Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2024/00435

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 04 өдөр Дуга 210/МА2024/00435

 

 

Э.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/04949 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Э.Бгийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ш.Чад холбогдох,

 

Гэм хорын хохирол, эмчилгээний төлбөрт 146,639,123 төгрөг гаргуулж, хүү Г.Дийг 18 нас хүртэл хугацаанд нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундаж хэмжээгээр тэтгэмж тогтоолгох, түрээсийн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие Энхтуяа овогтой Б нь 2016 онд нөхөр Г.Г/талийгаач/-тэй танилцан хамтран амьдарч, 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр анхны хүү/Г.Д/-гээ өлгийдөн авсан. Хүү маань ураг байхдаа урьдчилсан оношоор ахар сүүлнээс гадагш ургалттай төрөлхийн хавдартай гэж оношлогдож 4,100 гр гарснаас 2,100 гр хавдар эзэлж, 6 хоногтойдоо хийж хавдрыг авсан. Хагалгааны дараа хүндрэл гарч бүдүүн гэдэс гадагшлуулах хагалгааг дахин хийлгэсэн бөгөөд энэ хугацаанд талийгаач нөхөр маань хүүхдэд нэн шаардлагатай байгаа бүх эм тариа, бусад зардлыг ажил хөдөлмөр эрхэлж залгуулдаг байсан.

1.2. Хүү Г.Д маань 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хавдар авхуулах мэс засал, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр арьс засах оёдол тавих мэс засал, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүдүүн гэдэс гадагшлуулах колостом гаргуулах мэс засал, 2019 оны 9 сард хошногоны байрлал засах мэс засал, дээрх өдрөөс 17 хоногийн дараа арьс засах оёдол тавих мэс засал, 2020 оны 3 дугаар сард бүдүүн гэдэг залгуулах колостом хагалгаа, 2020 оны 04 дүгээр сард гэдэсний түгжрэл болж нээлттэй мэс засалд тус тус орсон.

1.3. Хариуцагч Ш.Ч Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 жолоочид дараах зүйлийг хориглоно, а. тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ согтуугаар 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айдсын даваа буюу Атлас зочид буудлын зүүн талын замд Тоёота харрьер/Toyota Harrier/ загварын 87-71 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа мөн дүрмийн 11.3-т заасан ... эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэснийг зөрчин эсрэг урсгалд орж Ч.Амарбаярын жолоодон явсан Тоёота чэйзер/Toyota chaser/ загварын 52-74 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар хүү Г.Дийн эцэг Г.Г нь нас барсан.

1.4. Хариуцагч Ш.Чыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/676 тоот дугаартай шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцсон ба 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021/ДШМ/283 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэгт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс талийгаач Г.Гийн хууль ёсны төлөөлөгчөөр Э.Б миний биеийг тогтоон урьдчилан тооцоолох боломжгүй хохирлын тухай асуудлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжпэх эрхтэй байхаар шийдвэрт тусгасан.

1.5. Энэ хугацаанд миний бие байнгын асаргаатай хүүгээ эмнэлэг болон гэрийн нөхцөлд байнга харж хандан, хажуугаасаа хором ч холдуулахгүй асарч, сувилдаг. Хүү Г.Д маань одоог хүртэл алхаж чадахгүй, давсагны агшилтгүй шээс, баасаа барьж чадахгүй, задгай байдалтай байдаг. Цаашид хүү маань эмчилгээ асаргаа маш их шаардлагатай байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэхээр хандаж байна.

Иймд хариуцагч Ш.Чаас хүүгийн эмчилгээнд зарцуулсан 46,639,123 төгрөг, сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөг, нийт гэм хорын хохирол, эмчилгээний төлбөрт 146,639,123 төгрөг гаргуулж, хүү Г.Дийг 18 нас хүртэл хугацаанд нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундаж хэмжээгээр тэтгэмж тогтоолгох, түрээсийн төлбөр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч шүүхэд хохирогч нас барсны улмаас гэм хор гарсан гэж үзээд шүүхэд анх нэхэмжлэл гаргасан ба үүнийг хэргийг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байдаг.

