Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 102/ШШ2022/03013

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч:...тоотод оршин суух, регистр ....., Ш...овогт Л....ын О...,

Хариуцагч:...байранд байрлах, Н...,

Нэхэмжлэлийн шаардлага:2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т...,  хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.У..., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Хонгорзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  Л.О... нь Н...т холбогдуулан 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасан.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.Үүнд:

 Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” ... тоот захирамжаар Л.О..., М.М... биднээс 29,199,874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.. банк ХХК-д олгож харин бид 2020 оны 12 дугаар сарын 25-ны дотор дээрх төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд ... дугаартай ... тоот хаягт байрлах 39,75 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн ... тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор 181 тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэхийг зөвшөөрч улмаар Ч.У... нь  миний өмчлөлийн ... тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахын тулд 2020 оны 9  дүгээр сарын 10-ны өдөр .... “Шинжээч томилох тухай” тогтоолоор Х... ХХК-ийг дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор томилж шийдвэрлэсэн ба Х... ХХК нь 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ...  тоот Хөрөнгийн үнэлгээний тухай албан тоотоор миний ... дугаартай .... тоот хаягт байрлах 39,75 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 65,112,200 төгрөгөөр үнэлж үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байсныг шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 9 дүгээр сарын 23-ний өдөр танилцуулж байсан. Н... нь анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахдаа хуулиар тогтоосон дараах хэм хэмжээг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан, 2021, 2022 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 2020 оноос 30 дахин өссөн байх атал анхны албадан дуудлага худалдааг 2020 онд үнэлэгдсэн үнийн дүнгээр буюу 2 жилийн өмнөх дуудлага худалдааны үнээр оруулах тогтоол гаргасан байх ба энэ нь миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямд зарагдах нөхцөл байдлыг бий болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн байх ба энэ зохицуулалтаар авч үзвэл 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааны зарыг хамгийн багадаа 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө дуудлага худалдааны талаарх мэдээллийг олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхээр байна.Гэвч дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч болоод тус тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь энэ талаар ажиллагаа явуулаагүй атлаа анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах тогтоол гаргаж хууль бус үйл ажиллагаа явуулж хохироож байна.Шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр утсаар холбогдож та төлбөр төлсөн баримтуудаа авч ирж өгөх шаардлагатай байна өнөөдөр заавал ирээрэй гээд байхаар би банк орж төлбөр төлсөн /9,000,000/ баримтуудаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага орсон боловч гэнэт дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдэл гардуулж 2 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаанд орох шийдвэр гарсан гэж хэлсэн.Миний зүгээс энэ тогтоолд чинь би гомдлоо гаргамаар байна маргаашаас бүх нийтийн амралт болж байна шүү дээ /цагаан сар/ тэгээд бүх нийтийн амралт дуусаад дуудлага худалдаа чинь болж байна яагаад ингэж богино хугацаанд тэр тусмаа бүх нийтийн амралт болж байхад мэдэгдэж байгаа юм бэ гэхэд би тэрийг чинь мэдэхгүй та шаардлагатай бол өмгөөлөгчөөс зөвлөгөө ав, би ажлаа хийж байна гэж уурлаад өрөөнөөсөө бараг хөөж гаргасан.Би хаана хандахаа мэдэхгүй ахлах дээр нь орох гэсэн боловч тус өдөр ахлах нь байхгүй байсан ба ингээд би 2022 оны 2 дугаар сарын 07-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч дээр орж яагаад зах зээлийн үнээр худалдан борлуулахгүй байгаа юм бэ тэглээч би төлбөрөө төлсөөр одоо 20,000,000 орчим төгрөг л үлдсэн гэж үнэ учраа хэлж орсон боловч та шаардлагатай бол гомдлоо бичгээр өг би хуульд заасан хугацаанд хариу өгнө гэж хэлсэн учир хуульд заасан хугацаа нь хэд хоног юм гэхэд 14 хоног гэж хэлсэн ба өөрийн чинь хариуг хүлээсээр байтал дуудлага худалдаа болоод дуусгавар болох нь гэхэд би танд бичгээр хариуг чинь өгнө гээд гаргасан.Би ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан гомдлын хариуг бичгээр авсны дараагаар шүүхэд хандах юм бол 2 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаа болж би орон сууцаа алдаж орох оронгүй болох тул шүүхийн байгууллагад хандан нэхэмжлэл гаргаж байна.Би 2020, 2021 онуудад өдөр өнжүүлэх төв ажиллуулж үйл ажиллагаа явуулсан боловч тус онуудад засгийн газрын шийдвэрээр хөл хорио тогтоож үйл ажиллагаа явуулах боломжгүй байсны дээр ажиллаж байсан богино хугацаанд эцэг эхчүүд хүүхэд халдвар авах эрсдэл өндөр гэж үзэж өдөр өнжүүлэх хүүхдийн тоо эрс буурсан, би аль болох төлбөрийг төлсөөр өнөөдрийг хүрч байхад тэтгэврийн насны намайг орох оронгүй болгох гэж байгаад гомдолтой байна.Иймд 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн ... тоот анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч хариу тайлбартаа:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дүгээр захирамжаар Л.О..., М.М... нараас 29.606.949 төгрөгийг гаргуулж Х... банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн.Төлбөр төлөгч Л.О..., М.М... нарын шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул 495 дугаар гүйцэтгэх хуудсанд заасан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан ... тоот орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан.Төлбөр төлөгч Л.О... нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар орон сууцны үнийн саналыг 300.000.000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй, мөн төлбөр төлөгч М.М...ын хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгөнд шинжээч томилж, талуудаас шинжээчээс татгалзах татгалзал болон санал хүсэлтийг тодруулахад санал хүсэлт гаргаагүй.Дээрх орон сууцыг томилогдсон шинжээч 65.112.200 төгрөгийн үнэлгээ тогтоосон тул мөн хуулийн 55.3-т заасны дагуу талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.Нэхэмжлэгч Л.О... нь 2020 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд ... тоот орон сууцыг 65.112.200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэлгээ хэт доогуур байх тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн ... дүгээр магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэсэн.Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Л.О...ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгчээс-Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, хариуцагч байгууллагаас Л.О..., М.М... нарт ирүүлсэн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн мэдэгдлийг шүүхэд өгсөн./хх 8-13/  

