Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 03007

 

 

 

  

 

      2018 оны 12 сарын 06 өдөр

        Дугаар 184/ШШ2018/03007

                 Улаанбаатар хот

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

               

                Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

                Нэхэмжлэгч: Б овогт О.Л /РД: /. Хаяг: Сонгиохайрхан дүүрэг, дугаар хороо, Хилчин  тоот

                Хариуцагч: Б овогт Н.Л /РД: /. Хаяг: Баянзүрх дүүрэг,  дугаар хороо, байрны  давхар  тоот

                Хариуцагч: “Д-У” ХХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дугаар хороо,  дүгээр хороолол,  тоот

                2 400 000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Л, хариуцагч Д-У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б, нарийн бичгийн дарга С.Баянжаргал нар оролцов.    

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

                Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Л-тай 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр автомашины наймаа хийж 1,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдсэн мөнгийг сар бүр 300,000 төгрөг өгөхөөр тохиролцож аман гэрээ байгуулсан. Уг хугацаанд мөнгөө төлж байхад миний унаж байсан машин зарагдсан гэх хэл ам гарч шинээр бичиг баримт гаргуулж, автомашиныг буцаан авсан боловч мөнгийг өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Нийт 1,400,000 төгрөгийн төлбөр өгсөн бөгөөд тухайн автомашин Д-У ХХК-ийн өмчлөлийн машин байсан бөгөөд тус компанийн захирлын данс руу мөнгийг шилжүүлсэн байдаг. Намайг ....... УНР улсын дугаартай Верна аксент маркийн машиныг унаж байхад осолд орсон бөгөөд “Практикал даатгал” ХХК-аас нөхөн төлбөр болох 542,500 төгрөгийг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д-У ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 453043641 тоот дансанд шилжсэн, энэ нь миний авах ёстой мөнгө байгаа юм. 

                Иймд 2,400,000 төгрөгийг хариуцагч Н.Л, Д-У ХХК-иудаас гаргуулж өгнө үү.

                Хариуцагч Н.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир нь Н.Л-т ямар ч машин зараагүй. Харин надаар дамжуулж Д-У ХХК-ийн дансанд 1,000,000 төгрөг тушаалгаж байсан. Би мөнгө аваагүй тул төлөхгүй, мөнгө тушаасан газраасаа мөнгөө авах нь зүйтэй байх.

                Хариуцагч Д-У ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч манай байгууллагатай гэрээ хийсэн зүйл байхгүй. Гэнэт танихгүй хүн гарч ирж мөнгө нэхсэнд гайхаж байна. ..... УНР улсын дугаартай Hyundai Aksent Verna маркийн автомашиныг бид 2011 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Б.О гэх хүнтэй гэрээ хийж хүлээлгэн өгсөн. Б.О автомашиныг авах боломжгүй болсон талаар хэлж Н.Л гэх найзыгаа дагуулж орж ирэн манай найз машиныг хариуцна гэсэн. Н.Л удаа дараа орлогооо дутуу тушааж машинаа 7 хоногт шалгуулах болон  гэрээнд заасан үүргийг зөрчиж байсан. Н.Лын хаяг тодорхойгүй, утсаар ярихаар удахгүй очно гэсээр алдаг хоног данс руу мөнгө орж ирдэг. Компанийн машиныг өөр хүн унасан байхыг харсан боловч гэрээнд өөр хүнд машиныг шилжүүлэхгүй байхаар заасан. Ингээд Б.О компанид 13,960,000 төгрөг тушаасан бол түүний нэр дээр машиныг шилжүүлэх байсан. Н.Л-ын нэрээр дансанд мөнгө төлөгдөж байсан, мөн бид нэхэмжлэгчтэй гэрээ байгуулаагүй, мөнгө аваагүй тул  хариуцах үндэслэлгүй.

                Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Хариуцагч Н.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүрэлцэн ирээгүй, шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.

                Нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

                                                                                                                         ҮНДЭСЛЭХ нь:

                Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч Н.Л болон “Д-У”   ХХК-д холбогдуулан 2,400,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. 

                Нэхэмжлэгч О.Л нь хариуцагч Н.Л-тай 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагч Д-У ХХК-ийн эзэмшлийн 85-10 УНР улсын дугаартай автомашиныг худалдан авахаар амаар хэлэлцэн тохирч, бэлнээр 1,000,000 төгрөг, эхнэр Б.Батбаярын дансанд 150,000 төгрөг, мөн түүний нэрийн өмнөөс “Дооно уул” ХХК-д 450,000 төгрөг төлсөн, даатгалын төлбөр 542,500 төгрөгийг Практикал даатгал” ХХК-иас 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Д-У ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь 453043641 тоот дансанд шилжүүлсэн нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан нөхөн төлбөр олгосон тухай баримт, Голомт банкны орлогын мэдүүлэг, Б.Батбаярын Хаан банк дахь 5005274186 дансны хуулга зэрэг баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 4-6, 36, 40/

                Талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Н.Л нь Д-У ХХК-ийн эзэмшлийн ...... УНР улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгчид өгөх санаа, зорилгогүй, бусдын өмнө хүлээсэн үүргээ нэхэмжлэгчээр төлүүлж, өөрийн зардлаа хэмнэх аргаар үндэслэлгүй хөрөнгөжсөн байх үндэслэлтэй.

                Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт хэн нэг этгээд өөр этгээдийн өр төлбөрийг сайн дураар өөрөө мэдэж буюу андуурч төлсөн бөгөөд ийнхүү өрийг төлснөөр үүрэг бүхий этгээд үүргээсээ чөлөөлөгдсөн бол өрийг нь төлсөн этгээд тэр этгээдээр зардлаа нөхөн төлүүлэхээр шаардаж болохоор заасан байна.

                Нэхэмжлэгчийн бэлнээр өгсөн 1,000,000 төгрөгөөс 600,000 төгрөгийг хариуцагч Д-У ХХК-д төлж, үлдсэн 400,000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн гэж хариуцагч Н.Л тайлбарласан, шилжүүлсэн баримтыг гаргаж өгсөн,  мөнгийг нэхэмжлэгчээс авсан талаараа маргаагүй болно.

                Нэхэмжлэлийн шаардлагаас Д-У ХХК-д “Практикал даатгал” ХХК-аас даатгалын нөхөн төлбөр болох 542,500 төгрөгийг гаргуулахаар шаардсан,  өөрийн зардлаар автомашинд засвар хийсэн, сэлбэг худалдаж авсан гэж тайлбарласан ч нотлох баримтаа гаргаж өгөөгүй, нотлоогүй тул холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

                Учир нь тээврийн хэрэгсэл хариуцагч Д-У ХХК-ийн эзэмшилд байсан бөгөөд нэхэмжлэгч О.Л-той ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй, автоамшины даатгалын нөхөн олговрыг нэхэмжлэх эрхгүй байна.

                Иймд нэхэмжлэлийн шаардлагаас баримтаар нотлогдсон хариуцагч Н.Л-т бэлнээр шилжүүлсэн 1,000,000 төгрөг,  Д-У ХХК-д төлүүлсэн 400,000 төгрөг, эхнэрийнхээ дансанд шилжүүлж авсан 150,000 төгрөг, нийт  1,550,000 /нэг сая таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Л-т олгож, нэхэмжлэлээс 850,000 /найман зуун тавин манган/ төгрөгт болон Д-У ХХК-д холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.  

                Хариуцагч Н.Л-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг хуульд заасан журмаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэлээ. 

                Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                                                           ТОГТООХ нь:

                1. Иргэний хуулийн 496 дугаар зүйлийн 496.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Лаас 1,550,000 /нэг сая таван зуун тавин мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Л-т олгож, 850,000 /найман зуун тавин мянга/  төгрөгт холбогдох хэсэг болон Д-У ХХК-д холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

                2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,350 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Л-аас 39,750 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

                3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй болохыг, шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

                 

                   

                                     ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                 Т.БАТСҮХ