Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2022/02407

 

 

 

 

 

 

 

 

 

   2022             07              22                                            184/ШШ2022/02407

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, шүүгч Б.Баярмаа, шүүгч Д.Уранзул нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Даланзадгад сум, 0 дугаар баг, Далан 0 дүгээр байр 00 тоот хаягт оршин суух, Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт түр оршин суух,  Ж овогт Э Б /РД:000000000/,

 

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, Содон хороолол, 00 дүгээр байр, 00 тоот хаягт оршин суух Х овогт Ш Ч /РД:0000000/,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохирол буюу хүү Г.Г эмчилгээний төлбөрт 18,428,595 төгрөг гаргуулж, 18 нас хүртэл тэжээгчээ алдсны зөрүү гаргуулах, түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэлд 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгч Э.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.*******, хариуцагчийн өмгөөлөгч С.Б, иргэдийн төлөөлөгч Н.*******, Б.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э.Б нь Ш.Ч холбогдуулан Гэм хорын хохирол буюу хүү Г.Г эмчилгээний төлбөрт 18,428,595 төгрөг гаргуулж, 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү гаргуулах, түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Э овогтой Б нь 2016 онд нөхөр Г.Г /талийгаач/-тэй танилцан хамтран амьдарч 2018 оны 8-р сарын 11-ний өдөр анхны хүү /Г.Г/-гээ өлгийдөн авсан. Хүү маань ураг байхдаа урьдчилсан оношоор ахар сүүлнээс гадагш ургалттай төрөлхийн хавдартай гэж оношлогдож 4,100 гр гарсанаас 2,100 гр хавдар эзэлж 6 хоногтойдоо ЭХЭМҮТ-ийн ЕМЗТасагт Нуржаннар эмчээр ахлуулсан мэс заслын хагалгаа хийж хавдрыг авсан.

Хагалгааны дараа хүндрэл гарч бүдүүн гэдэг гадагшлуулах хагалгааг дахин хийлгэсэн бөгөөд энэ хугацаанд талийгаач нөхөр маань хүүхдэд нэн шаардлагатай байгаа бүх эм тариа, бусад зардлыг ажил хөдөлмөр эрхэлж залгуулдаг байсан. Хүү Г маань 2018 оны 8 сарын 17-ны өдөр Хавдар авхуулах мэс засал, 2018 оны 8 сарын 22-ны өдөр Арьс засах оёдол тавих мэс засал, 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Бүдүүн гэдэс гадагшлуулах колостом гаргуулах мэс засал, 2019 оны 9 сард хошногоны байрлал засах мэс засал, Дээрх өдрөөс 17 хоногийн дараа арьс засах оёдол тавих мэс засал, 2020 оны 3 дугаар сард бүдүүн гэдэг залгуулах колостом хагалгаа, 2020 оны 4 дүгээр сард гэдэсний түгжрэл болж нээлттэй мэс засалд тус тус орсон. Дээрх хугацаанд миний бие байнгын асаргаатай хүүгээ эмнэлэг болон гэрийн нөхцөлд байнга харж хандан, хажуугаасаа хоромч холдуулахгүй асарч, сувилдаг. Хүү Г.Г маань одоог хүртэл алхаж чадахгүй, давсагны агшилтгүй шээс баасаа барьж чадахгүй, задгай байдалтай байдаг. Цаашид хүү маань эмчилгээ асаргаа маш их шаардлагатай байна.

Хариуцагч Ш.Ч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно, а.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй,” согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд “Toyota Harrier” загварын 0000 улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 11.3-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчин эсрэг урсгалд орж Ч.А жолоодон явсан “Toyota chaser” загварын 0000 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар хүү Г.Г эцэг Г.Г нь нас барсан гэмт хэрэгт холбогдсон.

Хариуцагч Ш.Ч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/676 тоот дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял оноосон. Мөн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/283 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс амь хохирогч Г.Га хууль ёсны төлөөлөгчөөр Э.Б миний биеийг тогтоон урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй байхаар шийдвэрт тусгасан.

