Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 203/МА2022/00018

 

ГшХХК-ийн нэхэмжлэлтэй

ЭгХХК-д холбогдох

иргэний хэргийн тухай

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2022/00048 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч ГшХХК-ий нэхэмжлэлтэй

Хариуцагч ЭгХХК-д холбогдох

“Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479,084,141 төгрөг, алданги 239,542,070 төгрөг, нийт 718,626,211 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ариунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн агуулга:

1.а. Нэхэмжлэлийн  шаардлага:

Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479,084,141 төгрөг, алданги 239,542,070 төгрөг, нийт 718,626,211 төгрөг гаргуулах тухай

1.б. Нэхэмжлэлийн үндэслэл, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

ГшХХК нь ...аймгийн...сумын нутагт байрлах Тт нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад газрын тосны бүтээгдэхүүн буюу бензин, дизель түлшийг зээлээр худалдах үйл ажиллагаа эрхлэн явуулдаг байсан. Хамтран ажиллаж шатахуун худалдан авдаг байсан байгууллагуудын нэг хариуцагч ЭгХХК юм.

ЭгХХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ./...дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-г байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу худалдагч тал болох ГшХХК нь худалдан авагч тал ЭгХХК-д шатахууныг зээлээр худалдсан. Өнгөрсөн хугацаанд ЭгХХК шатахууны төлбөрөө цаг хугацаанд нь бүрэн  төлж чадахгүй, үргэлж хугацаа хэтрүүлж төлбөрийн хэмжээг дутааж байсан. Энэ талаар нь ЭгХХК-д мэдэгдэхэд удахгүй төлнө, удахгүй уурхайгаас ажлын хөлс орж ирэхээр бүрэн төлнө гэсэн тайлбар хэлж нэмж шатахуун авсаар байсан.

2020 онд худалдан авсан шатахууны төлбөрөөс 201,864,300 төгрөг төлөгдөөгүй үлдэгдэлтэй байна.

2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ./...дугаартай “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ” байгуулж, нийт 546,736,000 төгрөгийн төлбөр бүхий 274,633 л дизель түлш мөн зээлээр нийлүүлсэн. Өмнөх оны 201,864,300 төгрөгийн төлбөрийн үлдэгдэл, мөн 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хоёр байгууллагын хооронд үүссэн төлбөр тооцоог нягталж үзэн тооцоо үлдэгдлийг баталгаажуулж үзэхэд худалдан авагч тал нийт 748,600,300 төгрөгийн бүтээгдэхүүн авсан.

Үүнээс бүтээгдэхүүний төлөгдөөгүй үнийн үлдэгдэл 479,084,141 төгрөг, төлбөрийн үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй үндэслэлээр хуримтлагдсан алданги 266,120,954 төгрөг, нийт 705,205,094 төгрөгийг худалдан авагч тал худалдагч талд төлөх ёстой болохыг талууд санал нэгтэйгээр баталгаажуулж, 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “Тооцоо үлдэгдлийн баталгаа” баримт үйлдсэн. Үүнээс хойш одоог хүртэл төлбөр огт хийгдээгүй учир 239,542,070 төгрөг, нийт 718,626,211 төгрөгийг ЭгХХК-аас гаргуулан ГшХХК-д олгож өгнө үү. Хариуцагч нь ковидоос болоод үйл ажиллагаа явуулаагүй гэх боловч үйл ажиллагаа нь явагдаж байсан болох нь банкны дансны хуулгаар тогтоогдож байна гэжээ.  

 

2. Хариуцагч талын тайлбарын агуулга:

2.а. Хариуцагч ЭгХХК-ий татгалзал, татгалзлын үндэслэл:

Татгалзал: ...Нэхэмжлэгч ГшХХК-ийн гүйцэтгэх захирал С.Мтэй ЭгХХК-ийн Г.Ц нар нь хоорондын тооцоог цахим сүлжээгээр 326,735,300 төгрөгөөр эцсийн үлдэгдлээр гарын үсэг зурж нийлсэн байдаг. Гэтэл ГшХХК-ийн гаргасан нэхэмжлэлд үнийн дүн нь 479,084,141 төгрөг гэж заасантай ЭгХХК нь санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байна.

