Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 144/ШШ2022/00048

 

 

2022           03             17                                                      144/ШШ2022/00048                                

 

 

    

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь cум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7-р хороо, 15 дугаар хороолол, 116-25 тоот хаягт байрлах, “Говийн шигтгээ” ХХК /РД:5458048/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Өмнөговь аймаг, Ханбогд сум, 3-р баг Жавхлантад байрлах, “Энгүй говь” ХХК /РД:3614905/-д холбогдох,

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479.084.141 төгрөг, алданги 239.542.070 төгрөг, нийт 718.626.211 төгрөг гаргуулах тухай иргэнийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-ийн Захирал С.Мөнхчимэг /цахимаар/, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхтуяа /цахимаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ө.Цэвэгмэд нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд “Говийн шигтгээ” ХХК-ийн Захирал С.Мөнхчимэг гаргасан тайлбартаа:

“Говийн шигтгээ” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт байрлах Таван толгой нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, дизел түлшийг зээлээр худалдах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байсан. Хамтран ажиллаж шатахуун худалдан авдаг байсан байгууллагуудын нэг хариуцагч “Энгүй говь” ХХК юм.

“Энгүй говь” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г/201 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулсан.

Уг гэрээнд заасны дагуу худалдагч тал болох “Говийн шигтгээ” ХХК нь худалдан авагч тал “Энгүй говь” ХХК-д шатахууныг зээлээр худалдсан. Өнгөрсөн хугацаанд “Энгүй говь” ХХК шатахууны төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн төлж чадахгүй, үргэлж хугацаа хэтрүүлж төлбөрийн хэмжээг дутааж байсан. Энэ талаар нь “Энгүй говь” ХХК-д мэдэгдэхэд удахгүй төлнө, удахгүй уурхайгаас ажлын хөлс орж ирэхээр бүрэн төлнө гэсэн тайлбар хэлж нэмж шатахуун авсаар байна.

2020 онд худалдан авсан шатахуун төлбөрөөс 201,864,300 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна.

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г/211 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулж, нийт 546,736,000 төгрөгийн төлбөр бүхий 274.633 л дизель түлш мөн зээлээр нийлүүлсэн. Өмнөх оны 201.864.300 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, мөн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр байгууллагын хооронд үүссэн төлбөр тооцоог нягталж үзэн тооцоо үлдэгдлийг баталгаажуулж үзэхэд худалдан авагч тал нийт 748.600.300 төгрөгийн бүтээгдэхүүн авсан.

Үүнээс бүтээгдэхүүний төлөгдөөгүй үнийн үлдэгдэл 479.084.141 төгрөг, төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр хуримтлагдсан алданги 226.120.954 төгрөг, нийт 705.205.094 төгрөгийг худалдан авагч тал худалдагч талд төлөх ёстой болохыг талууд санал нэгтэйгээр баталгаажуулж, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Тооцоо үлдэгдлийн баталгаа” баримт үйлдсэн. Үүнээс хойш одоог хүртэл төлбөр огт хийгдээгүй учир бүтээгдэхүүний үнэ 479.084.141 төгрөг, алданги нь үндсэн төлбөрийн 50 хувьд хүрсэн учир 239.542.070 төгрөг, нийт 718.626.211 төгрөгийг “Энгүй говь” ХХК-иас гаргуулан “Говийн шигтгээ” ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь ковидоос болоод үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч үйл ажиллагаа нь явагдаж байсан болох нь банкны дансны хуулгаар тогтоогдож байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч талаас нэхэмжлэл дээр заасан үнийн дүн, хариу тайлбар дээр заасан үнийн дүн зөрүүтэй байна гэсэн тайлбар хэлж байна. Нэхэмжлэл дээр 479,084,141 төгрөгийн үндсэн төлбөрийг нэхэмжилж байгаа. Үүнийгээ хариуцагч “Энгүй говь” ХХК-ийн Захирал Д.Оюунтуяатай тооцоо нийлсэн акт үйлдсэн. Тооцооллын хүснэгтээ танилцуулж гарын үсэг зуруулсан байдаг. Эдгээрийг үндэслэж нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэл дээр энэ дүн тооцоо нийлсэн акт дээр тохирч байгаа.

