Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01715

 

 

 

 

 

 

 

 

 

 

Н.А нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч М.Баясгалан, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/02449 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.А , П.Ч нарын нэхэмжлэлтэй, хариуцагч Р.Б , Ш.Ц нарт холбогдох, 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер /Hyundai Porter/ маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах, Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагч Р.Б , түүний өмгөөлөгч Б.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.   Нэхэмжлэлийн агуулга: Н.А миний бие нөхөр П.Ч ын хамт 2021 оны 05 сарын 31-ний өдөр Ш.Ц болон түүний эхнэр Р.Б нартай харилцан тохиролцож П.Ч ын өмчлөлийн 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг засварлуулж, ажлын хөлсөнд Н.А гийн өмчлөлийн 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван маркийн тээврийн хэрэгслийг Р.Б гийн нэр дээр шилжүүлсэн. Гэтэл хариуцагч нар одоог хүртэл Хьюндай Портер автомашиныг засаагүй, Ниссан Адван маркийн автомашиныг буцааж өгөлгүй, өөр хүнд худалдсан. Ш.Ц нь Хьюндай Портер автомашиныг засахгүй удааж байгаа тул автомашинаа байгаа байдлаар буцаан авч, Ниссан Адван автомашины үнэ 6,000,000 төгрөгийг Р.Б гаас гаргуулж өгнө үү.

 

2.   Хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч нартай 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер маркийн автомашиныг засварлаж, ажлын хөлсөнд 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван маркийн автомашиныг авахаар тохиролцсон. Нөхөр маань сүүлийн үед архи уугаад машин засах ажил нь удаад байна. Нэхэмжлэгч нарт Хьюндай Портер автомашиныг нь засаад буцааж өгөх нь үнэн. Ниссан Адван автомашины хувьд ажлын хөлсөнд авсан, өмчлөл нь миний нэр дээр шилжсэн. Өөрийн өмчлөлийн автомашиныг мөнгөний хэрэг гарахаар нь Я.Б гэх хүнд 5,500,000 төгрөгөөр худалдсан, 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөрөхгүй.

 

3.   Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт зааснаар Н.А гийн нэхэмжлэлтэй Р.Б д холбогдох 00-00 ААА улсын дугаартай, Nissan Advan маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар П.Ч ын нэхэмжлэлтэй Ш.Ц од холбогдох 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгсэл гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191,350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ц оос 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч П.Ч т, улсын төсвийн орлогоос 10,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д тус тус олгож шийдвэрлэсэн.

 

4.   Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

4.а. Н.А нь өөрийн эзэмшлийн Nissan Advan маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг түр барьцаанд байлгах зорилгоор Р.Б гийн нэр дээр шилжүүлж өгсөн. Р.Б нь Хьюндай Портер маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлаж дууссаны дараа буцааж авна гэж тохиролцсон. Гэтэл Р.Б нь дур мэдэн бусдад дамжуулан зарсан байсан. Р.Б д дээрх тээврийн хэрэгслийг бүр мөсөн өгөөгүй болно.

4.б. Р.Б нь Nissan Advan маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 5,500,000 төгрөгөөр зарсан байна. Мөн засварлуулна гэж өгсөн Хьюндай Портер маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг юу ч үгүй тонож, дотроос нь хэрэгтэй бүх сэлбэг, тоног төхөөрөмжийг авсан байсан. Hyundai Porter маркийн 00-00 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг засварлаж өгөөгүй тул буцааж авсан.

4.в. Мөн Р.Б нь бусдын хөрөнгийг дур мэдэн зарж борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж ашиг орлого олсон тул тус хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна.

4.г. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтыг хангалттай бүрдүүлж шийдвэрлээгүй, шинжээч томилж, үзлэг хийлгэх хүсэлт гаргасан боловч хүлээж аваагүй тул шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчим алдагдсан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч талаас 5,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

5.   Давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан хариу тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад ...Hyundai Porter маркийн автомашиныг засаад, үйлчилгээний хөлсөнд Nissan Advan маркийн автомашиныг авахаар тохиролцсон уу... гэж шүүгч нэхэмжлэгч нараас асуухад ...тийм, энэ талаар маргаагүй... гэж хариулсан. Нэхэмжлэгч нар хариуцагч Р.Б гийн нэр дээр автомашиныг шилжүүлсэн нь үйлчилгээний хөлсөнд автомашиныг өгсөн болохыг нотолж байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

 

ХЯНАВАЛ:

 

