Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2022/02366

 

 

 

 

 

     2022            07            19                                            184/ШШ2022/02366

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч В.Амартүвшин даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 0 дүгээр хороо, 0 дугаар хороолол, Алтайн гудамж, Шинэ дэлхий оффис 0 дугаар давхар, 0 тоот хаягт байрлах “Г” ХХК /РД:0000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух Х овогт Д У /РД:00000000000/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 00 дугаар хороо, 00 байр, 00 тоот хаягт оршин суух Б овогт Г Г /РД:0000000000/

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,822,896 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлд 2022 оны 6-р сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аа, хариуцагч Д.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Даваадулам.

Хариуцагч Г.Г нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Г” ХХК нь хариуцагч Д.У, Г.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүгээ зөрчснөөс учирсан хохиролд 21,822,896 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: “Г” ХХК нь Г овоггой Г, Д овогтой У нартай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, №ЗГ 19/24 тоот “Зээлийн гэрээ“, № БГ 19/24 тоот Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар олгож, зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Г.Г-н ХААН банк дахь 0 тоот данс00000000 анд шилжүүлсэн.

Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь нийт 4,370,000 төгрөгийн төлөлт хийсэн боловч үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл бүрэн төлж барагдуулаагүй, гэрээний үүргээ ноцтой зөрчиж, нэхэмжлэгчид өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн төлбөр 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг, нийт 21,822,896 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгчид учруулаад байна.

Талууд зээлийн барьцаанд Г.Г эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын 0-р баг, Баянгол 0 га төмс хүнсний ногоо, чацаргана тоот дугаартай, зориулалттай газар, мөн түүний өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 тоот дугаартай Төв аймгийн Батсүмбэр сумын 0-р баг Мандал Залуус 0 гудамж, 0 тоотод байрлалтай 1998м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан.

Бид Зээлдэгч нарт төлбөрийн үүргээ гүйцэтгэх талаарх шаардлагыг удаа дараа утсаар болон мессежээр хүргүүлдэг байсан боловч төлбөрөө төлдөгтүй, утсаа авдаггүй, гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй, утсаа авдаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, ... шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нарыг эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн 00-р хороо, 00 байр, 00 тоотод хамт оршин суудаг болох нь тогтоогдсон.

Иймд Хариуцагч нараас “Зээлийн гэрээ”-ний үндсэн төлбөрт 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, болон нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг, нийт 21,822,896 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагч Д.У, Г.Г нар шүүхэд өгсөн хариу тайлбартаа:

Г.Г, Д.У нар нь Г ХХК-с 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг Төв аймаг Батсүмбэр сум 0 дугаар баг Сөгнөгөрт зуслангийн байшингууд барьж гэр кемп ажиллуулах зорилгоор авсан.

Зээлийн хүү төлөлт 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 460,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,910,000 төгрөг нийт 4,370,000 төгрөгийг төлсөн.

Тухайн үед намар, өвлийн улирал эхэлж ажил зогсож, 2019 оны 11, 12 дугаар сард зээлийн хүүгээ төлж чадаагүй бөгөөд зээлдэгч Г.Г нь тухайн үед Батсүмбэр сумын ЗДТГазарт ажиллаж байсан. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Төв аймагт Статистекийн тооллогын сургалтанд явсан үед, тухайн ББСБ-н ажилтан Б.Х нь сумын засаг даргатай уулзаж, зээлийн талаар болон ёс зүйн талаар арга хэмжээ авах тухай өргөдөл гаргасны дагуу удирдлагаас Төрийн албан хаагчийн ёс зүйгүй, ЗДТГазрын албан ёсны хаяг дээр коммент ирээд байдаг нь сумын төрийн албаны нэр хүндэд нөлөөлж байна гэсэн тул Г.Г миний бие өөрийн хүсэлтээр 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр ажлаа өгч, Улаанбаатар хот руу шилжин явсан.

Үүнээс хойш тогтсон ажилгүй байгаа болно. Тухайн үед миний бие нь ажилтан Х “зээлийн хугацаа 2020 оны 4 дүгээр сард дуусна” тэр болтол ЗДТГазарт битгий хандаач гэхэд газрын даамал Мөнхбаярт Гантулгын барьцаанд тавьсан газрыг зааж өг гэх зэргээр 2-3 удаа уулзсан байсан. Иймд би Б.Х зээлийн хугацаа дуустал би зээл төлөхгүй, шүүхээр шийдүүлье гэхэд барьцаа хөрөнгө чинь хүрэхгүй байна нэмж барьцаа тавья гэхэд одоо нэмж гэрээ байгуулахгүй гэсэн. 2020 оны 6 дугаар сард тус ББСБ-ны ажилтан Уранчимэг эдийн засагч Х нөхрийн хамт Сөгнөгөрт байгаа мөн Г.Г эзэмшил бүхий 0.8 га газрыг үзүүлж, бичиг баримтыг нь канондож өгсөн. Тухайн үед зээлий нхүүг зогсоох тухай тус ББСБ-д утсаар хүсэлтээ гаргаж байсан. 2020-2021 онуудад цар тахлын улмаас тогтсон ажил, орлоггүй байсан тул уг зээлийг төлж чадаагүй. Эдгээр хугацаанд ББСБ-с зээл төлөх гэсэн шаардлагуудыг тавьж байсан. 2-3 удаа биечлэн уулзаж байсан. Уг байгууллагаас 10,000,000 төгрөгийн зээл авч, зуслангийн 3 байр барьсан. Цаг үеийн байдлаас үйл ажиллагаа хэвийн явагдаж чадаагүй, зэргийг харгалзан үзэж зээлийн хүүгээс багасгаж төлөх, үндсэн зээл 8,991,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөгийг төлж уг ББСБ-г хохиролгүй болгох болно гэжээ.  

