Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 184/ШШ2022/02171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Б дүүрэг, .... дугаар хороо, ... дугаар хороолол, Гранд плаза цогцолбор, .... тоот хаягт оршин байх, Н ХХК /рд:..../-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, .... дугаар хороо, Өнөр хороолол, ..... тоот хаягт оршин байх, З ХХК /рд:...../-д холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,051,683 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч З ХХК-тай 2021 оны 05 сарын 10-ны өдөр НИ21/24 дугаартай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу төрөл бүрийн кабелиудыг 2021 онд харилцан тохиролцсоны дагуу 4 удаагийн байдлаар нийт 41,927,600 төгрөгийн кабелыг тус тус нийлүүлсэн байна. Үүнээс хариуцагч 2021 оны 11 сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөгийг төлж үлдэгдэл төлбөр 36,927,600 төгрөг байна. Талууд харилцан тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан байдаг талаарх нотлох баримтыг хэргийн материалд хавсаргасан. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу хөрөнгө эсвэл тодорхой цаг хугацааны туршид төлөх үүргийг тус тус хүлээсэн байдаг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заасан байдаг. Талууд гэрээг бичгээр үйлдэж баталгаажуулсан. Гэрээний 3.1, 3.4, 3.5-д захиалагч нь нийлүүлэгчээс 50,000,000 төгрөгийн барааг урьдчилгаа төлбөргүйгээр 60 хоногийн хугацаатай зээлээр худалдан авах эрхтэй бөгөөд барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 61 дэх хоногоос нийт үнийн дүнд сарын 3 хувийн хүү тооцохоор талууд харилцан тохиролцож гэрээн дээр заасан байдаг. Хүүгийн тооцооллоор 2,031,018 төгрөг тооцогдсон байдаг. Мөн гэрээний 3.6.1-д нийлүүлэгчээс бараа хүлээн авснаас хойш 60 дахь хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцохоор заасан. 2021 оны 12 сарын 24-ний өдрөөс барааг хүлээлгэж өгч үүнээс 60 хоног хүлээж 2022 оны 02 сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 сарын 20-ны өдрийг хүртэл 55 хоногийн хугацаанд алданги тооцсон бөгөөд алданги нь 6,093,065 төгрөг болсон. Хүү, алданги нийлээд 8,124,083 төгрөг байна. Хариуцагч харилцан тохиролцсоны дагуу төлөлтөө хугацаандаа төлөөгүй тул хүү, алдангийг нэхэмжилж байна. Иймд барааны төлбөр болох 36,927,600 төгрөг, хүү 2,031,018 төгрөг, алданги 6,093,065 төгрөг нийт 45,051,683 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

2.Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч компани нь нэхэмжлэгч компаниас 41,927,600 төгрөгийн бараа хүлээж авсан үйл баримтын тухайд маргаангүй. Үүнээс 5,000,000 төгрөгийг төлж, үлдэх 36,927,600 төгрөгийн үлдэгдлийг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү 2,031,018 төгрөг, алданги 6,093,065 төгрөг, нийт 8,124,083 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 189.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй байдаг учир хуулийн дагуу гэрээ байгуулагдаж байж ямар нэгэн үр дагавар шаардах эрх бий болох ёстой. Ямар нэгэн хууль зөрчиж байгуулагдсан гэрээ, хэлцэл түүний заалтын үндсэн дээрээс шаардах эрх бий болох боломжгүй. Гэрээний гол нөхцөлийн 2-д харилцан тохиролцсоны үндсэн дээр хүсэл зориг нь нэгдсэн байхыг шаарддаг. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан байдаг. Талуудын хооронд байгуулагдсан бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний гол нөхцөлд хариуцагч нь ямар үүрэг хүлээх нь тодорхойгүй байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээ дээр тодорхой шаардлагыг хуульд заасан байдаг. Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2-д заасан нөхцөлүүдийг гэрээн дээр тусгах ёстой гэж заасан байдаг. Хэрвээ хуульд заасан нөхцөлүүдийг гэрээнд тусгаагүй бол Иргэний хуулийн 263.4-д зааснаар 196.1.1-д заасан гэрээ байгуулсан гэж тооцоод хүү авах эрхгүй болно гэж заасан байдаг. Гэрээн дээр 263.2-д заасан нөхцөл алга байгаа учраас хүү тооцох үндэслэлгүй. Тиймээс худалдах, худалдан авах гэрээ болж хувирч байна гэж харж байна. Гэрээн дээр 60 хоногийн хугацаа хэтэрвэл алданги хүү хоёрыг төлнө гэсэн заалт байдаг. Энэ нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч компани нь кабел борлуулах үйл ажиллагаа байнга эрхэлдэг, гэрээний нөхцөлийг өөрсдөө боловсруулсан төсөл гэж тайлбар хэлсэн байсан. Иргэний хуулийн 200.1-д гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, хуулиар тодорхойлоогүй буюу хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон нөхцөлийг гэрээний стандарт нөхцөл гэнэ гэж заасан байдаг. Гэрээний стандарт нөхцөл нь тухайн энгийн иргэн буюу гэрээ хийгч эсрэг талдаа ашигтайгаар эрх ашиг сонирхлыг хангуулах зорилготой зохицуулалт байдаг. Иргэний хуулийн 202.2.10-д өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардаж байгаа бол энэ зохицуулалт нь хүчин төгөлдөр бус гэж заасан. Талуудын хооронд байгуулсан гэрээн дээр 60 хоногийн хугацаа хэтэрвэл хүү алдангийг давхар тооцно гэж заасан бөгөөд 202.2.10-д зааснаар хүү алдангийг тооцох нь хүчин төгөлдөр бус нөхцөл гэж харж байна. Иймд нэхэмжлэгч компани нь хүү алдангийг шаардах эрхгүй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага болох хүү, алданги тооцсон 8,124,083 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд ирүүлсэн. Үүнд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 04/19 дугаартай итгэмжлэл, 2021 оны 05 сарын 10-ны өдрийн бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Барилга, хот байгуулалтын яамны тусгай зөвшөөрлийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, З ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, бараа материалын борлуулалтын баримтууд, тооцооны үлдэгдлийн баталгаа, авлагын дэлгэрэнгүй тайлан, Н ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