Хүүгийн эмчилгээнд зардал гарсан бөгөөд цаашид эмчилгээнд хэдэн төгрөг зарцуулах эсэх нь тодорхойгүй ... миний бие иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Иймд хариуцагч Ш.Ч хүү Г.Г 18 нас хүртэл хугацаанд нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундаж хэмжээгээр тогтоож өгнө үү. Хариуцагч Ш.Ч хүүгийн эмчилгээнд зарцуулсан 17,514,878 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Э.Б нэхэмжлэлтэй Ш.Ч холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас хүү Г.Г гэм хор учруулсны тэтгэмж тогтоолгох болон эмчилгээний төлбөр 17,514,878 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлага дээрээ нэмж хүү Г.Г 2022 оны 4 сарыг хүртэлх гарсан эмчилгээний төлбөр болох 913,717 төгрөгийг нэмж гаргуулах хүсэлтэй байна. Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлага болох 913,717 төгрөгийг хариуцагчаас нэмж гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчээс 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа:

Э.Б миний бие нөхөр Г хамт амьдардаг байсан ба миний хүү Г төрөлхийн хавдартай төрсний улмаас байнгын эмчийн хараа хяналт асаргаа сувилгаанд байдаг учир миний бие өдөр шөнөгүй хүүгээ асарч ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдалд амьдарч байгаа. Нөхөр болох Г нь хариуцагч Ч буруутай үйлдлээс болж амь насаа алдсан ба нөхөр амьд сэрүүн байхдаа байрны түрээсийн төлбөр хүүхдийн эмчилгээний төлбөр гэх мэт бүх зардлыг хариуцаж миний бие хүүхдээ асардаг байсан. Гэвч одоо миний бие хүүхдээ асарч ажил хийх боломжгүй дээрээс нь байрны түрээсийн төлбөрийг төлж үнэхээр санхүүгийн хүнд нөхцөл байдалтай амьдарч байна. 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээг Д.Г байгуулж Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, ЭНЭШХ-н замын хойно, МҮОНРТ-н хажууд байрлах 00 дугаар байрны 00 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг сарын 750,000 төгрөг өнөөдрийг хүртэл түрээсэлж байгаа ба 30 сарын турш түрээсийн төлбөрт 22,500,000 төгрөг төлөөд байна. Ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй би хүүхдээ асарч дээрээс нь түрээсийн төлбөр болох 750,000 төгрөгийг ах дүү нараасаа гуйж сард 750,000 төгрөг болгох зорилго тавин л амьдарч байна. Хэрэв Ч буруутай үйлдлээс болж миний нөхөр амь насаа алдаагүй байсан бол миний бие ийм байдалтай амьдрахгүй байх байсан.

Иймд 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийг хүртлэх хугацааны түрээсийн төлбөрт төлсөн 22,500,000 төгрөгийг Ш.Ч гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

Г.Г 18 нас хүртэл хугацаанд нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундаж хэмжээгээр тогтоолгох” шаардлагын талаар нэхэмжлэлийг Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д заасны дагуу гаргажээ.

Талийгаачийн насанд хүрээгүй хүүхдэд гэм хорын төлбөрийн хэмжээг тогтооход түүний цалин орлогыг тогтоох шаардлагатай бөгөөд нас барагчийн сарын цалин, орлогыг тогтооход нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, нийгмийн даатгалын байгууллагаар тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зайлшгүй шаардлагатай байна.

Учир нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-д “...төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна” гэж хуульчилсан байх бөгөөд хохирогч нарс барснаас учирсан гэм хорыг арилгах төлбөрийн хэмжээг тогтооход шүүх бага насны хүүхдэд тэжээгчээ алдсаны тэтгэвэр тогтоосон нотлох баримт зайлшгүй шаардлагатай, нэхэмжлэлд зөвхөн талийгаачийг ажилд авсан тушаал хавсаргасан нь энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангахад нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Хүүхдийн эмчилгээнд зарцуулсан 17,514,878 төгрөгийг гэм хорын төлбөр гаргуулахаар шаардлага, нэхэмжлэлд нотлох баримтаар гаргаж өгсөн зарим баримт нь хэрэг учрал болохоос өмнөх цаг хугацааны баримт байна. Энэхүү баримтын үнийн дүн нь нийт нэхэмжлэлийн үнийн дүнгийн 6,317,500 төгрөг байна. Учир нь хэрэг учрал 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр болсон. Миний гэм хорын хохирлыг хариуцах үндэслэл нь гэм хор учирснаас хойших зардал хамаарна.