Алдангиас алданги тооцсон гэсэн тайлбар хэлж байна. Хариуцагч талтай 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцоо нийлж, үлдэгдэл төлбөр хэд байгаа, төлсөн төлбөр хэд байгаа үүнээс хэдэн төгрөгийг нь алдангидаа суутгасан талаар тооцооны үлдэгдлийн баталгаа гаргаад гарын үсэг зурсан. Үүнээс нэг ч төгрөг төлбөр төлөөгүй байдаг. Тооцоо нийлэхэд 479,084,141 төгрөгийн төлбөрөөсөө дахин алданги тооцсон байдаг. Өмнө нь алданги тооцсон асуудал нь гэрээнийхээ дагуу тооцож суутгасан байгаа. Гэрээний 2.3 дахь заалтад худалдан авагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгоод тооцоо нийлж, дараа сарын 15-ны өдөр багтаан төлнө гэж заасан. Энэ хугацаандаа төлөөгүй бол 0,5 хувийн алданги тооцно гэж тухайн гэрээнийхээ 5.1 дэх хэсэгт заасан байгаа. Тэгэхээр өмнөх сар сардаа гэрээ дүгнэгдээд тухайн төлбөрөө төлөөгүй бол алдангид тооцогдоод анх гарсан алдангийг нь суутгаад үндсэн төлбөр болон алдангиас нь суутгаад явсан. Тооцоо нийлэх үед үндсэн төлбөр албангиа тооцоод явсан байгаа. Хавтаст хэрэгт 2 тооцоо нийлсэн акт хавсаргагдсан байдаг. Өмнө нь 1 тооцоо нийлсэн акт нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 09-ний хооронд өгч авалцсан зүйлээ тооцсон тооцооны акт байгаа. Энэ дээр алданги нь тэд гарлаа гэж нягтлантай нь тооцоо нийлсэн учраас алдангийг тухайн үед тооцоогүй үндсэн төлбөр нь 300 гаруй сая төгрөг байна гэж тооцсон байдаг. Тухайн компанийн захиралтай дараа нь тооцоо нийлсэн нь 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийг хоорондох бүх зүйлээ дахин тооцоолоод гаргасан тооцоолол байдаг. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаанд бүтээгдэхүүн худалдан авсан үндсэн өр 479.084.141 төгрөг, алданги 226.120.954 төгрөг байсан бол, нэхэмжлэл гаргах өдөр бүтээгдэхүүн худалдан авсан үндсэн өр 479.084.141 төгрөг, алданги нь 239.542.070 төгрөг болсон, өөрөөр хэлбэл 2021.08.21-ний өдрөөс нэхэмжлэл гаргах өдөр хүртэлх хугацаанд алданги үндсэн өрийн 50 хувьд хүрснээр тооцоо нийлсэн актаас алдангийн дүн өөр байгаа гэв.

 

Хариуцагч “Энгүй говь” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мөнхтуяа шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Энгүй говь” ХХК нь Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах “Таван толгойн” нүүрсний ордод ажил гүйцэтгэх гэрээгээр үйл ажиллагаа явуулж байсан. Үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа түлшний хангалт нийлүүлэлтээр “Говийн шигтгээ” ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажилласан. Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхчимэгтэй “Энгүй говь” ХХК-ийн нягтлан Г.Цэрэндулам нар нь хоорондын тооцоог цахим сүлжээгээр 326.735.300 төгрөгөөр эцсийн үлдэгдлээр гарын үсэг зурж нийлсэн байдаг. Гэтэл “Говийн шигтгээ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд үнийн дүн нь 479.084.141 төгрөг гэж заасантай “Энгүй говь” ХХК нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байна.