1.   Давж шаалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.   Нэхэмжлэгч Н.А нь хариуцагч Р.Б д холбогдуулан 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, нэхэмжлэгч П.Ч нь хариуцагч Ш.Ц од холбогдуулан 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер /Hyundai Porter/ маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай шаардлагыг тус тус гаргасан. /хх 1, 58/

Хариуцагч Ш.Ц нь 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер /Hyundai Porter/ маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Ч ын гаргасан шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хариуцагч Р.Б нь ...Ниссан Адван /Nissan Advan/ маркийн автомашиныг ажлын хөлсөнд авч, өмчлөлдөө шилжүүлэн авсан, мөнгөний хэрэг гараад бусдад худалдсан... гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.А гийн гаргасан 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч Ш.Ц нь нэхэмжлэгч П.Ч ын түүнд холбогдуулан гаргасан шаардлагыг зөвшөөрсөн байтал анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрөл-ийг бус зохигчийн эвлэрэл-ийг баталсан нь оновчгүй тул давж заалдах шатны шүүх үүнийг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулна.

 

3.   Хэрэгт авагдсан Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 13, 14, 15/, фото зураг /хх 41-44/, гэрч Я.Б гийн шүүхэд өгсөн мэдүүлэг /хх 57/, Я.Б гийн эзэмшлийн Хаан банк дахь 0000000000 тоот дансны дэлгэрэнгүй хуулга /хх 53/ зэрэг бичгийн нотлох баримт болон зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

3.а. Талууд П.Ч ын өмчлөлд бүртгэлтэй 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер /Hyundai Porter/ маркийн тээврийн хэрэгслийг засварлуулж, ажлын хөлсөнд Н.А гийн өмчлөлд бүртгэлтэй 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийг Р.Б гийн нэр дээр шилжүүлэн өгөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцсон; /хх 1, 58/

3.б. Улмаар Н.А нь 2021 оны 05 сарын 31-ний өдөр 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийг Р.Б гийн өмчлөлд шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлсэн;

3.в. Р.Б нь 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийг 2021 оны 08 сарын 21-ний өдөр Я.Б д худалдаж, түүний үнэд 5,500,000 төгрөгийг шилжүүлэн авсан;

3.г. Ийнхүү ажлын хөлсөнд 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авсан боловч 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер /Hyundai Porter/ маркийн тээврийн хэрэгслийг засах үүргээ хариуцагч тал биелүүлээгүй.

 

4.   Дээрхээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлжээ.

Ажил гүйцэтгэгч тал нь гэрээгээр харилцан тохиролцсон ажлаа гүйцэтгээгүй үйл баримт тогтоогдсон, ажил гүйцэтгээгүй үндэслэлээ ...сүүлийн үед архи их уугаад машин засварлах ажил нь удаад байгаа... гэж тайлбарласан тул захиалагч тал Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцаан шаардах эрхтэй.

Хариуцагч Р.Б нь ажлын хөлсөнд авсан тээврийн хэрэгслийг бусдад худалдан борлуулсан буюу биет байдлаар эргүүлж өгөх боломжгүй нөхцөл байдал бий болсон байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1-д зааснаар үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хөрөнгөөр нөхөн төлөх үүргийг хүлээнэ. Энэ талаар анхан шатны шүүхийн хийсэн ...нэхэмжлэгч нь ямар баримтыг үндэслэж, бусдын өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслийн үнэ 6,000,000 төгрөг нэхэмжилж буй нь тодорхой бус ойлгомжгүй... гэх дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Иймд хариуцагч Р.Б нь 00-00 ААА улсын дугаартай Ниссан Адван /Nissan Advan/ маркийн тээврийн хэрэгслийг бусдад 5,500,000 төгрөгөөр худалдсан болох нь хэргийн баримт, гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон тул уг дүнг түүнээс гаргуулж нэхэмжлэгч Н.А д олгох нь зүйтэй.

 

5.   Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч талаас гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 27-ны өдрийн 184/ШШ2022/02449 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, 1 гэж дугаарлан, Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.1-д зааснаар хариуцагч Р.Б гаас 5,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.А д олгож, үлдэх 500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Ч ын гаргасан 00-00 ААА улсын дугаартай Хьюндай Портер /Hyundai Porter/ маркийн тээврийн хэрэгслийг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч Ш.Ц хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж дугаарлан, ...10,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А д тус тус олгосугай гэснийг ...улсын төсвөөс 10,200 төгрөг, хариуцагч Р.Б гаас 102,950 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Н.А д буцаан олгосугай гэж өөрчилж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 08 сарын 16-ны өдөр урьдчилан төлсөн 102,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.ОЮУНХАНД

 

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

 

Д.НЯМБАЗАР