Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01922

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2022/01922

 

 

 

Л.О-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч С.Энхбаяр, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03013 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч НШШГГ-т холбогдох,

2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/5 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Цэрэнжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 102/ШШ2019/02890 тоот захирамжаар Л.О-, М.М- биднээс 29,199,874 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХБ ХХК-д олгож харин бид 2020 оны 12 дугаар сарын 25-ны дотор дээрх төлбөрийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож энэ хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд Ү-2205037082 дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 12/5 байрны 61 тоот хаягт байрлах 39,75 м.кв нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Тасгийн дарга бөгөөд Баянгол дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 20250437 тоот Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолоор 181 тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлүүлэхийг зөвшөөрч улмаар Ч.Урангоо нь миний өмчлөлийн Ү-2205037082 тоот дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахын тулд 2020 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 9/423 тоот шинжээч томилох тухай тогтоолоор ХЭ ХХК-ийг дээр дурдсан үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор томилж, миний орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 65,112,200 төгрөгөөр үнэлж үнэлгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсэн байсныг шийдвэр гүйцэтгэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр танилцуулж байсан.

НШШГГ- нь анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахдаа хуулиар тогтоосон дараах хэм хэмжээг зөрчиж хууль бус үйл ажиллагаа явуулсан, 2021, 2022 онуудад үл хөдлөх эд хөрөнгийн үнэ 2020 оноос 30 дахин өссөн байх атал анхны албадан дуудлага худалдааг 2020 онд үнэлэгдсэн үнийн дүнгээр буюу 2 жилийн өмнөх дуудлага худалдааны үнээр оруулах тогтоол гаргасан байх ба энэ нь миний үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямд зарагдах нөхцөл байдлыг бий болгосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн байх ба энэ зохицуулалтаар авч үзвэл 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дуудлага худалдааны зарыг хамгийн багадаа 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс өмнө дуудлага худалдааны талаарх мэдээллийг олон нийтэд хандан хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэхээр байгаа ч шийдвэр гүйцэтгэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр утсаар холбогдож та төлбөр төлсөн баримтуудаа авч ирж өгөх шаардлагатай байна өнөөдөр заавал ирээрэй гээд байхаар би банк орж төлбөр төлсөн /9,000,000/ баримтуудаа авч шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага орсон боловч гэнэт дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол мэдэгдэл гардуулж 02 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаанд орох шийдвэр гарсан гэж хэлсэн. Маргаашаас бүх нийтийн амралтын дараа /цагаан сар/ дуудлага худалдаа болно гэсэн яагаад ингэж богино хугацаанд мэдэгдэж байгаа юм бэ гэхэд би тэрийг чинь мэдэхгүй гэсэн. Би хаана хандахаа мэдэхгүй ахлах дээр нь орох гэсэн боловч тус өдөр ахлах нь байхгүй байсан ба би 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр ахлах шийдвэр гүйцэтгэгч дээр орж учрыг тодруулахад би танд бичгээр хариуг чинь өгнө гээд гаргасан. Би ахлах шийдвэр гүйцэтгэгчид хандсан гомдлын хариуг бичгээр авсны дараагаар шүүхэд хандах юм бол 02 дугаар сарын 15-ны өдөр дуудлага худалдаа болж би орон сууцаа алдаж орох оронгүй болох тул шүүхийн байгууллагад хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/5 тоот анхны дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү.

 

2. Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2890 дугаар захирамжаар Л.О-, М.М- нараас 29,606,949 төгрөгийг гаргуулж ХБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч Л.О-, М.М- нарын шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг барагдуулах талаар мэдэгдлийг удаа дараа гардуулсан боловч бүрэн төлж барагдуулаагүй тул 495 дугаар гүйцэтгэх хуудсанд заасан үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжны 12/5 дугаар байрны 61 тоот орон сууцыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар битүүмжилж, хураасан.

