Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 182/ШШ2022/02516

 

 

 

 

    2022     08        16                                           182/ШШ2022/02516

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

            Нэхэмжлэгч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 байр, 0 тоот хаягт байрлах, А ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

 

            Хариуцагч: Ч дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот хаягт оршин суух, Б овогт Б С /РД:0000000/,

 

            Хариуцагч: Чингэлтэй, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 давхар, 0 тоот хаягт байрлах, Г ХХК /РД:000000/ нарт холбогдох,

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 314,229,826 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Энхбаяр,

Хариуцагч Б.С итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангал,

Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа,

Хариуцагч нарын өмгөөлөгч Д.Түвшинтамир, М.Энхжин,

Гэрч Г.Э, Б.Б, Г.,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Довчин нар оролцов. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г ХХК, Б.С нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 314,229,826 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1. Г ХХК нь А ХХК-тай 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ000182012 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,879,500 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 64,594,000 төгрөг нийт 90,473,500 төгрөгийн зээл авсан... дээрх 2 зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй.

1.2. Б.С 2012 оны 01 дүгээр сарын 23-нд 5,000 евро буюу 8,975,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 19-нд 500,000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 21-нд 66,552,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 12-нд 1,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-нд 30,000 ам.доллар буюу 41,880,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 20-нд 4,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-нд 5,894,700 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-нд 5,000 ам.доллар буюу 6,875,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 23-нд 10,000 ам.доллар буюу 13,800,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 06-нд 512,100 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А ХХК-иас урьдчилгаа, буцаан төлөгдөх нөхцөлтэй зээлж авсан боловч өнөөдрийг хүртэл эргүүлж төлөөгүй...

Евро болон ам.долларын ханшийг нэхэмжлэл гаргах үеийн буюу 2021 оны 06 дугаар 17-ны өдрийн Монгол банкны гадаад валютын ханшаар тооцсон тул хариуцагч Г ХХК-иас 90,473,500 төгрөг, Б.Сэс 223,756,326 төгрөг, нийт 314,229,826 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

2.Хариуцагч Б.С болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хангал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...А ХХК-иас 223,756,326 төгрөгийн зээл аваагүй. Өөрийн үүсгэн байгуулсан Ю ХХК-иас хувьцааны ногдол ашгаа урьдчилан зээлж авсан.

 А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн охин Г.Э нь Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа хувьцааны ногдол ашгийг “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-ууд дээр гарын үсэг зуруулж олгодог байсан бөгөөд уг баримтууд дээр “эргэн төлөгдөх нөхцөлтэй” гэх ямар ч өгүүлбэр байдаггүй байсан. 

А ХХК болон Г ХХК-иудын хооронд маргаан үүссэний дараа санхүүгийн дээрх баримтууд дээр нөхөн бичилт хийж, миний гарын үсэгтэй баримтуудыг засварлан огт хүлээж аваагүй мөнгөн дүн бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ...” гэв.

 

3.Хариуцагч Г ХХК болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Галтаа шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г ХХК нь А ХХК-тай 2013 оны 01 сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээ байгуулж 64,594,000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж авсан. Энэ талаар маргахгүй. Харин 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 25,879,500 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан боловч гэрээнд заасан хөрөнгийг бодитойгоор хүлээн авсан зүйл байхгүй тул уг мөнгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Учир нь талуудын хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээнд заасан 25,879,500 төгрөг нь тухайн өдрөө А ХХК-иас Баянгол дүүргийн газрын алба руу газрын төлбөрт шилжсэн болох нь Баянгол дүүргийн газрын албаны нэхэмжлэх, А ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт, Голомт банкны гүйлгээний шилжүүлгийн бармтуудаар тогтоогдоно...