Давж заалдах шатны шүүх уг хэргийг хянаж үзээд Төгс цэлмүүн констракшн ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаал гүйцэтгэж байсан эсэх, хэрэв ажиллаж байсан бол сарын 1,800,000 төгрөгийн цалин авч байсан эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзэн дахин хэлэлцүүлэхээр буцаасан байдаг.

2.2. Анхан шатны шүүх Төгс цэлмүүн констракшин ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Г.Г нь ажиллаж байсан талаар улсын бүртгэлийн газраас тодруулахад компанийн гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг бүртгэсэн зүйл харагдахгүй байна гэх лавлагаа ирсэн. Энэ нь Төгс цэлмүүн констракшин ХХК-аас ирүүлсэн албан бичиг үндэслэлгүй байна. Учир нь гүйцэтгэх захирал шинээр томилогдож байгаа бол компанийн дүрэмд өөрчлөлт оруулж компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг мөн бүртгүүлдэг.

2.3. Түүнчлэн нийгмийн даатгалаас шимтгэл төлөөгүй гэдэг тогтоогдсон учир хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тэжээгчээ алдсаны тэтгэмжийг тогтоосон. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг 18 нас хүртэл тогтоох боломжгүй байна гэж анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн.

2.4. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа тогтмол нэмэгдүүлж байсан. Хамгийн сүүлд 2023 оны 03 сард сэтгэл санааны хохирол 100,000,000 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2.5. Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 тоот тогтоолоор Хууль зүй, дотоод хэргийн яамны сайдын гэмт хэргийн улмаас хүний сэтгэлд учирсан хор уршгийг тогтоож, дүгнэлт гаргах журмыг баталсан байдаг. Дээрх тогтоолд сэтгэцийн эмгэгтэй байгаа тохиолдолд сэтгэцийн гэм хорыг арилгах асуудлыг тогтоох ёстой ба сэтгэцийн гэм хор гэдгийг Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийн 3-р зүйлд заасныг ойлгоно. Сэтгэцийн эмгэг нэхэмжлэгчид учирсан үгүйг тогтоосны үндсэн дээр гэм хор шаардах зүйл яригдана.

2.6. Ингэхийн тулд нэхэмжлэгч нас барсан хүнтэй гэр бүлийн гишүүн мөн эсэх асуудал яригдах ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үеэр Б.Бг цагдаагийн байгууллагаас хохирогчийн хууль ёсны төлөөлөх гэдгийг тогтоох боломжгүй гэсэн байдаг. Гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн болон дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг ойлгоно гэж заасан байна. Нэхэмжлэгч нь гэр бүлийн гишүүн биш гэж үзэж байгаа тул гэм хор тогтоох боломжгүй гэж үзэж байна. Тиймээс 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

2.7. Түүнчлэн эмчилгээний зардлын хувьд Иргэний хуулийн шалтгаант холбоотой байх асуудлыг ярих шаардлагатай. Энэ эмчилгээний зардлын шалтгаант холбоог тогтоогоогүй бол дахин 18 нас хүртэл ямар эмчилгээ гарах гээд үйл явдлууд үргэлжлээд дуусахгүй ийм нөхцөл байдал үүснэ.

Энэ хүүхэд өвчтэй болсон нь гэмт хэрэг гарснаас болсон эсэхийг тогтоох шаардлагатай. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ш.Чаас 6,920,867 төгрөгийг гаргуулан нэхэмжпэгч Э.Бд олгож, нэхэмжпэлээс үлдэх 139,718,256 төгрөг, хүү Г.Дийг 18 нас хүртэл тэжээгчээ алдсаны зөрүү мөнгийг гаргуулах нэхэмжпэлийг шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 41.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжпэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 125,683.87 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Сэтгэл санааны хохирол нэхэмжилсэн 100,000,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ингэхдээ Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хууль тогтоомж буюу Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг алдагдуулсан.