 

Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд ирүүлсэн: Үүнд: З ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2022 оны 04 сарын 30-ны өдрийн итгэмжлэл, хууль зүйн мэргэжлийн туслалцаа үзүүлэх гэрээ зэрэг бичмэл баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Нэхэмжлэгч Н ХХК нь хариуцагч З ХХК-д холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,051,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

5.Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...2021 оны 09 сарын 03-наас 2021 оны 12 сарын 15-ны хооронд 4 удаагийн үйлдлээр 41,927,600 төгрөгийн барааг хариуцагчид нийлүүлснээс 5,000,000 төгрөгийг хариуцагч төлсөн. Үлдэх 36,927,600 төгрөг, 55 хоногийн хүүнд 2,031,018 төгрөг, алдангид 55 хоногийн 6,093,065 төгрөг, нийт 45,051,683 төгрөг гаргуулна... хэмээн тайлбарлав.

 

Хариуцагч ...нэхэмжлэгчээс 41,927,600 төгрөгийн барааг хүлээн авч, 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэх 36,927,600 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин хүү, алдангид шаардсан 8,124,083 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргав.

 

6.Н ХХК нь 2021 оны 05 сарын 10-ны өдөр НИ21/24 дугаартай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-г З ХХК-тай байгуулжээ. Гэрээгээр нийлүүлэгч Н ХХК нь биет байдлын болон эрхийн доголдолгүй төрөл бүрийн кабель, түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагч З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч хөрөнгийг хүлээн авч, төлбөрийг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-5,6х/

 

Талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр захиалагчид 2021.09.03-ны өдөр 27,388,500 төгрөгийн, 2021.09.10-ны өдөр 5,267,500 төгрөгийн, 2021.10.12-ны өдөр 6,486,600 төгрөгийн, 2021.12.15-ны өдөр 2,785,000 төгрөгийн, нийт 41,927,600 төгрөгийн үнэ бүхий төрөл бүрийн кабелийг нийлүүлсэн бөгөөд захиалагч төлбөрөөс 5,000,000 төгрөгийг төлж, 36,927,600 төгрөгийг төлөөгүй байна. Нийлүүлсэн барааны үнэ, тоо хэмжээ, төлөгдөөгүй үлдсэн төлбөрийн үнийн дүнд талууд маргаагүй ба үлдэгдэл 36,927,600 төгрөгийг баталгаажуулан Тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтыг үйлдэж, талууд санхүүгийн тэмдгээр баталгаажуулсан байна. /хх-9-13х/

 

7.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ, 263 дугаар зүйлийн 263.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж заажээ.