Хариуцагчаас:Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай хүсэлт шийдвэрлэсэн захирамж, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн худалдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоол, албадан дуудлага худалдааны зарыг шүүхэд өгсөн./хх 32-44, 103-108/

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.О...ын нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд:

Анхны албадан дуудлага худалдааг 2020 онд үнэлэгдсэн үнийн дүнгээр буюу 2 жилийн өмнөх дуудлага худалдааны үнээр оруулах тогтоол гаргасан байх ба энэ нь миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямд зарагдах нөхцөл байдлыг бий болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т зааснаар дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн байхад энэ ажиллагаа явуулаагүй атлаа анхны албадан дуудлага худалдааг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулах тогтоол гаргаж хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж тайлбарласан.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөрөнгөнд үнэлгээ тогтоолгосон, мөн хуулийн 55.3-т заасны дагуу талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн.

Л.О...ын  үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн,  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ... тоот тогтоолыг хүчингүй болгох тухай Л.О...ын нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй  гэж тайлбарласан.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн ... дугаартай “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, тус шүүхийн шүүгчийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай захирамж, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ... дугаар гүйцэтгэх хуудас, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол,  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ... дугаартай хүсэлт шийдвэрлэсэн захирамж, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн ... дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар магадлал, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн худалдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоол, албадан дуудлага худалдааны зар, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ... дугаар захирамжаар хариуцагч Л.О..., М.М... нар 29 199 874 төгрөгийг нэхэмжлэгч Х... банк ХХК-д төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд ...  тоот, 39.75м2 талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх 9-10/

Дээрх 2019 оны 10 дугаар сарын 31-ны өдрийн ... дугаар захирамжийг албадан гүйцэтгэх захирамж 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр гарч, мөн өдөр гүйцэтгэх хуудас бичигдсэн байна./хх 8/

Энэхүү гүйцэтгэх хуудасны дагуу хариуцагч байгууллага нь 2020 оны 5 дугаар  сарын 8-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай .... дугаар тогтоол гаргаж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна./хх 11/

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн .... дугаар шийдвэрээр Л.О...ын нэхэмжлэлтэй Н...т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шийдвэрлэсэн байна./хх 39-40/

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн ... дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг Л.О...ын гомдлоор хянан хэлэлцсэн байна./хх 41-43/

Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ... дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.О...ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар Л.О...ын Х... ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг эс зөвшөөрч гарсан гомдол эцэслэн шийдвэрлэгдсэн байна./хх 44/

Хариуцагч байгууллагын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай” ... дугаар тогтоолоор ... тоот хаягт байршилтай орон сууцыг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар борлуулахаар шийдвэрлэсэн байна.

Хариуцагч байгууллага нь анхны дуудлага худалдаа явуулах тухай зарыг нийтэд 2022 1 дүгээр сарын 31-ний өдөр нийтэд мэдээлсэн болох нь баримтаар нотлогдож байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-т заасныг хариуцагч байгууллага зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн “Анхны дуудлага худалдаа явуулах тухай” .... дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Л.О...ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигч, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             З.ДОРЖНАМЖИН