4.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийг арилгах нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийн үүрэг бол өөрт учирсан хохирлоо шаардах нь хохирогч болоод түүний хууль ёсны төлөөлөгчийн бүрэн эрх юм. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийг онол арга зүйн хувьд шууд болон шууд бус гэж ангилан авч үзэх ба тэжээгчээ насан туршдаа алдаж амьдралын баталгаажих түвшин буурсан нь тухайн гэмт хэргийн хор уршиг юм. Гэмт хэргийн улмаас үүссэн хохирол хор уршгийг арилгана гэдэг нь ял шийтгэл эдэлсэн эсхүл оршуулгын зардал төлсөн тухай ойлголт биш.

Иймд 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 04949 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас учирсан сэтгэл санааны хохирлыг гаргуулахаар шийдвэрлээгүй гэжээ. Э.Б нь талийгаач Г.Гтэй хууль ёсоор гэрлэлтээ батлуулаагүй, хамтын амьдралтай хүмүүс байсан. 2023 оны Хууль зүй, дотоод хэргийн яамны сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэл санаанд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох асуудлыг зохицуулсан. Сэтгэл санааны хохирлын асуудлыг Шүүх шинжилгээний ерөнхий газраар гаргуулах, эсхүл тусгай мэргэжлийн хүнээр гаргуулах талаар хуульд заасан.

5.2. Анхан шатны шүүх 100,000,000 төгрөгийн сэтгэл санааны хохирлын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, Шүүх шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилсон. Шүүх шинжилгээний ерөнхий газраас сэтгэл санааны хохирлыг тогтоох боломжгүй гэх хариуг ирүүлсний дагуу Э.Б шинжилгээ хийлгэхээс татгалзсан хүсэлтийг бичгээр гаргасныг шүүх нэхэмжлэгч сэтгэл санааны хохиролд 100,000,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан гэж үзэж тус нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзсан.

5.3. Мөн нэхэмжлэгч 46,000,000 төгрөгийн гэм хорын асуудал яригддаг. Тус хэрэг 2 удаа давж заалдах шатны шүүхээр орж байна. 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт нас барсан хохирогч нь Төгс цэлмүүн констракшн ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалтай байсан гэх албан бичгийг анхан шатны шүүх гүйцэд шалгаагүй байгаа тул шийдвэрлэх боломжгүй гэж үзэж шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Үүнээс хойш нэхэмжлэлийн шаардлага нэмэгдсээр байгаад 146,000,000 төгрөг болсон.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд гэм хорын асуудлыг дурдсан нь хариуцагчийн давж заалдах гомдолтой давхцаж байна гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсэг болох амь хохирогчийн хүү Г.Дийн эмчилгээний төлбөрт 6,920,867 төгрөгийн гэм хорын хохиролыг хариуцагчаас гаргуулахдаа шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хариуцагч Ш.Чын хууль бус болгоомжгүй үйлдлийн улмаас амь хохирогч Г.Гийн хүү Г.Д тэжээгчээ алдсан байна. Хариуцагчийн гэм буруутай үйлдэл Г.Дд учирсан хохирол шалтгаант холбоотой, нөлөөлсөн гэж үзэхээр байна. Нэхэмжлэгч Э.Б нь талийгаач Г.Гтэй гэр бүлийн баталгаагүй боловч хамтран амьдарч байсан..., мөн Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг эх, хүүхдийн хооронд эрх үүрэг үүснэ., мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд нэхэмжлэл гаргаж болно гэж, Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт зааснаар тэжээн тэтгүүлэгчийн төрсөн эх Э.Б шүүхэд нэхэмжлэл гаргах, хүү Г.Дийн эрүүл мэндийн улмаас эмчилгээний хагалгаа болон эмчилгээний зардалд гарсан төлбөрийг шаардах эрхтэй. гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан нь хууль хэрэглээний болон гэм хорын хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын эрх зүйн онолын хувьд илт үндэслэлгүй шийдвэрлэсэн гэж үзэж байна.

