болох нь тогтоогджээ.
Давж заалдах гомдлын гуравдагч этгээд газраа зориулалтын дагуу эзэмшээгүй гэх үндэслэлийн тухайд: Нэхэмжлэгч, гуравдагч этгээдүүд хооронд уг газрын эзэмшлийн асуудлаар маргаантай байсан талаарх “иргэн Б.Цэрэннадмидын зүгээс маргаан бүхий газрыг чөлөөлүүлэх талаар Нийслэлийн газрын албанд 2006-2007 онд хандсан, улмаар Баянзүрх дүүргийн шүүхэд хандахад “хариуцагчийн нэр хаяг тодорхойгүй” гэсэн үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, 2009 оны 592 дугаар захирамж гарсан байх ба энэ асуудлаар Нийслэлийн өмчийн харилцааны газарт хандахад “... уг газар дээрх иргэдийн зөвшөөрөлгүй барьсан гараж байгаа тул шүүхээр шийдвэрлүүлнэ үү ...” гэсэн хариуг 2010 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 2/2397 дугаар албан бичгээр хүргүүлсэн мөн Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 614, 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1920 дугаар албан бичгүүдээс тус тус дүгнэхэд гараж эзэмшигчдийн нэр бүртгэл зөрүүтэй хөтлөгдсөн байх тул гуравдагч этгээдэд газар чөлөөлүүлэх талаар шаардлагыг удаа дараа гаргаж байсан байна” гэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд хуульд заасан журмын дагуу 100 м.кв газрыг эзэмшиж буй Д.Ганцэцэг, П.Нарангэрэл нарын газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй тул гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ЦОГТ