Гэвч зарим аж ахуйн нэгжээс худалдан авсан гэх барааны зарлагын падаан нь тухайн хуулийн этгээдийн регистрийн дугаар байхгүй, НӨТ-ийн баримтаар тогтоогдохгүй, бараа хүлээлгэн өгсөн гарын үсэг зурагдаагүй 4,302,050 төгрөгийн баримт байна. Дээрх баримтууд нотариатаар гэрчлүүлсэн байх боловч уг нотариатын гэрчилсэн хуулбар үнэн гэх асуудлыг тогтоож байгаа бөгөөд үнэхээр бараа материал эм, хэрэгсэл худалдан авсан гэдгийг нотолж буй олголт биш юм.

Мөн түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шалгагдах явцад нэхэмжлэгч Э.Б 3,000,000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Энэ нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 2021/ДШМ/283 дугаар магадлалд дурдагдсан.

 

Хариуцагч Ш.Ч 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэлийн шаардлагаа 913,717 төгрөгөөр нэмэгдүүлжээ. Энэхүү шаардлага нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүхэд ирүүлсэн нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй байна. Тухайлбал зарим баримт нь гаргагдахгүй байгаа бөгөөд эмчийн бичсэн жоргүй байна.

-Тухайн хүүхдийн эмчилгээний зардлын бүгдийг хариуцах боломжгүй байна. Учир нь хохирогчийн хүү болох Г.Г эмчлэгдэх шалтгаан нь миний үйлдлээс болоогүй бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

-Дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь “...гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол учирсан хохирлыг Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдэд заасан арга, хэлбэрээр арилгана” гэж Улсын дээд шүүхийн 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолын 6 дугаар зүйлийн 6.2.2-т заажээ.

Хохирогчийн хүү 2018 оны 8 дугаар сарын 11-ний өдөр төрөхдөө ахир сүүлнээс гадагш ургалттай төрөлхийн хэвийн бус төрсөн байдаг. Аливаа гэм хорын хохирол хариуцан арилгах үүрэг үүсэх үндэслэл нь хариуцагчийн шууд гэм буруутай үйлдэл түүний улмаас хохирогчид өөрт нь учирсан хохирлын шалтгаант холбоогоор тогтоогдоно.

Тэгэхээр нэхэмжлэгчийн төрөлхийн хэвийн бус төрсөн бага насны хүүхдийн эмчилгээний зардал, байрны түрээс зэрэг нь гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан нь хариуцагчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлгүй байна. Харин хохирогч нас барсантай холбогдуулан түүний асран хамгаалалтад байсан этгээдэд учирсан хохирлыг зөвхөн Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлд заасан эрх зүйн зохицуулалтаар шаардах эрх үүсдэг байна. Тухайлбал Улсын дээд шүүхийн 15 дугаар тогтоолын 6.3-т “...хохирол арилгах үндэслэл, нөхцөл гэдгийг” гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг арилгах зөвхөн хуульд заасан, эрх бүхий байгууллагын хууль ёсны үйл ажиллагаагаар баталгаажсан үндэслэл нөхцөлийг ойлгоно” гэж тайлбарлажээ.

Эндээс үзэхэд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан тохиолдолд зөвхөн хуульд заасан буюу Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан үндэслэлээр гэм хорыг арилгах үүрэг үүсэхээр байна. Нэхэмжлэгч төрсөн хүүхдийн эцэг болох талийгаачтай хамтын амьдралтай байсан талаар хэрэгт нотлох баримт байхгүй байна.