 Г ХХК нь А ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр зээлийн гэрээг байгуулж 64,594,000 төгрөгийг бодитойгоор хүлээн авсан тул уг мөнгийг төлөх үүргийг хүлээх боловч Иргэний хуулийн Иймд А ХХК-ийн Г ХХК-иас зээлийн төлбөрт нэхэмжилж буй 90,473,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

 

4.Нэхэмжлэгч шаардлагатайгаа холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид 2021.07.28-ны өдөр 1,729,099 төгрөг төлсөн баримт /хх-ийн 3 х/,

-Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 0000 дугаартай гэрчилгээ /хх-ийн 6 х/,

-Нэхэмжлэгчээс 2021.06.22-ны өдрийн 21/38 тоот Ц.Энхбаярт 3 жилийн хугацаатай олгосон итгэмжлэл /хх-ийн 6 х/,

-2013.01.02, 2012.05.25-ны өдрүүдийн Бэлэн мөнгөний зарлагын баримтууд /хх-ийн 7, 10 х/,

-2013.01.02-ны өдрийн ЗГ01/2013, 2012.05.25-ны өдөр ЗГ000182012 дугаартай зээлийн гэрээнүүд /хх-ийн 8-9, 13-14 х/

-Кассын зарлагын ордер /хх 1-ийн 15-25 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.08.30-ны өдрийн 182/ШШ2019/01462 дугаар шийдвэр /хх 1-ийн 26-30 х/,

-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019.11.15-ны өдрийн 1930 дугаар магадлал /хх 1-ийн 31-34 х/,

-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.06.30-ны өдрийн 182/ШЗ2021/05958 дугаар шүүгчийн захирамж /хх 1-ийн 35-36 х/,

-Төлбөрийн баримт /хх 1-ийн 66 х/,

-2021.05.25-ны өдрийн 001/ХТ2021/00548 дугаар Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх 1-ийн 67-70 х/,

-2012.01.03-ны өдрийн 04 дүгээр Зээлийн гэрээ түүний төлөлтийн хуваарь /хх 1-ийн 99-102 х/,

-2012.11.29-ний өдрийн 04-1 дүгээр Барьцааны гэрээ /хх 1-ийн 103-105 х/,

-2012.09.01-ний өдрийн Тооцоо нийлсэн акт /хх 1-ийн 106 х/,

-Монгол банкны валютын ханшны лавлагаа /хх 1-ийн 107 х/ зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

 

5.Хариуцагч Г ХХК нь тайлбар татгалзалтайгаа холбогдуулан улсын бүртгэлийн 9011101072 дугаартай гэрчилгээ /хх 1-ийн 45 х/,

-2021.08.25-ны өдөр Б.Уянгад олгосон итгэмжлэл /хх 1-ийн 46 х/,

-2021.09.27-ны өдөр Ц.Галтаад олгосон итгэмжлэл /хх 1-ийн 59 х/,

-2022.02.08-ны өдрийн Д.Түвшинтамир өмгөөлөгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх 1-ийн 120-121 х/,

-Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015.03.05-ны өдрийн 102/ШШ2015/01512 дугаар шийдвэр /хх 2-ын 83-88 х/,

-Иргэний хэргийн Давж заалдах шатны 10 дугаар шүүхийн 2015.05.01-ний өдрийн 514 дүгээр магадлал /хх 2-ын 89-97 х/,

-Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2015.06.25-ны өдрийн 516 дугаар тогтоол /хх 2-ын 98-103 х/,

-2012.05.24-ний өдрийн 01/2012 Газар түр эзэмшүүлэх гэрээ /хх 2-ын 104 х/,

-2012.07.05-ны өдрийн Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ /хх 2-ын 105 х/,

-2012.07.05-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээ /хх 2-ын 107 х/,

-2012.01.03-ны өдрийн 04 дүгээр Барьцааны гэрээ /хх 2-ын 110-115 х/,

-2022.03.15-ны өдрийн 22/07 дугаар Г ХХК Капитал банкин дахь эрх хүлээн авагчид гаргасан хүсэлт /хх 2-ын 116 х/,

