Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 181/ШШ2022/00590

 

 

 

 

 

 

 

 

 

2022 03 22

181/ШШ2022/00590

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энхцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Г.Ш-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.С-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 9,405,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Н, Ц.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч: Х.О,

Гэрч: Д.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Мөнхцацрал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Г.Ш хариуцагч Ш.С-д холбогдуулан 9,405,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Г.Ш нь 2021 оны 02 дугаар сард Wiseling фэйсбүүк хуудсаас мэдээлэл аваад 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Wiseling фэйсбүүк группт нэгдэн орсон. 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Д.У-тай тохиролцоод, Ш.С-ийн Хаан банк дахь 5450247110 тоот дансанд 9,405,000 төгрөгийг нэг удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байдаг. Тухайн төлбөрөө шилжүүлээд Wiseling группт нэгдэх гэтэл сайт ажиллахаа больсон учраас өгсөн мөнгөө Ш.С-с авахаар нэхэмжлэл гаргасан.

Ш.С болон Г.Ш нарын хооронд үүргийн харилцаа үүсээгүй гэдэг нь тодорхой харагдаж байна. Гэрч Д.У нь Г.Ш-г танихгүй гэдэг мэдүүлэг өгч байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт зааснаар үүргийн харилцаа үүсээгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбараар уг 9,405,000 төгрөгийг Д.У-аас авах ёстой өр төлбөрөө авч байна гэдэг байдлаар тайлбарлаж байна. Тийм эрх хариуцагчид байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн тайлбар нотлох баримтад тооцогдоно. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар Би Д.У-аас авах ёстой байсан мөнгөө Г.Ш-ээс авсан гэдэг нь нотлогдож байна. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэж байна.

Гэрч Д.У wiseling тайлбарлахдаа буруу тайлбарлаж, Whitepaper гэдэг ойлголтыг мэдэхгүй байна. Wiseling.com гэдэг сайтанд Г.Ш бүртгүүлсэн эсэх нь тодорхойгүй байна. Тиймээс дансаар шилжүүлсэн мөнгө байна, эсрэгээрээ бид нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд хүү авах ёстой байсан байна. Ямар нэгэн байдлаар хүү, ашиг аваад явж байсан байна. Хүнээс авах ёстой зээлээ дансаар гүйлгээ орж ирэхээр Д.У-ын өгөх ёстой байсан өрөндөө авъя гэдэг зорилгоор энэ хүн авсан байна. Өөрөөр хэлбэл Г.Ш-ийн орж ирсэн мөнгийг Д.У руу шилжүүлээгүй гэдэг нь тогтоогдож байна. Дансны хуулгыг шинжлэн судлуулахад хоёр өөр данс руу хуваагаад шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Хариуцагч Ш.С гэдэг хүний тайлбар тодорхойгүй байна. Цагдаагийн байгууллагад өгсөн гомдлыг харахаар Д.У-т 105,000,000 төгрөгөөр залилуулсан гэсэн байна. Мөрдөгчийн тогтоол гараад хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Дансны хуулгаар харахаар 90 гаруй сая төгрөг буцаагаад авсан байж 105,000,000 төгрөгийг бүхэлд нь нэхээд байна. Г.Шд мөнгө өгөхгүй гэж байгаа хэрнээ Д.У-аас нэхээд байдаг. Хариуцагч Ш.С болон Д.У нарын хооронд тусдаа харилцаа байгаа нь харагдаж байна. Г.Ш-ээс Ш.С рүү шилжүүлсэн мөнгөөр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасны дагуу Ш.С үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдэг нь гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбараар нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд:

Нэхэмжлэгч Г.Ш нь Д.У-т мөнгө өгөөд Wiseling.com сайтад нэгдэж ашиг олох зорилготой байсан нь харагдаж байна. Үүнтэй адилхан хариуцагч Ш.С нь Д.У-тай холбогдоод Wiseling.com сайтад нэгдэж мөнгө олох зорилгоор хувиасаа 105,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Хүүний ашиг авч байгаад сүүлд 25,200,000 төгрөг авах үлдэгдэлтэй байсан. Дансанд байгаа 25,200,000 төгрөгийг тухайн үед Д.У нь авч ашиглаад эргүүлээд өгнө гээд эргүүлэн өгөхдөө 4-5 хүний дансаар Ш.С рүү хувааж шилжүүлсэн байдаг.