Д.Оюунтуяа захиралтай тооцоо нийлсэн акт дээрх дүн одоогийн нэхэмжилж байгаа үнийн дүн хоорондоо зөрөөд байгаа. Манайх 2020 оноос эхэлж хамтарч ажилласан. 2020 онд 201.864.300 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ үлдэгдлээсээ “Говийн шигтгээ” ХХК-аас гаргасан Д.Оюунтуяа захиралтай тооцоо нийлсэн акт дээр тусгагдсан явж байгаа. Акт дээр хэдэн төгрөгийн төлөлт хийгдээд явж байгаа нь графикаас харагдаж байгаа. С.Мөнхчимэг захиралтай тооцоо нийлсэн акт дээр эдний зүгээс гаргаж өгсөн баримт нь гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үнийн дүнгээсээ 0,5 хувийн алданги тооцно гэдгээрээ бидний төлсөн төлөлтөөс эд нар өөрсдөө хуульд зааснаараа алдангиа тооцоод явчихсан байгаа. Тэгсэн мөртлөө дахиад доор нь гэрээний алданги дүн гэж оруулж ирж алданги дахин тооцох боломжгүй. Хуулиараа үндсэн төлбөр дээр 2 дахин алданги тооцохгүй гэсэн байгаа. Тухайн үед “Говийн шигтгээ” ХХК нь бидний төлсөн төлөлт болгоноос алданги тооцож байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нийт төлсөн үнийн дүнгээсээ бид нар 269.516.159 төгрөгийг төлчихсөн, үүнээс алдангид тооцож авсан дүн нь 152.000.000 төгрөгийг суутгаж авсан байдаг. Энэ дээр манайх үнийн дүнд дээр санал нийлэхгүй байгаа. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх дараалал гэж байдаг. Үүрэг гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд нь шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ заалтынхаа дагуу бид нар ковидтой холбоотой үйл ажиллагаа маань зогссонтой холбоотой, зайлшгүй давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор бид нар төлөх бүх төлбөрийнхөө өрийг төлөхөд хүрэлцэхгүй байсан. Бидний төлсөн бүх төлбөрийг графикаас харахад харагдаж байгаа. Алдангиа хоногтойгоо бүх юмтайгаа үржүүлээд холиод суутгаад авчихсан байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг үндэслээд эхнийх нь үндсэн төлөлтийнх нь төлбөрийг төлүүлээд дараагийнх нь төлбөр нь хэдэн төгрөг гарахаар байна. Тэр тал дээр нь шүүх анхаарч үзвэл болох байх гэж бодож байна. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаанд бүтээгдэхүүн худалдан авсан үндсэн өр 479.084.141 төгрөг, алданги 226.120.954 төгрөг, нийт 705.205.094 төгрөг гэж тооцоо нийлснээс үндсэн өр 479.084.141 төгрөгийг зөвшөөрнө, харин алданги тооцсон 705.205.094 төгрөгөөс ахиж алданги тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэв.

 

Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-иас: “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Г/201 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Г/211 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, түүний хавсралт, “Говийн шигтгээ” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, “Говийн шигтгээ” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Мөнхчимэгийн иргэний үнэмлэх, “Капитрон банк” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21/122, 21/123 дугаартай албан тоот, “ХААН банк” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 5595/332 дугаартай албан тоот, ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, “ХААН банк” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №5595/333 дугаартай албан тоот, өмгөөлөгч Н.Энхтөртэй байгуулсан хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ, нэхэмжлэгчийн тайлбар, тооцооны үлдэгдлийн баталгаа, “Говийн шигтгээ ХХК-с “Энгүй говь” ХХК-ийн зээлээр худалдан авсан дизель түлшний тооцоолол” зэрэг баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр “Капитрон банк” ХХК, “ХААН банк” ХХК, “Хас банк” ХХК, “Чингис хаан банк” ХХК, “Голомт банк” ХХК, “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас хариуцагч “Энгүй говь” ХХК данс эзэмшдэг эсэх лавлагаа, 2021.01.01-2022.02.24-ний өдрийг хүртэл дансны хуулгыг нотлох баримтаар гаргуулан авсан болно.

