Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01876

 

 

 

 

 

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 210/МА2022/01876

 

 

 

 

 

 

 

2022 10 12 210/МА2022/01876

 

Г- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Цогтсайхан, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/02366 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Г- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Д.У-, Г.Г- нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 21,822,896 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч С.Энхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Аззаяа, хариуцагч нарын өмгөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Г- ББСБ ХХК нь Г.Г-, Д.У- нартай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр, №ЗГ 19/24 тоот зээлийн гэрээ, № БГ 19/24 тоот зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар олгож, зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Г.Г-гын ХААН банкны 5727086704 тоот дансанд шилжүүлсэн.

Гэрээний хугацаанд зээлдэгч нар нь нийт 4,370,000 төгрөгийн төлөлт хийсэн. Гэрээний үүргээ ноцтой зөрчиж, зээлийн гэрээний үндсэн төлбөр 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг, нийт 21,822,896 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.

Талууд зээлийн барьцаанд Г.Г-гын эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,, баг, Баянгол 3 га төмс хүнсний ногоо, чацаргана тарих зориулалттай газар, мөн түүний өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000000 тоот дугаартай Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,,,,, баг Мандал Залуус 3 гудамж, 00тоотод байрлалтай 1998м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан.

Бид зээлдэгч нарт төлбөрийн үүргээ гүйцэтгэх талаарх шаардлагыг удаа дараа утсаар болон мессежээр хүргүүлдэг байсан боловч төлбөрөө төлдөггүй, утсаа авдаггүй, гэрээнд заасан хаягтаа оршин суудаггүй, хаана байгаа нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагч нарыг эрэн сурвалжилж, Сонгинохайрхан дүүргийн 111111 тоотод хамт оршин суудаг болох нь тогтоогдсон.

Иймд хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 21,822,896 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч нарын тайлбар, татгалзлын агуулга: Бид Г- ББСБ ХХК-аас 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 10,000,000 төгрөгийг Төв аймаг, Батсүмбэр сум, ,,,, баг, Сөгнөгөрт зуслангийн байшингууд барьж, гэр кемп ажиллуулах зорилгоор авсан.

Зээлийн хүү төлөлт 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, мөн оны 07 дугаар сарын 16-ны өдөр 460,000 төгрөг, 08 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөг, 10 дугаар сарын 31-ний өдөр 2,910,000 төгрөг, нийт 4,370,000 төгрөгийг төлсөн.

Нэхэмжлэгч байгууллагад зээлийн хүүг зогсоох тухай хүсэлтээ утсаар гаргаж байсан. 2020-2021 онуудад цар тахлын улмаас тогтсон ажил, орлогогүй байсан тул уг зээлийг төлж чадаагүй. Энэ хугацаанд Г- ББСБ ХХК-аас зээл төлөх шаардлагуудыг удаа дараа тавьж байсан. 2-3 удаа биечлэн уулзсан. Цаг үеийн байдлаас үйл ажиллагаа хэвийн явагдаж чадаагүй, зэргийг харгалзан үзэж зээлийн хүүгээс багасгаж төлөх, үндсэн зээл 8,991,593 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөгийг төлнө гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 45,,,,,, зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 45,,,, зүйлийн 453.1-д зааснаар Г- ББСБ ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, хариуцагч Г.Г- Д.У- нараас 21,822,896 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хуулийн 175 дүгээр зүйлийн 175.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох Г.Г-гын эзэмшлийн улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,, баг, Баянгол 3 га төмс хүнсний ногоо чацаргана тоот дугаартай, зориулалттай газар, мөн улсын бүртгэлийн гэрчилгээний 000000 тоот дугаартай Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,,,, баг Мандал Залуус ,,,, гудамж, 00тоот хаягт байршилтай 1,998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 337,300 төгрөгийн улсын орлогод үлдээж, хариуцагч нараас 337,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

4.а. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа хариуцагч нартай 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Г.Г-гын Хаан банкны дансанд шилжүүлсэн гэдэг ба анхан шатны шүүх мөн зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр зээлдэгч Г.Г-гын дансанд шилжүүлсэн гэж дүгнэсэн. Тэгвэл зээлийн хүү хасагдаж өөрчлөгдөх байсан. Шүүх үүнд ямар нэг үнэлэлт, дүгнэлт өгөөгүй байна.