Төлбөр төлөгч Л.О- нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар орон сууцны үнийн саналыг 300,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй, мөн төлбөр төлөгч М.М-ын хүсэлтийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгөнд шинжээч томилж, талуудаас шинжээчээс татгалзах татгалзал болон санал хүсэлтийг тодруулахад санал хүсэлт гаргаагүй. Дээрх орон сууцыг томилогдсон шинжээч 65,112,200 төгрөгийн үнэлгээ тогтоосон тул мөн хуулийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу талуудад хуулийн хугацаанд мэдэгдсэн. Нэхэмжлэгч Л.О- нь 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тус орон сууцыг 65,112,200 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг зах зээлийн үнэлгээ хэт доогуур байх тул үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасны дагуу Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 3532 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 400 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Монгол улсын дээд шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 117 дугаар тогтоолоор гомдлыг хүлээн авахаас татгалзаж тус тус шийдвэрлэсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/5 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Анхны дуудлага худалдаа явуулах тухай 2/5 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Л.О-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

4.а. Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтыг буруу үнэлсэн. Учир нь НШШГГ- нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/5 тоот анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулахдаа хуулиар тогтоосон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн байдаг. Гэтэл дуудлага худалдаа болох талаар нийтэд мэдээлээгүй байх атал анхан шатны шүүхийн шийдвэрээр нийтэд мэдэгдсэн гэж үзэж шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй байна.

4.б. Шүүх хуралдаанд талуудыг мэтгэлцэх боломжоор хангаагүй, учир нь миний бие өмгөөлөгч Б.Т-ийн хамт шүүх хуралдаанд оролцох хүсэлттэй байсан боловч өмгөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч талаас тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзсэн болно.

 

1. Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Анхны албадан дуудлага худалдааг 2020 онд үнэлэгдсэн үнийн дүнгээр буюу 2 жилийн өмнөх дуудлага худалдааны үнээр оруулах тогтоол гаргасан нь үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнээс хямд зарагдах нөхцөл байдлыг бий болгосон. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаа эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн байхад энэ ажиллагаа явуулаагүй атлаа анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2/5 тоот тогтоол гаргасныг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

2. Нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдаж байгаа тул 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/5 тоот тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж хариуцагч тал маргажээ.

 

3. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 102/ШШ2019/02890 дугаар захирамжаар хариуцагч Л.О-, М.М- нар 29,199,874 төгрөгийг нэхэмжлэгч ХБ ХХК-д төлж барагдуулах, үүргээ биелүүлээгүй тохиолдолд Баянгол дүүрэг, 6 хороо, Дилав хутагт Жамсранжавын гудамж, 12/5 байр, 61 тоот, 39.75 м.кв талбай бүхий нэг өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийг хангахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 102/ШЗ2020/06386 дугаар албадан гүйцэтгэх захирамжийн дагуу мөн өдөр гүйцэтгэх хуудас тус тус бичигджээ./хх 8-10/

 

3.а. Хариуцагч, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хх 11/

 

3.б. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2020/03532 дугаар шийдвэрээр Л.О-ын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 400 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. /хх 39-43/

 

3.в. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 001/ШХТ2021/00117 дугаар тогтоолоор нэхэмжлэгч Л.О-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар Л.О-ын ХЭ ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн үнэлгээг эс зөвшөөрч гарсан гомдол эцэслэн шийдвэрлэгдсэн байна. /хх 44/

 

4. Хариуцагчийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 2/5 дугаар тогтоолоор эрхийн улсын бүртгэлийн Ү-2205037082 дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, Дилавхутагт Жамсранжавын гудамжны 12/5 дугаар байрны 61 тоот хаягт байршилтай орон сууцыг 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдөр анхны албадан дуудлага худалдаагаар борлуулах тухай мэдэгдлийг нэхэмжлэгч талд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 4-181/2006 тоот албан бичгээр хүргүүлсэн байна. /хх 13/

 

5. Нэхэмжлэгч Л.О-аас дээрх тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа тухай гомдлоо ахлах шийдвэр гүйцэтгэгчид 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр бичгээр гаргасан гэх боловч уг гомдлыг хэрхэн хянан шийдвэрлэж хариу өгсөн тухай баримт хэрэгт авагдаагүй байна. /хх 15/

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн гомдлыг шийдвэрлэсэн тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргахаар тус тус заасан байх бөгөөд уг журмыг нэхэмжлэгч баримтлаагүй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх боломжгүй талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2022/03013 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2/5 тоот анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэгч Л.О-ын нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