 

Хариуцагч “Энгүй говь” ХХК-иас: “2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн итгэмжлэлийг бичгээр ирүүлсэн” болно.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК нь хариуцагч “Энгүй говь” ХХК-д холбогдуулан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479.084.141 төгрөг, алданги 239.542.070 төгрөг, нийт 718.626.211 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

 

Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...бүтээгдэхүүний төлөгдөөгүй үүргийн үлдэгдэл 479.084.141 төгрөг, төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр хуримтлагдсан алданги 226.120.954 төгрөг, нийт 705.205.094 төгрөгийг худалдан авагч тал худалдагч талд төлөх ёстой болохыг талууд санал нэгтэйгээр баталгаажуулж, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Тооцоо үлдэгдлийн баталгаа” баримт үйлдсэн. Үүнээс хойш одоог хүртэл төлбөр огт хийгдээгүй гэрээний үүрэгт 479.084.141 төгрөг, алданги гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 239.542.070 төгрөг, нийт 718.626.211 төгрөгийг “Энгүй говь” ХХК-иас гаргуулан “Говийн шигтгээ” ХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь ковидоос болоод үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч үйл ажиллагаа нь явагдаж байсан болох нь банкны дансны хуулгаар тогтоогдож байна” гэж тодорхойлсон.

 

Хариуцагч “Энгүй говь” ХХК нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг “Д.Оюунтуяа захиралтай тооцоо нийлсэн акт дээрх дүн одоогийн нэхэмжилж байгаа үнийн дүн хоорондоо зөрөөд байгаа...2020 онд 201.864.300 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Энэ үлдэгдлээсээ “Говийн шигтгээ” ХХК-иас гаргасан Д.Оюунтуяа захиралтай тооцоо нийлсэн акт дээр тусгагдсан явж байгаа. Акт дээр хэдэн төгрөгийн төлөлт хийгдээд явж байгаа нь графикаас харагдаж байгаа. С.Мөнхчимэг захиралтай тооцоо нийлсэн акт дээр эдний зүгээс гаргаж өгсөн баримт нь гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үнийн дүнгээсээ 0,5 хувийн алданги тооцно гэдгээрээ бидний төлсөн төлөлтөөс эд нар өөрсдөө хуульд зааснаараа алдангиа тооцоод явчихсан байгаа. Тэгсэн мөртлөө дахиад доор нь гэрээний алданги дүн гэж оруулж ирж алданги дахин тооцох боломжгүй...Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх дараалал гэж байдаг. Үүрэг гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжинд нь шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ заалтынхаа дагуу бид нар ковидтой холбоотой үйл ажиллагаа маань зогссон, зайлшгүй давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор бид нар төлөх бүх төлбөрийнхөө өрийг төлөхөд хүрэлцэхгүй байсан. Бидний төлсөн бүх төлбөрийг графикаас харахад харагдаж байгаа. Алдангиа хоногтойгоо бүх юмтайгаа үржүүлээд холиод суутгаад авчихсан байгаа...2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаанд бүтээгдэхүүн худалдан авсан үндсэн өр 479.084.141 төгрөг, алданги 226.120.954 төгрөг, нийт 705.205.094 төгрөг гэж тооцоо нийлснээс үндсэн өр 479.084.141 төгрөгийг зөвшөөрнө, харин алданги тооцсон 705.205.094 төгрөгөөс ахиж алданги тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөөгүй болно.

 

Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн “2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Г/201 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, түүний хавсралт, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Г/211 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ, түүний хавсралт, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаа, “Говийн шигтгээ” ХХК-с “Энгүй говь” ХХК-ийн зээлээр худалдан авсан дизель түлшний тооцоолол” зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК нь хариуцагч “Энгүй говь” ХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Г/201 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээ байгуулж, зээлээр олгох бүтээгдэхүүний нийт үнийн дээд хэмжээ 400.000.000 /дөрвөн зуун сая/ төгрөг, тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэхээр,

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Г/211 дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” гэрээ байгуулж, зээлээр олгох бүтээгдэхүүний нийт үнийн дээд хэмжээ 600.000.000 /зургаан зуун сая/ төгрөг, тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр, худалдан авагчийн төлсөн төлбөр нь гэрээний 5.1-д заасан алданги, гэрээний худалдан авсан үндсэн үнийн төлбөр гэсэн дарааллаар 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэхээр тус тус тохиролцжээ. /хавтас хэргийн 3-8 дахь тал/

 

Зохигчийн хооронд байгуулагдсан “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх” Г/201, Г/211 дугаартай гэрээ нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1, 263 дугаар зүйлийн 263.1-д заасан бичгээр хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулах хуулийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр хэлцэл байх бөгөөд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний харилцаа үүссэн байна гэж дүгнэлээ.

 

Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулагдсан Г/201 дугаартай гэрээгээр нийлүүлсэн шатахууны үлдэгдэл төлбөр 201.864.300 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Г/211 дугаартай гэрээгээр нийт 546.736.000 төгрөгийн төлбөр бүхий 274.633 литр дизель түлш зээлээр нийлүүлсэн, хүлээн авсан, бүтээгдэхүүн зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний хэмжээ, худалдан авсан нэгж үнэ, нийт үнийн дүн, 2021 оны 08 дугаар сарын 21-ний тооцоо нийлсэн актаас үндсэн өрийн дүн болох 479.084.141 төгрөг гэж тооцоо нийлсэн” гэдэгт талууд маргаагүй болно.

 

Хариуцагч талаас “2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаанд бүтээгдэхүүн худалдан авсан үндсэн өр 479.084.141 төгрөг, алданги 226.120.954 төгрөг, нийт 705.205.094 төгрөг гэж тооцоо нийлснээс үндсэн өр 479.084.141 төгрөгийг зөвшөөрнө, харин алданги тооцсон 705.205.094 төгрөгөөс ахиж алданги тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...үйл ажиллагаа маань зогссон, зайлшгүй давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор бид нар төлөх бүх төлбөрийнхөө өрийг төлөхөд хүрэлцэхгүй байсан” гэж маргасан.

 

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх Г/201, Г/211 дугаартай гэрээгээр талууд 2.3-т “худалдан авагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр /сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлнө. Худалдан авагчийн төлсөн төлбөр нь гэрээний 5.1-д заасан алданги, гэрээний худалдан авсан үндсэн үнийн төлбөр гэсэн дарааллаар төлөгдөнө”, 3.1-т “Бүтээгдэхүүний төлбөрийг худалдагчид энэхүү гэрээний 2.3-д заасны дагуу хугацаа хэтрүүлэлгүй төлөх үүрэгтэй”, 5.1-д “худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги тооцно” гэж тус тус тохиролцсон боловч хариуцагч “Энгүй говь” ХХК нь гэрээгээр хүлээсэн дээрх үүргээ болон Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-д “үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж хуулиар тогтоосон үүргийг тус тус биелүүлээгүй зөрчиж, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байдлаар шатахуун зээлээр худалдан авсан гэрээний төлбөр /үндсэн өр/-т 479.084.141 төгрөгийн өр төлбөртэй байсан болох нь талуудын хооронд тооцоо нийлсэн “Тооцооны үлдэгдлийн баталгаа”, үндсэн өр, худалдан авалт хийсэн төлбөр, төлөлт хийгдсэн дүн, алданги тооцсон хоног, алдангийг дүн зэргийг нарийвчлан харуулсан тооцооллын хүснэгт, зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна. /хавтас хэргийн 34-35 дахь тал/

 

Нэхэмжлэгч буюу зээлээр худалдагч тал нь Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх Г/201, Г/211 дугаартай гэрээний 4.2-т “Худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу алдангийн хэмжээг тооцон авах эрхтэй”, 4.6-т “энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг худалдан авагчаас шаардах эрхтэй” гэж заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг хариуцагч буюу зээлээр худалдан авагч талаас шаардах эрхтэй байна.  

 

Иймээс шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж дараах байдлаар шийдвэрлэсэн болно.