Мөн түүнчлэн нэмэгдүүлсэн шаардлагыг дэмжиж ирүүлсэн нотлох баримтад нэмслэгчээс орон сууцны түрээсийн төлбөрт төлсөн гэх баримт байхгүй байх бөгөөд зөвхөн иргэн Г харилцах дансанд түрээсийн төлбөр гэж орсон орлого байна. Энэ нь нэхэмжлэгч Э.Б түрээсэлж байгаа гэх Баянгол дүүргийн 0 дугаар хорооны 00 дугаар байрны 00 тоотыг түрээсэлсэн гэх гэрээ нь нэг өдөр бичигдсэн, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2023 оны 01 дүгээр сар хүртэл гэрээ байх бөгөөд нийт 30 сарын турш түрээсэлж байна гэжээ.

Гэтэл нэхэмжлэгч 17,514,878 төгрөг нэхэмжилсэн анхны шаардлагаа дэмжсэн эмчилгээний зардалд зарцуулсан гэх баримтад дурдсанаас үзэхэд орон сууц түрээсэлсэн гэх цаг хугацаанд нэхэмжлэгч Өмнөговь аймагт амьдарч байсан байна.

-Орон сууцыг бусдын эзэмшилд түр хугацаагаар шилжүүлэх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 302-311-д заасан үндэслэлээр тодорхойлдог. Түрээсийн гэрээгээр аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж, ашиг олох зорилгоор бусдын эзэмшилд эд хөрөнгө шилжүүлэх харилцаа юм.

Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.4-т “орон сууц хөлслөх гэрээнд энэ хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна” гэж зааснаар үл хөдлөх хөрөнгө бусдын эзэмшил, ашиглалтад шилжүүлж байгаа тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т зааснаар гэрээг эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ гэж заасан бөгөөд мөн зүйлийн 318.4-т “энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхаар хуульчилжээ” иймд хүчин төгөлдөр бус хэлцлээс шаардах эрх үүсэхгүй байна гэжээ.

 

Иргэдийн төлөөлөгч Н.О болон Б.Б нараас 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Хэргийн талаар Ш.Ч согтуугаар тээврийн хэрэгсэл барьж Г аавынх нь амь насанд хохирол учруулсан учир нэхэмжлэгч талын хүссэн баримт нотолгоог үндэслэн гарсан зардлыг төлөх, хүүхдийн асран халамжлах мөнгөн тэтгэмжийг өгөх нь зүйтэй гэж тус тус дүгнэжээ.

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 4 дүгээр тал/, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 2021/ДШМ/283 дугаар магадлал /хавтаст хэргийн 6-11 дүгээр тал/, гэрэл зураг /хавтаст хэргийн 12-16 дугаар тал/, хүү Г.Гандөлийн төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 17 дугаар тал/, Өмнөговь аймаг, Даланзадгад сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 18 дугаар тал/, Төгс цэлмүүн констракшн ХХК-ийн захиралын 2017 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 тоот тушаал /хавтаст хэргийн 19 дүгээр тал/, зарлагын баримт /хавтаст хэргийн 20-34 дүгээр тал/, НӨАТ-н баримт /хавтаст хэргийн 35-40 дүгээр тал/, бэлэн мөнгөний орлогын баримт /хавтаст хэргийн 41-44 дүгээр тал/, НӨАТ-н баримт /хавтаст хэргийн 45-68 дугаар тал/, Эх хүүхдийн эрүүл мөндийн үндэсний төв, хүүхдийн эмнэлгийн тодорхойлолт /хавтаст хэргийн 100 дугаар тал/, НӨАТ-н баримт /хавтаст хэргийн 102-103 дугаар тал/, Төрийн банкны орлогын мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дүгээр тал/, НӨАТ-н баримт /хавтаст хэргийн 105-134 дүгээр тал/, сар бүр олгох тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн дэвтэр /хавтаст хэргийн 153 дугаар тал/, Э.Б депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 170-178, 181-183 дугаар тал/, Зурагт СӨХ-ны төлбөр төлсөн баримт /хавтаст хэргийн 179-180 дугаар тал/, 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хавтаст хэргийн 184-185 дугаар тал/, 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хавтаст хэргийн 186-187 дугаар тал/, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ /хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 209 дүгээр тал/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн, цуглуулсан.