Г.О захиралтай тооцоо нийлсэн акт дээрх дүн одоогийн нэхэмжилж байгаа үнийн дүн хоорондоо зөрөөд байгаа. Манайх 2020 оноос эхэлж хамтарч ажилласан.

2020 онд 201,864,300 төгрөгийн үлдэгдэлтэй байсан.

С.М захиралтай тооцоо нийлсэн акт дээр эдний зүгээс гаргаж өгсөн баримт нь гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй үнийн дүнгээсээ 0,5 хувийн алданги тооцно гэдгээрээ бидний төлсөн төлөлтөөс эд нар өөрсдөө хуульд зааснаараа алдангиа тооцоод явчихсан мөртөө дахиад доор нь гэрээний алданги гэж дүн оруулж ирсэн.

Хуулиараа үндсэн төлбөр дээр 2 дахин алданги тооцохгүй гэсэн байгаа. Тухайн үед ГшХХК нь төлсөн төлөлт болгоноос алданги тооцож байсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбарлаж байгаагаар нийт төлсөн үнийн дүнгээсээ бид нар 269,516,159 төгрөгийг төлчихсөн, үүнээс алдангид тооцож авсан дүн нь 152,000,000 төгрөгийг суутгаж авсан байдаг. Энэ дээр манайх үнийн дүн дээр санал нийлэхгүй байгаа.

Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэх дараалал гэж байдаг. Үүрэг гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид нь шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэсэн заалт байдаг. Энэ заалтынхаа дагуу бид нар ковидтой холбоотой үйл ажиллагаа мань зогссонтой холбоотой, зайлшгүй давагдашгүй хүчин зүйлтэй холбоотойгоор бид нар төлөх бүх төлбөрийнхөө өрийг төлөхөд хүрэлцэхгүй байсан.

Бидний төлсөн бүх төлбөрийг графикаас харахад харагдаж байгаа. Алдангиа хоногтойгоо бүх юмтайгаа үржүүлээд холиод суутгаад авчихсан байгаа. Тэгэхээр Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг эхнийх нь үндсэн төлөлтийнх нь төлбөрийг төлүүлээд дараагийнх нь төлбөр нь хэдэн төгрөг гарахаар байна. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр тооцооны үлдэгдлийн баталгаанд бүтээгдэхүүн худалдан авсан үндсэн өр 479,084,141 төгрөг, алданги 226,120,954 төгрөг, нийт 705,205,094 төгрөг гэж тооцоо нийлснээс үндсэн өр 479,084,141 төгрөгийг зөвшөөрнө, харин алданги тооцсон 705,205,094 төгрөгөөс ахиж алданги тооцож нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч ЭгХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үүрэгт 479,084,141 төгрөг, гэрээний алдангид 239,542,070 төгрөг, нийт 718,626,211 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ГшХХК-д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч ГшХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,751,081.06 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар, хариуцагч ЭгХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 3,751,081.06 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ГшХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

4.а. Шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй талаар:

 ЭгХХК-аас гэрээний үүрэгт гаргуулах мөнгөн дүнг Г-201, 211 дугаартай Газрын тос зээлээр нийлүүлэх гэрээний 2.3-т Худалдан авагчийн төлсөн төлбөр нь гэрээний 5.1-т заасан заасан алданги, гэрээний худалдан авсан үнийн дүн гэсэн дарааллаар төлөгдөнө.” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн тооцооллын дагуу тодорхойлжээ.

Анхан шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаан дээр гаргасан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасны үндэслэн үүрэг гүйцэтгэх дарааллыг тогтоосны дагуу төлбөрийн тооцооллыг хийх ёстой гэсэн тайлбар, үндэслэлийг шүүх хүлээн авч, уг хуулийг хэрэглээгүй байна.