 

Талуудын хооронд 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр зээлээр худалдан авсан бүтээгдэхүүний тооцооллыг гаргаж, “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж, тооцоо нийлсэн байх ба тооцоололд Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх Г/201, Г/211 дугаартай гэрээний 2.3-т “худалдан авагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг тухайн сарын 25-ны өдрөөр /сүүлийн өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлнө. Худалдан авагчийн төлсөн төлбөр нь гэрээний 5.1-д заасан алданги, гэрээний худалдан авсан үндсэн үнийн төлбөр гэсэн дарааллаар төлөгдөнө”, 5.1-д “худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги тооцно” гэж тус тус заасны дагуу зээлээр худалдан авагчийн төлсөн төлбөрөөс алданги, гэрээний худалдан авсан үндсэн үнийн төлбөр гэсэн дарааллаар, алдангийг тухайн бүр хоногоор тооцож авч байсныг харуулсан “Зээлээр худалдан авсан дизель түлшний тооцоолол”, уг тооцооллоор худалдан авагчийн гүйцэтгээгүй үүргийн дүн /үндсэн өр/-г 479.084.141 төгрөг гэж тооцсоныг шүүх үндэслэлтэй гэж дүгнэж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “Энгүй говь” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479.084.141 төгрөг гаргуулахаар,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч нь “гэрээний алдангийг 2021.08.21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаагаар тооцоход алданги гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байсан учир алдангийг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцож 239.542.070 төгрөг нэхэмжилж байна” гэж тайлбарласан ба шүүх үүнд дүгнэлт хийхэд “гэрээний гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 479.084.141 төгрөгөөс талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1-д “худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож хоног тутам алданги тооцно” гэж заасны дагуу 1 хоногийн алдангийг тооцоход 2.395.421 төгрөг байх ба алданги бодох хугацааг талуудын тооцоо нийлсэн 2021.08.21-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан өдөр болох 2021.12.02-ны өдөр хүртэл тооцоход 103 хоног байх ба 103 хоногийн алданги 246.728.363 төгрөг болж байна.

 

Нэхэмжлэгчээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар алдангийг тооцож, алдангид 239.542.070 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т заасантай нийцсэн, харин хариуцагчийн “2021 оны 08 дугаар сарын 21-ний тооцоо нийлсэн актын үндсэн өр 479.084.141 төгрөг, гэрээний алданги 226.120.954 төгрөг, нийт 705.205.094 төгрөг гэж акт үйлдсэн мөртлөө, энэ дүнгээс дахиж шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаагаар алданги тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй” гэж тайлбарласан тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-т зааснаар хариуцагч “Энгүй говь” ХХК-иас гэрээний алдангид 239.542.070 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д тус тус олгохоор шийдвэрлэлээ.

 

Шүүх дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Энгүй говь” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479.084.141 төгрөг, алдангид 239.542.070 төгрөг, нийт 718.626.211 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Талуудын хооронд байгуулсан газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний 6.1-д “Дайн, иргэний бослого, түймэр, үер, халдварт өвчин, газар хөдлөлт, гадаад худалдааны болон эрүүл ахуйн хорио цээр, Засгийн газраас тавьсан хориг, татварын өөрчлөлт, тээврийн хориг болон бусад гэнэтийн болон давагдашгүй хүчний шинжтэй онцгой нөхцөл байдал үүссэнээс Талууд Гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон бол энэ тухай нөгөө Талдаа нэн даруй бичгээр мэдэгдэнэ” гэж заасан ба энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй ба хариуцагч “...үйл ажиллагаа маань зогссон, зайлшгүй давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор бид нар төлөх бүх төлбөрийнхөө өрийг төлөхөд хүрэлцэхгүй байсан” гэж мэтгэлцсэн тайлбараа хариуцагч бичгийн нотлох баримтаар нотлоогүй ба нотолгооны үүргийн зарчмын хувьд хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” үүрэг болно.

 

Шүүх зохигч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т “...хэргийн материалтай танилцах, түүнээс тэмдэглэл хийх, шүүх хуралдаанд оролцох” эрхийг бүрэн хангасан ба шүүхийн хэлэлцүүлэгт талууд “энэ эрх бүрэн хангагдсан, хэргийн материалтайгаа бүрэн дүүрэн танилцсан” талаар тайлбарласан болно.

 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3.751.081,06 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар, хариуцагч “Энгүй говь” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3.751.081,06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “Энгүй говь” ХХК-иас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479.084.141 төгрөг, гэрээний алдангид 239.542.070 төгрөг, нийт 718.626.211 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 3.751.081,06 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар, хариуцагч “Энгүй говь” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3.751.081,06 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Говийн шигтгээ” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ДАВААНАРАН