Хэргийн материалд авагдсан баримтаар Г.Ш нь Ш.С-ийн данс руу 9,405,000 төгрөгийг шилжүүлсэн. Ямар утгатай гүйлгээ байсан бэ гэхээр Ш.С гэдэг хүн Д.У-аас мөнгө авах ёстой байсан, тэр мөнгийг Д.У нь Г.Ш гэдэг хүнээс аваад данс өгөөд энэ данс руу хийчих, над руу хийсэн гэж ойлгогдоно гэдэг тайлбарыг өгөөд Ш.С-ийн данс руу хийлгэсэн байдаг.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлд зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэх шаардлага нь хууль зүйн хувьд зөрчилдөж байна. Ш.С болон Г.Ш нарын хооронд үүрэг үүсээгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байгаа.

Гэхдээ Ш.С хэн нэгнээс огт авах ёсгүй байсан мөнгийг хэн нэгнээс авсан зүйл биш, Д.У-аас мөнгө авах ёстой байсан. Тухайн үед Д.У-аас өгөх ёстой байсан мөнгийг шаардахад Д.У би тань руу өөр хүнээр мөнгө хийлгүүлнэ, та надад дансаа өгчих гэсэн. Улмаар Г.Шд дансны дугаараа өгсөн. Г.Ш Д.У-т шилжүүлнэ гэж бодсон, тэр нь Ш.С гэх хүний данс байсан. Ш.С үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу олох ёсгүй байсан орлогоор ашиг олсон зүйл биш юм. Ш.С тухайн үед 9,405,000 төгрөг дансанд орж ирэхэд Д.Ут надад мөнгө орж ирлээ гэж хэлэхэд Д.У танд өгөх ёстой байсан мөнгөнөөс 3,700,000 гаруй төгрөгийг илүү өгчихлөө, буцаагаад өгчих гээд хэлсэн байдаг.

Д.У, Ш.С нарын хооронд мөнгө өгөх, авах ёстой байсан үүргийн харилцаа байсан гэдэг нь харагдана. Г.Ш-гийн шилжүүлсэн 9,405,000 төгрөг орсноор Д.Уаас Ш.С-д өгөх ёстой байсан 25,000,000 төгрөг нь хэтэрсэн учраас Ш.С буцаагаад 3,700,000 гаруй төгрөгийг Д.У-т шилжүүлсэн байгаа.

Нэхэмжлэгч Г.Ш-гийн 9,405,000 төгрөгийг Ш.С-ийг захиран зарцуулсан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Г.Ш-ийн мөнгийг Ш.С үндэслэлгүйгээр олж аваад захиран зарцуулсан биш, Д.У-аас авах ёстой байсан мөнгөө Д.У-аас авсан үйл баримт байна. Д.У нь Ш.С-ийн дансыг Г.Шд өгөөд Д.У-т өгч байгаа сэтгэхүйн харилцаа байсан. Г.Ш Д.У-т мөнгө өгсөн, Д.У тэр мөнгийг аваад Ш.С-д өгөх ёстой байсан мөнгөө өгсөн. Түүнээс данс шилжсэнээр Г.Ш гэдэг хүн ямар нэгэн байдлаар хийх ёсгүй байсан мөнгөө авах ёсгүй байсан хүнд өгсөн. Ш.С захиран зарцуулсан эсэх нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй. Ш.С өөрийн авах ёстой мөнгөө Д.У-аас аваад захиран зарцуулсан баримт байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг ойлгоогүй юм шиг байна. Г.Ш-гээс орж ирсэн мөнгийг мөнгө ороод ирчихлээ, Д.У-ын мөнгөнд тооцъё гэсэн ойлголт байхгүй. Д.У өөрөө би танд өгөх ёстой байсан мөнгөнүүдээ хуваагаад хийе, Г.Ш гэдэг хүний данснаас мөнгө орно, тэрийг тооцоорой гэсэн. Түүнээс биш мөнгө ороод ирэхээр Д.У шилжүүлсэн гэж тооцно гэж дур мэдсэн зүйл огт биш юм.

