Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2022/02449

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Н.А

Нэхэмжлэгч: П.Ч

Хариуцагч: Р.Б

Хамтран хариуцагч: Ш.Ц

5184 УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах, 0060 УАН улсын дугаартай, Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А, П.Ч, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.З, хариуцагч Р.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ч нь хариуцагч Ш.Ц-д холбогдуулан ... УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах, нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Р.Б-д холбогдуулан ...УАН улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг тус тус нэхэмжилж үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:

Н.А нь нөхөр П.Ч-ын хамт 2021 оны 05 сарын 31-ний өдөр Ш.Ц-д /нэхэмжлэлд Б гэж/ болон түүний эхнэр Р.Б нартай П.Ч-ын өмчлөлийн ... УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг засварлуулж, ажлын хөлсөнд /төлбөрийн барьцаа/ нь Н.А-ийн өмчлөлийн ... УАН улсын дугаартай Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийг Р.Б-ийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нар одоог хүртэл Porter машин засаагүй, Nissan машиныг буцааж өгөлгүй, өөр хүнд худалдсан. Ш.Ц нь Porter машин засахгүй удааж байх тул машиныг байгаа байдлаар нь буцаан авч, Nissan машины үнэ 6 000 000 төгрөгийг Р.Б-аас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Б хариу тайлбартаа: Нэхэмжлэгч нартай ... УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн автомашиныг засварлаж, ажлын хөлсөнд нь ... УАН улсын дугаартай Nissan Advan маркийн машин авахаар тохиролцсон. Нөхөр маань сүүлийн үед архи уугаад машин засах ажил нь удаад байна. Нэхэмжлэгч нарт Porter машиныг нь засаад буцааж өгөх нь үнэн, Nissan автомашины хувьд ажлын хөлсөнд авсан, өмчлөл нь миний нэр дээр шилжсэн тул өөрийн өмчлөлийн автомашиныг мөнгөний хэрэг гарахаар нь Я.Б гэх хүнд 5 500 000 төгрөгөөр зарсан, 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөрөхгүй гэв.

Нэхэмжлэгч нь ... УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Автотээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн лавлагаа, Я.Б-н Хаан банкны дансны хуулга /хэргийн 12-14, 53 тал/

Хариуцагч нь тээврийн хэрэгслийн гэрэл зураг тус тус бүрдүүлсэн. /хэргийн 41-44 тал/

ҮНДЭСЛЭХ нь:

Н.А, П.Ч нарын нэхэмжлэлтэй Р.Б, Ш.Ц нарт холбогдох иргэний хэрэгт ... УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах хэргийг хэрэгсэхгүй болгож, ... УАН улсын дугаартай, Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгч нь хариуцагчид Porter автомашин засуулахаар өгсөн, ажлын хөлсөнд /барьцаа/ нь Nissan автомашин өгсөн бөгөөд одоог хүртэл автомашин засаагүй тул Porter автомашинаа буцаан авч, Nissan автомашины үнэ 6 000 000 төгрөг гаргуулна гэж,

Хариуцагч нь Porter автомашин засварлахаар авч, ажлын хөлсөнд нь Nissan автомашин авсан, Porter автомашиныг буцаан өгөхөд татгалзахгүй, харин өөрийн өмчлөлийн Nissan автомашиныг зарсан тул 6 000 000 төгрөг төлөх үндэсгүй гэж тус тус тайлбарлажээ.

Нэг.... УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах шаардлага.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч П.Ч нь засуулахаар өгсөн Porter маркийн тээврийн хэрэгслээ буцаан авна, хариуцагч нь хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар тус тус гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх хэриуцагчийн зөвшөөрөл, нэхэмжлэгчийн татгалзал, зохигчийн эвлэрлийн баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж гаргахаар заажээ.

Нэхэмжлэгч тээврийн хэрэгслээ буцаан шаардсан, хариуцагч нь тээврийн хэрэгслийг буцаан өгөхийг хүлээн зөвшөөрсөн агуулга бүхий тайлбар гаргасан нь зохигч нарыг харилцан тохиролцож эвлэрсэн гэх үндэстэй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар П.Ч-ын нэхэмжлэлтэй Ш.Ц-д холбогдох ... УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хариуцагч Ш.Ц-оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ч-т олгох үндэстэй.

Хоёр... УАН улсын дугаартай, Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг гаргуулах шаардлага.

Нэхэмжлэгч тал /захиалагч/ нь ажлын хөлс төлөх, хариуцагч тал тээврийн хэрэгслийн засвар хийх харилцан хүсэл зоригоо илэрхийлснээр талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ. Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захилагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэг тус тус хүлээх ба гэрээг амаар болон бичгээр байгуулдаг. Өөрөөр хэлбэл Ш.Ц нь Porter автомашин засварлах, Н.А засварласан тээврийн хэрэгслийг хүлээн авч, хөлс төлөх үүрэгтэй.

Шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Р.А нь Nissan автомашиныг барьцаанд өгсөн гэж, нэхэмжлэгч П.Ч нь Nissan автомашиныг ажлын хөлсөнд тооцож өгсөн гэж зөрүүтэй тайлбарладаг. Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлох ба хуулийн 354 дүгээр зүйлийн 354.1-д зааснаар ажил гүйцэтгэгч /Ш.Ц/ нь өөрийн шаардлагыг хангах зорилгоор эзэмшилдээ байгаа захиалсан ажил болох Porter автомашиныг барьцаалах эрхтэй. Гэрээний талууд ажлын хөлсийг ямар аргачлалаар хэрхэн тооцохоо чөлөөтэй илэрхийлэх бөгөөд талуудын тайлбарыг хэрэгт авагдсан баримттай тал бүрээс нь харьцуулан үзэж, хөлсийг эд хөрөнгө буюу Nissan автомашинаар тохирсон гэж дүгнэлээ. Хэрэгт авагдсан Автотээврийн үндэсний төвийн лавлагаагаар 2021 оны 05 сарын 31-ний өдөр ... УАН улсын дугаартай, Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн өмчлөх эрх Н.А-аас Р.Б-ийн өмчлөлд шилжсэн, Р.Б нь өмчлөлийн эд хөрөнгийг худалдсан болох нь гэрч Я.Б-ийн мэдүүлэг, түүний Хаан банкны дансны хуулгаар тогтоогдсон. Нэхэмжлэгч нь ямар баримтыг үндэслэж, бусдын өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг нэхэмжилж буй нь тодорхой бус ойлгомжгүй байгаа нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлээ нотлох баримтыг өөрөө бүрдүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэлээ.

Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар Н.А-ийн нэхэмжлэлтэй Р.Б-д холбогдох ... УАН улсын дугаартай, Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 10 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулан нэхэмжлэгч Н.А-д буцаан олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар Н.А-ийн нэхэмжлэлтэй Р.Б-д холбогдох ... УАН улсын дугаартай, Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар П.Ч-ын нэхэмжлэлтэй Ш.Ц-д холбогдох 5184 УНӨ улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ц-оос 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ч-т, улсын төсвийн орлогоос 10 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д тус тус олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           А.ЭНХТӨР