Гэтэл Иргэний хуулийн 216 дугаар зүйл нь бүхэлдээ захирамжилсан шинжтэй (императив) хэм хэмжээ байх тул тухайн тохиолдолд гэрээний заалт буюу талуудын тохиролцоог шүүх хэрэглэхгүй хуульд заасан хэм хэмжээг хэрэглэх ёстой байсан гэж үзэж байна.

 

4.б. Шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасныг үндэслэн хариуцагчийн гэрээний үүрэгт гүйцэтгэх мөнгөн төлбөрийн хэмжээг тодорхойлсон бол шүүхийн шийдвэрт заасан дүн бус өөр дүн гарах байсан.

Хариуцагч ЭгХХК-ийн зүгээс ГшХХК-д шатахууны төлбөрт хийсэн мөнгөн дүнг дээрх хуульд заасан үндсэн үүргийн төлбөрт дараа нь анзын төлбөрт суутган тооцсон бол хавсралтад заасан тооцоолол гарах юм.

Дээрх тооцооллын дагуу хариуцагчийн үүргийн гүйцэтгэлийн хэмжээ нь үндсэн өр төлбөрт 327,020,000 төгрөг, нэхэмжлэл гаргасан 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны алданги 238,724,600 төгрөг болох ба Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дахь хэсэгт зааснаар алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцоход 163,510,000 төгрөг, нийт 490,530,000 төгрөг болж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч ЭгХХК-аас газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээний үндсэн үүрэгт 238,724,600, алдангид 163,510,000 төгрөг, нийт 490,530,000 төгрөг гаргуулахаар өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч ГшХХК-ийн төлөөлөгч С.М, түүний өмгөөлөгч Н.Энхтөр нарын давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналын агуулга:

Давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Тооцоо нийлсэн актаар 479,084,141 төгрөгийн үлдэгдэлтэй байгааг зөвшөөрсөн, энэ төлбөрөө төлнө гэсэн хугацаандаа төлөөгүй тул алдангийг хуульд зааснаар энэ дүнгийн 50 хувиар тооцож 239,542,070 төгрөг нийт 718,626,211 төгрөг нэхэмжилж байгаа юм.  Гэрээгээр алданги төлнө гэж тохирсон. Гэрээнд зааснаар үүргээ хугацаанд биелүүлээгүй тул алданги нэхэмжлэх эрхтэй. харин алдангийг давхардуулж нэхэмжлээгүй. 152,000,000.0 төгрөгийн алданги гэдэг бол өмнө нь үүргээ биелүүлээгүйгээс гэрээнийхээ дагуу тооцож суутгасан алданги. Манайх гомдол гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.  

 

6. Хариуцагч ЭгХХК-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бгийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Тайлбараа гомдолд заагдсан, гомдолд заагдаагүй хоёр үндэслэлээр тайлбарлана. Нэг гэрээний хувьд нэг л хугацаа хэтрэлт байх ёстой.

Өмнө төлөгдсөн мөнгийг Иргэний хуулийн 216 дүгээр зүйлд заасан дарааллын дагуу тооцох саналтай. Хуулийг агуулгаас өөрчлөх буюу хэрэглэхгүй байх ёсгүй.

Алдангид 152,000,000.0 төгрөгийг алдангид тооцож авсан. Үүнийг төлбөрт тооцуулж хасна. Харин үндсэн мөнгөнөөс хасаж тооцох уу, алдангиас хасаж тооцох уу гэдэгт маргаан байна. Иймд давж заалдах гомдлын дагуу шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Мгийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзээд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүх талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах зүйтэй байна гэж үзлээ.