 

Шүүхийн журмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 03/821 тоот албан бичиг, хавсралт /хавтаст хэргийн 143-145 дугаар тал/ зэрэг баримтыг бүрдүүлсэн.

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Э.Б нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: Хариуцагч Ш.Ч хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдлийн улмаас хүү Г.Г эцэг нас барсан тул түүний асрамжид байсан хүүхдийг 18 нас хүртэл хугацаагаар тэжээн тэтгүүлэх, эмчилгээний зардал төлүүлэх, 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөр гаргуулна гэж,

-хариуцагч Ш.Ч, өмгөөлөгч С.Батсайхан нараас нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.

Үүнд: Тухайн хүүхдийн эмчилгээний зардлыг бүгдийг хариуцах боломжгүй, хохирогчийн хүү болох Г.Г эмчлэгдэх болсон шалтгаан нь миний үйлдлээс болоогүй бөгөөд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй байна гэж тодорхойлов.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ... нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Үүнд: -хариуцагч Ш.Ч нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “жолоочид дараах зүйлийг хориглоно, а.тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй,” мөн дүрмийн 11.3-т заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг зөрчиж,

-Хан-Уул дүүргийн 00 дугаар хороо, Айцын даваа буюу “Атлас” зочид буудлын зүүн талын замд “Toyota Harrier” загварын 0000 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа эсрэг урсгалд орж Ч.А жолоодон явсан “Toyota chaser” загварын 0000 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар хүү Г.Г эцэг Г.Г амь насыг хохироосон гэмт хэрэгт үйлдсэн, 

-Хариуцагч Ш.Ч “...Бусдын эрх, амь насанд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан” гэж үзээд  Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/676 тоот дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял шийтгэсэн,

-2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/283 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

Дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар “...Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.

Түүнчлэн Э.Б амь хохирогч Г.Г хууль ёсны төлөөлөгч,

-хүү Г.Г нь хохирогч Г.Г тэжээн тэтгүүлэгч байх ба хүү Г.Г нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед болсон ослоос өмнө буюу 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн,

-Төрөлхийн ахар сүүлнээс гадагш ургалттай хавдартай оношлогдсон, хөгжлийн бэрхшээлтэй,

-2018 оны 8 сарын 17-ны өдөр хавдар авхуулах,

-2018 оны 8 сарын 22-ны өдөр арьс засах оёдол тавих,

-2018 оны 8 сарын 29-ний өдөр бүдүүн гэдэс гадагшлуулах,

-2019 оны 9 сард хошногоны байрлал засах,

-2019 оны 9-р сард дээрх өдрөөс 17 хоногийн дараа арьс засах оёдол тавих,

-2020 оны 3 дугаар сард бүдүүн гэдэс залгуулах,

-2020 оны 4 дүгээр сард гэдэсний түгжрэлийн мэс засал, хагалгаанд тус тус орсон,  эмчилгээ хийлгэсэн,

-мэс заслын хагалгаа эмчилгээнд, 2018 оны 08-р сарын 11-ний өдрөөс хойш эмчилгээний зардал гаргаж байгаа,

-тэжээгчээ алдсаны тэтгэмж 2021 онд 288,000 төгрөг, 2022 оны 1 дүгээр сараас сар бүр 188,000 төгрөг авдаг,

-Э.Б болон Г.Г нар нь Баянгол дүүрэг, 00 дүгээр хороо, 00 дугаар байр 00 тоот хаягт түр оршин сууж, 30 сарын хугацаанд  тус байрыг түрээсэлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдлоо.

Хариуцагч нь хүүхдийн эмчилгээний зардал хариуцагчийн үйлдсэн гэмт хэрэгтэй шалтгаант холбоогүй, эм, хэрэгсэл авсан баримт нь шаардлага хангахгүй, хэн хэзээ юунд хэрэглэсэн болох нь тодорхойгүй, талийгаач ажил хөдөлмөр эрхэлж байсан эсэх, байрны түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч төлж байсан эсэх талаар маргаж байна.