4.б. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2, 168.1.3-т заасныг тус тус зөрчсөн байна. Тухайлбал, Г.Г-д хуульд заасан эрх, үүрэг танилцуулаагүй, хурлын тов мэдэгдээгүй атлаа түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь зохигчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг хангаагүй байна.

4.в. Г.Г-гын эзэмшлийн улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,, баг, Баянгол 3 га төмс хүнсний ногоо, чацаргана тарих зориулалттай газрыг Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.3 хэсэг, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэгт заасан Улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлагыг хангаагүй буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл байхад анхан шатны шүүх үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дээрх байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэл гаргахдаа бичиглэлийн алдаа гаргасан. Уг алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Хариуцагч нар зээл хүлээж авсан талаар маргаагүй. 2019 оны 05 дугаар сараас эхлэн зээлийг төлж эхэлсэн баримт хэрэгт авагдсан. Хариуцагч нарт 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн. Шүүгчийн туслах хариуцагч нарт 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр эрх үүргийг танилцуулсан. Давж заалдах гомдол гаргах хугацаа хэтэрсэн байхад хариуцагч Г.Г- гомдол гаргасан тул гомдлыг хэлэлцэх ёсгүй. Хугацаа сэргээлгэх тухай хүсэлтийг хариуцагч Д.У- гаргасан учраас хугацааг сэргээсэн. Барьцааны гэрээ байгуулагдсан. Уг гэрээнд 2 үл хөдлөх хөрөнгийг тусгасан. Гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн. Бүртгэгдсэн болох нь улсын бүртгэгчийн тамга, тэмдгээр нотлогдоно. 1 гэрээнд заасан 2 үл хөдлөх эд хөрөнгийн 1 үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэгдээгүй гэж тайлбарлаж байгаа хариуцагч нарын тайлбар үндэслэлгүй. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч нарын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Г- ББСБ ХХК нь хариуцагч Д.У-, Г.Гантуяа нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 21,822,896 төгрөг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч, зээлийн хүү 10,692,753 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр 19/24 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр Г- ББСБ ХХК 10,000,000 төгрөг сарын 4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай Д.У-, Г.Г- нарт зээлдүүлж, зээлдэгч нар гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг буцаан төлөх үүргийг хүлээсэн байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 45,,,,,, зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

4.а. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 19/24 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, Г.Г-гын эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний 0000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,, баг, Баянгол 3 га төмс хүнсний ногоо, чацаргана тоот дугаартай, зориулалттай газар, мөн түүний өмчлөлийн улсын бүртгэлийн гэрчилгээний 000000 тоот дугаартай Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,,,, баг Мандал Залуус 3 гудамж, 00тоотод байрлалтай 1998м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг тус тус барьцаалсан байна. /хх 8-15/

Анхан шатны шүүх барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар дүгнээгүй алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

4.б. Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,,,, баг Мандал Залуус 3 гудамж, 00тоотод байрлалтай 1998 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг барьцаалсан хэсэг нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ. /хх. 15/

4.в. Г.Г-гын эзэмшлийн Улсын бүртгэлийн гэрчилгээний  0000000 дугаартай, Төв аймгийн Батсүмбэр сумын ,,,, баг, Баянгол 3 га төмс хүнсний ногоо, чацаргана тарих зориулалттай газрыг барьцаалсан хэсэг нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт заасан сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлж, эрхийн гэрчилгээнд барьцаалсан тухай тэмдэглэл хийлгэх хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх. 14/

5.а. Нэхэмжлэгч нь зээлийн үндсэн төлбөр 8,991,593 төгрөг, зээлийн хүү 10,692,753 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг, нийт 21,822,896 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулахаар шаардлага гаргасан. /хх 1-2, 34-37/

5.б. Анхан шатны шүүх Иргэний хууль болон Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн атлаа хариуцагч нарын зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд төлсөн 4,370,000 төгрөгийг зээлийн гэрээний хавсралт 1-т заасан зээлийн буцаан төлөлтийн хуваарийн дагуу тооцоогүй алдаа гаргасныг залруулах нь зүйтэй.

5.в. Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 400,000 төгрөг, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 460,000 төгрөг, 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 600,000 төгрөг нийт 1,460,000 төгрөг төлснөөс 2019 оны 05 дугаар сараас 07 дугаар сард зээлийн хүүд төлөх нийт 1,193,711 төгрөгийг хасаж, илүү төлсөн 263,289 төгрөгийг үндсэн зээлээс хасаж тооцоход үндсэн зээл 9,736,711 төгрөгийн үлдэгдэлтэй.

5.г. Зээлдэгч нарын 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 2,910,000 төгрөг төлснөөс зээлийн гэрээний хуваарийн дагуу 08 дугаар сарын 23-ны өдөр төлөх хүү 407,671 төгрөг, үндсэн зээл 1,100,000 төгрөг, 09 дүгээр сарын 23-ны өдөр төлөх 351,123 төгрөг, үндсэн зээлээс 1,051,206 төгрөгийг хасаж тооцоход 7,585,505 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байна. /хх 12/

6.а. Үндсэн зээлийн үлдэгдэл 7,585,505 төгрөгөөс 1 сарын 4 хувиар хүүг тооцоход 303,420 төгрөг, зээлийн гэрээний хугацаа 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусах хүртэл үндсэн хүү 2,123,940 төгрөг төлөх үүрэгтэй.

6.б. Талуудын хооронд байгуулсан гэрээний 2.10-д зааснаар хэтэрсэн хугацааны хүү 7,282,080 төгрөг /1 сарын хүү 303,420x24 сар/, нийт 9,406,021 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль /1995 оны/-ийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасанд нийцнэ.

Зээлийн гэрээний дагуу 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийг хариуцагч Д.У-ын дансанд шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож, талууд маргаагүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...Зээлийг 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн гэж техникийн шинжтэй алдаа гаргасан нь зээлийн гэрээний хуваарийг өөрчлөх, зээлийг хүү тооцох хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй. Энэ талаар гаргасан хариуцагч нарын давж заалдах гомдол үндэслэлгүй.

Харин зээлдэгч нэмэгдүүлсэн хүүг төлөх үндэслэлгүй. Учир нь Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 14,,,,,, зүйлийн 141.4 дэх хэсэгт зааснаар нэмэгдүүлсэн хүүгийн үүргээс чөлөөлөгдөх тул нэмэгдүүлсэн хүү 2,138,551 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ. /хх. 12/

Иймд зээлдэгч нараас зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 7,585,505 төгрөг, зээлийн хүү 9,406,021 төгрөг, нийт 16,991,526 төгрөг гаргуулж Г- ББСБ ХХК-д олгох үндэслэлтэй байна. /хх 12/

7. Анхан шатны шүүх хариуцагч Д.У-, Г.Г- нарт нэхэмжлэлийн хувийг гардуулахдаа хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, гарын үсэг зурсан баримт хавтаст хэрэгт авагдсан, мөн шүүх хуралдааны товыг Г.Г-гын нөхөр Д.У-т мэдэгдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.6 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Түүнчлэн, Д.У- нь ...Г.Г- хурал болохыг мэдэж байгаа. Шинэ ажилд орсон болохоор чөлөө олгохгүй., ...хурлаа цааш үргэлжлүүлье гэж тайлбарласан байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. /хх 29, 31-33, 51, 63/

8. Дээрх үндэслэлээр хариуцагч Д.У-, Г.Г- нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 16,991,526 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г- ББСБ ХХК-д олгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 184/ШШ2022/02366 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын 21,822,896 гэснийг 16,991,526 гэж өөрчилж,

3 дахь заалтын 337,300 гэснийг 242,908 гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.У-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

 

ШҮҮГЧИД Д.ЦОГТСАЙХАН

 

С.ЭНХБАЯР