Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2022/01588

 

  

  2022            08               24                                               210/ШЗ2022/01588

 

 

НИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, шүүгч Д.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23ы өдрийн 184/ШШ2022/02171 дугаар шийдвэртэй,

НИ ХХК-ийн нэхэмжлэлтэй

ЗУБ ХХК-д холбогдох

 Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 45,051,683 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Батхуяг, хариуцагчийн өмгөөлөгч У.Түвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: НИ ХХК, “Зэст ус блюдинг” ХХК-ийн хооронд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр НИ21/24 дугаартай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ бичгээр байгуулагдсан бөгөөд нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу 4 удаагийн байдлаар нийт 41,927,600 төгрөгийн кабелийг нийлүүлсэн бол хариуцагч нь 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 5,000,000 төгрөг төлсөн байна. Тус гэрээний 3.1, 3.4, 3.5-д зааснаар захиалагч нь нийлүүлэгчээс 50,000,000 төгрөгийн барааг урьдчилгаа төлбөргүйгээр 60 хоногийн хугацаатай зээлээр худалдан авах эрхтэй бөгөөд барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 61 дэх хоногоос нийт үнийн дүнд сарын 3 хувийн хүү тооцож, мөн гэрээний 3.6.1-д зааснаар барааг хүлээн авснаас хойш 60 дахь хоногоос эхлэн хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувийн алданги тооцохоор тус тус заасны дагуу хариуцагч төлөлтөө хугацаандаа гүйцэтгээгүй тул барааны үлдэгдэл төлбөр 36,927,600 төгрөг, 2,031,018 төгрөгийн хүү, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны алданги 6,093,065 төгрөг, нийт 45,051,683 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга: Хариуцагч компани нь тус гэрээнд заасны дагуу 36,927,600 төгрөг төлөх үүрэгтэйг хүлээн зөвшөөрч байна. Харин хүү, алдангийн хэмжээг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тус гэрээний хариуцагчийн хүлээх үүрэг нь тодорхойгүй байх тул Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар худалдан авагч нь хүү төлөх үүрэг хүлээхгүй. Өөрөөр хэлбэл гэрээнд тус хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан нөхцөл байхгүй тул хүү авах эрхгүй юм. Гэрээнд заасан хүү болон алдангийн заалтууд нь хуульд нийцэхгүй, уг гэрээ нь нэхэмжлэгчийн боловсруулсан стандарт гэрээ бөгөөд 60 хоногийн хугацаа хэтэрвэл хүү, алданги тооцох нь мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.10-д санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон гэж заасанд хамаарах тул нэхэмжлэлийн шаардлагаас хүү, алданги тогтоосон хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Зэст ус блюдинг” ХХК-иас 38,958,618 төгрөг гаргуулж нэхэмжлэгч НИ ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6,093,065 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 383,210 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Зэст ус блюдинг” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 352,743 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Талуудын байгуулсан Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ-нд бэлэн мөнгөөр болон хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ, хугацаа, үнэ эсхүл үнийг тодорхойлох журмыг тусгаагүй байхад шүүх талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.4 дэх хэсэгт зааснаар хүү төлөх үүрэг хүлээхгүй хэдий ч шүүхээс 55 хоногийн хүү болох 2,031,018 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд хүү тооцох тухай гэрээний заалт нь хуулийн шаардлага хангасан эсэхэд дүгнэлт хийгээгүй тул гэрээний хүүд 2,031,018 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд шүүхийн шийдвэрийн холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: Талууд Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Мөн Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2.3-т зааснаар зээлийн хүүг гэрээнд заасан. Үнийн дүн нь 50,000,000 төгрөг хүртэлх төгрөгийн барааг урьдчилгаагүй, 60 хоногийн хугацаатай, зээлээр авах эрхийг гэрээнд зааж өгсөн. Уг гэрээнд заасны дагуу хариуцагч тал бараагаа авч ашигласан. Нэхэмжлэлийн үндсэн төлбөр 36,927,600 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн бөгөөд 55 хоногийн хүүнд шаардсан 2,031,018 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нь хуульд заасан үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд хянаад гомдлыг хангахгүй орхиж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч “НИ” ХХК нь хариуцагч ЗУБ ХХК-д холбогдуулан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 45,051,683 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч үндсэн төлбөр 36,927,600 төгрөгийг зөвшөөрч хүү, алданги 8,124,083 төгрөгийг эс зөвшөөрч маргажээ.

3. Талууд 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр НИ21/24 дугаартай Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нэртэй гэрээ байгуулж, уг гэрээгээр нийлүүлэгч “НИ” ХХК нь төрөл бүрийн кабель, түүнтэй холбоотой баримт бичгийг захиалагч ЗУБ ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, захиалагч эд хөрөнгийг хүлээн авч, төлбөрийг шууд болон 60 хоногт багтаан төлөх, 60 хоногт багтаан төлөөгүй тохиолдолд үнийн дүнгээс сарын 3 хувийн хүү болон 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцжээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

4. Зээлээр худалдах-худалдан авах гэрээ нь ердийн худалдах-худалдан авах гэрээнээс ялгагдах онцлог нь талууд гэрээний үнэд хүү төлөх талаар тохиролцох явдал юм. Худалдах-худалдан авах гэрээнд талууд гэрээний үнийг хэсэгчлэн төлөхөөр тохиролцож болох бөгөөд энэ нь гэрээний үнэд нөлөөлдөггүй бол зээлээр худалдах-худалдан авах гэрээний үнэд нь төлөх ёстой төлбөр дээр нэмж хүү авахаар тохиролцох нөхцөл болно.

Гэрээний 6.1-д тохиролцсон байдал нь 60 хоногоос хэтэрсэн нөхцөлд үндсэн төлбөрт хүү тохиролцсон байна. Харин 60 хоног гэж заасан хугацаа нь болзол тавьж хийсэн хэлцэл бөгөөд уг болзол бий болсон тохиолдолд хүү авах эрх үүснэ.

Иймд талуудын хооронд үүссэн харилцааг буруу тодорхойлсон гэх хариуцагчийн тайлбар, давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулах шаардлагыг хангажээ. Гэрээний 3.4-д “Гэрээний 3.1-д заасан хэмжээнд багтаан нийлүүлэгч талаас зээлээр олгосон барааны үнийн дүнд хүү тооцохгүй. Харин гэрээний 2.1-д заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлээр олгосон бараа бүтээгдэхүүний нийт үнийн дүнгээс сарын 3 хувийн хүү тооцон авна” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасантай нийцжээ.

5. “НИ” ХХК нь гэрээний хугацаанд 4 удаа нийт 41,927,600 төгрөгийн төрөл бүрийн кабель нийлүүлсэн ба хариуцагч 5,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 36,927,600 төгрөг төлөөгүйг анхан шатны шүүх талуудын хооронд хийсэн тооцооны үлдэгдлийн баталгааг үндэслэн зөв тогтоосон. Уг төлбөрөөс гэрээний 2.1-д зааснаар 55 хоногийн хүү 2,031,018 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх алдангийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн ба энэ талаар зохигч давж заалдах гомдол гаргаагүй.

5. Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 184/ШШ2022/02171 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 47,450 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Э.ЗОЛЗАЯА

                                            ШҮҮГЧИД                              С.ЭНХБАЯР

                                                                                          Д.БЯМБАСҮРЭН