6.2. Нэхэмжлэгч Э.Бгийн хүү Г.Д ураг байхдаа урьдчилсан оношоор ахар сүүлээс гадагш ургалттай, төрөлхийн хавдартай ... гэж оношлогдож 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр төрсөн байдаг. Харин хариуцагч Ш.Чын учруулсан зам тээврийн гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр үйлдэгдсэн байдаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн хүүхэд эрүүл мэндийн хувьд доголдолтой төрсөн нь хариуцагчийн авто ослын гэмт хэргийг гэм буруугийн улмаас хүүхдийн эрүүл мэндийн хувьд гэм хор, хохирол учирсан гэж хууль зүйн дүгнэлт хийж, хуульд зааснаар хариуцлага хүлээлгэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх гэм буруу, гэм хорын шалтгаант холбоог буруу тайлбарлаж маргааныг шийдвэрлэсэн.

6.3. Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгах нарийвчилсан зохицуулалт нь Иргэний хуулийн 508, 509 дүгээр зүйлүүдийг үндэслэн шийдвэрлэж байх талаар Улсын Дээд шүүхийн 2009 оны Гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан хохирлыг арилгах тухай 15 дугаар тогтоолоор тодорхой тайлбарласан байдаг. Энэхүү маргааныг шийдвэрлэх эрх зохицуулалт нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт нэг мөр ойлголттой тогтсон асуудал юм.

6.4. Анхан шатны шүүх гэм хорын хохиролыг арилгах үндэслэлдээ Гэр бүлийн тухай хуулийн 21, 48, 47 дугаар зүйлийг баримтлан гэрлэгчдийн хооронд хуульд зааснаар үүрэг үүсэж, хариуцлага хүлээх үндэслэлүүдийг дурьджээ.

Гэтэл анхан шатны шүүх зохигчдыг нэг гэр бүлийн гишүүн мэтээр дүгнэж, тэдний хооронд Гэр бүлийн тухай хуулиар зохицуулагдах эрх үүрэг үүссэнээр шаардах эрхтэй хохирол барагдуулах үүрэгтэй гэсэн нь хууль хэрэглээний илэрхий алдаатай шийдвэр гаргахад хүрсэн.

6.5. Мөн Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дах зохицуулалт нь үүргийг олон этгээд гүйцэтгэхтэй холбоотой харилцааны зохицуулалт юм. Харин гэм хор арилгах шаардлага нь гэрээний бус, зөрчлийн улмаас хуульд зааснаар үүрэг үүсэж, хариуцлага хүлээдэг.

Анхан шатны шүүх Гэр бүлийн тухай хуулиар нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцлага хүлээх үндэслэлийг тодорхойлсон атлаа Иргэний хуулийн гэм хорын зохицуулалтыг удирдлага болгосон нь шийдвэрийн үндэслэх хэсэгт хийсэн дүгнэлтээс зөрүүтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсгийг ..... хариуцагч Ш.Чаас 6,920,867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, гэсэн хэсгийг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгчээс хариу тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч Ш.Чад холбогдуулан гэм хорын хохирол, эмчилгээний төлбөрт нийт 146,639,123 төгрөг гаргуулж, хүү Г.Дийг 18 нас хүртэл хугацаанд нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дундаж хэмжээгээр тэтгэмж тогтоолгох, түрээсийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан баримтыг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Ш.Ч нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 40 минутын үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Айдсын даваа Атлас зочид буудлын зүүн талд замд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Тоёота харрьер /Toyota Harrier/ загварын 87-71 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон эсрэг урсгалд орж Ч.Амарбаярын жолоодон явсан Тоёота чэйзер/Toyota chaser/ маркын 52-74 УБС улсын дугаартай автомашиныг мөргөж, улмаар зорчигч Г.Гийн амь насыг хохироосон үйлдлийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2020/ШЦТ/676 дугаар шийтгэх тогтоолоор гэм буруутайд тооцож ял шийтгүүлсэн;