 

Зохигчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтууд: нэхэмжлэгчээс Г ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 4 дүгээр тал/,  Г ХХК-ийн дүрэм /хавтаст хэргийн 5-7 дугаар тал/, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн ЗГ19/24 тоот “зээлийн гэрээ” /хавтаст хэргийн 8-12 дугаар тал/, 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн БГ№19/24 тоот “зээлийн барьцааны гэрээ” /хавтаст хэргийн 13 дугаар тал/, газар эзэмших эрхийн гэрчилгээ /хавтаст хэргийн 14-15 дугаар тал/, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдртийнг 43/04-2127 тоот албан бичиг /хавтаст хэргийн 16 дугаар тал/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 00778 тоот шийдвэр /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/, зээлийн тооцоолол /хавтаст хэргийн 21 дүгээр тал/, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 54-56 дугаар тал/

Хариуцагч нар шүүхэд татгалзалтай холбоотой нотлох баримт гаргаагүй.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй.

Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлж байна.

Үүнд: Зээлдэгч нар нь 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, №ЗГ 19/24 тоот “Зээлийн гэрээ“, № БГ 19/24 тоот Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар олгож, зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Г.Г-н ХААН банк дахь 0000000000 тоот дансанд шилжүүлсэн.

-үндсэн төлбөр 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг, нийт 21,822,896 төгрөгийн үлдэгдэлтэй,

-зээлдэгч нар хугацаанд нь төлөөгүй, удаа дараа мэдэгдэл өгсөн боловч үүргээ биелүүлээгүй гэж,

 

Хариуцагч Г.Г, Д.У нар нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: ...байгууллагын захиралд зээлийн эргэн төлөлтөө хойшлуулах хүсэлтээ өгсөн, түүнээс хойших хүүг төлөхгүй, харин нэмэгдүүлсэн хүү болон зээлийн үлдэлдлийг төлнө гэжээ.

Талуудын маргааны зүйл нь гэрээний хугацаа дуусснаас хойшхи хугацаанд зээлийн хүүд 10,692,753 төгрөгөөс зарим хэсгийг буюу 5,000,000 төгрөг төлөх үндэслэлтэй эсэх талаар маргаж байна.

Харин талууд ...2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөг шилжүүлсэн, хүлээн авсан, гэрээний хугацаанд хариуцагч нар 4,370,000 төгрөг төлсөн, зээлийн үлдэгдэл 8,991,593 төгрөг, зээлийн хүүд 5,000,000 орчим төгрөг төлөх, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг зэрэгт маргаагүй байна.

 

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Зохигчийн хооронд бичгээр 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, №ЗГ 19/24 тоот “Зээлийн гэрээ“, № БГ 19/24 тоот Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан,

- зээлдэгч Г.Г ХААН банк дахь 0000000000 тоот дансанд 10,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар олгож, зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн,

- гэрээний хугацаанд зээлдэгч нар нь нийт 4,370,000 төгрөг буцаан төлсөн,

-Зээлдэгч нараас үндсэн зээл 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг, нийт 21,822,896 төгрөгийн үлдэгдэлтэй,

-зээлдэгч нар эргэн төлөлтийн хуваарийн дагуу хугацаандаа төлөөгүй, үүргээ биелүүлээгүй,

-зээлийн барьцаанд Г.Г эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын 0-р баг, Баянгол 0 га төмс хүнсний ногоо, чацаргана тоот дугаартай, зориулалттай газар, мөн түүний өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний 0 тоот дуга0000000000артай Төв аймгийн Батсүмбэр сумын 0-р баг Мандал Залуус 0 гудамж, 0 тоотод байрлалтай 1998м2 талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалуулсан,

-зээлийн гэрээний хугацаа 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дууссан байна. 

 

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн №ЗГ 19/24 тоот “Зээлийн гэрээ“, № БГ 19/24 тоот Зээлийн барьцааны гэрээ”-р зээлдэгч нарт 10,000,000 төгрөг шилжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд энэ үүргээ биелүүлсэн,

-хариуцагч Г.Г, Д.У нар нь уг гэрээгээр заасан хугацаанд мөнгөн хөрөнгө, түүний хүүг буцаан төлөх хариу үүрэг хүлээсэн боловч үндсэн зээлийн үлдэгдэл 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байна.

