Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2019/00369

 

Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу зөв харьцуулан үнэлээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч Н.Л, “Д” ХХК нараас 2 400 000 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар эс зөвшөөрч маргасан./ хх-ийн 1, 13-14, 70/

 

Хэрэгт “Д” ХХК-ийн эзэмшлийн авто машиныг нэхэмжлэгч О.Л барьж яваад “Д” ХХК-нд хураалгасан. “Д” ХХК нь Н.Лд уг машиныг худалдсан байсан боловч Н.Л машины мөнгийг бүрэн төлж чадаагүйн улмаас гэрээ цуцлагдсан гэх тайлбарыг талууд гаргажээ.

 

Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч Н.Лд дээрх маргааны зүйл болох автомашиныг худалдан авахаар  мөнгөн хөрөнгө шилжүүлсэн боловч машин буцаагдсан, гэрээ хэрэгжээгүй тул мөнгөө авах ёстой гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлажээ. Нэхэмжлэгч бэлнээр 1 000 000 төгрөг  хариуцагчид шилжүүлснийг хариуцагч үгүйсгээгүй.

 

Дээрх 1 000 000 төгрөгөөс 450 000 төгрөгийг өөрөө ашиглах, бусад мөнгөн хөрөнгийг “Д” ХХК-ийн дансанд болон эхнэрийнхээ дансанд шилжүүлэх зэргээр захиран зарцуулсан талаараа тайлбарлажээ. Иймд нэгэнт эзэмшилдээ хүлээн аваад буцаалт хийгээгүй 1 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь үндэслэлтэй юм. Харин “Д” ХХК, өөрийн эхнэр гэх Б.Батбаяр нартай тооцоо хийхэд энэ шийдвэр саад болохгүй юм.

 

Хариуцагч Н.Л нь нэхэмжлэгчийн зааварчилгааны дагуу дээрх мөнгөн хөрөнгийг “Д” ХХК-нд шилжүүлсэн, уг компанитай ямар ч гэрээний харилцаагүй, үүрэггүй байсан гэдэг тайлбараа баримтаар нотлоогүйгээс гадна “Д” ХХК-ийн “манайх иргэн Н.Лтай авто машин худалдах худалдан авах гэрээний харилцаатай байсан бөгөөд тэрээр машиныг цааш нь дамжуулан худалдах эрхгүй байсан” гэж тайлбарласныг ч няцааж чадаагүй байна./хх-ийн 13-14/

 

Хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан 3 ширхэг мөнгөн шилжүүлгийн баримтаар “Д” ХХК-д нэхэмжлэгч 400 000 төгрөгийг шилжүүлжээ. /хх-4-6/ Үүнийг няцаасан болон үгүйсгэсэн баримтыг хариуцагч “Д” ХХК-ийн зүгээс гаргаагүй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт зааснаар “Д” ХХК-иас 400 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор, хариуцагч Н.Лаас 1 000 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Лт олгож үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгохоор өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. Хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь Б.Батбаярын дансанд мөнгөн хөрөнгө шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгч нь Батбаярт холбогдуулж шилжүүлсэн мөнгөө нэхэмжлэх эрхийг энэ шийдвэр хөндөхгүй юм. /хх-ийн 40-45/

 

Харин 542 500 төгрөгийг П ХХК-иас “Д”  ХХК-нд шилжүүлсэн үйл баримтыг талууд үгүйсгээгүй боловч уг 542 500 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхтэй болохоо, түүнчлэн “Д”  ХХК-ийн авто машиныг бүрэн засварласан гэх үйл баримтаа нэхэмжлэгч нотолж чадаагүй тул хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Н.Л нь “Д” ХХК-ийн эзэмшлийн 85-10 УНР улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид өгөх санаа, зорилгогүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ нэхэмжлэгчээр төлүүлж, өөрийн зардлаа хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байх үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Нэгэнт өөрийн эзэмшлийн мөнгөн хөрөнгийг Н.Л захиран зарцуулсан тул дансны дугаар шалгуулах лавлагаа гаргуулах хүсэлт нь тухайн хэрэгт ач холбогдолгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв юм. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн үнийн дүнд өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэсэгчлэн хангав.