 2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу талуудад мэтгэлцэх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож, хуульд заасан шаардлага хангасан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр шийдвэр гаргасан байх тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-д заасан “шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана” гэсэн хуулийн шаардлагад нийцсэн байна. 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний үндсэн үүрэгт 238,724,600 төгрөг, алдангид 163,510,000 төгрөг нийт 490,530,000 төгрөг төлөхөөр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах тухай давж заалдах журмаар гомдол гаргажээ.

4. Нэхэмжлэгч ГшХХК нь  хариуцагч ЭгХХК-д холбогдуулан,  худалдах-худалдан авах гэрээний үүргийн үндсэн төлбөрт 479,084,141 төгрөг, алдангид 239,542,070 төгрөг нийт 718,626,141.00 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь 479,084,141 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг алдангиас алданги тооцсон тул зөвшөөрөхгүй гэж маргажээ.

5. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ ЭгХХК-тай 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан ./...тоот “Газрын тосны бүтээгдэхүүн зээлээр нийлүүлэх гэрээ”-нд үндэслэсэн. Уг гэрээг талууд нэг жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний 2.1, 2.4-д зааснаар нэхэмжлэгч нь гэрээний дагуу стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг нийлүүлэх, нийт үнийн дүн 600,000,000 төгрөгөөс хэтрэхгүй байх, гэрээний 3.1, 2.3-д зааснаар хариуцагч нь тухайн сардаа худалдан авсан бүтээгдэхүүний төлбөрийг  тухайн сарын 25-ны өдрөөр тасалбар болгон тооцоо нийлж дараа сарын 15-ны өдөр багтаан төлөхөөр тохиролцсон байна. /хэргийн 06 дугаар хуудас/

6. 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн ./...тоот гэрээнд хүү төлөх талаар тохиролцсон байдал тусгагдаагүй байхад анхан шатны шүүх уг гэрээг худалдах худалдан авах гэрээний төрөлд нарийвчлан зохицуулсан Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж гэрээний агуулга, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2, 262.3 дахь зохицуулалтын үндсэн шинж нь гэрээний үнээс гадна төлбөл зохих хүүгийн хэмжээг талууд тохиролцсон байх юм.

Өөрөөр хэлбэл, зээлээр худалдах худалдан авах гэрээний үнэ нь мөн хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний үнээс нэмэгдсэн байх нь  уг хоёр гэрээний ялгагдах шинж болж байна. 

Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж дүгнэж, хууль хэрэглээний хувьд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах зүйтэй шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

7. Гэрээний дагуу худалдагч нь нийт 546,736,000 төгрөгийн дизель түлш нийлүүлж, худалдан авагч нь 451,580,300 төгрөгийг худалдагчид төлснөөс худалдагч нь 269,516,159 төгрөгийг гэрээний үндсэн үүрэгт, 152,064,141 төгрөгийг алдангид суутгасан тухай нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.  

8. Нэхэмжлэгч нь гэрээний үндсэн үүрэгт 2020 онд худалдан авсан шатахууны үлдэгдэл төлбөр 201,864,300 төгрөг, үүн дээр 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд нийлүүлсэн дизель түлшний төлөгдөөгүй үнэ 277,219,841 төгрөгийг нэмж нийт 479,084,141 төгрөг нэхэмжилж, тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг шүүхэд гаргаж ирүүлсэн байна. /хэргийн 01-02, 36 дугаар хуудас/

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М нь “...2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн тооцооны үлдэгдлийн баталгаанд үндсэн өр 479,084,141 төгрөг ... гэж тооцоо нийлсэн 479,084,141 төгрөгийг зөвшөөрнө” гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. /хэргийн 119 дүгээр хуудас/

Иймд хариуцагчийг гэрээгээр худалдан авсан бүтээгдэхүүний үнийг төлөөгүй гэж үзэх тул  нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас худалдсан газрын тосны үнэд 479,084,141 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна.