 

3.2. Хариуцагч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Бд 3,000,000 төгрөг төлсөн;

 

3.3. Нэхэмжлэгч Э.Б болон Г.Г нарын дундаас 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүү Г.Д төрсөн ба Г.Д нь төрөлхийн ахар сүүлнээс гадагш ургалттай хавдартай оношлогдож, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хавдар авхуулах, 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр арьс засах оёдол тавих, 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр бүдүүн гэдэс гадагшлуулах, 2019 оны 09 дүгээр сард хошногоны байрлал засах, 2019 оны 09 дүгээр сард дээрх 17 хоногийн дараа арьс засах оёдол тавих, 2020 оны 03 дугаар сард бүдүүн гэдэс залгуулах, 2020 оны 04 дүгээр сард гэдэсний түгжрэлийн мэс засал хагалгаанд тус тус орж, эмчилгээ хийлгэсэн, хөгжлийн бэрхшээлтэй;

 

3.4. Хүү Г.Д нь 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хойш сар болгон 288,000 төгрөг, 2020 оны 12 дугаар сараас 188,000 төгрөгийн тэжээгчээ алдсаны тэтгэмж авдаг;

 

3.5. Э.Б хүү Г.Дийн хамт Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, 43 дугаар байр 49 тоотод хаягт түр оршин сууж тус байрыг 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсэлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон.

 

Дээрх үйл баримтад зохигч талууд маргаагүй.

 

4. Анхан шатны шүүх эрүүл мэндийн төлбөрт нэхэмжилсэн 20,682,185 төгрөгөөс 13,841,734 төгрөгийг эмчилгээний төлбөрт нэхэмжлэгчээс зарцуулсан гэж тогтоож, нэхэмжлэгч Э.Бгийн хариуцах 6,920,867 төгрөгийг хасаж /13,841,734*2=6,920,867 төгрөг/ талийгаач Г.Гийн хамтран хариуцах 6,920,867 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт нийцэхгүй байна.

 

4.1. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг төсөөтэй хэрэглэсэн нь буруу болжээ.

 

Тодруулбал, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ гэж, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт Тэжээн тэтгүүлэгчид онцгой нөхцөл байдал тохиолдсон /хүндээр өвчилсөн, тахир дутуу болсон, эмчлүүлсэн, сургуульд орсон гэх мэт/ үед түүнд нэмэлт тэтгэлэг гаргуулах, эсхүл гарсан зардлыг хариуцуулахаар энэ хуулийн 47.2-т заасан этгээд шүүхэд нэхэмжлэл гаргаж болно. гэж заасан зохицуулалт нь зөвхөн эцэг, эх, хүүхдийн хоорондын харилцаанд үйлчлэх ба Ш.Чыг Г.Дийн эцэг Г.Гийн үүргийг шууд гүйцэтгүүлэхээр эмчилгээний зардлын тал хувийг хариуцуулах гэм буруугийн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна.

4.2. Бусдын гэм буруутай үйлдлийн улмаас амь нас хохирсон тохиолдолд эцэг /эх/-ийн үүргийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хариуцуулах хуульд заасан үндэслэлгүй.

 

Хохирогч нас барснаас учирсан гэм хорыг арилгахтай холбоотой харилцааг Иргэний хуулийн 508 дугаар зүйлд заасан журмаар арилгах хуулийн зохицуулалттай.

 

Нэхэмжлэлээс орон сууц хөлслөх гэрээгээр төлсөн 25,956,938 төгрөг, эмчилгээний зардал 20,682,185 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагад гэм буруугийн шалтгаант холбоо үгүйсгэгдэж байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Энэ талаар гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлтэй байна.