 

8.Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичигт гарын үсэг зурснаар гэрээ байгуулагдсан гэж тооцно. Гэрээний гол нөхцөлийн талаар харилцан тохиролцож, хуульд заасан бичгээр хийх шаардлагыг хангасан тул талуудын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээ байгуулагджээ.

 

9.Хариуцагч нь үндсэн үүрэг 36,927,600 төгрөгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй, харин Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.2-т заасан гэрээнд заавал тусгах бэлэн мөнгөөр төлөх төлбөрийн хэмжээ, хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, үнэ, эсхүл үнийг тодорхойлох журмыг гэрээнд тусгаагүй тул мөн хуулийн 263.4-т зааснаар 196.1.1-д заасан гэрээг байгуулсан гэж үзэж хүү, алданги төлөхгүй, зөвхөн эд хөрөнгийн үнийг төлнө хэмээн маргадаг.

 

10.Талуудын байгуулсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 2.1, 3.1, 3.4, 6.3-т зааснаар нийлүүлэгч нь барааг захиалагчид хүргэж өгөх, захиалагч барааны төлбөрийг шууд болон 60 хоногт багтаан төлөх, захиалагч тал нийлүүлэгчээс 50,000,000 хүртэлх төгрөгийн барааг урьдчилгаа төлбөргүй, зээлээр худалдан авах, гэрээний 2.1-т заасан хугацаанд буюу 60 хоногт төлбөрийг төлөөгүй тохиолдолд бараа бүтээгдэхүүний үнийн дүнгээс сарын 3%-ийн хүү тооцохоор тохиролцжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр тул гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах, үр дагаврыг шаардах эрхтэй тул хариуцагчийн хүү төлөхгүй гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хамгийн сүүлд 2021 оны 12 сарын 24-ний өдөр бараа хүлээлгэн өгч үүнээс хойш 60 хоног буюу 2022 оны 02 сарын 24-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл 55 хоног, 1 сарын 3 хувь буюу өдрийн 36,927.6 төгрөгөөр тооцож хүүнд 2,031,018 төгрөг шаардсан.

 

Хэрэгт авагдсан баримтаар Н ХХК нь 2021.12.15-ны өдөр 2,785,000 төгрөгийн үнэ бүхий барааг захиалагчид нийлүүлсэн байх ба энэ хугацаанаас талуудын байгуулсан гэрээгээр 60 хоногт төлбөрийг төлөх үүрэгтэй ба төлөөгүй тул 2022.02.14-нөөс эхлэн нэхэмжлэгч 1 сард 3 хувийн хүү тооцон шаардах эрхтэй байна. 2022.02.14-нөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2022.04.20-ны өдрийг хүртэл тооцвол 66 хоног байх бөгөөд мөн хугацаанд сарын 3 хувь буюу өдрийн 36,927.6 төгрөгөөр тооцвол 2,437,221.6 төгрөг байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэх учиртай тул 36,927,600 төгрөгийн 55 хоногийн хүүнд шаардсан 2,031,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь талуудын зарчимд нийцнэ.

 

11.Талуудын байгуулсан гэрээний 3.6, 6.1-т зааснаар бараа хүлээн авсан 60 дахь хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцох, алдангийн хэмжээ гүйцэтгээгүй үүргийн 30 хувиас хэтрэхгүй байхаар тусгажээ.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1-т хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ, 232.6-д хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан.

 

Зохигчид Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-ний 2.5-д гэрээний хугацааг 2 жил буюу 2023 оны 05 сарын 10-ны өдрийг дуустал хугацаанд хүчин төгөлдөр байхаар тохиролцсон. Анз нь үүргийн гүйцэтгэлийг хангах аргын 1 төрөл тул гэрээгээр тохирсон үндсэн үүрэг болох хүү зогссоноор алданги тооцогдож эхэлнэ. Гэтэл гэрээний хүчин төгөлдөр хугацаанд хүү, алданги хоёрыг зэрэг тооцох боломжгүй юм. Тиймээс нэхэмжлэгчийн алдангид шаардсан 6,093,065 төгрөгийн шаардлага үндэслэлгүй.

 

12.Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Н ХХК-ийн З ХХК-д холбогдуулан гаргасан 45,051,683 төгрөгийн шаардлагаас 38,958,618 төгрөгийг хангаж, нэхэмжлэлээс алдангид шаардсан 6,093,065 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 352,743 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зөв байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1-т зааснаар хариуцагч З ХХК-иас 38,958,618 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,093,065 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч З ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 352,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
 
      


 
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.УРАНЗУЛ