 

Өрх гэр, иргэдийн хувийн хэрэгцээнд зориулагдсан зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно. Тодруулбал, цалингийн зээл, тэтгэврийн зээл, малчны зээл, автомашины зээл, лизинг, кредит картын зээл болон дээрхтэй төстэй бусад зээлийн гэрээ, хэлцлийг хэрэглээний зээлд хамруулдаг. Зээлдэгч нарын авсан зээлийн зориулалт нь хувийн хэрэгцээний зээл буюу хэрэглээний зээл байна.

Хэрэглээний зээлийг шинээр олгох, өмнө нь олгосон зээлийн нөхцөлийг өөрчлөхөд Монгол банкны Ерөнхийлөгчийн /2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн а120/ 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн А-277 тоот тушаал, хавсралтаар зохицуулсан байна.

Хэрэглээний зээлийн нөхцлийг өөрчлөх гэдэгт зээлийн хугацаа сунгах, ...эрхийг нэмэгдүүлэх тохиолдлыг хамааруулна. Хамтран зээл авахад төрсөн ах, дүү хамтран үүрэг гүйцэтгэгчээр оруулж болно, хамааруулна гэж заасан.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7, 20.8-д зааснаар хариуцагч нар нь “Зээлийн гэрээ”-нд хамтран зээлдэгч, “Зээлийн барьцааны” гэрээндээ хамтран зээлдэгч, үүрэг гүйцэтгэгч байна.

Зээлдэгч нар нь орлого буурснаар зээлийн төлөлтийг цаг үеийн асуудлын улмаас төлөх боломжгүй болж, улмаар зээлдүүлэгчид хүсэлт гаргасан гэж тайлбарлах бөгөөд энэхүү тайлбар зээлийн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй, хариуцагч нар энэхүү зээлийн хүү төлөхгүй гэх тайлбар, татгалзлаа хэргийн баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар хариуцагч татгалзлын үндэс болж байгаа байдлын талаар нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ биелүүлээгүй, хариуцагч татгалзлаа нотлосон баримтыг шүүхэд ирүүлээгүй, зээлийн гэрээний 6.1-д зааснаар гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, тодорхой хугацаагаар үүгийн гүйцэтгэлийг хойшлуулах үндэслэл, хэргийн баримтаар маргааны зүйл болж хүүг багасгах үндэслэл, нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Зээлдэгч нар нь цалин орлоготой, ажлаа хийж байсан байх хугацаанд орлого буурсан, тасалдсан байдал нотлогдоогүй, зээлийн хугацаа дууссанаас хойших хүүг төлөхгүй гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн ажилтны үйлдлээс ажлаас халагдсан бол буруутай этгээдээс хохирлоо шаардах эрхтэй. Гэвч хариуцагч нарын зээлээ хугацаандаа төлөөгүй, зээлийн эргэн төлөлтийн хугацааг хэтрүүлсний улмаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг зээлдэгч нараас шаардсан, гэрээний хэрэгжилтэнд хяналт тавьсан байна.

Тиймээс зээлийн төлөлтийг хойшлуулсан гэж үзэхгүй, зээлдэгч зээлийн гэрээний 2.10-д зааснаар “...2020 оны 4-р сараас хойш хүү төлөх үүрэг, хуваарийг удаа дараа зөрчсөн, байх ба энэ заалтаар зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хагцааа дууссанаас үл хамааран сар бүр хүү төлөхөөр заасан тул энэ үүргээ биелүүлээгүй хугацааны зээлийн хүүг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн, Нэхэмжлэгч “Зээлийн гэрээ”, “зээлийн барьцааны гэрээ”-ний үүрэгт нийт 21,822,896 төгрөг шаардах эрхтэй.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.”

-энэ хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2-д “Зээлдүүлэгчээс олгох зээл нь хүүтэй буюу хүүгүй байж болно.”, “Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй”,

-энэ хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “...Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан.

 

Иймд дээрх хуульд заасан үндэслэл, баримтыг үндэслэн хариуцагч нараас зээлийн үлдэгдэлд 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг, нийт 21,822,896 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгов.

Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1-д зааснаар “..Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй.” тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь зүйтэй.

Хариуцагч Г.Г нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараар нөхөн төлүүлж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар “Г” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.Г Д.У нараас 21,822,896 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дүгээр зүйлийн 175.1-д зааснаар Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Г.Г эзэмшлийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын 0 дугаар баг, Баянгол 0 га төмс хүнсний ногоо чацаргана тоот дугаартай, зориулалттай газар, мөн улсын бүртгэлийн гэрчилгээний 000000000 тоот дугаартай Төв аймгийн Батсүмбэр сумын 0 дүгээр баг Мандал Залуус 0 дугаар гудамж, 0 тоот хаягт байршилтай 1,998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,300 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 337,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.3, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон тал уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй. Гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       В.АМАРТҮВШИН