Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0171

 

2023 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2023/0171

Улаанбаатар хот

 

 

2022 оны 06 сарын 15 өдөр

 

Дугаар 221/МА2022/0420

 

“БХТ” ХХК,

“АГИП” ХХК нарын

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

 

Даргалагч: Ерөнхий шүүгчийн үүрэг гүйцэтгэгч Б.Тунгалагсайхан

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл

Илтгэгч: Шүүгч Т.Энхмаа    

 

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч “БХТ” ХХК-ийн төлөөлөгч Т.О,“АГИП” ХХК-ийн төлөөлөгч Д.Х нар;

 

Нэхэмжлэгч: “БХТ” ХХК,

Нэхэмжлэгч: “АГИП” ХХК нар

Хариуцагч: ХБХГ

Гуравдагч этгээд: “ОБ” ХХК

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн ХБХГ-ын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн ХБХГ-ын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээг хүчингүй болгуулах” тухай;

Давж заалдах журмаар гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 978 дугаартай

 

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,

Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Г,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д нар.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Баасанцэрэн

Хэргийн индекс: 128/2020/0884/З

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч “БХТ” ХХК, “АГИП” ХХК-аас ХБХГ-т холбогдуулан “Нийслэлийн ХБХГ-ын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн ХБХГ-ын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.

 

 2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 978 дугаар шийдвэрээр:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “БХТ” ХХК, “АГИП” ХХК-аас ХБХГ-т холбогдуулан гаргасан “Нийслэлийн ХБХГ-ын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаар Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн ХБХГ-ын 2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгч “БХТ” ХХК-ийн төлөөлөгч Т.Оюунчимэг, “АГИП” ХХК-ийн төлөөлөгч Д.Хандсүрэн нараас давж заалдах гомдолдоо: БХТ” ХХК болон “АГИП” ХХК-иудын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн нэхэмжлэгч нарын зүгээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0978 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

3.1. Шүүхийн шийдвэрээр Барилгын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.5, 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.1.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нараас “ОБ” ХХК нь 2020 оны 5 дугаар сараас барилгын суурийн ажил хийж эхлэн нүх ухаж манай хашааг нураан, хашаатай тулган сууриа ухаж, барилга барьж эхэлсэнтэй холбоотой ХБХГ-аас баталсан 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шүүхэд анх нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа дууссаныг 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн билээ.

 

3.2. Хариуцагчийн зүгээс дээрх актуудыг гаргахдаа “ОБ” ХХК-ийн зэргэлдээ байрлах манай компаниудын өмнө батлуулсан Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг зэргийг харгалзалгүйгээр Барилгын хууль, Хот байгуулалтын хууль, Барилгын норм, дүрэм, стандартыг зорчиж барилга хоорондын зай, гал тусгаарлах зайн нормыг зөрчиж манай эзэмшил газарт тулган, барихаар төлөвлөсөн барилгатай хэт ойр төлөвлөсний улмаас манай компаниудын орц, гарц хаагдаж, газар эзэмших болон барилга барих эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн.

 

Барилгын тухай хуулиар шинээр барилга барих тохиолдолд эхлээд барилгын Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, түүнд үндэслэн загвар зураг болон ажлын зургийг батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авсны дараа барилгын зураг төсөлд иж бүрэн магадлал хийсний дараа Барилгын ажлын зөвшөөрөл олгох зохицуулалттай билээ.

 

Гэтэл маргаан бүхий барилгыг “ОБ” ХХК нь 2020 оны 5 дугаар сараас барьж эхэлсэн бөгөөд 8 дугаар сар гэхэд барилгын цутгалт нэгэнт хийгдэж байх цаг хугацаанд Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг баталсан нь илт хууль бус бөгөөд илэрхий алдаатай, бодит нөхцөлд биелэгдэх боломжгүй акт болсон гэж үзэж нэхэмжлэл гаргаж байгаа болно.

 

3.3. Өөрөөр хэлбэл нэгэнт баригдаад эхэлсэн барилгад шууд Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг батлах чиг үүрэг Нийслэлийн ХБХГ-т байхгүй.

 

 Дээрх газарт баригдаж буй барилгын Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг 2020 оны 8 дугаар сард батлагдсан байхад уг актыг батлагдаагүй байхад 2020 оны 3 дугаар сард Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгосон нь илт хууль бус гэж үзэж байгаа бөгөөд Барилгын тухай хуулиар Архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталж, түүнд үндэслэн загвар зураг болон ажлын зургийг батлуулж, холбогдох техникийн нөхцөлүүдийг авч, барилгын зураг төсөлд иж бүрэн магадлал хийлгээгүй байхад Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ олгох чиг үүрэг Нийслэлийн ХБХГ-т байхгүй гэж үзэж маргасан.

 

 Мөн “ОБ” ХХК-д олгосон ХБХГ-ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацаа 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дууссан боловч уг компани зөвшөөрлөө сунгуулахгүйгээр барилгын ажлаа үргэлжлүүлэн явуулж байсны улмаас бид ХБХГ-т хандан 2021 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 06/15 тоот албан бичгээр гомдол гаргасан бөгөөд гомдлын хариуд тус газрын 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 05/1694 тоот албан бичгээр “ОБ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнд сунгалт хийгдээгүй тухай орлогч дарга Ч.Б-Э-ийн гарын үсэгтэй хариуг өгсөн билээ.

 

3.4. Гэтэл манай компанийн гомдлын дагуу “ОБ” ХХК-ийн барилгын бичиг баримт, зураг төсөлд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хяналт шалгалт хийгээд манайд ирүүлсэн 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 02-02/2046 тоот хариу албан бичигт ХБХГ-аас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр “ОБ” ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний хугацааг 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сунгасан тухай дурдсан байсан.

 

Манай компаниуд Нийслэлийн ХБХГ-аас “ОБ” ХХК-д олгосон 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар, загвар зураг, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн БА-039/2020 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээнүүдийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд гаргасан бөгөөд уг нэхэмжлэлийн дагуу захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад ХБХГ-аас 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдөр уг гэрчилгээний хугацааг сунгасан байгаа нь холбогдох хууль тогтоомж болон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар баталсан журмын 4.9.2.2-т дахь заалтыг ноцтой зөрчсөн байсан учир хариуцагчийн зүгээс дээрх зөрчлөө хүлээн зөвшөөрч 2021 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хугацаа сунгалтын гэрчилгээгээ хүчингүй болгосон байдаг.

 

3.5. Дээрх нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байхад дахин 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 2022/03/22 дугаартай Барилгын ажлын зөвшөөрлийн хугацаа сунгалтын гэрчилгээгээр зөвшөөрлийн хугацааг дахин сунгасан нь хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн билээ. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх үндэслэлүүдэд бодитой дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хуульд нийцээгүй гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/Ш2022/0978 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг хууль зүйн үндэслэлтэй хянан шийдвэрлээгүй, шүүхийн шийдвэр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-д заасан “шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагатай нийцээгүй байна.

 

  1. Дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

 

  1. Талуудын маргааны зүйл нь гуравдагч этгээд “ОБ” ХХК-д ХБХГ-ын дарга 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ГБМЗХ2020/32-038 дугаартай 16 давхар /зоорьтой/ “архитектур төлөвлөлтийн даалгавар” баталж, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээний дагуу 16 давхар барилга баригдсан нь нэхэмжлэгч нарын эзэмшил газарт тулгасан, уг эзэмшил газар дээрээ “архитектур төлөвлөлтийн даалгавар”, загвар зургийн дагуу төлөвлөсөн “16 давхар үйлчилгээтэй орон сууц, 2 давхар хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний зориулалтай барилгын үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэжээ.

 

  1. Нэхэмжлэгч нартай холбогдуулан Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 697 дугаартай “16 давхар үйлчилгээтэй орон сууц, 2 давхар хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний зориулалтай” барилгын “архитектур төлөвлөлтийн даалгавар”, болон барилгажих талбайн схем зураг, схем зургийн хавсралт /Архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт/ зэргийг батлуулсан байна. 2015 онд “БХТ” ХХК, “АГИП” ХХК-ийн “Эрх чөлөө-5” үйлчилгээтэй орон сууцны цогцолбор барилгын эскиз зургийг боловсруулж, эрх бүхий албан тушаалтнаас 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр зөвшөөрсөн талаарх баримт хэрэгт авагджээ. /1-р хх-ийн 35-54 дэх тал/

 

  1. Харин гуравдагч этгээд “ОБ” ХХК-ийн хувьд эзэмшил газар дээрээ 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр, /1-р хх-ийн 101 дэх тал/, 2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр /1-р хх-ийн 19 дэх тал/, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр /1-р хх-ийн 16 дахь тал/, “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-уудыг барилгажих талбайн хэмжээг багасгаж, барилгын төрөл, давхрын тоо “Тухайлсан зураг төсөлтэй 16 давхар /зоорьтой/” гэж, тус тус өөрчлөн Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд ХБХГ-ын даргаар батлуулсан, барилгажих талбайн схем зураг /сүүлд батлагдсан архитектур төлөвлөлтийн даалгаврын хавсралт/, эрх бүхий албан тушаалтнаас орон сууцны барилгын загвар зургийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр зөвшөөрч баталсан, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээ 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр олгожээ.

 

  1. Уг захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр “шинжээч томилох хүсэлт” бичгээр гаргасныг хүлээн авч, /2-р хх-ийн 28 дахь тал/ шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд талуудын маргаж буй асуудлыг тодруулах, мэтгэлцэх зарчмыг хэрэгжүүлэх, дүгнэлт гаргуулахаар 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 128/ШЗ2021/4045 дугаартай шүүгчийн захирамжаар /1-р хх-ийн 42-46 дахь тал/,

 

-4.1.Гуравдагч этгээд “ОБ” ХХК-ийн барьж буй барилга нь нийслэлийн ХБХГ-ын 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан хэмжээнд төлөвлөгдөн баригдаж байгаа эсэхийг тогтоох,

-4.2. Гуравдагч этгээд “ОБ” ХХК-ийн барьж байгаа 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн ГБМЗХ2020/32-038 дугаар архитектур төлөвлөлтийн даалгавартай барилга болон нэхэмжлэгч “БХТ” ХХК, “АГИП” ХХК-иудын 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 697 дугаар бүхий 16 давхар үйлчилгээний орон сууц, 2 давхар хүүхдийн цэцэрлэг болон үйлчилгээний зориулалттай барилгын архитектур төлөвлөлтийн даалгаварт заасан барихаар төлөвлөсөн барилгуудын хоорондох зай нь Барилгын норм, дүрэм БНБД 31-01-10-ын заавал мөрдөх 4 дүгээр хавсралтын 12 дугаар хүснэгтэд заасан барилга хоорондын зай, хэмжээг хангаж байгаа эсэх” гэсэн асуулт тавьж, шинжээчээр Барилгын хөгжлийн төвийг томилсон байна.

 

  1. Шинжээч нь шүүгчийн захирамж гарч томилогдсон үеэс эхлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, хуульд заасан эрх эдэлж, үүргийг хүлээдэг бөгөөд томилогдсон шинжээч М.М-Э, Г.Д нар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материал, хуульд заасан эрх, үүрэгтэй танилцаж шүүхийн баримтад гарын үсэг зуржээ. /2-р хх-ийн 71 дэх тал/

 

  1. Гэтэл хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаарх хэргийн материалтай шинжээч нар өөрсдөө биечлэн танилцаж судалсан атлаа шүүгчийн захирамжаар тавьсан асуултад шинжилгээ хийж бичгээр дүгнэлт гарган ирүүлэх үүргээ хангалтгүй биелүүлсэн, шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг 4 сар гаруй хугацаагаар удаашруулсан, ингэснээр хэргийг шийдвэрлэх хугацаа алдагдсан байна.

 

  1. Барилга,хот байгуулалтын яам, Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаа “шинжээчийн дүгнэлтийн талаар” 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн №1/402 дугаартай албан бичгээр “...шүүгчийн захирамжийн дагуу шинжээч нар 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн материалтай танилцан газар дээр нь үзлэг хийхэд нэхэмжлэгч “БХТ” ХХК, “АГИП” ХХК нарын барихаар төлөвлөж буй барилгын ажил нь эхлээгүй, мөн ажлын зураг төсөл нь иж бүрэн хийгдэж батлагдаагүй байсан“ гэсэн хариуг шүүхэд ирүүлсэн нь шинжээч шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа баримтлах Шүүхийн шинжилгээний тухай хууль /2009 оны/-ийн 11 дүгээр зүйл “Шинжилгээ хийх хугацаа”, 11.1-д “Шинжилгээ хийлгэх тухай тогтоол, захирамж, хүсэлтийг шүүхийн шинжилгээний байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн шинжилгээ хийж дуусгах хугацааг тооцно”, 14 дүгээр зүйлийн 14.1.2.-д “шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тавьсан асуултын дагуу шинжилгээ хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах;” гэж заасан үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 16 дугаар зүйл “Шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах” гэсэн хэсгийн 16.1.1-16.1.7-д заасан үндэслэлийн алинд нь ч хамаарахгүй байна.

 

  1. Гэтэл шүүх дээрх албан бичгийг хүлээн авч шинжээч дүгнэлт гарахаас татгалзсан шалтгаан нөхцөл, үндэслэл бий эсэхийг тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг гүйцэтгэнэ.”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэснийг зөрчсөн байна.

 

  1. Түүнчлэн шүүхээс шинжээчийн дүгнэлт нь хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдолтой эсэхийг нягтлан үзсэний үндсэн дээр шинжээч томилсон байх бөгөөд шинжээч, шинжилгээ хийж, дүгнэлт гаргахаас үндэслэлгүйгээр татгалзсан нь хэргийн оролцогчдын эрх хязгаарлагдаж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлнэ”, 6.3-д “Хэргийн оролцогч,тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт,хэргийн оролцогчийн буруутай үйл ажиллагаа, хууль зүйн үндэслэл, хууль хэрэглээний талаар нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ”, гэсэн зарчим зөрчигдөх нөхцөл байдал үүссэн байна.

 

  1. Иймээс давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, хариуцагч нарын давж заалдах гомдлын үндэслэлийг хүлээн авах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 128/ШШ2022/0978 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН                                                                         

 ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ                                 Б.ТУНГАЛАГСАЙХАН 

 

ШҮҮГЧ                                                             А.САРАНГЭРЭЛ  

 

ШҮҮГЧ                                                             Т.ЭНХМАА