Харин хариуцагч Ш.Ч өөрийн гэм буруу, эрүүгийн хэргийг хяналтын шатны журмаар гомдол гаргаагүй талаар болон нэхэмжлэгч Э.Б нэхэмжлэл гаргах эрхтэй, урьд хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон, гэм хор учирснаас хойших зардал, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хуульд заасан үндэслэлээр төлөхөд татгалзахгүй гэж,

-нэхэмжлэгч Э.Б эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад 3,000,000 төгрөгийг хариуцагчаас хүлээн авсан талаар маргаагүй.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар ... Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ... хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Энэ хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч ... тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан ... бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”

-энэ хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.3-т “... Хохирогч нас барсан бол түүнийг оршуулахтай холбогдсон зайлшгүй зардал болон гэм хор учруулсны төлбөрийг түүний өв залгамжлагч шаардах эрхтэй. ... Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна.” гэж тус тус заасан.  

Хариуцагч Ш.Ч хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас амь хохирогч Г.Г хүү Г.Г тэжээгчээ алдсан байна. Хариуцагчийн гэм буруутай үйлдэл Г.Г учирсан хохирол шалтгаант холбоотой, нөлөөлсөн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч Э.Б нь талийгаач Г.Г гэр бүлийн баталгаагүй боловч хамтран амьдарч байсан, хүүхэд Г.Г нь Г.Г болон Э.Б нарын дундаас төрсөн хүүхэд, Э.Б нь хүүгийнхээ тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тогтоолгохоор нэхэмжлэл гаргах, шаардах эрхтэй.

Хэргийн 19 дүгээр талд авагдсан баримтаар талийгаач Г.Г нь “Төгс цэлмүүн констракшн” ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд ажиллаж байсан гэх 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №Б/23 дугаартай ажил олгогч, захирал Б.Б гэх тодорхойлолтыг ирүүлсэн байх бөгөөд энэхүү тодорхойлолт нь Нийгмийн даатгалын ерөнхий газраас ирүүлсэн/хх-144-145/ Г.Г 2013-2019 оны байдлаар гарган ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, мөн нийтэд илэрхий мэдээлэл болох хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл /http://opendata.burtgel.gov.mn/-д туссанаар тус хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь Б.Б бус  өөр этгээд /2015.05.18-ны өдрөөс О.О гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн/ байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан бөгөөд “Төгс цэлмүүн констракшн” ХХК-ийн 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн №Б/23 дугаартай захирал гэх Б.Б тодорхойлолт нь дээр заасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэлд туссанаас илтэд зөрүүтэй, эргэлзээ бүхий байна. Эргэлзээтэй нотлох баримтыг шүүх шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй юм. Амь хохирогч нь тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон 1.800.000 төгрөгийн цалин хөлс авч байсан болох нь тогтоодохгүй байна.

Өөрөөр хэлбэл, Г.Г тус хуулийн этгээдийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болон 1.800.000 төгрөгийн цалинтай байсан болох нь өөр бусад бичгийн нотлох баримт/нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах гэрээ/-аар нотлогдохгүй байх ба энэ хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг тооцох үндэслэлгүй.

Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3-т зааснаар 2022 оны байдлаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420.000 төгрөгөөс төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо /420.000/3=140.000/ 3 хүнд хуваавал 1 хүнд 140.000 төгрөг ногдож байх ба одоо авч байгаа тэжээгчээ алдсаны тэтгэмж 188.000 төгрөг, нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсэг болох 280.000 төгрөг /140.000*2/-ийг хасаж зөрүүг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн хэдий боловч тооцооллын хувьд 00 дүнтэй буюу -48,000 төгрөг байхаар байна. Тиймээс одоо мөрдөгдөж буй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тэтгэмжийн зөрүү тогтоох үндэслэлгүй тул гэм хор учруулсны төлбөр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг хариуцагчаас гаргуулах боломжгүй байна.