 

5. Анхан шатны шүүх талийгаач Г.Гийн амь насыг хохироосон гэмт хэрэг нь 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болсон тул нэхэмжлэгч Э.Бгийн сэтгэцэд учирсан сэтгэл санааны гэм хорыг тогтоох боломжгүй талаар дүгнэлт Иргэний хуулийн үзэл баримтлалд нийцжээ.

 

5.1. Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2, 511 дүгээр зүйлийн 511.3-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой зохицуулалт нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлт бөгөөд шүүх Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй болно.

 

5.2. Иргэний хуулийн нэмэлт өөрчлөлт 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс хойш хугацаанд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх гэм хорыг арилгахад Улсын Дээд Шүүхийн Нийт Шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор батлагдсан Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал баримтлан шийдвэрлэнэ.

 

Дээрх үндэслэлээр талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6. Анхан шатны шүүх Э.Б нь Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасан гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй гэж зөв дүгнэсэн атлаа хэрэгт авагдсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан хуулийн шаардлага хангасан Төгс цэлмүүн констракшн ХХК-ийн захирлын тушаалыг үнэлэхгүйгээр талийгаач Г.Гийг ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй тул сарын цалин хөлс, орлогын хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг залруулна.

 

6.1. Төгс цэлмүүн констракшин ХХК-ийн захирлын 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/23 дугаар тушаалын 1 дэх заалтаар ...Төгс цэлмүүн констракшин ХХК-д гүйцэтгэх захирлын албан тушаалд Г.Г томилсугай, 2 дахь заалтаар ...нэг сарын үндсэн цалинг 1,800,000 төгрөгөөр тооцож олгохыг нягтлан бодогч Х.Нарангэрэлд даалгасугай гэж Г.Гийн нэр сарын цалинг 1,800,000 төгрөгөөр тооцож тогтоосон байна.

 

Анхан шатны шүүх Г.Гийг тус компанийн гүйцэтгэх удирдлагаар улсын бүртгэлд бүртгэгдээгүй, мөн дээрх тушаал эргэлзээтэй гэж дүгнэсэн нь буруу болжээ.

Учир нь Г.Гийг улсын бүртгэлд гүйцэтгэх удирдлагаар бүртгүүлээгүй болон Төгс цэлмүүн констракшин ХХК-ийн мэдээлэл зөрүүтэй зэрэг нь талийгаач Г.Гийн сарын цалин, орлогыг үгүйсгэх үндэслэл болохгүй.

 

6.2. Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авах эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно. Түүнчлэн төлбөр авагч тус бүрт тогтоосон төлбөрийн хэмжээнээс тэжээгчээ алдсаны тэтгэврийг хасна. гэж заасан.

 

Талийгаач Г.Гийн сарын цалин 1,800,000 төгрөгийг гэр бүлийн гурван гишүүнд хувааж тооцоход 1 гишүүнд 600,000 төгрөг ногдож байна. Энэ дүнгээс тэжээгчээ алдасны тэтгэмжийн 188,000 төгрөгийг хасч, тооцоход 412,000 төгрөг болно.

 

Иймд, хариуцагч Ш.Чаас хүү Г.Дийг 18 нас хүртэл нь сар бүр 412,000 төгрөг гаргуулж олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт оруулна.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д заасан зохицуулалт нь сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой шаардах эрхийг тодорхойлохгүй тул мөн хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 гэж өөрчилнө.

 

Түүнчлэн, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-т заасан гэм хор учруулсны төлбөрийг гаргуулж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 508 дугаар зүйлийн 508.3 дахь хэсэгт заасныг нэмж баримтална.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 184/ШШ2023/04949 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 508.3, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-т заасныг баримтлан 2018 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Г.Дийг 18 нас хүртэл нь сар бүр 412,000 төгрөгийг хариуцагч Ш.Чаас гаргуулж, нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэлээс 146,639,123 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2, 41.1.7 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Э.Б нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Ш.Чаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлого болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 125,684 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Ц.АЛТАНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

 

С.ЭНХБАЯР