Сүүлд орж ирсэн 9,405,000 төгрөгийг хоёр өөр данс руу шилжүүлсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. 3,779,000 төгрөгийг нь Д.У-ын данс руу шилжүүлсэн. Ш.С нь wiseling.com сайтаас Д.У-аар дамжуулаад мөнгө аваад, Д.У мөнгийг нь өсгөж өгнө гэсэн амлалт нь хэргийн материалд авагдсан. Ш.С гэдэг хүний данс руу орж ирж байгаа шилжүүлэг нь хүү гэх утгатай болох нь дансны хуулгаар тогтоогдоно. Өөр, өөр данснаас мөнгө орж ирж байгаа. Хамгийн сүүлд Г.Ш-ээс мөнгө орж ирсэн. Д.У анх 105,000,000 төгрөгийг аваад явцын дунд мөнгийг буцаагаад хийсээр байгаад 9,405,000 төгрөг хийгээд илүү гарангуут нь буцаагаад Д.У руу 3 сая гаруй төгрөг буцаагаад хийсэн гэдэг нь тогтоогдож байна.

Цагдаагийн байгууллага дээр Ш.С хохирлоо хамгийн анх хэд гэж тооцсон, дараа нь гэрчээр болон хохирогчоор мэдүүлэг өгөхдөө хохирлыг хэд гэж тооцсон, хаанаас хэдэн төгрөг орж ирж байгааг хохирлоос хасаж байгаа гэх мэтчилэн үйл баримтыг тогтоолгох шаардлагатай байгаа учраас Ш.С-ийн гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар зайлшгүй гаргуулах шаардлагатай гэж үзэж хүсэлт гаргасан.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсээгүй, үүрэг гүйцэтгэгч этгээд болон түүнийг хүлээн зөвшөөрсөн этгээдийн хооронд үүрэг үүсээгүй. Гэхдээ Ш.С нь Д.У-аас мөнгө авдаг байсан, мөнгө авах ёстой байсан гэдэг нь гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэрч Ш.С-ийг таньдаг, мөнгийг нь аваад өсгөж өгдөг, хамгийн сүүлд сайт хаагдаад хүү төлөх чадваргүй болоод 105,000,000 төгрөгийг буцааж өгнө, Г.Ш гэдэг хүнээс мөнгийг нь өгнө, илүү гарсан 3 сая төгрөгийг буцаагаад хийгээрэй гэдэг тайлбарыг өгсөн байдаг. Ш.С хэн нэгнээс мөнгө авах үүрэггүй байж, орж ирсэн мөнгийг дураараа Д.У-ын мөнгөнд тооцсон зүйл биш, Д.У-ын хэлсний дагуу орж ирсэн мөнгийг нь аваад илүү гарсан мөнгийг буцаагаад шилжүүлсэн.

Ш.С, Г.Ш нар нь Финланд улсын компанид мөнгөө өсгөх гэж хөрөнгө оруулалт хийж байсан. Г.Ш-ийн хувьд сайтад орж чадахгүй байсан учраас Д.У-т хандаж, Ш.С-ийн аккаунтад байсан мөнгийг цааш компанид шилжүүлээд Ш.С-ийн гаргаж авч чадахгүй байсан мөнгөөр зохицуулалт хийж байсан нь тодорхой байна. Талууд wiseling компанийн хохирогч нар гэдэг нь харагдаж байна. Тиймээс Ш.С хариуцагч биш юм. Wiseling, Д.У нар хариуцагч гэж харагдаж байна. Тиймээс нэхэмжлэгч хариуцагчийг буруу тодорхойлсон байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт заасны дагуу Ш.С хариуцагч биш байна.