Цаашид хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өсөж хүү Г.Г тогтоогдсон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн хэмжээнд зөрүү гарсан тохиолдолд тухайн үед зөрүүг шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурдаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагаас хүү Г.Г эмчилгээний зардал 18.428.595 төгрөгийн хохирол, мөн орон сууцны түрээсийн зардал 22.500.000 төгрөгийн хохирол нь хариуцагч Ш.Ч хууль бусаар санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирсан хохирол гэж үзэх шалтгаант холбоо тогтоогдоогүй тул энэхүү 2 шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь хүүгийн эмчилгээний зардал, орон сууц хөлсөлсөн зардал, хохирлыг хариуцагчаас гаргуулах, төлүүлэхээр шаардаж байх бөгөөд хууль зөрчсөний улмаас үүсэх үүрэг нь урьдчилан хэлэлцэн тохиролцсон ямар нэг гэрээ, хэлцлийг зөрчсөнтэй холбоогүйгээр, бусдын эд хөрөнгөд өөрийн хууль бус санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахтай холбоотойгоор үүсдэг.

Гэм хор учруулагч этгээдийн гэм буруутай үйлдэл болон эмчилгээний зардал, орон сууц хөлсөлсөн зардал, учирсан гэм хор, хохирлын хооронд шалтгаант холбоо үүссэн байхыг шаардана.

Гэм хор учруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэхийн тулд түүний санаатай, болгоомжгүй хууль бус үйлдэл, эс үйлдэл байгаа эсэх, уг үйлдэл /эс үйлдэл/-ийн улмаас нэхэмжлэгчид дээрх хохирол учирсан эсэхийг тогтоох учиртай бөгөөд нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдохгүй байна. 

Тодруулбал, хүүхдийн хагалгаа, эмчилгээ, түүнтэй холбоотой зардал нь хариуцагч Ш.Ч үйлдсэн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн гэм буруутай үйлдэл, ослоос өмнө бий болсон буюу 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Г нь төрөлхийн ахар сүүлнээс гадагш ургалттай хавдартай төрсний улмаас мэс заслын хагалгаа, эмчилгээ хийлгэсэн, эм тариа авсан, ор буйдан авсан зэрэг хохирол байх тул хоорондоо шалтгаант холбоогүй, энэ хохирол хариуцагч Ш.Ч гэм буруутай үйлдлийн улмаас үүсээгүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн эмчилгээний зардалд төлсөн баримт /хх-20-68/-ууд хүлээн авсан этгээдийн гарын үсэг зурагдаагүй, хэн авсан нь тодорхойгүй, нотлох баримтаар үнэлэх боломжгүй баримтууд байсныг дурдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэл, хэрэгт авагдсан баримтууд, зохигчийн тайлбаруудыг үндэслэн нэхэмжлэгч Э.Б хүү Г.Г эмчилгээний төлбөрт 18.428.595 төгрөг гаргуулах, түрээсийн төлбөрт 22.500.000 төгрөг гаргуулах, хүү Г.Г 18 нас хүртэл хугацаанд нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундаж хэмжээгээр тэтгэмж тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэдийн төлөөлөгч Н.О болон Б.Б нараас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд гаргасан “... Ш.Ч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож Г аавынх нь амь насанд хохирол учруулсан учир нэхэмжлэгч талын хүссэн баримт нотолгоог үндэслэн гарсан зардлыг төлөх, хүүхдийн асран халамжлах мөнгөн тэтгэмжийг өгөх нь зүйтэй” гэх дүгнэлтүүд хэргийн үйл баримтад тулгуурласан боловч Иргэний хуульд нийцээгүй, хариуцагч Ш.Ч гэм буруутай үйлдлийн улмаас үүдэлтэй, учирсан хохирлын хоорондох шалтгаант холбооны талаар дүгнэлт хийгээгүйгээс үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

Хариуцагч Ш.Ч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй,  зохигч түүний эзгүйд шүүх хуралдааныг хийхийг зөвшөөрсөн, хэрэгт авагдсан баримтыг үндэслэн шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Б, хариуцагч Ш.Ч гэм хорын хохиролд 40,928,595 төгрөг гаргуулах, хүү Г.Г 18 нас хүртэл хугацаанд тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдааны оролцогч тал 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй Ш.Ч шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

                        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         В.АМАРТҮВШИН

                                            ШҮҮГЧ                                        Б.БАЯРМАА

                                                                                                Д.УРАНЗУЛ