10. Талууд гэрээний 4.2-д “худалдан авагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд энэхүү гэрээний 5.1-д заасны дагуу алдангийг тооцон авах эрхтэй” гэж худалдагчийн эрхийг зааж, гэрээний 5.1-д “худалдан авагч нь энэхүү гэрээний 2.3-д заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар тооцож хоног тутамд алданги төлнө” гэж алдангийн хэмжээг тохиролцжээ. /хэргийн 03-04 дүгээр хуудас/

11. Хариуцагч нь гэрээгээр худалдан авсан газрын тосны үнийг гэрээний 2.3-д заасан хугацаанд нь төлөөгүй тул хариуцагчийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-т зааснаар хугацаа хэтрүүлж үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл болж нэхэмжлэгчид алданги нэхэмжлэх эрхийг үүсгэжээ.

Хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алданги төлөх үүрэгтэй.

12. Үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч /худалдагч/ нь хугацаа хэтрүүлсэн, үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч /худалдан авагч/ нь гэрээний үнэ төлөх хугацааг хэтрүүлсэн нь түүний  гэм буруугаас болоогүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

13. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт  анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болохоор заасан боловч ийм нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй, зохигчид энэ асуудлаар маргаагүй байна. 

14. Хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар нэхэмжлэгчид газрын тосны үнэд төлөх  479,084,141 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор багтаан төлөх үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний дээрх заалтын дагуу алдангийг тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна. Энэ тооцооны талаар хариуцагчаас маргаан үүсгээгүй.

Иймд хариуцагчаас алдангид 239,542,070 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцнэ.

15. Энэ магадлалын “Хянавал” хэсгийн 6 дахь заалтын агуулгаас 479,084,141 төгрөгийн дүнд алданги багтаагүй тухай дүгнэсэн. Иймд алдангийн дүнгээс алданги тооцож нэхэмжилсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

16. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нь  гэрээ хэрэгжих явцад алдангид төлсөн 152,064,141 төгрөгийг үндсэн үүрэгт эсхүл нэмэлт үүрэгт тооцуулах тухай тайлбар гаргасан. Мөн энэ агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Тайлбар болон  гомдол үндэслэлгүй.

16.1. Үүрэг гүйцэтгэх дарааллыг зохицуулсан Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн  216.4-т “Үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ” гэжээ. 

Энэ зохицуулалтын “...төлөх хугацаа болсон өр” гэдэг нь гэрээний талууд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан  талууд хуулийн хүрээнд чөлөөтэй,  агуулгыг өөрсдөө тодорхойлж байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж зааснаар гүйцэтгээгүй үлдсэн буюу биелэгдээгүй үлдсэн үүрэг “өр” гэх агуулгыг илэрхийлж байна.

Иймд гэрээнд заасан үндэслэлээр харилцан тооцож дуусгавар болсон үүргийг буцаан шаардах үндэслэл хариуцагчид үүссэн гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдохгүй байна.

16.2. Хариуцагч тал гэрээний үүргээ зөрчсөнөөр нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн тул нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” гэж аливаа этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой эрх зүйн хамгаалалтад нийцсэн.

16.3. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх зохицуулалтыг гэрээний үүргийг багасгах, өөрчлөх агуулгыг багтаагаагүй харин гэрээний хугацаа дууссанаас хойш үүрэг гүйцэтгэгчээс төлсөн төлөлтийг аль үүрэгт нь эхэлж тооцох тухай зохицуулсан хэм хэмжээ гэж ойлгоно. 

 17. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлтэй гэж дүгнэж бус, харин хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хуульд нийцүүлэн үнэлж хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан тул хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн тэмдэгтийн хураамжийг буцаан олгоогүй болно.   

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2022/00048 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “262 дугаар зүйлийн 262.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,298,432 /нэг сая хоёр зуун ерэн найман мянга дөрвөн зуун гучин хоёр/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

4.  Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.НАСАНЖАРГАЛ

 

                                        ШҮҮГЧИД                           Х.ГЭРЭЛМАА

 

                                             Ш.ТӨМӨРБААТАР