Энэ хэрэг эрүүгийн хэрэг үүсээд шалгагдаад талууд болон гэрч бүгд хохирогч учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Ш.С эрх зүйн мэдлэг тааруу байдлын улмаас болоод хариуцагчаар шүүхэд татагдсан байна.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3. Нэхэмжлэгчээс шүүхэд улсын тэмдэгтийн хураамж 165,430 төгрөг төлсөн баримт, А.О-д олгосон итгэмжлэл, Хаан банкны * тоот дансны хуулга зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчаас шүүхэд Хаан банкны орлогын мэдүүлэг, Төрөл садангийн тухай лавлагаа, Ц.М-ын Хаан банкны * тоот дансны хуулга, Ш.С-ийн Хаан банкны * тоот дансны хуулга, У.П, Ё.Т нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол, Г.Н-т олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг нотлох баримтаар өгсөн.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хүсэлтээр гэрч Д.У-аас гэрчийн мэдүүлэг, Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас гэрч Д.У-ын мэдүүлэг, 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн * дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол зэрэг баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1.    Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Wiseling.com-т нэгдэхийн тулд Д.У-тай тохиролцож, Ш.С-ийн дансанд 9,405,000 төгрөг шилжүүлсэн. Ш.С нь уг мөнгийг Д.У-т шилжүүлээгүй, Wiseling.com сайт хаагдсан, Ш.С болон бидний хооронд үүрэг үүсээгүй тул Ш.С-ийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж, буцаан шаардах эрхтэй гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Г.Ш нь Д.У-т мөнгө өгөөд Wiseling сайтад нэгдэж ашиг олох зорилготой байсан. Ш.С нь 25,200,000 төгрөгийг Д.У-аас авах ёстой байсан бөгөөд уг 9,405,000 төгрөг бол Д.У-аас авах ёстой мөнгө учир үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхгүй. Ш.С нь Д.У-аас авах ёстой 25,200,000 төгрөгөөс хэтэрсэн тул 3,700,000 төгрөгийг Д.У-ын дансанд буцаан шилжүүлсэн. Энэ хэргийн хариуцагч Ш.С биш гэх үндэслэлээр нэхэмжлэлийг үгүйсгэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар маргав.

4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Ш нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Ш.С-ийн Хаан банкны * тоот дансанд S* гэх гүйлгээний утгатай 9,405,000 төгрөгийг шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн дансны хуулга, зохигчдын маргаагүй тайлбараар тогтоогдож байна.

Улмаар хариуцагч Ш.С нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Хаан банкны * тоот данс руу 5,600,000 төгрөгийг, Хаан банкны * тоот данс руу 3,779,800 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь Ш.С-ийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч Г.Ш нь дээрх 9,405,000 төгрөгийг хариуцагч Ш.С-ийн дансанд Wiseling.com гэх сайтад нэгдэх зорилгоор шилжүүлсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолоор Иргэн Ш.С нь 2020 оны 9 дүгээр сард Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо нутаг дэвсгэрт байрлах Арга билэг төв дээр Wiseling.com гэх хөрөнгө оруулалтын компанид хөрөнгө оруулалт хийхээр 105,000,000 төгрөг өгч залилуулсан гэх гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 2021 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Хохирогчоор тогтоох тухай тогтоолоор Ш.С-ийг хохирогчоор тогтоосон болох нь хэрэгт авагдсан мөрдөгчийн тогтоолуудаар тогтоогдож байна. /хх47,50/

5. Зохигчид нэхэмжлэгч Г.Ш 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Ш.С-ийн дансанд 9,405,000 төгрөг шилжүүлсэн үйл баримт болон тэдний хооронд үүргийн харилцаа үүсээгүй талаар маргаагүй байна.

Харин Г.Шг-ээс шилжүүлсэн 9,405,000 төгрөгөөр хариуцагч Ш.С үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх нь маргааны зүйл болжээ.

6. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Ш.С нь ... Уг 9,405,000 төгрөгийг Д.У-аас авах ёстой мөнгө байсан, 3,779,800 төгрөгийг Д.У-т буцааж шилжүүлсэн гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Өөрөөр хэлбэл, Ш.С нь 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Г.Ш-гээс шилжүүлсэн 9,405,000 төгрөгийг Хаан банкны * тоот данс руу 5,600,000 төгрөгийг, Хаан банкны * тоот данс руу 3,779,800 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь түүний дансны хуулгаар тогтоогдож байх боловч Хаан банкны * тоот данс Д.У-ын данс болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, Д.У-т шилжүүлсэн болохоо хариуцагч баримтаар нотлоогүй.

Түүнчлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Д.У-аас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч Д.У нь wiseling гэдэг нь биткойн, лайткойн цахим мөнгөөр хөрөнгө оруулалт хийдэг гэх мэдүүлэг өгсөн бөгөөд ...Г.Ш-г би мэдэхгүй, трэйд.мн сайтаар мөнгө хийхээр өндөр шимтгэлтэй, аккаунтаас аккаунт хямдхан шимтгэлтэй учраас Ш.С гэдэг хүний аккаунтыг худалдаж авсан гэсэн үг. 782 хүний гомдолтой 12 тэрбумын хохиролтой хэрэгт би өөрөө хохирогчоор тогтоогдоод явж байгаа. Гадаадын компанид мөнгөө алдаад Ш.С гэх хүний дээсэн дээр дөрөөлж шүүхэд хандаж байгаа юм. Гадаадын компанид алдсан мөнгөө Ш.С гэдэг хүн рүү дайрч байгаа... Wiseling гэдэг нь интернетээр арилжаа хийж ашиг олдог сайт байсан. Монгол Улсаас нийт 782 хүн холбогдсон. Эрүүгийн мөрдөн байцаах газрын н.Э гэдэг цагдаа дээр энэ хэрэг явж байгаа. Өргөдөл гомдлыг бид нийлээд гаргасан ба нийт 12 тэрбум төгрөгийн хохиролтой. Г.Ш-г бол би мэдэхгүй... Дотоод аккаунтаас мөнгөө гаргаж чадахгүй байх юм бол үндсэндээ адилхан наймаа хийж байгаа гэсэн үг. Сайт хаагдаад энэ хэрэг үүссэн болохоос биш сайт ажиллаж байсан бол Г.Ш мөнгөө аваад баярлаад явж байх байсан. Ш.С нь Г.Ш-гийн мөнгийг хүчээр авсан зүйл байхгүй, Г.Ш өөрийн дур сонирхлын үндсэн дээр өгсөн... Түүнээс надаас авах ёстой мөнгө биш гэж мэдүүлсэн тул хариуцагчийн Д.У-аас авах ёстой мөнгө байсан гэх тайлбар няцаагдаж байна.

Нэгэнт Г.Ш, Ш.С нарын хооронд үүрэг үүсээгүй болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон тул Ш.С-ийг Г.Ш-гээс шилжүүлсэн 9,405,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.1-т зааснаар буцаан шаардах шаардлагад шилжүүлсэн хөрөнгө, түүнээс олсон орлого, үр шим, түүнчлэн тухайн хөрөнгийг эвдсэн, устгасан, гэмтээсэн буюу хураалгасан бол нөхөн төлбөрт авах бүх зүйл хамаарах тул нэхэмжлэгч нь хариуцагч Ш.С-эс 9,405,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасны дагуу буцаан шаардах эрхтэй.

Хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс уг нэхэмжлэлтэй холбоотой маргааныг эрүүгийн журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгуулахаар тайлбар гаргасан боловч Г.Ш нь wiseling.com сайтад бүртгүүлээгүй, тухайн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.

Г.Шгээс 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдөр шилжүүлсэн мөнгийг хариуцагч Ш.С хүлээн авсан нь тогтоогдсон бөгөөд Ш.С, Д.У нар хоорондоо маргаантай байгаа нь энэ хэрэгт хамааралгүй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч Ш.С-эс 9,405,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ш-д олгох үндэслэлтэй.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.С-с 9,405,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ш-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 165,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 165,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХЦЭЦЭГ