Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2022/0978

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б******* ХХК //.

Нэхэмжлэгч: А******* ХХК //.

Нэхэмжлэгч: Б******* ХХК, А******* ХХК -ийн өмгөөлөгч: Б.Г*******.

Нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б*******.

Хариуцагч: Х*******,*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Н*******.

Гуравдагч этгээд: О******* /

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Д******* нарын хоорондын барилгын тусгай зөвшөөрөлтэй холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б*******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Номин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б******* ХХК, А ХХК-аас Х*******,*******т холбогдуулан Нийслэлийн х*******, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг нэхэмжлэлийн шаардлагыг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр нэмэгдүүлж ирүүлэхдээ: ...Нийслэлийн х*******, хөгжлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалт-ын гэрчилгээг хүчингүй болгуулах гэжээ.

2. Нийслэлийн ерөнхий архитектур бөгөөд Х*******, хөгжлийн газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, Х*******, хөгжлийн газрын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар зөвшөөрлийг О*******-д олгосон.

3. Нэхэмжлэгч нар нь О*******-д олгосон Х*******, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ, Х*******, хөгжлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээг эс зөвшөөрч 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр нэхэмжлэл гаргажээ.

4.Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ: ... Нэхэмжлэгч Б******* ХХК болон А******* ХХК-ууд нь Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн А/294 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Б.Доржийн гудамжинд Гэгээ хотхоны зүүн талд байршуулан 8211 м.кв газар эзэмших эрхтэй болсон. Уг захирамжийг үндэслэн Б******* ХХК болон А******* ХХК-ууд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 697 дугаартай 16 давхар үйлчилгээтэй орон сууц, 2 давхар хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгаврыг батлуулсан. Улмаар 2019 онд дээрх барилгын загвар зургийг батлуулж тухайн төслийг хэрэгжүүлэхээр цахилгаан болон дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх, бусад хөрөнгө оруулагч олох зэрэг барилгын ажил эхлэхэд шаардлагатай бусад үйл ажиллагааг явуулж байтал 2020 оны 05 дугаар сараас нэхэмжлэгч нарын 8211 м.кв газрын ертөнцийн зүгээр зүүн талд О******* барилгын суурийн ажил хийж эхлэн нүх ухаж нэхэмжлэгч нарын хашааг нураан, хашаатай тулган сууриа ухаж, цутгалтын ажлаа хийж эхэлсэн.

Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн х*******,*******т хандан гомдол гаргасан. Уг гомдлын дагуу Х*******, хөгжлийн газраас баталсан 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авсан болохыг мэдээд нэхэмжлэл гаргасан. Дээрх маргаан бүхий актуудаар О*******-д барилга барих зөвшөөрөл олгох, барилгын ажлын сунгалтыг хийхдээ нэхэмжлэгч компаниудын өмнө нь авсан 2014 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 онд батлагдсан загвар зураг зэргийг харгалзалгүйгээр Барилгын тухай хууль болоод холбогдох барилгын норм, дүрэм стандартыг зөрчиж өмнөх төлөвлөгдсөн барилгын барилга хоорондын зай, гал тусгаарлах зайн нормыг зөрчиж нэхэмжлэгч нарын эзэмшил газарт тулган, орц гарцыг хааж, шинээр барихаар төлөвлөсөн барилгатай хэт ойр төлөвлөсний улмаас нэхэмжлэгч компаниудын газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх болон уг газар дээрээ нэгэнт батлагдсан зураг төслийн дагуу барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхол биелэгдэх боломжгүй болж байна. Өмнө нь 2014, 2019 онд батлагдсан зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу барилга барих боломжгүй болгож байна. Цаг хугацааны хувьд түрүүлж батлагдсан зураг архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу зай хэмжээний норм, норматив сүүлд батлагдсан актын улмаас хангагдахгүй нөхцөл байдал үүсээд байна. Иймд дээрх актуудыг илт хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.7-д заасан үндэслэлүүдээр маргаж байна.

Барилгын тухай хуулийн 23, 24, 25, 26, 27, 28 дугаар зүйлүүдэд барилгын ажлын зураг төсөл батлах, барилгын ажлын зөвшөөрөл олгохтой холбоотой харилцаануудыг зохицуулсан байдаг. Хамгийн эхэнд тухайн эзэмшил газартаа барилга барихын тулд архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулж, даалгавартаа үндэслэн эскиз зураг, загвар зургаа батлуулна. Загвар зураг батлагдсаны дараа холбогдох байгууллагуудаас техникийн нөхцөлийг аваад, үүний дараа ажлын зураг хийнэ. Ажлын зураг хийсний дараа барилгын ажлын зураг төсөл иж бүрэн болсны дараа Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар барилгын зураг төсөлд мэргэжлийн экспертээр магадлалын дүгнэлт гаргах харилцааг зохицуулсан байгаа. Барилгын иж бүрэн зураг төсөлд магадлалын дүгнэлт гаргуулсны дараа барилгын ажил эхлүүлэх барилгын ажлын зөвшөөрлийг өгдөг зохицуулалттай. Газар хөдлөлтийн 7 баллаас дээш бүсэд хамаарах барилга Барилгын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д зааснаар барилгын зургийн иж бүрэн магадлалын дүгнэлт гаргаагүй тохиолдолд барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хуулиар шууд хориглосон байдаг. Гэтэл маргаан бүхий актуудын огноог харахад 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байхад 2020 оны 3 дугаар сард барилгын ажлын зөвшөөрөл олгосон байна. 2020 оны 5 дугаар сараас барилгын ажил эхэлсэн. Үүнээс үзэхэд гуравдагч этгээд О******* нь бодитойгоор барилгын ажлаа эхлүүлсэн цаг хугацаа буюу 2020 оны 3 дугаар сард барилгын зөвшөөрөл авсан цаг хугацаанд одоо баригдаж байгаа барилгын иж бүрэн зураг төсөл, архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдаагүй, магадлалын ерөнхий даалгавар хийгдээгүй, Барилгын тухай хуулийн 23, 24, 25, 26, 27, 28 дугаар зүйлд заасан шаардлагууд хангагдаагүй байхад шууд барилгын ажлын зөвшөөрөл олгогдсон мэт байна. Өөрөөр хэлбэл, зөвшөөрөлгүйгээр барилгын ажил хийгдсэн мэт харагдаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд зааснаар Барилга х*******,******* нь барилгын ажлын зөвшөөрөл батлах 2020 оны 3 дугаар сард эхлэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй байна.

Хоёрдугаарт, 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан цаг хугацаа, уг цаг хугацаа нь нэгэнт батлагдсан 5 дугаар сарын барилгын ажлын суурийн ажлын хувийг одоо ярих боломжгүй ч гэсэн барилгын ажил эхэлсэн байх цаг хугацаанд архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх хэмжээгүй этгээд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, тодорхой тохиолдолд зэргэлдээ газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах гэдэг үндэслэл байгааг илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл, архитектур төлөвлөлтийн даалгавар гэдэг бол барилгын үндсэн хийц ямар байх ёстойг тогтоохыг хэлнэ. Барилга эхлэхээс өмнө архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулаад үүний дараа барилгаа барьж эхлэх ёстой байхад барилгаа барьж эхэлснийхээ дараа архитектур төлөвлөлтийн даалгавар баталж байгаа бол энэ нь эрх хэмжээнд хамаарахгүй байгаа. Шинээр баригдах барилгыг баригдахаас нь өмнө техникийн нөхцөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, архитектурын шийдэл зэргийг тогтоохын тулд архитектур төлөвлөлтийн даалгавар баталдаг болохоос биш баригдсан барилгад даалгавар баталж байгаа бол илт хууль бус захиргааны акт юм.

Гуравдугаар шаардлагын хувьд, 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/0322 дугаартай барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээг баталсан байдаг. Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлээр барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтыг зохицуулсан. 2020 онд олгогдсон маргаан бүхий барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болсон байдаг. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш тухайн барилгын талбайд ямар нэг барилгын ажил явагдах хууль зүйн үндэслэл байхгүй байхад гуравдагч этгээдийн зүгээс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл барилгын ажлаа үргэлжлүүлсээр байсан. Үүнтэй холбоотойгоор Х**************, Мэргэжлийн хяналтын газарт удаа дараа нэхэмжлэгч нарын зүгээс гомдол гаргасан боловч захиргааны байгууллагаас тодорхой арга хэмжээ аваагүй. Хууль зөрчсөн нөхцөл байдал нь 2021 оны 5 дугаар сард нэхэмжлэгч нарын гомдлоор О*******-ийн барилгын ажлын гэрчилгээг сунгаагүй байна гэдэг агуулгаар нэхэмжлэгч нарт хариу өгсөн байдаг. Барилгын ажил нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зөвшөөрлийн хугацаа дууссаныг өнөөдрийг хүртэл сунгаагүй байна гэж 5 дугаар сард хариу өгсөн хэр нь энэ хариунаас өмнө барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг сунгасан байдаг. Ямар үндэслэлээр сунгасан талаар нэхэмжлэгч нар гомдол гаргахад хууль бус гэдгээ хүлээн зөвшөөрөөд хүчингүй болгодог. 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хугацаа сунгалтын гэрчилгээ гэж гуравдагч этгээд нарт шууд олгосон. Энэ нь Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан барилгын ажлын хугацаа сунгах хүсэлт гаргахдаа тухайн барилгын хүсэлт гаргах хүртэлх хугацаанд хийгдсэн барилгын ажлын тайлан, холбогдох баримтуудыг хавсарган хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө захиргааны байгууллагад хүсэлт гаргана. Хугацаа гаргахаас 30 хоногийн өмнө хүсэлтээ гаргаагүй бол Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу шинээр зөвшөөрөл авна гэсэн байгаа. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажлын гэрчилгээний хугацаа сунгалтын гэрчилгээг гуравдагч этгээдэд гаргаж өгөхдөө гуравдагч этгээдээс хэзээ гаргасан, ямар хүсэлтийг үндэслэн уг сунгалтыг хийсэн нь тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан зохицуулалтаар 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 30 хоногийн өмнө буюу 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд гуравдагч этгээд талаас гэрчилгээ сунгуулах хүсэлтээ захиргааны байгууллагад өгсөн байх ёстой. Энэ хугацаанд хүсэлтээ гаргаагүй бол Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасан шинээр барилгын зөвшөөрөл авна гэсэн хуулийн зохицуулалтыг зөрчин 2022 онд барилгын ажлын зөвшөөрлийг шууд сунгасан байна. Холбогдох захиргааны байгууллагаас авсан зөвшөөрөлгүйгээр холбогдох захиргааны байгууллагын хяналтаас гадуур хууль бусаар барьсан барилгыг нөхөн гүйцээх замаар нөхөж зөвшөөрөл олгож байгаа нь нэгдүгээрт, хууль зөрчсөн байна хоёрдугаарт, Нийслэлийн Засаг даргын захирамжаар Нийслэлийн Засаг даргын харьяа байгууллага, агентлаг шүүхэд маргаантай байгаа асуудлаар ямар нэг захиргааны акт гаргахыг хориглосон зохицуулалт байдаг. Энэ агуулгаар өнөөдрийн хэлэлцэж байгаа маргааныг шүүхээр эцэслэн шийдвэрлэсний дараа ямар нэг захирамж гаргах ёстой байтал 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийг сунгасан нь нэхэмжлэгчийн эрх ашгийг зөрчсөн үйлдэл болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Барилгын тухай хуулийн 24-28 дугаар зүйлүүдэд барилгын ажлын зураг төсөл батлах, барилгын ажлын зөвшөөрөл олгох, барилга барихтай холбоотой харилцааг зохицуулсан. Эхлээд тухайн байгууллага А даалгавраа батална, тэгээд эскиз зургаа батална, холбогдох техникийн нөхцөл авсны дараа барилгын зураг батлагдаж магадлал хийгдээд барилгын ажлын зөвшөөрөл олгогдохоор хуульчилсан. Гэтэл гуравдагч этгээд О*******-ийн хувьд дээрх хуульд заасан дараалал яг эсрэгээрээ явсан. 2020 оны 03 сарын 20-ны өдөр барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгогдсон. 17 гэсэн хэмжээтэй барилгад гэрчилгээ олгогдсон. Гэтэл маргаж байгаа архитектур төлөвлөлтийн даалгавар нь 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 35.6 нь 16 болоод барилгын ажлын төлөвлөгөөний дараа батлагдана. Магадлалын дүгнэлт нь тухайн баригдаж байгаа барилгын аюулгүй чанар, иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол яах вэ гэдгийг дүгнэдэг аюулгүй байдлын экспертийн дүгнэлт 2022 оны 10 сарын 23-ны өдөр 35.5, 17 гэсэн хэмжээгээр батлагдсан байдаг. Энд хууль тогтоомжийн дэс дараалал, захиргааны байгууллагын хяналт, архитектур, инженерийн техник шийдлийн хувьд мэргэжлийн болон захиргааны байгууллагын хяналтад орохгүйгээр шууд зөвшөөрөлгүй уг барилгыг барьж эхлээд хуулиар тогтоосон дарааллыг зөрчөөд хамгийн сүүлд олгогддог акт эхэлж гарсан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Магадлалын дүгнэлтгүйгээр А даалгавар олгосон. А даалгаврыг баталж байх үед магадлалын дүгнэлтийг хамгийн сүүлд гаргаж байгаа нь мөн дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Мөн сунгалтын гэрчилгээг 2021 оны 05 сар гэхэд Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаартай захирамжаар шүүхийн маргаантай асуудлаар ямар нэг акт гаргахгүй. Уг захирамжаар батлагдсан журмын 4.9 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтыг зөрчиж байна гээд гэрчилгээг хүчингүй болгосон. Түүнээс хойш нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад 2022 оны 03 сарын 09-ний өдөр шууд сунгалтын гэрчилгээ бичиж өгсөн нь холбогдох хууль, журмыг зөрчсөн үйлдэл болсон. Мөн Барилын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасныг баримтлаагүй. Зөвшөөрлийн хугацаа дууссанаас хойш 1 жил 3 сарын хугацаа өнгөрөөд хууль бусаар барилгын ажил явсан байхад нөхөн сунгалт хийж байгаа нь мөн л хууль тогтоомжийг зөрчсөн, гуравдагч этгээдэд давуу байдал олгосон зүйл харагдаж байна. Иймд уг актыг хүчингүй болгох нь зүйтэй байна. Түрүүлж барьсан нь хожоод барилгын журамд заасан үйл ажиллагаа алдагдсан нөхцөл байдал тогтоогдож байна. 2014 оны А даалгавар одоог хүртэл хүчинтэй байгаа. Архитектур төлөвлөлтийн даалгаврын хугацааг сунгах гэдэг зүйл байхгүй. Энэ архитектурын шийдлийг баталсан баримт учраас хугацаа яригдахгүй. Нэхэмжлэгч 2014 оноос хойш А даалгавар, ажлын зураг, эскиз зураг, захиргааны байгууллага болон мэргэжлийн байгууллагаас техникийн нөхцөлийн зураг авах гээд өнөөдрийг хүртэл гаргасан зардал, цаг хугацаа гээд бүх зүйл хажууд нь барилга барьсан О*******-аас болоод барилгаа барьж чадахгүй эрх ашиг нь хохирч байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

6. Нэхэмжлэгч А******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн хэлсэн тайлбарыг бүрэн дэмжиж байна. Гуравдагч этгээдийг холболтын зураг хийсэн гэж байна. Энэ нь өөрсдийнхөө барьж байсан барилгыг худалдаж авсан газартаа төлөвлөөд өөрсдийн байгаа зургаар хийхийг хэлдэг... гэв.

7. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... О******* нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А/560 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт цайз гудамжны 190 тоот хашаанд орон сууцны зориулалтаар олгосон 2464 м.кв газрыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн ГБМЗХ2019/02077 дугаартай архитектур төлөвлөлийн даалгаврыг баталж, загвар зургийг баталж өгсөн. Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т заасны дагуу баримт бичгийн бүрдлийг хангуулан тус компанид 2020 онд ГА39/2020 дугаартай барилгын ажлын гэрчилгээг олгосон байна. Гуравдагч этгээдийн зүгээс хөршийн гаргасан гомдлын дагуу 35.6х16 метр хэмжээтэй болгон багасгаж архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн баталж өгөхийг хүссэн хүсэлт ирүүлснийг харгалзан судалж үзээд тус газраас холбогдох норм, дүрмийг хангуулан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, 2020 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн 02077 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгосон. О*******-ийн хүсэлт нь баримт бичгийн бүрдлийг хангасан тул норм, дүрмийг хангуулан 2022 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгаврыг олгосон. Тус газраас гаргасан шийдвэр нь Газрын тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм журамд үндэслэн гарсан болно. Б******* ХХК, Алтан говь интернэшл пропертиз ХХК-ийн гаргасан нэхэмжлэл нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.6-д заасан нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн нь тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа 2014 онд авсан даалгаврын хүрээнд үйл ажиллагаа явуулахад О******* эрх ашиг зөрчсөн гэдэг утгаар гаргасан гэж ойлгож байна. Анхнаасаа хөрш зэргэлдээ нэхэмжлэгч байгууллагууд гарын үсэг зурж баталгаажуулан саналаа өгч дэмжиж байсан нь харагдаж байна. Үүн дээр 2013 оны архитектур төлөвлөлтийн даалгавар байгаа ч гэсэн загвар зураг авагдаагүй байна. Захиргааны байгууллагаас уг зураг батлагдах боломжгүй гэсэн сөрөг акт гараагүй. Нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдсөн болох нь нотлогдохгүй байна. Мөн Х*******, хөгжлийн газраас Ойн бүргэд компанид олгосон архитектур төлөвлөлтийн даалгавар болон барилгын ажил эхлүүлэх гэрчилгээ нь нэхэмжлэгчийн төлөвлөсөн барилгатай холбоотой ямар хууль ёсны эрх ашгийг зөрчсөн нь нотлогдохгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Гуравдагч этгээд О*******-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: О******* нь Б******* ХХК-аас 160 метр зайтай буюу өөр бүсэд зүүн тийш 2 барилгын газар эзэмшдэг байсан. 2015 онд архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан газрыг н.Цогт хүнээс худалдаж авсан. Архитектур төлөвлөлтийн даалгаваргүй байсан газар дээр шинээр архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулаад явсан мэт яриад байна. Тухайн үед манай байгууллага танай байгууллагатай хэлэлцээд барилгын норм, дүрмийн дагуу н.Цогт гэх хүнтэй үйлдсэн бичиг баримтыг үндэслэн уг газар дээр батлагдсан ерөнхий зураг, архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу одоо маргаад байгаа 2600 м.кв газрыг худалдан авсан. Анх архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байсан газрыг худалдан аваад даалгаврын нэр солигдох явцыг буруу ойлгосон байна. Тухайн үед барилгын ажлаа эхлэх зөвшөөрлөө авахад танай байгууллагаас санал асуулга авсан. Татгалзах зүйл байгаа эсэх талаар саналын хуудас авсан. Тус саналын хуудсыг үндэслэн манай компанид барилга эхлэх зөвшөөрлийг олгосон байдаг. Манай барилгын ажил үргэлжлээд 2023 оны 3 дугаар сард гэсэн хэдий ч ковидын нөхцөл байдлаас шалтгаалан ямар ч барилга дээр ажил явагдаагүй. Манай барилга дээр 6 сарын хугацаатай 30 хувийн нөхцөл байдалтай ажил явагдаж байсан. 30 хувьд нь харуул хамгаалалт болон яаралтай нөхцөл байдалд ажиллах шаардлагатай инженер техникийн ажилчид ажиллаж байсан. Тухайн үед ажил зогссон байсан. Хашаа нураасан асуудлыг хөндөж байна. Хашаа нураахад харилцан тохиролцож, хашаа нураах төлбөр, манай барилгын компанид талбай түрээслүүлсэн баримт байдаг. 12 сарын хугацаанд Б******* ХХК-ийн агуулахыг түрээсэлж, барилгын материалуудаа буулгаж байсан. Тухайн түрээсийн гэрээ одоо явагдахгүй байгаа. Цахилгааны нөхцөлд манай барьсан ЦТБ-ээс цахилгаан авах хүсэлт гаргасан. Одоогийн байдлаар шүүхээр хэрэг шийдвэрлэгдсэний дараа хэлэлцэхээр ярьсан. Бидний хооронд ямар ч ажил тохиролцооны үндсэн дээр хийгдэж байсан гэдгийг харгалзан үзнэ үү.

Манайх 40, 17-той барилга дээр магадлалын ерөнхий дүгнэлт хийлгээд ажил эрхлэх зөвшөөрлөө аваад суурин ажил хийгдээд явж байсан. Гомдол гаргаад уг барилгыг явуулахгүй гэх үед нь багасгаад 35-тай болгох үед барилгын ажлын зөвшөөрлийг хэмжээ солихтой холбоотойгоор магадлал хоцорч гарсан гэж байна. Өмнө нь магадлал байсан учраас хууль бус гэж үзээгүй, тайлбар бичээд үүнийг хангасан. Бичиг баримтын цаг хугацаа зөрөөд байна гэж байна. 2 зургийг сольж явж байсан. Эхлээд 45-тай барилгаар бүх баримт бүрдсэн байсан. Дараа нь 35-тай болгосон. Барилгыг томсгоогүй тохиолдолд багасгаж байгаа явцад бүх баримтыг эхнээс нь бүрдүүлэх шаардлагагүй гэдэг.

Б******* ХХК 2014 онд архитектур төлөвлөлтийн даалгавар авсан мөртөө эскиз зураг батлагдаагүй, батлагдсан бол эскиз зураг 2 жил тутамд солигдох шинэчлэгдэх буюу хүчингүй болох ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Б******* ХХК, А ХХК-аас гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч хуулийн этгээдүүд нь Нийслэлийн х*******, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг анх гаргасан, улмаар тус газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийг нэмэгдүүлэн гаргажээ.

3. Нэхэмжлэгч нар нь ийнхүү илт хууль бус болохыг тогтоолгох, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагаа Тодорхойлох хэсгийн 4-6-д заасан үндэслэлээр маргаж, нэхэмжлэгч нарын 2014 онд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгавар, 2019 онд батлагдсан загвар зураг харгалзаагүй, барилга хоорондын зай, гал тусгаарлах зайны нормыг зөрчиж, нэхэмжлэгч нарын эзэмшил газарт тулган, орц гарцыг хаасан, хэт ойр төлөвлөсний улмаас нэхэмжлэгч компаниудаас газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх болон уг газар дээрээ нэгэнт батлагдсан зураг төслийн дагуу барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхол биелэгдэхгүй болж, цаг хугацааны хувьд түрүүлж батлагдсан зураг архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийн дагуу зай хэмжээний норм, норматив сүүлд батлагдсан актын улмаас хангагдахгүй нөхцөл байдал үүссэн хэмээн тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгч нарт хамаарах үйл баримтын тухайд.

4.1. Нэхэмжлэгч Б******* ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн А/319 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Цайз захын баруун талд нэгж талбарын 1332302905 дугаар бүхий 5370.0 га газрыг үйлчилгээ орон сууцын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшдэг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, Газар эзэмших эрхийн 000014343 дугаар гэрчилгээтэй бол,

4.2. Нэхэмжлэгч А ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/745 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгж талбарын 1332302921 18647311353958 дугаар бүхий 2837 га газрыг орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмшихээр, Газар эзэмшүүлэх гэрээг 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, Газар эзэмших эрхийн 000327281 дүгээр гэрчилгээг 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр авсан байна.

4.3. Нэхэмжлэгч компаниуд нь тухайн газар дээрээ үйлчилгээтэй орон сууц, хүүхдийн цэцэрлэгийн зориулалт бүхий барилга барих зорилгоор 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 697 дугаар архитектур төлөвлөлийн даалгаврыг батлуулан авсан. Мөн нийт 8211.0 м.кв эдэлбэр газрын 2302.8 м.кв газар нь барилгажих газар байхаар барилгажих талбайн схем зургийг хавсралтын хамт батлуулжээ.

5. Гуравдагч этгээдэд хамаарах үйл баримтын тухайд.

5.1. Гуравдагч этгээд О******* нь Нийслэлийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/560 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт, Цайз гудамжны 190 хаягт нэгж талбарын 1332302920 дугаар бүхий 2464.0 м.кв газрыг орон сууцны зориулалтаар, 15 жилийн хугацаатайгаар эзэмших эрхтэй болсон ба тус газар дээрээ орон сууцны барилга барих зорилгоор анх 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн ГБМЗХ2019/02-077 дугаар архитектур төлөвлөлийн даалгаврын дагуу нийт 2464.0 м.кв эдэлбэр газрын 800 м.кв газар нь барилгажих талбай байхаар барилгажих талбайн схем зургийг,

5.2. 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ГБМЗХ2019/10-38 дугаар архитектур төлөвлөлийн даалгаврын дагуу нийт 2464.0 м.кв эдэлбэр газрын 704 м.кв /17,6*40.0 м/ газар нь төлөвлөлтийн талбай байхаар барилгажих талбайн схем зураг болон загвар зургийг,

5.3. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлийн даалгаврын дагуу нийт 2464.0 м.кв эдэлбэр газрын 569.60 м.кв газар нь барилгажих талбай байхаар барилгажих талбайн схем зураг болон загвар зургийг тус тус батлуулан,

5.4. 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр БА-039/2020 /0006103/ дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ авчээ.

6. Гуравдагч этгээд О*******-аас 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19/07.28-1 албан бичгээр ...эзэмших эрх бүхий газар дээрээ 16 давхар 40х17,6 хэмжээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж ГБМЗХ2019/10-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг батлуулсан байсан боловч хөрш иргэний гомдлоос үүдэн барилгаа 35,6х16 хэмжээтэй болгож байгаа тул багасгаж баталж өгөх хүсэлт гаргаснаар хариуцагч Х*******, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаврыг шинэчлэн баталснаар 2019 оны барилгажих талбай нь 800 м.кв болон 704 м.кв байхаар төлөвлөгдөн батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврууд хүчингүй болсон байна.

7. Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчийн 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр олгогдсон архитектур төлөвлөлтийн даалгаврын дагуу олгосон 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинэчлэн олгосон архитектур төлөвлөлтийн даалгавартай холбож тайлбарлан маргасан нь үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

8. Тодруулбал, нэхэмжлэгч нар нь нэхэмжлэлийн илт хууль бус болохыг тогтоолгох шаардлагаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.7.түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэх үндэслэлүүдээр маргаж, ...барилгын ажил эхэлчихсэн байхад даалгавар болон зургийг батлаад байгаа нь Захиргааны ерөнхий хуульд заасан эрх хэмжээгүй этгээд бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, тодорхой тохиолдолд зэргэлдээ газар эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах гэдэг үндэслэл байгааг илэрхийлдэг хэмээн тайлбарласныг хүлээн авах үндэслэлгүй.

9. Учир нь Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.барилгын үйл ажиллагааг энэ хуульд заасан нөхцөл, журмын дагуу тусгай зөвшөөрөл, барилгын ажлын зөвшөөрөл, бүртгэлийн үндсэн дээр эрхэлнэ, 23 дугаар зүйлийн 23.1. ...загвар зургийг баталгаажуулах эсэх асуудлыг ...шийдвэрлэнэ, 23.2.энэ хуулийн 23.1-д заасны дагуу баталгаажуулсан ...загвар зураг, техникийн нөхцөлүүдэд үндэслэн эх загвар зураг /эскиз/...ажлын зураг төслийг боловсруулна, 23.3.2.энэ хуулийн 23.3.2-д зааснаас бусад барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг ажлын зураг гэсэн нэг үе шатаар, 25 дугаар зүйлийн 25.1....зураг төслийн магадлалыг 23.2-т заасан эх загвар зураг /эскиз/ ...багтаан хийнэ, 25.2. магадлалыг дараах зураг төсөлд хийнэ, 25.2.1....ангилалд хамаарах барилга байгууламжийн..., 25.4.энэ хуулийн 25.2, 25.3-т заасан зураг төсөлд магадлал хийлгээгүй бол барилгын ажлын зөвшөөрөл олгохыг хориглоно зэргээр зохицуулсны дагуу хариуцагч захиргааны байгууллагаас энэхүү Үндэслэх хэсгийн 5.3-д заасан архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зургийг баталж өгсөн, ингэхдээ гуравдагч этгээд О*******-ийн 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 19/07.28-1 албан бичгээр гаргасан ...16 давхар 40*17,6 хэмжээтэй орон сууцны барилга барихаар төлөвлөж ГБМЗХ2019/10-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар болон эскиз зураг батлуулсан авч хөрш иргэний гомдлоос үүдэн барилгаа 35,6*16 хэмжээтэй болгож байгаа тул багасгаж баталж өгөх-ийг хүссэн хүсэлтийн дагуу нэхэмжлэгчийн илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж буй 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлагдсан болох нь хариуцагч болон гуравдагч этгээдийн тайлбараар нотлогдож, хэрэгт авагдсан Х*******, хөгжлийн газрын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 08/313 дугаар албан бичгээр ирүүлсэн 77 хуудас нотлох баримт, хүчингүй болсон хуучин ГБМЗХ2019/10-038 дугаар, одоо хүчин төгөлдөр буй шинээр батлагдсан ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, уг даалгавар тус бүрийн дагуу батлагдсан 2019, 2020 оны загвар зургуудаар /хэрэгт эх хувиар авагдсан/ тогтоогдож байна.

10. Энэ тохиолдолд барилгажих талбай 704.0 м.кв байхаар төлөвлөсний дагуу боловсруулж, дээр дурдсанаар Барилгын тухай хуулийн 23.1, 23.2-т заасны дагуу батлуулсан 2019 оны архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зурагт олгосон 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг мөн илт хууль бус болохыг тогтоох үндэслэлгүй, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг батлах үед БА-039/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дуусаагүй 2020 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэл хүчинтэй байсан, харин өмнөх архитектур төлөвлөлтийн даалгавар болон загвар зураг хүчингүй болсноор барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ хүчингүй болох хуулийн зохицуулалт байхгүй, маргаан бүхий барилга байгууламжийн талаарх мэдээлэлд зөвхөн 40.0м*17.6м барилгажих газрын хэмжээг 35.6м*16.0м байхаар өөрчлөлт оруулсан байгааг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1.утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3.тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.7.түүнийг бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоох үндэслэлгүй, ...2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан байхад 2020 оны 03 дугаар сард барилгын ажлын зөвшөөрөл олгосон, барилгаа барьж эхэлснийхээ дараа архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан гэх нэхэмжлэгч нарын тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, нэхэмжлэгч нарын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

11. Иймд хариуцагч нь Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно, 28 дугаар зүйлийн 28.5.Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно, 28.6.Энэ хуулийн 35.1-д заасан байгууллага энэ хуулийн 28.2, 28.3, 28.4-т зааснаас бусад баримт бичиг шаардахыг хориглоно, 35 дугаар зүйлийн 35.1.1. нутаг дэвсгэртээ барилгын салбарт баримтлах төрийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавих, 35.1.2. барилгын үйл ажиллагаанд барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийг мөрдүүлэх, 35.1.3.барилга байгууламжийн байршил тогтоох, ...загвар зураг батлах болон ... үйл ажиллагааг эрхлэх, хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1.захиргааны ...илт хууль бус болохыг тогтоолгох ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн-ийг тодорхойлохоор заасан, түүнчлэн үндсэн нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол эргэж сэргэх хууль зүйн үр дагавар үүсэх учиртай.

13. Нэхэмжлэгч нарын энэхүү Үндэслэх хэсгийн 3-д зааснаар тодорхойлон маргасныг тэр дундаа ...батлагдсан зураг төслийн дагуу барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхол биелэгдэхгүй болсон барилга хоорондын зай хэмжээний норм, норматив нь сүүлд батлагдсан актын улмаас хангагдахгүй нөхцөл байдал үүссэн гэдгийг шалгаж тогтоохоор тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШЗ2021/8851 дугаар шүүгчийн захирамжаар О*******-ийн барилга нь Х*******, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд төлөвлөгдөн баригдаж байгаа эсэх, архитектур төлөвлөлтийн даалгаварт барихаар төлөвлөсөн барилгуудын хоорондох зай, хэмжээг хангаж байгаа эсэхийг тодруулахаар Барилгын хөгжлийн төвийг шинжээчээр томилсон байдаг.

14. Гэвч Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 1/402 дугаар албан бичгээр: ...нэхэмжлэгч Б******* ХХК, А ХХК-ийн барихаар төлөвлөж буй барилгын ажил нь эхлээгүй мөн ажлын зураг төсөл нь иж бүрэн хийгдэж батлагдаагүй байсан. Иймд дээрх шалтгааны улмаас шүүгчийн захирамжид дурдсан асуудлын дагуу хэмжилт хийж барилга хоорондын зайг тодорхойлох боломжгүй байна гэх хариуг ирүүлсэн байна.

15. Түүнчлэн хариуцагч нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 5/14 дүгээр тогтоолоор батлагдсан Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих, газрын эрх олгох, барилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам-ын 4 дүгээр зүйлийн 4.3.2 дахь заалтын дагуу хөрш залгаа эд хөрөнгө өмчлөгчөөс санал авах хуудсаар Б******* ХХК-аас санал авахад ...одоо мөрдөж буй норм норматив баримтлан өөрийн эзэмших газартаа барилга барихыг зөвшөөрч байна... гэх хариуг өгсөн.

16. Ингэснээр Х*******ын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2. эдэлбэр газар эзэмших, барилга байгууламж барих, инженерийн шугам сүлжээ, тохижилтын ажлыг нутгийн захиргааны байгууллага болон эрх бүхий мэргэжлийн байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр зураг төслийн дагуу гүйцэтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа гуравдагч этгээдийн бүрэн эрхийг зөрчиж, Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.17. барилгын ажлын явцад зураг төсөл өөрчлөгдсөн бол гүйцэтгэлийн зураг төсөл боловсруулж баталгаажуулах барилгын ажил гүйцэтгэгчийн чиг үүргээ хэрэгжүүлсэн гуравдагч этгээдийг буруутгаж, түүнд олгосон хариуцагчийн барилгын ажлын зөвшөөрөл, архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зургийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

17. Хариуцагчийн 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалт-ын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

17.1. Хариуцагчаас гуравдагч этгээдэд олгосон 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31 ба уг хугацааны сунгалтыг 2021 оны 05 дугаар сарын 11-нд 2022 оны 03 дугаар сарын 31 байхаар Засгийн газрын 2017 оны 68 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу барилгын ажлын зөвшөөрлийн хугацааны сунгалт хийгдсэн байжээ.

17.2. Гуравдагч этгээдийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн Хүсэлт хүргүүлэх тухай 22/02/28-1, 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 22/03/14-1, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн Хүсэлт гаргах тухай 22/03/16-1 дугаар албан бичгүүдээр Х*******, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хэлтэст хандан Барилгын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.барилгын ажлын зөвшөөрөл авах хүсэлтэд дараах баримт бичгийг хавсаргана гэж заасны дагуу мөн хуулийн 28.2.1-28.2.5-д зааснаар Мэдээлэл холбоо сүлжээ ХХК-ийн ТН-В711/2021 дугаар, Ус сувгийн удирдах газрын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн хурлын 248 дугаар протоколыг үндэслэн олгосон 248/21 дугаар, Эрчим хүчний яамны Техникийн нөхцөл олгох комиссын №-19/2019 дугаар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 15/00740/19 дугаар техникийн нөхцөлүүд, Барилгын хөгжлийн төвийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2003/2020 барилга байгууламжийн зураг төслийн магадлалын нэгтгэсэн дүгнэлт, магадлалын нэгтгэсэн дүгнэлтийн хавсралтууд, барилгын талбайн зохион байгуулалтын зураг, ажлын зураг, Монгол даатгал ХК-тай байгуулсан даатгалын гэрээ, ажиллагсдын гэнэтийн ослын даатгалын гэрээний хавсралт, тусгай зөвшөөрөл, улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтуудыг хавсарган хүргүүлсэн нь Х*******, хөгжлийн газрын 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 02/10/1431 дүгээр албан бичгээр тогтоогдож байна.

17.3. Улмаар хариуцагчаас барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хүчинтэй хугацаа сунгах хяналтын хуудсыг үйлдсэнээр 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 31 байхаар Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалт-ыг хийсэн нь хууль зөрчөөгүй, ...хууль бусаар барьсан барилгыг нөхөн гүйцээх замаар зөвшөөрөл олгосон нь хууль зөрчсөн гэх нэхэмжлэгч нарын өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй, Барилгын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.энэ хуулийн 35.1-д заасан байгууллага барилгын ажлын зөвшөөрлийг олгоно, 28 дугаар зүйлийн 28.5.барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авах хүсэлт гаргасан этгээдийн хүсэлтэд хавсаргасан энэ хуулийн 28.2-т заасан баримт бичгийг хянан шийдвэрлэж, зөвшөөрөл олгоно, 28.6.энэ хуулийн 35.1-д заасан байгууллага ...бусад баримт бичиг шаардахыг хориглоно гэж заасантай нийцсэн, үүгээрээ нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

18. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. ...нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б******* ХХК, А ХХК-аас Х*******,*******т холбогдуулан гаргасан Нийслэлийн Х*******, хөгжлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн х*******, хөгжлийн газрын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалт-ын гэрчилгээг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөг нийт 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН