Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 182ШШ2022/02307

 

 

 

                              2022       07        26      

                             182/ШШ2022/02307

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт бүртгэлтэй боловч Б дүүрэг, 0 дугаар хороо, 0 тоот хаягт оршин суух, О овогт Б М /РД:00000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ч дүүрэг, 0 дүгээр хороо, 0 тоот хаягт байрлах, Ү ХХК /РД:6043275/-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, өөр ажилд шилжүүлэн томилсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулах, Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амарсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов.

                                   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаал болох Дотоод хяналтын албаны ахлахын албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаан дээр дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлж байна. Үүнд:

1.1. Б.М нь Ү ХХК-д 2003 оноос эхлэн Дотоод хяналтын албаны ахлах ажилтны албан тушаалд томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр үндэслэлгүйгээр албан тушаал буурч Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар ажиллах болсон...

Хариуцагч нь Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор компанийн бүтцийг шинэчлэн баталсан гэж тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн урьд хийж байсан ажил буюу Дотоод хяналтын албаны ахлах гэсэн албан тушаал орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үйл баримт байдаггүй.

Бүтэц шинэчилсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүй өөр ажил албан тушаалд шууд томилсон байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1-д заасныг зөрчсөн. Мөн нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр тухайн компанийн бүтцээс хасагдаагүй, хуучин бүтцийн дагуу Дотоод хяналтын алба нь гүйцэтгэх захирлын шууд удирдлагад хамаарч байгаа. Дотоод хяналтын алба нь дотроо дотоод хяналтын ахлах ажилтан-1, дотоод хяналтын ажилтан-2 гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байгаа.

...Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу өөр ажил, албан тушаалд ажилтныг түр шилжүүлэх тохиолдолд талууд тохиролцсон байх талаар зохицуулсан. Гэтэл хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчтэй тохиорцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгчийн цалин 450,000 төгрөгөөр буурсан байгаа...

Ийм учраас Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулж, энэ зөрүүгээс Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү...” гэв.

 

2.Хариуцагч Ү ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Амарсайхан шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03 дугаар тогтоолоор компанийн бүтэц, орон тоо шинэчлэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан зарим ажилтнуудыг өөр ажилд сэлгэн ажиллуулах асуудал яригдсан.

Б.М Гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаалаар Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлах ажилтны ажлаас чөлөөлж, Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилсон.

Б.М өөр ажилд томилох хоёр шалтгаан байсан бөгөөд нэгдүгээрт Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасан нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилготой байсан. Нэхэмжлэгч нь 2003 оноос 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Дотоод хяналтын албаны ахлах гэсэн албан тушаалд ажилласан...

...2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэгтэй 8/784 тоот албан бичиг манай компанид ирсэн. Энэ албан тоотод танай байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8.2 дугаар хэсэгт заасан үнэт цаасны зах зээлийн ханшд нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж, үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоод мэдээлэлийг дамжуулсан гэх мэтээр бүлэглэж үйлдсэн хэргийг илрүүлсэн талаар дурдсан байдаг.

Мөн 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс №12/4-022 тоот Мөрдөгчийн мэдэгдэл ирсэн бөгөөд манай ажилтнууд бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд нэр бүхий иргэдийн эзэмшилд бүртгэлтэй хувьцааг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, өргөдөл гаргаж, бусдад шилжүүлэх, тухайн хувьцааг зарж борлуулах, ногдол ашиг авах зэргээр хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар дурдсан байдаг...

Дээрх хоёр асуудалд манай дотоод хяналтын ажилтнууд анхаарал хандуулж шалгаагүй учраас нэхэмжлэгчийг өөр албан тушаалд томилосон...” гэв.

 

3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 11 х/,

-итгэмжлэл /хх-ийн 12х/,

-Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх-ийн 13-15 х/,

-Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний хэлтсийн 2022.05.24-ний өдрийн 1/716 тоот “Албан бичиг” /хх-ийн 17 х/,

-2022.07.21-ний өдрийн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 01/1022 дугаартай тодорхойлолтын хуулбар /хх-ийн 86 х/,

-Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /хх-ийн 87-96 х/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 123х/  зэрэг баримтуудыг,

 

-Хариуцагч тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 0000 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх-ийн 20 х/,

            -2022.06.08-ны өдрийн Ж.Амарсайханд олгосон итгэмжлэл /хх-ийн 21 х/,

            -2021.03.02-ны өдрийн Бүртгэл хяналтын картын хуулбар /хх-ийн 41 х/,

            -2021.02.26-ны өдрийн 8-1/784 дугаар Монгол Улсын Сангийн яамны Чиглэл өгөх тухай албан тоотын хуулбар /хх-ийн 42-43 х/,

            -2022.03.07-ны өдрийн Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 05 дугаартай тогтоолын хуулбар /хх-ийн 44 х/,

            -2022.04.20-ны өдрийн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/11 дугаартай тушаал, түүний хавсралтын хуулбар /хх-ийн 45-46 х/,

            -2022.04.21-ний өдрийн Бүртгэл хяналтын картын хуулбар /хх-ийн 47 х/,

            -2022.04.20-ны өдрийн Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны 12/4-2090 дугаартай албан тоотын хуулбар /хх-ийн 48 х/,

            -2022.04.18-ны өдрийн 12/4-022 дугаартай Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, мөрдөгчийн тэмдэглэлийн хуулбар /хх-ийн 49-50 х/,

            -2022.05.13-ны өдрийн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/46 дугаартай тушаал, түүний хавсралтуудын хуулбар /хх-ийн 51-58 х/,

            -Ү ХХК-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”-ын зургадугаар хавсралтын хуулбар /хх-ийн 59 х/,

            -2022.04.14-ний өдрийн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/31 дугаартай тушаал, түүний хавсралтуудын хуулбар /хх-ийн 60-63 х/,

            -2022.05.13-ны өдрийн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/47 дугаартай тушаал, түүний хавсралтуудын хуулбар /хх-ийн 64-68 х/,

            -2022.05.13-ны өдрийн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/48 дугаартай тушаалын хуулбар /хх-ийн 69 х/,

            -2022.05.20-ны өдрийн Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын Б/50 дугаартай тушаал, түүний хавсралтуудын хуулбар /хх-ийн 70-72 х/,

            -2022.06.20-ны өдрийн Мэдэгдэх хуудсын хуулбар /хх-ийн 73 х/,

            -2022.05.23-ны өдрийн Мэдэгдэх хуудсын хуулбар /хх-ийн 74 х/,

            -Ү ХХК-ийн 2021 оны эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэл /хх-ийн 75-79 х/,

            -2022.05.10-ны өдрийн Ү ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурлын 07 дугаартай тогтоол, түүний хасвралтуудын хуулбар /хх-ийн 97-99 х/,

            -Ү ХХК-ийн дотоод хяналтын журмын хуулбар /хх-ийн 100-101 х/ зэрэг баримтуудыг,

           

Нэхэмжлэгчийн хүсэлтээр 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө мөрдөгдөж байсан /хуучин/ Хөдөлмөрийн дотоод журам /хх-ийн  102-107 х/,

-Ү ХХК-ийн дүрэм  /хх-ийн 111-122 х/

-Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 3 дугаар  сарын 07-ны өдрийн “Компанийн орон тоо, бүтцийг шинэчлэн батлах тухай” тогтоол зэрэг баримтуудыг шүүхийн журмаар тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Ү ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Б.М нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Ү ХХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаал болох Дотоод хяналтын ахлах ажилтны ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

2.1. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан эрхийнхээ дагуу нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг буюу ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах бус өөр ажилд шилжүүлэн томилсоны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулах, энэ зөрүүгээс Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах гэж тодруулж байна.

 

3. Нэхэмжлэгч нь Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажил, албан тушаалд эгүүлэн томилж, албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсны улмаас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулж, энэ зөрүүгээс Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах тухай шаардах эрхийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

-2003 оноос Ү ХХК-д Дотоод хяналтын албаны ахлах ажилтны ажил, албан тушаалд Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон бөгөөд гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот тушаалаар “Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албанд данс, мэдээлэл засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтан”-аар албан тушаал болон цалин бууран ажиллаж байгаа.

-2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 03 дугаар тогтоолоор компанийн бүтцийг шинэчлэн баталсан гэж хариуцагчийн зүгээс тайлбарладаг боловч нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан ажил буюу Дотоод хяналтын албаны ахлах гэсэн албан тушаал орон тоо хасагдсан, орон тоо цөөрсөн гэсэн үйл баримт байдаггүй.

-Хөдөлмөрийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасны дагуу хариуцагч нь өөр албан тушаалд түр шилжүүлэх талаар нэхэмжлэгчтэй тохиролцсон зүйл байхгүй. Албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсны улмаас үндсэн цалин 450,000 төгрөгөөр буурсан учраас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулж, энэ зөрүүгээс Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэж шаардсан.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шинэ бүтэц орон тооны асуудлыг авч хэлэлцсэн, энэ орон тоо бүтцийг батлах явцад шинээр орон тоо бий болсон, зарим ажилтнуудыг өөр ажилд сэлгэн ажиллуулах асуудал яригдсан.

М өөр ажилд томилох болсон гол үндэслэл нь Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын гарын үсэг бүхий 2021 оны 02 дугаар сарын 26-ны 8/784 тоот албан бичиг ирсэн. Энэ албан тоотод танай байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8.2 дугаар хэсэгт заасан үнэт цаасны зах зээлийн ханшид нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж, үнэт цаасыг худалдсан, худалдан авсан, дотоодод мэдээллийг дамжуулсан гэх мэтээр бүлэглэж үйлдсэн хэргийг илрүүлсэн талаар дурдсан бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05  дугаар сарын 30-ны өдрийн шийдвэрээр манай компанийг 2018 оны худалдан авах үйл ажиллагааны хууль дүрэм журмыг зөрчсөн гэдгээр эрүүгийн хэрэг үүсгэж, манай зарим ажилтнуудад нийтийн болон нийтийн албанд ажиллах эрхийг нь хязгаарлах гэсэн шийдвэр гарсан. Дээрх хоёр асуудалд манай дотоод хяналтын ажилтнууд анхаарал хандуулж шалгаагүй.

Мөн гүйцэтгэх захирлын М өөр ажилд томилж байгаа шалтгаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.1.4-т “Нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсч болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх” зорилгоор өөр ажилд томилсон. Учир нь нэхэмжлэгч нь 2003 оноос хойш 2022 оны 04 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл Дотоод хяналтын албаны ахлах гэсэн албанд ажилласан...” гэж маргасан.

 

5.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй” гэжээ.

 

Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч Б.М нь Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот “Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангиллыг батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар “Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны  Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтан”-аар томилогдсонтой холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр тус шүүхэд гомдлоо гаргасан байх ба шүүхээс 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдөр 182/ШЗ2022/06746 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.

 

Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдөр 1/716 дугаар албан бичгээр “...Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс шийдвэрлэх бүрэн эрхтэй боловч одоогоор Хөдөлмөр, Нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооноос дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хорооны бүрэлдэхүүнийг томилоогүй байна. Иймд ...маргааныг шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх боломжтой” гэсэн хариуг нэхэмжлэгчид өгсөн байх тул Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он цаашид Хөдөлмөрийн тухай хууль гэх/-ийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2-т зааснаар нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Нэхэмжлэгч Б.М нь 2003 оноос 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажил, албан тушаалд томилогдон Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан талаар талууд маргаагүй учраас шүүхээс маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзлээ.

 

Хариуцагч нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч Б.М тус компанид 2003 оноос хойш 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл Дотоод хяналтын албаны ахлах ажилтнаар ажиллаж байгаа учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.4-т заасны дагуу нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилсон, мөн манай ажилтанууд Эрүүгийн хэрэгт холбогдсон Дотоод хяналтын алба хяналт тавьж ажиллаагүй гэж тайлбарлаж, Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 26-ны 8/784 тоот албан бичиг, Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс №12/4-022 тоот Мөрдөгчийн мэдэгдлийг татгалзлын үндэслэлээ болгосон бөгөөд энэхүү тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

 

Тодруулбал хариуцагчийн дээрх тайлбар дараах баримтууд болон үндэслэлүүдээр үгүйсгэгдэж байна. Үүнд:

-Хариуцагчийн татгалзалын үндэслэл болсон Сангийн яамны 2021 оны 02 дугаар сарын 26-ны 8/784 тоот албан бичигт “...Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа хэрэг бүртгэлийн 200200605 дугаартай хэрэгт “Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг арилгуулах тухай” албан тоотыг 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлээд байна. Албан бичигт танай байгууллагын нэр бүхий ажилтнууд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Үнэт цаасны үнэ ханшид нөлөөлөх, нийтийн хүртээл болоогүй мэдээллийг бусдад дамжуулсан”, 18.6 дугаар зүйлийн 18.2 дахь хэсгийн 2.2.-т заасан “Гэмт хэргийн улмаас олосн мөнгөн хөрөнгө гэдгийг мэдсээр байжтүүнийг авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, ... эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг илрүүлсэн тухай дурдсан байна...”,

2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс №12/4-022 тоот Мөрдөгчийн мэдэгдэлд “Нэр бүхий иргэд нь бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 20214 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 27-ны хооронд Монгол улсын нэр бүхий 88 иргэний эзэмшилд бүртгэлтэй ... хувьцааг эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, түүний оролцоогүйгээр Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд үнэт цаас шилжүүлэх өргөдөл гаргаж, ... ХХК-д шилжүүлэх, тухайн хувьцааг бусдад зарж борлуулах, ногдол ашиг авах, итгэмжлэл хуурамчаар үйлдсэн, ...нийт 346,644,956.30 төгрөгийн хувьцаа борлуулсан орлого, 363,240,890.30 төгрөгийг залилуулсан эрүүгийн 2002006050014 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж дуусган шүүхэд шилжүүлэх саналтай ... дүүргийн прокурорын газрын хяналтад шилжүүлэн ажиллаж байна...” гэсэн байх ба энэхүү албан бичгүүдэд дурдагдсан үйлдэлд нэхэмжлэгч Б.М нь холбогдсон эсэх, мөн 2002006050014 дугаартай эрүүгийн хэрэг эцэслэн шийдэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй.

 

-Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “.... Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийг гэм буруутай талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэргүй, дээрх гэмт хэрэг гарах болсон шаалтгаан нөхцөлтэй холбогдуулан сахилгын арга хэмжээ авагдсан талаар баримтгүй.

 

-Тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/2 тоот тушаалын хавсралтаар баталсан “Хөдөлмөрийн дотоод журам”-ын 3 дугаар зүйлийн 3.12-т “Ажилтныг компани дотор шилжүүлэн ажиллуулж болох бөгөөд албаны дарга, гүйцэтгэх захирлын саналыг үндэслэн Захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлнэ” гэж заасантай нийцээгүй. /хх-ийн 102-107 х/

 

-Гүйцэтгэх захирлын 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн Б/46 тоот тушаалын хавсралтаар баталсан Ү ХХК-ийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.20-д “Компанийн бүтцийн өөрчлөлт, ...эсхүл нэг ажлын байранд удаан ажилласнаас үүсч болох зүй бус нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ажилтныг өөр ажилд шилжүүлэх асуудлыг Захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэх” гэсэн заалтын дагуу захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэрлэсэн талаар баримтаар тогтоогдохгүй байх ба энэхүү журам нь нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийг “Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилох үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан гэж үзэх үндэслэлгүй байна. /хх-ийн 52-58 х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т “Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно” гэж заасан бөгөөд хариуцагч нь 2022 оны 5 дугаар сарын 23, 6 дугаар сарын 20-ны өдрүүдэд нэхэмжлэгч Б.Мд “Мэдэгдэх хуудас” хүргүүлсэн байх ба энэхүү мэдэгдэх хуудсанд  “...Бизнесийн үйл ажиллагаа, хөгжлийн газрын Үнэт цаасны өмчлөх эрх, бүртгэлийн албаны данс, мэдээлэл засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтны ажлын байранд томилж байгааг 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдөр мэдэгдсэн...” гэсэн байх боловч энэ нь өөр ажилд шилжүүлснээс хойшхи үйл баримт байх тул дээрх хуульд заасны дагуу ажилтантай тохиролцож, ажилтны албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулсан гэж үзэх боломжгүй. /хх-ийн 73, 74 х/

 

Сангийн сайдын 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай тушаалын хавсралтаар баталсан Ү ХХК-ийн дүрмийн 7 дугаар зүйлийн 7.4.4-т зааснаар Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо ... батлах, 8 дугаар зүйлийн 8.10.9-д зааснаар Гүйцэтгэх удирдлага нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс баталсан орон тоо, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд  ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах, ажилтныг ажилд томилох, өөрчлөх, тэдэнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулах, ... ажлаас чөлөөлөх, ... журам батлах эрхтэй байна. /хх-ийн 111-122 х/

 

Ү ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 7 тоот “Компанийн бүтэц орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолын 1 дэх заалтаар “...2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 03 тоот тогтоолын хавсралтаар баталсан ... зохион байгуулалтын бүтэц, орон тооноос “Дэд захирал”-ын орон тоог хасаж, компанийн бүтцийг нэгдүгээр хавсралтаар, орон тоог хоёрдугаар хавсралтаар шинэчлэн баталсугай...” гэжээ. /хх-ийн 97 х/

 

Дээрх тогтоолын нэгдүгээр хавсралтад “...гүйцэтгэх захирлын удирдлага дор “Дотоод хяналтын алба” гэж зурагдсан, 2 дугаар хавсралтад гүйцэтгэх захирлын шууд удирдлагад “Дотоод хяналтын алба”, энэхүү алба нь дотроо Дотоод хяналтын албаны ахлах /Ахлах-1/, Үнэт цаас дотоод хяналт /Ажилтан-1/, Санхүү, дотоод хяналт /Ажилтан-1/ гэсэн бүтэц, орон тоотойгоор зурагджээ. /хх-ийн 99 х/

 

Хариуцагч Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Б/31 тоот “Компанийн ажилтнуудын ажлын байр, албан тушаалын ангилыг батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар нэхэмжлэгч Б.Мөнх-Эрдэнийг “Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтан”-аар томилж, Дотоод хяналтын албаны ахлахын албан тушаалд Г.Авирмэдийг томилон ажиллуулж байгаа, түүний ажиллаж байсан ажлын байр хасагдаагүй болох дээрх баримтууд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тус тус тогтоогдож байна. /хх-ийн 58-60 х/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн” тохиолдолд “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор зохицуулсан бол мөн хуулийн 80.2-т “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэжээ.

 

Гэтэл хариуцагч нь Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажлын байр хэвээр хадгалагдаж байхад нэхэмжлэгчийг Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилж, Дотоод хяналтын албаны ахлахын албан тушаалд Г.А томилон ажиллуулж байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 80 дугаар зүйлийн 80.2-т заасныг зөрчсөн байна.

 

Ийм учраас нэхэмжлэгч Б.М албан тушаал бууруулах болсон хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасны дагуу Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзсэн болно.

 

Хоёр: Албан тушаал үндэслэлгүйгээр бууруулсны улмаас цалин 450,000 төгрөгөөр буурсан учраас үүссэн цалингийн зөрүү 1,850,202 төгрөгийг гаргуулж, энэ зөрүүгээс Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагчид даалгах шаардлагын тухайд

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т “Ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас түүний цалин хөлсний хэмжээ буурсан бол түүнд өмнө нь авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч олгоно” гэж заасан.

 

Нэхэмжлэгч Б.М нь Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын албан тушаалд УА-1 шатлалын дагуу 1,700,000 төгрөгийн үндсэн цалинтай ажиллаж байгаад  Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар томилогдож АА-5 шатлалаар 1,250,000 төгрөгөөр цалинжиж, цалин хөлс нь 450,000 төгрөгөөр буурсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

а.Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн А/11 тоот “Компанийн ажилтнуудын цалингийн шатлал болон сүлжээг батлах тухай” тушаал болон түүний 1 дүгээр хавсралт /хх-ийн 45, 46 х/

 

б.Ү ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 01/1022 тоот “Б М (РД:0000000) нь ... Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албанд данс, мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтнаар 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн ажиллаж байгаа бөгөөд сарын үндсэн цалин 1,250,000 төгрөг болохыг тодорхойлж байна” гэсэн тодорхойлолт, талуудын тайлбар зэрэг болно. /хх-ийн 86 х/  

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3.6-д “ажилтныг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсны улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан тохиолдолд олгох олговор” гэж заасан.

 

Нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлэн ажиллуулсан хугацаанд түүний үндсэн цалин хөлсний хэмжээ 450,000 төгрөгөөр буурсан болох нь тогтоогдсон учраас 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаа буюу 68 хоног /3 сар 5 хоног/-ийн дундаж цалинг тооцохдоо 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн сүүлийн 3 сарын цалин болох 2022 оны 1, 2, 3 дугаар саруудад авч байсан 2,337,600+2,320,200 + 1,831,736= 64,895,536 : 3 сар = 2,163,178 /нэг сарын цалин/ : 21 хоног = 103,008 /нэг өдрийн цалин/ төгрөг болж байна.

 

Гэсэн хэдий ч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд буюу хэрэгт авагдсан баримт болох цалингийн шатлалаар тооцоход Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын үндсэн цалин 1,700,000 төгрөг + нэмэгдэл 30 хувь буюу 510,000 төгрөг = 2,210,000 төгрөг, Үнэт цаасны өмчлөх эрх бүртгэлийн албаны Данс, мэдээлэл, засварлалт, тусгаарлалт хариуцсан ажилтны үндсэн цалин 1,250,000 төгрөг + нэмэгдэл 30 хувь буюу 375,000 төгрөг = 1,625,000 төгрөг байх тул  2,210,000 төгрөг - 1,625,000 төгрөг = 585,000 төгрөгийн зөрүү гарч байна.

 

Ийм учраас нэхэмжлэгч Б.М үндэслэлгүйгээр өөр ажилд шилжүүлсэний улмаас ажилтны цалин хөлсний хэмжээ буурсан тохиолдолд олгох олговор буюу цалин хөлсний зөрүүг 2022 оны 4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх ажлын 68 өдөр буюу 3 сар 5 хоног /3 сар х 585,00 төгрөг =1,755,000 төгрөг, 5 хоног x нэг өдрийн 27,857 төгрөг = 139,285 төгрөг/-өөр тооцож цалин, олговорт 1,894,285 /1,755,000+139,285/ төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэв.

 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй даатгуулагчид учирсан хохирлыг ажил олгогч бүрэн хариуцаж төлнө” гэж заасан нь хариуцагч буюу ажил олгогчийн буруугаас учирсан хохирлыг шаардах эрхтэйг илэрхийлж байна.

 

Мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлд даатгуулагч болон ажил олгогчоос нийгмийн даатгалын шимтгэл төлөх хувь хэмжээг тодорхойлж, ажил олгогчоос төлвөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг ажилтанд бодогдсон тухайн сарын нийт цалин орлогоос хувилан гаргуулахаар тус тус хуульчилжээ.

 

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д “Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах” гэж ажил олгогчийн үүргийг тодорхойлсон байна.

 

Иймд Б.М 2022 оны  4 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг тооцон түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагч Ү ХХК-д даалгах нь зүйтэй.

 

Ажил олгогчийн санаачилгаар ажлаас буруу халсан тухай ажилтны гомдол нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл болон гомдлоор авч хэлэлцэх хэрэгт хамаарах тул нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөх үүргээс чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас энэ нэхэмжлэлд төлөгдвөл зохих улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, цалин, олговрын зөрүү 1,894,285 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 45,259 төгрөг, нийт 185,659 төгрөг гаргуулж улсын орлогод оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга 2021 он/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.М урьд эрхэлж байсан ажил буюу Ү ХХК-ийн Дотоод хяналтын албаны ахлахын ажилд эгүүлэн тогтоосугай.

 

2. Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2-т заасныг баримтлан цалингийн зөрүү 1,894,285 төгрөгийг хариуцагч Ү ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч Б.Мд олгосугай.

 

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан цалин хөлсний зөрүүтэй тэнцэх олговор 1,894,285 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр суутган тооцож нэхэмжлэгч Б.М нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нэрийн дансанд цалингийн зөрүүгээр нөхөн төлөлт хийхийг хариуцагч Ү ХХК-д даалгасугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Ү ХХК-иас 185,659 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                 Х.ДАШДЭЧМАА