-2022.03.17-ны өдрийн 415 дугаар “Капитал банк” ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн хариу албан бичиг /хх 2-ын 117 х/,

-2022.05.25-ны өдрийн Төлбөрийн даалгавар /хх 2-ын 118 х/,

-2022.03.21-ний өдрийн Шилжүүлгийн баримт /хх 2-ын 119 х/,

-Г ХХК-ийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа /хх 2-ын 120-123 х/, 

 

6.Хариуцагч Б.С тайлбар татгалзалтайгаа холбогдуулан 2021.09.27-ны өдөр М.Энхжинд олгосон итгэмжлэл /хх 1-ийн 58 х/,

-Санхүүгийн зохицуулах хорооны 2015.04.30-ны өдрийн 224 дүгээр Ю ХХК-ийн банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох тухай тогтоол /хх 1-ийн 73 х/,

-2012.03.19-ний өдрийн 02/2012 дугаар Ю-ын Хувь нийлүүлэгчдийн хурлын тэмдэглэл /хх 1-ийн 74 х/,

-Ю ХХК-ийн дүрэм /хх 1-ийн 75-77 х/,

-2021.03.22-ны өдрийн 06/2012 дугаар Ю ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр /хх 1-ийн 78 х/,

-2021.03.22-ны өдрийн 05/2012 дугаар Ю ХХК-ийн үүсгэн байгуулагчдын хурлын шийдвэр /хх 1-ийн 79 х/,

-Санхүүгийн зохицуулах хорооны 2011.06.30-ны өдрийн 191 дүгээр Ю ХХК-д банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай тогтоол /хх 1-ийн 80 х/,

-Ю ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээ түүний хавсралт /хх 1-ийн 81-83 х/,

-Улсын бүртгэлийн 9015002039 дугаартай хуулийн этгээдийн гэрчилгээ /хх 1-ийн 84 х/,

-2012.03.22-ны өдрийн ЗГ302/2012 дугаар Фидуцийн гэрээ /хх 1-ийн 85 х/,

-2012.03.22-ны өдрийн БГ302/2012 дугаар Барьцааны гэрээ /хх 1-ийн 86 х/,

-Зээл төлөлтийн хуваарь /хх 1-ийн 87 х/,

-2012.05.09-ний өдрийн ЗГ212/2012 дугаар Фидуцийн гэрээ /хх 1-ийн 88 х/,

-2012.05.09-ний өдрийн БГ212/2012 дугаар Барьцааны гэрээ /хх 1-ийн 89 х/,

-2022.06.16-ны өдөр Н.Хангалд олгосон итгэмжлэл /хх 2-ын 34 х/,

-Ю ХХК-ийн 2012 оны жилийн санхүүгийн тайлан /хх 2-ын 60-66 х/,

-Ю ХХК-ийн бэлэн мөнгөний зарлагын баримт /хх 2-ын 67 х/,

-Ю ХХК-ийн 2012.03.22—ны өдрийн гадаад гуйвуулгын даалгаврын баримт /хх 2-ын 68 х/,

-2012.12.28/-ны өдрийн 00120046 дугаар “Фидуцийн гэрээ” /хх 2-ын 69 х/,

-Ю ХХК-ийн 2012.01.17-ны өдрийн гадаад гуйвуулгын даалгаврын баримт /хх 2-ын 70 х/

-2012.12.28/-ны өдрийн 00120047 дугаар “Фидуцийн гэрээ” /хх 2-ын 71 х/,

-2012.06.22-ны өдрийн ЗНГ401/2012 дугаар Зээлийн нэмэлт гэрээ /хх 2-ын 72 х/,

-Бэлэн мөнгөний орлогын баримт /хх 2-ын 73-75 х/ зэрэг баримтуудыг,

 

6. Шүүх талуудын хүсэлтээр Г.Эийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх 1-ийн 157 х/,

-А ХХК-ийн 2012 оны 4 дүгээр улирлын тайлан /хх 1-ийн 139-143 х/,

-А ХХК-ийн 2012 оны 1 дүгээр улирлын санхүүгийн тайлан /хх 1-ийн 145-156 х/,

-А ХХК-ийн 2012 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлан /хх 1-ийн 157-162 х/,

-2012.01.10-ны өдрийн 01/2012 дугаар Ю ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хороонд хандсан албан бичиг /хх 1-ийн 165 х/,

-2021.10.10-ны өдрийн 11/12 дугаар Ю ХХК-ийн Санхүүгийн зохицуулах хорооны бичил санхүүгийн газарт хандсан албан бичиг /хх 1-ийн 166 х/,

-Ю ХХК-ийн 2012 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайлан /хх 1-ийн 167-173 х/,

-Ю ХХК-ийн 2013 оны жилийн санхүүгийн тайлан /хх 1-ийн 174-188 х/,

-Ю ХХК-ийн 2014 оны жилийн санхүүгийн тайлан /хх 1-ийн 189-202 х/,

-Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015.09.25-ны өдрийн 102/ШЗ2015/25455 дугаар шүүгчийн захирамж /хх 1-ийн 248-249 х/ зэрэг баримтуудыг тус тус бүрдүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1.Шүүхээс Г ХХК болон Б.С нарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 314,229,826 төгрөг гаргуулах тухай А нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

            2.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г ХХК-иас 90,473,500 төгрөг, Б.Сэс 223,756,326 төгрөг, нийт 314,229,826 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1.Хариуцагч “Г” ХХК нь 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ000182012 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,879,500 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 64,594,000 төгрөг нийт 90,473,500 төгрөгийн зээлийг нэхэмжлэгчээс авсан боловч өнөөдрийг хүртэл эргүүлэн төлөөгүй учраас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу,

2.2. Хариуцагч Б.С нь тус компаниас 2012 оны 01 сарын 12-нд 1,000,000 төгрөг, 17-нд 30,000 ам.доллар болон 43,276 төгрөг, 19-нд 500,000 төгрөг, 23-нд 5,000 евро болон 10,000 ам.доллар, 26-нд 5,894,700 төгрөг, нийт 223,756,326 төгрөгийн зээлийг авсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байгаа тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1., 496 дугаар зүйлийн 496.1.-д заасны дагуу нэхэмжлэх эрхтэй гэж шаардах эрхийн үндэслэлүүдээ тодорхойлж байна.

 

            3.Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгчтэй 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 64,594,000 төгрөгийг авсан нь үнэн. Харин 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ000182012 дугаартай зээлийн гэрээ байгуулсан боловч 25,879,500 төгрөгийг бэлнээр аваагүй. Энэ мөнгийг нэхэмжлэгч нь манай компанийн газрыг зээлийн барьцаанд тавихын тулд газрын төлбөрт төлсөн байдаг учраас зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгчийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

3.1.Хариуцагч Б.С нь нэхэмжлэгчээс зээл авч байгаагүй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, мөн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тус тус маргасан.

 

4. Хариуцагч Г ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагын тухайд

Хариуцагч Г ХХК нь нэхэмжлэгч А ХХК-тай 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 64,594,000 төгрөгийг сарын 0,58 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг үндсэн зээлийн 20 хувиар тооцохоор 12 сарын хугацаатай бизнесийн зориулалтаар, 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр ЗГ000182012 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 25,879,500 төгрөгийг сарын 1,5 хувийн хүүтэй, нэмэгдүүлсэн хүүг хоногт 0,66 хувиар тооцохоор 7 сарын хугацаатай хэрэглээний зориулалтаар тус тус зээлж авсан болох нь  хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1. 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн А ХХК-ийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”,  2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ000182012 дугаартай, 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А ХХК-ийн “Бэлэн мөнгөний зарлагын баримт”, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээнүүд зэрэг болно.  /хх-ийн 7, 8-9, 10, 13-15 х/

 

            5.Нэхэмжлэгч нь дээрх 2 зээлийн гэрээний дагуу хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжлээгүй, зөвхөн хариуцагчид хүлээлгэн өгсөн 90,473,500 төгрөгийг л нэхэмжилж байгаа гэж тайлбарласан ба хариуцагч Г ХХК нь талуудын байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн ЗГ01/2013 дугаартай зээлийн гэрээний дагуу авсан 64,594,000 төгрөгийн хувьд маргаагүй, харин 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ЗГ000182012 дугаартай зээлийн гэрээний дагуу 25,879,500 төгрөгийг хүлээж аваагүй гэж маргаж байна.

 

            6.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

            6.1.Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасны дагуу гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, хариуцагч Г ХХК-д 2012 оны 5 дугаар сарын 25-нд 25,879,500 төгрөг, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 64,594,000 төгрөгийг тус тус бэлнээр хүлээлгэн өгсөн байх ба  зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч Г ХХК-иас 90,473,500 төгрөгийг гаргуулахаар шаардах эрхтэй байна. /хх-ийн 7, 10 х/,

 

            6.2.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлж өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно” гэж заасан бөгөөд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй, нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг.

 

Тодруулбал зээлдэгч, зээлдүүлэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байх тул өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог учраас хариуцагчийн 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 25,879,500 төгрөгийг бодитой хүлээж аваагүй, нэхэмжлэгч нь газрын төлбөрт төлсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

 

            7.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”,  76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ.” гэж тус тус заасан.

 

 Хуулийн энэхүү зохицуулалтын шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс үүснэ гэж зааснаас үзэхэд зээлийн гэрээг 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 7 сарын хугацаатай байгуулснаас тооцоход 2012 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөс, 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 12 сарын хугацаатай байгуулснаас тооцоход 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн нэхэмжлэгчид тус тус шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

 

Гэвч хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа түр зогссон, тасалдсан үйл баримт тогтоогдохгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх тайлбарыг үндэслэл бүхий гэж үзнэ.

 

Иймд нэхэмжлэгч А ХХК-ийн хариуцагч Г ХХК-д холбогдуулан гаргасан 90,473,500 төгрөг гаргуулах шаардлагыг зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэстэй.

 

8.Б.Сд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 223,756,326 төгрөг гаргуулах шаардлагын тухайд

8.1.Хариуцагч Б.С нь нэхэмжлэгч А ХХК-иас 223,756,326 төгрөгийг авсан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах үйл баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

8.2. Хариуцагч Б.С нь 2012 оны 01 дүгээр сарын 23-нд 5,000 евро буюу 8,975,000 төгрөг, 2012 оны 01 сарын 19-нд 500,000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 21-нд 66,552,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 12-нд 1,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-нд 30,000 ам.доллар буюу 41,880,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 20-нд 4,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-нд 5,894,700 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-нд 5,000 ам.доллар буюу 6,875,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 23-нд 10,000 ам.доллар буюу 13,800,000 төгрөг, 2012 оны 02 дугаар сарын 06-нд 512,100 төгрөгийг тус тус нэхэмжлэгч А ХХК-иас урьдчилгаа, буцаан төлөгдөх нөхцөлтэй /audi маркийн автомашин, Сөүл-УБ билетийн үнэ гм/ гэх утгатайгаар А ХХК-ийн тамга бүхий дардастай “Кассын зарлагын ордер”-ууд зэрэг баримтууд болно.  /хх-ийн 15, 16, 17, 18, 19, 20, 21, 22, 23, 24, 25 х/

 

8.3.Нэхэмжлэгч нь хариуцагч Б.Сд 2012 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл нийт 150,040,976 төгрөгийг хүлээлгэн өгсөн байх ба үүнээс 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5,000 евро /3,406.18 төгрөг/ 17,030,900 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30,000 ам.доллар, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10,000 ам.доллар, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5,000 ам.долларыг тус тус нэхэмжлэл гаргах өдрийн Монгол банкны 2,849.41 төгрөгийн ханшаар тооцсон гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. /хх-ийн 107 х/

 

9.Хариуцагч нь А ХХК-иас дээрх мөнгийг аваагүй. Өөрийн үүсгэн байгуулсан Ю ХХК-иас хувьцааны ногдол ашгаа урьдчилан зээлж авсан. А ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн охин Г.Э нь Ю ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа миний хувьцааны ногдол ашгийг “Бэлэн мөнгөний зарлагын баримт”-ууд дээр гарын үсэг зуруулж олгодог байсан бөгөөд уг баримтууд дээр “эргэн төлөгдөх нөхцөлтэй” гэх ямар ч өгүүлбэр байдаггүй байсан.  А ХХК болон Г ХХК-иудын хооронд маргаан үүссэний дараа санхүүгийн дээрх баримтууд дээр нөхөн бичилт хийж, миний гарын үсэгтэй баримтуудыг засварлан огт хүлээж аваагүй мөнгөн дүн бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн, мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан.

 

10.Хариуцагч Б.С нь Ю ХХК-ийг 400,000,000 төгрөгийн дүрмийн сантайгаар үүсгэн байгуулж, 2011 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 1/228 тоот банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тухай зөвшөөрлийг Санхүүгийн зохицуулах хорооноос авч гүйцэтгэх захирлаар Б.Болор-Эрдэнийг томилсон байх ба түүнийг 2012 оны 3 дугаар сарын 19-нөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, 2012 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн үүсгэн байгуулагчдын хурлын 06/2012 тоот шийдвэрээр гүйцэтгэх захирлаар Г.Эийг томилжээ. /хх-ийн 75-77, 78, 79,  81 х/,

 

 10.1. Ю ХХК-тай Б.С нь 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЗГ302/2012 дугаартай “Фидуцийн гэрээ” байгуулан 66,552,000 төгрөгийн зээлийг 3 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлж, барьцаанд нь Mercedes benz E-200 маркийн суудлын автомашиныг барьцаалж БГ302/2012 тоот гэрээг, 2012 оны 5 дугаар сарын 09-ны өдөр ЗГ2012/2012 дугаартай “Фидуцийн гэрээ” байгуулан 41,880,000 төгрөгийн зээлийг 6 сарын хугацаатай, сарын 1 хувийн хүүтэй зээлж,  барьцаанд нь Audi-A6 маркийн автомашиныг барьцаалан БГ2012/2012 дугаартай гэрээг тус тус байгуулсан байна. /хх-ийн 85, 86-87, 88, 89 х/

 

10.2.Гэрч Б.Б шүүх хуралдаанд өгсөн “...Ю ХХК нь 400,000,000 төгрөгийн дүрмийн сантай бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооноос банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл гарсаны дараа 340,000,000 төгрөгийг “Бэрх зараа” ХХК-д шилжүүлсэн...” гэх мэдүүлэг болон тус компанийн санхүүгийн тайлангаар 2013 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 66,552,000 төгрөг, 2012 оны 5 дугаар сарын 09-ны өдрийн 41,880,000 төгрөгийг тус тус хариуцагч Б.С нь ногдол ашгаа урьдчилан авах зорилгоор зээлсэн гэж үзэх үндэслэл тогтоодсонгүй.

 

11.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4.-т “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр  зээлийн гэрээг байгуулсанд тооцно” гэж заасан бөгөөд зээлдэгч нь гэрээний зүйл болох мөнгө буюу эд хөрөнгийг зээлдүүлэгчээс шилжүүлэн аваагүй тохиолдолд эд хөрөнгийг эргүүлэн төлөх үүрэг үүсэхгүй, нөгөө талаар гэрээний зүйл зээлдэгчид шилжсэн үеэс эхлэн тухайн эд хөрөнгийг эзэмших, захиран зарцуулах эрх зээлдэгчид үүсдэг бөгөөд зээлдүүлэгч, зээлдэгчид мөнгийг шилжүүлснээр өмчлөх эрхийг ч мөн шилжүүлж байгаа учраас өөрийн өмчлөлд авсан эд хөрөнгө, мөнгийг зээлдэгч эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхтэй болдог.

 

11.1.Тодруулбал хариуцагч Б.С нь 2012 оны 9 дүгээр сарын 01-нд А ХХК-тай тооцоо нийлж, “Г” ХХК болон Б.С тооцоо гэх баримтад гарын үсэг зурсан байх ба энэхүү баримтаас үзвэл 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 500,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 12-ны 1,000,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 43,276, 2012 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 4,000,000, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5,894,700, 2012 оны 02 дугаар сарын 26-ны өдрин 512,000 төгрөгийн буюу 11,949,976 төгрөг нь хаагдаж, 2012 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 30,000 ам.доллар буюу 41,880,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 5,000 евро буюу 8,975,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 10,000 ам.доллар буюу 13,800,000 төгрөг, 2012 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 5,000 ам.доллар буюу 6,875,000 төгрөг, 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 66,552,000 төгрөг, нийт 138,082,000 төгрөгийг төлөхөөр үүрэг хүлээжээ. /хх-ийн 106 х/

 

11.2.Мөн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд мөнгө хүлээлгэн өгсөн А ХХК-ийн тамга бүхий дардастай “Кассын зарлагын ордер”-уудын дээр хүлээн авсан Б.С гэж тэмдэглэгдсэн байна.

 

Зээлийн гэрээний үүрэг зээлдэгчид шилжсэн эсэх нь гэрээний хэлбэрээс шалтгаалахгүй, харин зээлийн гэрээний үндсэн шинж болох мөнгийг бодитойгоор зээлдэгчийн өмчлөлд шилжүүлснээр зээлдүүлэгчийн шаардах эрх үүсэх учраас хариуцагч Б.Сэс 132,082,000 төгрөгийг гаргуулах үндэслэл болж байна

 

Хариуцагч зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгийг аваагүй, санхүүгийн дээрх баримтууд дээр нөхөн бичилт хийж, миний гарын үсэгтэй баримтуудыг засварлан огт хүлээж аваагүй мөнгөн дүн бүхий баримтыг хуурамчаар үйлдсэн гэж маргасан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.3, 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу баримтаар нотлоогүй.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2012 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд мөнгө хүлээлгэн өгсөн А ХХК-ийн тамга бүхий дардастай “Кассын зарлагын ордер”-уудыг хуурамч, нотлох баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэж тайлбарласан боловч нотлох баримтыг шалгуулах, нотлох баримтаас хасуулах хүсэлтийг гаргаагүй учраас түүний нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй юм.

 

12.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1.-д “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил;”, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.-д “Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно.”,  76.2.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, ... үеэс үүснэ.” гэж тус тус заасан.

 

 Хуулийн энэхүү зохицуулалтын шаардах эрх нь эрх зөрчигдсөн үеэс үүснэ гэж зааснаас үзэхэд талуудын тооцоо нийлсэн 2012 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн гэж үзэхээр байна.

 

Иймээс нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Г ХХК, Б.С нараас зээлийн гэрээний үүрэг 314,229,826 төгрөг гаргуулах шаардах эрхийн хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа нь 2012 оны 5 дугаар сарын 25, 2014 оны 01 дүгээр сарын 02, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд тус тус дуусан байх тул энэхүү үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

            13.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,729,099 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1., 76 дугаар зүйлийн 76.1., 281 дүгээр зүйлийн 281.1.-д тус тус зааснаар хариуцагч Г ХХК-иас 90,473,500 төгрөг, Б.Сэс 223,756,326 төгрөг, нийт 314,229,826 төгрөг гаргуулах тухай А ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,729,099 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

  

 

ДАРГАЛАГЧ                                                            Х.ДАШДЭЧМАА